Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв тэнгэрийн орноо заларчээ.
Тэрээр Говь-Алтай аймгийн Наран /одоогийн Халиун/ сумын нутгийн “Өвөр замын бууц” гэдэг газар 1935 оны хоёрдугаар сарын 9-нд малчин айлын гэр бүлд төрсөн. Зууны манлай сэтгүүлч Л.Түдэв нь 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд Улсын багшийн дээд сургууль, 1964–1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн.
Тэрээр 1956 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсч, Говь-алтай аймагтаа гурван жил багшилсан бөгөөд 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилжээ.
Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм.
Тэрээр 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан. Мөн 1974 онд Л.Түдэв Монголын зохиолчдын эвлэлийн даргаар сонгогдов.
Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу нэг жилийн дараа 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг Хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ.
Л.Түдэв нь Монголын зохиолчдын эвлэлийн байгууллагын удирдах албан тушаалд найман жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүй ажлыг хийсэн. Түүний зохиол бүтээлүүд нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
А.СҮРЭН