Хилчдийн зүйл анги нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Хилчдийн зүйл анги нэмэгджээ

Дорноговь аймгийн Улаан- Уулын заставт алба хашиж байсан байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.50 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралд хохирогчдын  болон яллагдагч нарын ар гэрийнхэн ирсэн байв. Шүүх хурлыг улсын яллагч Ч.Хосбаяр даргалж хурлыг хаалттай хэлэлцэх болсныг сэтгүүлчдэд мэдэгдэв. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэдэнд Сүхбаатар дүүргийн шүүхээс ялын дээд хэмжээ буюу 25 жилийн хорих ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс тухайн үед шархдсан дэслэгч Ц.Сод-Эрдэнийн тухай зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан.  УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн  шүүхээс өгсөн нэмэлт ажиллагааг хийж дуусаад Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болох байсан ч шүүгдэгч Г.Оюунболдын өмгөөлөгч ирээгүй тул өнөөдрийг  хүртэл хойшлуулаад байсан юм. Сэжигтэн Р.Энхжаргал, М.Тулга, Э.Оюунболд, Г.Лхагважаргал нарт Эрүүгийн хуулийн 91.1, 91.2 –р зүйлчилсэн ял төлөвлөсөн юм. Гэвч шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгаснаар дэслэгч Ц.Сод-Эрдэнийг санаатайгаар алахыг завдсан гэх хэрэгт эрүүгийн зүйл анги нэмэгдсэн бололтой. Одоогоор хурал үргэлжилж байна. Харин бид  шүүгдэгч Р.Энхжаргалтай уулзах хүсэлтэй ирсэн дунд сургуулийн нэг ангийн сурагч  Д.Болдбаатартай шүүх хурлын үеэр уулзлаа.

-Сэжигтэн Р.Энхжаргалтай ямар холбоотой байсан бэ. Цагдан хорьсноос нь хойш уулзсан уу?

-Бид Дархан-Уул аймгийн арван жилийн  XVIII сургуулийг хамт төгссөн. Нэг ангийн сурагчид.  Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд цагдан хорьсноос нь хойш уулзаж амжаагүй. Тийм боломж ч гарсангүй.

-Тэр дунд сургуульд байхдаа ямар хүүхэд байв, хэрэг төвөгт холбогдож байсан уу?

-Манай сургуулийн спортын аварга сурагч байсан.  Хүүхдийн ордны авьяас алтан медальтай. Спортоор хичээллэдэг хүүхэд байсан. Дараа нь дунд сургуулиа  дүүргээд биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр  их сургууль төгссөн. Тэгээд цэргийн албанд явсан юм. Дунд сургуульд хэрэг төвөг үйлдэж  ангийнхан,  гэр бүлийнхээ  чихийг халууцуулсан хүүхэд байгаагүй. Р.Энхжаргал бид хоёр багын найзууд.

-Цахим тоглоом их тоглодог хүүхэд байсан гэх юм билээ?

-Дунд сургуульд хамт сурдаг байхдаа би Ээгийтэй / Энхжаргал/ гэрт нь хамт их очдог байв. Тэр үед эгчийнх нь хэрэглэдэг компютерийг манай найз асааж  мэддэггүй л байсан шүү дээ. Гэтэл сонин хэвлэлээр цахим тоглоомонд донтсон гэж шуугиад л байх юм.

-Р.Энхжаргал их сургууль төгссөн гэж та дээр хэлсэн шүү дээ. Компьютер асааж мэдэхгүй багш гэж байх уу даа?

-Биеийн тамирын сургуульд ямар компьютер заах билээ дээ.

– Та нар Дарханаас хэзээ ирэв?

-Найзтайгаа уулзахаар өнөө өглөөний галт тэргээр Дарханаас ирсэн. Энхжаргалын ээж, ах нь хамт ирсэн.

Ингээд бид шүүгдэгч Р.Энхжаргалын ээжтэй уулзаж, яриа авахыг хүссэн боловч тэрбээр цөөн асуултад хариулт өглөө.

-Та  Дархан-Уул аймгаас  хэзээ ирэв. Хүүтэйгээ уулзаж амжсан уу?

-Өглөөний суудлын галт тэргээр Р.Энхжаргалын ахтай хамт ирлээ. Хүүтэйгээ уулзаж амжаагүй л байна.

-Р.Энхжаргал танай хэд дэх хүү билээ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Хамгийн бага хүү минь байгаа юм.

-Шүүгдэгчдэд холбогдох хэргийн зүйл анги нэмэгдсэн гэсэн. Та өмгөөлөгчтэй нь уулзсан уу?

-Харин тийм гэсэн. Өмгөөлөгчтэй нь тодорхой ярьсан зүйл алга. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээж сууна гэлээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж