Орон зай | News.MN
Ц.ЭЛБЭГДОРЖ
Орон зай

Өмнөх "Ер бус" тэмдэглэлдээ би нэг ‘супер’ санааны тухай дурьдсан. Дараагийн удаа гээд орхисон. Одоо энэ санаагаа товчхон буулгая.

Улс орон бүр цаашид ийм өвчин тахлын үед, ер бус цаг дор, үл үзэгдэх дайсантай тулах үед яах тухай бодож байна. Хүнд нэг онцлог бий. Эхнийхээсээ сургамж авдаг. Дараагийнхдаа бэлддэг.

Корона шиг аюул, улам хор хөнөөлтэй байдлаар 5 жил тутам давтагдах магадлал 70 хувьтай гэж яригдаж байна. Өмнө нь 100 жилд, дараа нь 30 жилд тохиодог байсан халдвар, энэ цагийн өнгөнд 10 жилд нэг удаа тохиолдож байна. Дараагийнх нь 5 жил, 3 жил, 1 жил гэсээр хугацаа, давтамж нь багасах хандлагатай. Нэг вирус биш хоёр, гурав болж нэг дор хэд хэдэн вирусын довтолгоо зэрэг ирж харанхуй бүрхэх таамаглал ч гарчээ. Шалтгаан нь олон. Гэхдээ үр дагавар нэг. Улам бүр хөнөөлтэй.

Монголд, Та бидний үлдэх үр хүүхдэд ямар гарц байна вэ? Монгол улс бусад улс орноос юугаараа онцлог вэ? Ер нь онцлог юм байна уу? Бидний газар орны байршил өвөрмөц. Хавчигдмал. Өөр юу байна!

Монгол бол нэг супер онцлогтой улс. Энэ бол бидний оршин байгаа газар нутаг. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ Монгол улс дэлхийд толгой цохидог. Нэгдүгээрт жагсдаг. Өөр улс бидний өмнө алхдаггүй гэсэн үг. Энэ бол үнэхээр супер боломж. Бусадтай харьцуулшгүй бодит давуу тал. Баялаг. Ганц заяах гайхамшиг.

Чанга яригчаар ээлжит зар явлаа. Долоо хоногт нэг удаа эргэлт авч болох гэнэ. Алчуур, ариун цэврийн юмс, ус ундаа гэс гээд болох бололтой. Мах шөл болохгүй гэнээ. Мах хоолгүй бол ямар эргэлт байхав. Өөх нь алагласан хаврига, өвчүү, сээр огтлох, уураг сүүл үмхэх, халуун чулуу барих ч сайхан шүү. Зөвхөн Монголд, сайхан юм ч их бий дээ.

Энэ эрх чөлөө гэж. Мах огтлох чинь хүртэл их чухал эрх юм байна. Хамтдаа байх, бие биенээ хараад яриад суух чинь гайхалтай тансаг эрх юм байна. Хүн хүндээ ойр байх чинь тун хосгүй хэрэгцээ аж.

Монголд давхар бүртгэл хэрэгтэй болжээ. Ойр байж болдоггүй юм бол, үр хүүхэд гэр орноороо аюулаас холдож чадах боломж манайд хамгийн илүү. Хүн нэг бүр байнга оршин суух газраасаа дор хаяж хоёр хүртэл засаг захиргааны нэгжид давхар бүртгэлтэй байх. Аюул тохиовол, аюулын голомтоос гараад очих газар, оочих цайтай байх боломж. Бөөндөө сүйрсэнээс тарж хамгаалах арга.

Монголчууд тахал, халдварт өвчний үед ингэж хамгаалах аргатай байсан тухай зуун жилийн өмнө манай үүгээр явсан судлаач тэмдэглэж үлдээжээ. Нэг нь халуурч өвчин тахал туссан шинж тэмдэг илэрвэл тухайн айл гэрээ хурдан буулгаад тарж байрладаг. Хана туурга дээвэр, сав суулга, аяга шанага ойр зуурын юмаа хувааж аваад холхон, гэхдээ бие биендээ үзэгдэх орчинд буудаг байж.

Тахал нь гол төлөв дулааны улирлын үзэгдэл тул авч явсан юмаа өдөржин наранд дэлгэнэ. Элдэв нян бактери устаж алга болно. Бороо шороонд, шөнө сэрүүнд хана туургаараа нөмөр хийнэ. Хэд хоногийн дараа эргэж цуглана. Ирээгүй нэг нь ойлгомжтой. Ингэж хотоороо сүйрчихгүй аюулаас ангижирдаг.

Суурин улс орон, нутаг дэвсгэр багатай, шавж амьдардаг газрыг дууриаж толгой дараалан хөл хорьдогоо бид дараагийн удаад өөрчилж болно. Ялгавар сонголттой хандах, хааж нээх боломж Монгол улсын хувьд бусдаас илүү. Улаанбаатарт сургууль цэцэрлэг хаасан бол Алтайн цаадах сумдад, эсвэл Хэнтийн нуруу, Дорнын тал, Говийн хээлэнд, жишээлбэл Увс, Хөвсгөл, Завханы хичээл сургуулийг зогсоох хэрэггүй ч байдаг юмуу. Сум багийн, магадгүй аюулаас хол аймаг суурины амьдрал тодорхой дэглэм, хараа хяналтын дор хэвийн үргэлжилж байх.

Миний төрж өссөн Ховдын Зэрэг сум гэхэд 3000 гаруй хүн амтай. Тэгвэл байнга нэг оршин суугч дээрээ нэмээд хоёр хүний бүртгэлтэй байж болох нь. Гурван мянга, нэмэх нь 6000 гэсэн үг.

Аюул болохгүй бол бүр сайн. Тал талдаа тустай. Бүртгэлтэй сум газартаа тэр хүмүүс анхаарал тавина. Тусалж дэмжинэ. Амьдрал юм хойно байсгээд хандив тусламжийн асуудал үүсдэг. Дэм дэмэндээ гэдэг шиг аль алиндаа хэрэгтэй. Зэрэгт бүртгэлтэй нэгэн өөр нэг аймгийн суманд бүртгэлтэй байж болно. Хот суурины нэг хүн хоёр газар тус нэмэртэй, эргээд сандарсан үедээ хүрээд очих, хүлээгээд авчих газартай.

Энэ бодлого аюулаас сэргийлэх аргаас гадна, уудам дэлгэр нутагтаа тарж суурьших, хөдөө орон нутгаа хөгжүүлэх ажил болж өргөжихөд тустай. Нэг үе хөдөөний айл өрх бүр нэг хүүхдээ, ах дүүгээ хот суурин бараадуулах гэдэг байсан. Одоо эргээд хот суурингийнхан бараадаж очих нэг ч болов газартай байх боломж.

Үүнийг газар эзэмших, өмчлөх бодлоготой уяж өгвөл Монголын хөгжил нүдэн дээр өөр болно. Нөгөө хаа сайгүй, эзэнгүй шахуу гэж ярьдаг хардаг байсан газар эзэнтэй, Монгол хүний гарт бодит өмч хөрөнгө, баялагийн эх үүсвэр болж хувирна. Газар дагаад ажил амьдрал, бүтээн байгуулалт өрнөнө.

Газраас их юмгүй, түүнийгээ яаж ашиглах, яаж баялаг болгох учраа олохгүй дээр доргүй мунгинаад л байгаа. Гарц энд байна. Хүн хүрэхгүй очихгүй, хүн миний юм гэж харахгүй бол юу ч баялаг болж хувирахгүй. Наранд халж, цасанд дарагдаж цаг хугацаанд элэгдсээр байх болно.

Монгол улсын газар бол зөвхөн Монгол улсын иргэнд заяагдсан, өгөгдсөн боломж. Сумд газраа заагаад, энд гэрээ барь. Энд өвөлж, тэнд зус. Энд хөрөнгө оруул, байшингаа барь, модоо ургуул, ногоогоо тарь. Тэр айлаас хонио ав, энэ айлаас морио уна. Хотын хүн хөдөөд айл малтай болчихвол цаг хэцүүдсэн үед боодол өвс, боломжтой нэг нь айлынхаа данс руу хэдэн төгрөг ч гэсэн явуулна. Дахиад л тэвдсэн үед нэгэндээ дэм болох арга.

Зарим нь бид хөдөө дуртай үедээ явдаг, очих газраа очдог гэж бодож болох. Гэхдээ таны бодож байгаа бол сайн дурын үйлдэл. Хамгийн гол нь үүнийг баталгаажуулах, эрх зүйн статустай болгох, бүртгэлжүүлэхэд нууц нь байгаа юм. Алдарт Сотогийн яриад нотлоод байгаа капиталын нууц гэдэг энэ. Бүртгэлгүй бол эзэнжихгүй, эзэнжихгүй бол хөрөнгө болохгүй. Эдийн засгийн эргэлтэд орохгүй. Эргэлтэд орохгүй бол хүнд баялаг болж наалдахгүй. Төр хүнээ сайхан амьдруулах, хөрөнгөжүүлэхэд оролцох цор ганц зөв оролцоо энэ байж магадгүй. Тэр тусмаа Монголд.

Бага чулуугаар том чулуу хөдөлгөх. Нэг сумаар хоёр туулай буудах. Хөгжил, хөгжлийн нууц, хөгжлийн түлхүүр гэдэг бол хурал цуглааны индэрт хураагдсан цаас биш. Харин тухайн улс орон, ард түмэн давуу боломжоо олж харах нүд, түүнийг ашиглах овсгоо ухаан юм. Дахиад хэлэхэд энэ бол Монголын хувьд орон зай. Тэр орон зайд орчих, амьдрах, түүнийг эзэгнэгч байх эсэх гагцхүү биднээс шалтгаалмой.

Өчигдөр BBC харж байхад Оросын "Союз" хөлөг хөөрч байгаа мэдээ гарав. Хоёр орос, нэг америк нисгэгч. Нэг нь "Бид гурав сансарт зургаан сар болно. Хамгийн аюулгүй газар тэнд л байна" гэж хэлээд бусдыг хөгжөөв. Ирэх зургаан сар, ирэх жил, түүний дараагийн жил газарт, манай цэнхэр гаригийн хувьд тун амаргүй цаг хугацаа байх нь ойлгомжтой болж байна.

Надаас ноднин жил улс төр сонирхсон нэгэн одоо болох сонгууль, түүгээр бүрэлдэх Засгийн газар, нүүрлэж болох хүндрэлийг асуухад би бодлоо хуваалцаж суусан юм. "Ирэх Засгийн газар бол хэн ч атаархахгүй засаг байх болно. Ирэх 4 жил манай хувьд улс төр нь ч, эдийн засаг нь ч хамгийн хүндрэх 4 жил. Хоёулангийнх нь хөөсөрсөн болон бодит өрийг төлөх ажил давхацна" гэж хүүрнэж байснаа эргэж саналаа.

Ирэх Засаг тэртээ тэргүй хүнд юмтай тулах байсан. Дээр нь хэний ч үл тооцсон Корона. Түүний гайгаар гарч байгаа, гарч ирэх хүндрэл. Зүйрлэж хэлбэл ерэн он нэмэх нь Коронагийн хорин он. Ийм аюултай, ийм хүнд юмтай өмнө нь ямар ч Засаг тулж байгаагүй байх. Дээр нь манай улс төр. Чоно борооноор гэдэг шиг. Тэр бүхэн нүүрлээд, нүүгэлтээд ирж явна. Зугатах аргагүй.

Дэлхий дахинд таван хүн бүрийн дөрөв нь ажил амьдралаа авч явах боломжгүй болж байна. Хүн төрөлхтний тал нь ядуурлын тойрогт орно гэнэ. Дараалан хоёр улирал эдийн засаг хасах гарвал хямрал нүүрлэнэ. Хямрал ойлгомжтой. Ирнэ, болно.

Чадал муутай нь байтугай, чадалтай нь одоо барьц алдаж эхэлж байна. "Танайхыг бодох байтугай бид өөрсдийгөө яая гэж байна" гэсэн хариу ирнэ. Өрөө дарах мөнгө байтугай зээлэх ч мөнгө хомс болно. Бүгд хямрах, бүгд хэцүүдэх учир. Ямартаа манай "Мадрид" Клуб хүртэл томчуудыг өрөө тэглэ, буцалтгүй тусламжийн сан үүсгэ гэж шахаж, захиа мессеж хүртэл илгээж суухав.

Өчигдөр орой үлдээсэн тал боорцог амттай байх чинь. Халуун баахууд хийгээд цохиж орхив. Байгаагаараа байгаад сурчихсан. Энэ л надад хэрэг болж байна. Давтагдан орж ирэх бантан, цуйван, кааш, хөц будаа. Зүсэм талх, аяга цай, шаргал боорцог.

Би хүүхэд байхдаа идэж байсан зарим зүйлээ аягандаа таллаж үлдээдэг байв. Миний дээр долоон ах бужигнана. Таллаад орхисон боорцог, ааруул, замбаа. Халуун цай аягалаад, түүнийгээ байгаатай нь хувааж идэхэд нэг хэсэгтээ болдогсон. Хуваалцах, байгаадаа сэтгэл өегших, хүнд илүү юм хэрэггүйг мэдрэх бол их зөв ухаарал. Бас зөв хүмүүжил, жаргал юм шүү.

Хувцас хунараа сольж өмслөө. Дахиад хоёр долоо хоног байдаг. Гар хөлгүй биш, хиртсэний нь гялалзтал угаагаад, усгүй болтол мушгиад өлгөчихөв. Одооны хүүхдүүд юм нидрүүлэгдэж угаах, мушгиж хатаахаас их хол юм билээ. Бас өрөө байраа гарын доорх юм ашиглаж цэвэрлэв. Онгоцонд зөвшөөрдөг жижиг хайч, сахлын хутгаа ашиглаж үсээ захлах гэж түрүүн нилээд юм болсон. Багагүй хог тарьж. Нэг өдөр алгасаад хогоо гаргаж үүдэнд тавих ёстой. Гэрээс ирсэн хогны уутанд хогоо ялгаж хийв.

Зурагт харсаар, мэргэд экспертүүдийн яриа үзсээр Коронагийн талаар мөн цаашдын өрнөл, асуудал гээд бараг мэргэших бололтой. Тэр бүхнийг бичих боломж ч байхгүй. Бас "Classicа HD" гэж сайхан суваг. Сонгодог хөгжмийн аянд цаас үзэг нийлүүлэхэд гадны чимээ саад багатай амар. Хаалга! Өндөгтэй бантан. Хаалга тайлахгүй байж болохгүй. Халуун үзнэ. Хоол цай ирнэ. Унтаад байх аргагүй. Дэглэм бол дэглэм. Журам бол журам.

Цонхоор харна. Тоосорсон саарал нар. Бетонон ой. Зогсоо зайгүй сүлжих машин тэрэг. Дахиад хаалга. Шинжилгээ авах гэнэ. Чих цэвэрлэдэг юм шиг, үзүүртээ ороолттой, урт сэтгүүр. Хамраар оруулж сэтгэж авах юм. 20 см шахуу урт юмны гуравны хоёр нь явж оров. Шинжилгээ өгөөд хамраа нухсаар үлдэв. Бас халуун үзлээ. 36 зааж байна.

Өдрийн хоолны цаг болжээ. Цагаан таваг, цагаан аягаа гаргаж тавьлаа. Цагаан таваг гэснээс "Радиогийн бүдүүн дуут" гэж алдаршсан Базарын Цэдэндамбаа гуайн "Цэрэг цагаан таваг" гэж лекцийг гүйцэх яриа одоо болтол би сонсоогүй. Цэрэг цагаан тавгаар дамжуулж эр цэргийн алба, Эх оронч үзлийг цус, яс, махны эс ширхэг бүрт шивж байж билээ, өвгөн. Тэр жил Дорнодод гуч хоног хоёулаа сонгуульдаж хамт байсан. Дамбаа гуайгаас илүү сайхан хүн, сайн нөхөр надад хэд таарсан юм бол!

Цуйван, ногоотой шөл. Би гурилд тааруу, гурил тойрдог хүн. Гэртээ буузны гурил ялгана. Энд бол тэгэх боломжгүй. Цуйвангийн гурилыг үлдээлгүй машиндаж ирлээ. Өнөөдөр өөр арга хэрэглэв. Цуйвангаа ногоотой шөл рүүгээ хийлээ. Ногоотой, гурилтай шөл.

Биднийг 24 цагаар харж хандаж, хоол цай нэг үгээр хэлбэл амьдрал залгуулж галын тэргүүн шугам дээр амсхийх завгүй байгаа ачтануудыг харахад бид юуг ч тэвчих л ёстой. Ингэж байж л аюулыг хамтдаа, бусдад эрсдэл учруулахгүй туулж гарна. Гай нүүрлэхэд гайхалтай хүмүүс учрах юм. Амьдралд захирагдаж биш, харин амьдралыг өөртөө зохицуулахыг урлагтай амьдрал гэнэ.

Утсанд мэссэж ирэв. "Улаан бал гарч байна" гэнэ. Миний нэр сонсогдоод явчихлаа. Биднийг биесээ муулаад гэж дургүйцэх хүн цөөнгүй. Биесээ муулах биш зам салж байгаа нь тэр. Зөвөөр харвал үнэт зүйлийн зөрчил. Төрийн эрхийн талынхан, хүний эрхийн талынхан. Төрийн ард нуугдаж хулгай хийх. Иргэний эрхээ эдлэж төрөөр адлуулах.

Элдэв мэдээ постын булингарт урсгалаас энэ нь зөв, тэр нь буруу гэж ялгах хэцүү. Гэхдээ хаана, юун дээр очоод зөрчилдөж байгаа нь чухал. Өөрийнх нь бизнес бол зөв, явна. Бусдынх бол буруу, зогсооно. Үнэнийг хэлж иргэдээ хамгаалвал чичлүүлнэ. Хэрсүү хүмүүс ч одоо хэн нь хэн гэдгийг гадарладаг болжээ.

200 жилээр тооцдог, тэгээд яг тэр тооцоогоор явсан ямар ч бизнес байхгүйг хүн төрөлхтний түүх харуулдаг. Зуун жил байтугай арван жил нэг бизнес дэлхийд тэргүүлэхээ болиод удаж байна. Тэр тусмаа самбар дээр тоо бодоод хүн жаргаах аргагүй. Шударга үнэнийг ч олох боломжгүй. Баахан үйлдвэр ярьдаг, зураг зурдаг. Адаг сүүлд нь чоно нохой болоод дуусдаг. Аливаа бизнес эрсдэлтэй. Эрсдэлээ чадах нь үүр. Төр татвараа авна. Дүрэм, стандарт, гэрээгээ мөрдүүлнэ. Чаддаг, чаддаг юмаа хийх. Сургамж бол энэ л дээ.

Монголчууд нүүдэлчин удам гарвалтай. Дээр нь эрх чөлөөнд дуртай. Улсыг удирдахын тулд улсаа мэдэх ёстой. Онцлогоо ойлгох, юу бидэнд сорилт, юу бидэнд боломж болдогийг. Монгол бол даргын хүчээр биш хүнийхээ хүчээр орших онцлогтой улс. Далайн од адил. Төвөлсөн удирдлага, нэг газраас бүрэн хамаарсан амь амьдралтай биш, хүн бүр айл өрх бүрээс бүтэж бүрэлддэг амьд нийгэм байх. Далайн одын нэг сэлүүрийг таслахад, тэр бүү хэл голд нь гэмтэл учрахад тасарсанаа нөхөөд, гэмтсэнээ бусад нь тэтгээд яваад өгдөг. Өөр амьтан бол толгойг нь таслахад, төв нервийг нь устгахад үхнэ.

Монголд аль нэг хот, сууринд байдал хүндрэхэд бусад газар амьдрал явж л байх ёстой. Нүүдэлчдийн онцлог бол нэг газар шавж суудаггүйд оршдог. Тиймдээ ч бид бусдаас илүү нутагтай. Монголыг ялаагүй, Монгол ялагдаагүйн нууц бол нүүдэл, түргэн шилжих, зохицох чадварт байсан. Устгах, сүйтгэх, дарах гээд ирэхэд хот нь, арми нь хүртэл нүүчихсэн байдаг. Үндэснийхээ тэсэж үлдээд байгаа онцлогийг, дээр нь газар орны боломжоо ашиглах нь Монголын аврал бас олон асуудлын гарц байж болох юм.

Хүмүүсийн тус, сэтгэл гэдэг сайхан юм. Хоол цай, миний дуртай бүхнийг аваад очих л юм болно. Авч хэрэглэж болохгүй ч өгөх ирэх зочлох сэтгэл нь ямар сайхан. Цонх хааш харж байгааг асууна. Алсаас даллах нь хүртэл дотно. Кино үзвэр санал болгоно. Ном дэвтэр ирүүлнэ. Маргааш "voice" гарна. Болдын баг "battle" хийнэ гэж бичнэ. Дэлхийн стандартад нийцсэн нэг ч болов ийм шоутай байгаа нь олз. Хийж амьдруулж байгаа хүмүүст бүр талархам.

Би багадаа юмыг давуулж боддог хүүхэд байлаа. Биеийн тамирын багштайгаа ярьсанаа мартдаггүй юм. – Хамгийн хурдан хүн секундэд хэдэн метр гүйх үү? Хамгийн мундаг тамирчин хэдэн метр дээгүүр харайх уу? гэж багшаа шалаад л. – Аймгийн аваргаар тэгэж гүйсэн, улсад тэгсэн гэсэн гээд багш хариулна. Би түүнийг хэд дахин давуулж харайх, гүйх юм ярина. Бүр нисэх шахуу л юм хэлнэ. Өвгөн багш минь нүд нь гялалзаж, татаж байгаа пүүшигээ иший нь шарлатал сорж суудагсан.

Коронагоос болоод бараг бүх бизнес хаагдаж, ажилчид нь ажилгүй болж байхад зөвхөн "Амазон" завгүй ажиллаж 100мянгаар нь хүн нэмж ажилд авч байна. Online худалдаа цөм хийж байна гэсэн үг. Захиалга авдаг зөөдөг тээвэрлэдэг бүхэн ажилтай байна. Энэ бүхэн Монголын хөлтэй илүү нийлээд байгаа юм.

Амьдрах зорчих орон зай уужим. Залуус нь зайнаас ажилласан шиг, бусад нь хэрэгтэй бүхнээ захиалсан шигээ. Хотны захад, гэрийн гадаа дорооноор ачаа бараа, шаардлагатай юмс буусан шиг. Хиймэл оюун ухааныг адуу шигээ гаршуулаад. Монгол хүн уудам нутгийнхаа энгээр орон зайг эзэгнэж, аюулгүй, амгалан амьдрах цаг ойрхон мэт.

Хэдэн мянган километрээр хэрж татсан шилэн кабель, "Цахим Монгол" гэж нэрлэж зүтгүүлсэн хөтөлбөр, интернэт, цахимбар одоо бидэнд ач тусаа хязгааргүй ихээр өгч байна. Цаашид ч өгнө. Кибер ертөнцийн нисэх буух буудал, хурдны замаа барьчихсан улс бол Монгол. Уг нь ухааны сүв нь нээлттэй нам бол Мэдээлэл харилцаа технологийн газрыг Дижиталчлал, хиймэл оюун ухааны яам болгож бүхнийг тэндээс салбарлуулж зураад зогсож байх ёстой юм.

Муу дайсан нөхөр болох шиг, сайн санаа ажил болох шиг сайхан юм хаа байхав. Монгол хүн бол хайрлахгүй байхын аргагүй тийм хүн. Хайрлахгүй байхын аргагүй хүнийг Монгол хүн гэдэг юм. Хайрлахгүй байхын аргагүй орныг Монгол гэдэг юм. "Чи тэгээд хайрлахгүй, хөгжүүлэхгүй яасан юм" гэж надаас асуудаг. Зүтгэх цагтаа зүтгэсэн. Энэ бичиж байгаа минь ч миний зүтгэлийн үргэлжлэл. Зөвхөн нэг хүний зүтгэсэнээр, хайрласанаар биш, бүх хүн зүтгэсэнээр хайрласанаар үйлс нь бүтдэг замыг бид сонгосон. Тэр замыг "эрх чөлөө" гэдэг юм.

Чанга яригч дуугарлаа. Аяга тавгаа гаргаж тавь гэж байна. Улс орнууд ихэнх нь дайнд бэлдсэн төлөвлөгөөтэй байсан атлаа Covid-19-д бэлдсэн төлөвлөгөөгүй байлаа. Одоо бүгд шахуу байлдааны газрын зурагтай болж хохирол сүйтгэлээ тоолж, зэр зэвсгээ базааж байна. Зарлаагүй нүүрлэсэн энэ дайн, үр дагавар нь дэлхийн дэг журмыг сэрээж өөрчилж байна.

Хүн төрөлхтөн нэг вирусыг дарсан ч дараа нь юу хаалга өшиглөн орж ирэхийг тааварлашгүй. Ирэх нь ирнэ. Дэлхий "New normal" – "Шинэ тогтмол" – той учирлаа. Монгол ч золгоод авлаа. Одоо амьдралаа яаж зохион байгуулахаа бодох, төлөвлөх, хийж эхлэх цаг. Цаг боллоо.

Сүүлчийн хүн карантинаас гарахад, сүүлчийн хүн эдгэхэд бид короногоос сална. Гэхдээ энэ бол Монголоор дуусах үзэгдэл биш. Африкт халуурч байгаа буржгар хүү бас эдгэх ёстой. Хөгшин тив коронагийн сүүлчийн өвчтөнөө эдгээж эмнэлэгээс үднэ. Америк хилээ нээнэ.

Японд корона туссан эмээ өвөө бүгд эдгэх ёстой. Хятадад короногийн тохиолдол бүртгэгдээгүй долоо хоног, бүтэн сар тоологдоно. Оросод ВВ хөл хорио цуцалснаа зарлана. Онгоц дахиад нисэлдэнэ. Манай МИАТ-ийн үйлчлэгч амны хаалтгүй "Та тавтай морил" гэж инээмсэглэн хэлэх ёстой.

2020.04.10. Улаанбаатар. Toyoko Inn

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж