Одоогоос гурван жилийн өмнө, хүний өөрийн олон хүүхэд тэжээж яваа М.Сарнай гэгч эмэгтэйд туслах хандив өрнөж байв. Гэвч, төд удалгүй аяныг санаачлагч Ц.Сувд-Эрдэнэ, М.Сарнай, С.Дэлгэр нарын дунд маргаан дэгдэж, цагдаа шүүхдээ тулсан юм. Тухайн үед өнчин, ядарсан хүүхдүүдийг өөрийнхөө гэрт тэжээж, тэтгэж байгаа гэх М.Сарнай гэх бүсгүйг асрамжийн газартай болгох үүднээс “Нэг хүн-Нэг тоосго” аяныг С.Дэлгэр гэх эмэгтэй зохион байгуулсан. Тэр үед мөн л Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэнэт сэрсэн үү, ямартай ч М.Сарнайгийнд амьдарч байсан хүүхдийг ээжид нь хүлээлгэн өгч, бөөн нус нулимс болсон бичлэг ч цацагдсан. Тэр тухай олон хүн мартжээ. Тиймээс "Сарнай" хүүхдийн төв баригдсан уу, үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг С.Дэлгэртэй холбогдож тодруулахыг хүссэн юм.
“ХАНДИВЫН АЯН 2018 ОНЫ ЕСДҮГЭЭР САРД БҮРЭН ЗОГССОН”
Тэрбээр “Хандивын аян 2018 оны есдүгээр сард бүрэн зогссон. Өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 3-нд М.Сарнай Баянхошуунд амьдарч байсан газраасаа Биокомбинат руу нүүж, тэнд айлын хашаанд буусан. Тухайн үед “М.Сарнайд хүүхэд байдаг, байдаггүй. С.Дэлгэр мөнгө идсэн, идээгүй гэх яриа, хардлага гарсан. Миний зүгээс Н.Сувд-Эрдэнэд гомдол гаргаж цагдаа прокурорт хандсан ч удаатай. Ямар ч байсан тэр үед буруу ч бай, зөв ч бай М.Сарнай гэдэг хүний талд зогсохоор шийдсэн. "Сарнай" хүүхдийн төвийнхөө шавыг нь тавьж, “Төгс зуурмаг” гэх компани бетон зуурмагаа барилгад нь хандивлаж, “Дрэм хаус” ашиг харахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр карказыг нь босгож өгсөн. Харамсалтай нь, барилга барьж эхлэх үед нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэнэтхэн ажил, үүргээ мэддэг болсон уу, хүүхдүүдийг нь эцэг, эхчүүдэд нь хүчээр тараан өгсөн.
Хандивын аянаар цугласан 50 орчим сая төгрөг байсны 45 сая төгрөгийг барилгын ажилд зарцуулсан. Одоо үлдсэн таван сая төгрөг дансанд нь хэвээрээ байгаа. Одоогоор барилгын суурь цутгагдаж, нэг давхрын төмөр карказыг босгосон” гэв.
“ХҮҮХДИЙН НЭР БАРЬЖ, БИЗНЕС ХИЙХ ТОХИОЛДОЛ ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА”
Харин нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуулаас тодруулахад “М.Сарнайн өсгөн, хүмүүжүүлж байсан хүүхдүүдийг ямар шалтгаанаар эцэг, эхчүүдэд нь тараасныг асуухад “Иргэн М.Сарнайн үйлдэл нь төрийн байгууллагын хяналтыг сайжруулах ёстой нэг жишээ болсон. Сайхан сэтгэлтэй гэсэн болгонд хэн нэгний хүүхдийг асарч, хамгаалуулах эрх олгоод байвал эцэстээ хүүхдийн нэр барьж, бизнес хийх, ашиг хонжоо хайдаг явдал бий болж. Тиймээс энэ бүхнийг хязгаарлах арга хэмжээ авч, ажилласан” гэв.
Түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дуулиан тариад байгаа иргэн Г.Загдаагийн "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллага хүний эрхийг зөрчиж, хүүхдээр бизнес хийж байна гэсэн шүүмжлэл дагуулаад буй. Түүний төрийн бус байгууллагад насанд хүрсэн 62, бага насны 59 хүүхэд амьдарч байна. Цагдаа, шүүхдээ тулсан энэ асуудлаас харахад ядарсан, зүдэрсэн иргэдийг ашиглан хандив босгож, мөнгө завших, ашиг хонжоо хайх, бизнес хийх явдал газар авч, хүний эрхийг дурын нэгэн зөрчдөг болсны тод томруун жишээ юм. Учир нь, "Зөв амьдрах ухаан" төв нь хүүхэд асрах тусгай зөвшөөрөлгүй ажээ.
“Иргэн Г.Загдаагийн "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагад нийт 62 насанд хүрсэн хүнтэй хамт 59 бага насны хүүхэд амьдарч байна. Тэнд хүүхэд гэр бүлээрээ хамт байх ёстой гэх шалгуурыг хангаж байна уу гэвэл хангаж байгаа. Иргэдийг архи уулгахгүй, тодорхой хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжиж байна. Харин нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг л үзүүлэхгүй байгаа юм. Манай байгууллагын зүгээс архины хамааралтай иргэдийг архинаас гаргах чиглэлд төсөл хэрэгжүүлж, хамтран ажилладаг. Өмнөх жилүүдэд ч ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байна" гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул ярив.
Тэрбээр "Одоогийн байдлаар тэнд зургаан хүүхдийг асран хамгаалагч, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр байлгаж байна. Энэ асуудал дээр манай байгууллагын зүгээс хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Яагаад гэвэл танайх хүүхэд асрах тусгай зөвшөөрөлгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр эрх нь зөрчигдсөн хүүхэд байгаа бол хүүхэд хамгааллын 108 утсанд хандах нь зүйтэй” гэсэн юм.
“САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН БҮР ХҮҮХДИЙГ АСАРЧ, ХАМГААЛДАГГҮЙ”
Улаанбаатар хотын хэмжээнд асрамж, халамжийн тусгай зөвшөөрөлтэй 18 байгууллагын 28 асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр асрамжийн төвд хагас болон бүтэн өнчин, аав, ээж нь архины гүн хамааралтай, хаана байгаа нь тодорхойгүй, төрийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 864 хүүхэд бий.
Халамжийн тухай холбогдох хууль, Стандартчлал хэмжил зүйн газраас баталсан стандартын дагуу шаардлагыг хангасан, стандартад нийцсэн байгууллагад тусгай зөвшөөрөл олгодог гэдгийг албаныхан хэлж байв. Энэ тусгай зөвшөөрлийг авсан байгууллага хүүхдийг 24 цагийн хугацаанд асрах, хамгаалах үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнээс биш дурын нэг сайхан сэтгэлтэй хувь хүн, төрийн бус байгууллага хүүхдийг асарч, хамгаалдаггүй болохыг мэргэжилтнүүд яриандаа онцоллоо.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, цагдаагийн байгууллагатай хамтран өнгөрсөн 2019 онд нийт 678 хүүхдийг Улаанбаатар хотын орц, хонгил, гудамж талбайгаас илрүүлжээ. Харин энэ оны эхний улиралд илрүүлэлтийг хийхэд 105 хүүхэд олджээ. Тэдний дийлэнх нь гэрээсээ дайжсан, гэртээ байх сонирхолгүй, тэнэх эмгэгтэй байсан аж. Энэ бүхэн эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхарснаас үүдэлтэй.
“Манай байгууллага хүүхэд хамгааллын зардал гэж улсын төсвөөс санхүүждэг зардал бий. Энэ зардлаар хүүхдийг хамгаалахын тулд НҮБ-аас ирж буй зөвлөмж, Монгол Улсын төрөөс барьж буй бодлогоор аль болох хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэхтэй холбоотой ажлыг хийх ёстой. Ингэхийн тулд тухайн хүүхдийг эрсдэлгүй орчинд амьдруулахын тулд эцэг, эхийн эрсдлийг бууруулж, харилцаа, хандлага, зан үйлийг нь засах, ажил хийх сэдлийг нэмэгдүүлэх, холбон жуучлах үйлчилгээг үзүүлдэг.
“50 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ТӨСЛИЙГ ДОЛООН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ХУВААН ӨГСӨН”
Энэ ажлыг хийхэд тодорхой хэмжээний зардал гарна. Хоёрдугаарт, энэ ажлыг хийхийн тулд манай байгууллагын хэдэн мэргэжилтэн дангаараа ажиллаад хүч хүрэхгүй. Ийм учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай гэрээ хийж ажилладаг. Тухайн төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний агуулга, цар хүрээ, хугацаанаасаа шалтгаалаад харилцан адилгүй. Манай байгууллагын ажлын төлөвлөгөөнд туссан бол санхүүжүүлж, дэмжээд явдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд ар гэрт дэмжлэг үзүүлэх байдлаар 50 орчим сая төгрөгийн төслийг долоон төрийн бус байгууллагад хуваан өгсөн” гэдгийг орлогч дарга Н.Мандуул хэллээ.
Мөн тэрбээр “Нэг үеэ бодвол иргэд нийгмийн сайн сайхны төлөө нэгдэх, тодорхой арга хэмжээ зохион байгуулах байдал олноор нэмэгдсэн. Энэ бол сайн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ард нийтээрээ давалгайлаад явчихдаг. Харин энийг ашгийн төлөө явуулдаг байдлыг хязгаарлаж, зохицуулах ёстой. Улсын их хурлын түвшинд “Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төсөл явж байгаа. Уг хуулиар иргэд, олон нийт, төрийн бус байгууллагууд сайн дурын ажлыг олон нийтийн дунд ямар ямар ажлуудыг хэрхэн хийж, ямар хариуцлага хүлээхийг зохицуулж өгнө.
Санхүү тайлантай холбоотой асуудлыг төрийн байгууллагууд нь хянаж зохицуулдаг. Мөн шилэн дансанд холбосон байхаар энэ хуулийн төсөлд тусгасан. Ер нь ийм зохицуулалт хийх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ асуудлыг тодорхой хэмжээнд яаралтай зохицуулахгүй бол хүний сайхан сэтгэлээр бизнес хийдэг үйлдлийг өөгшүүлж болохгүй” гэв.
С.ДЭЛГЭР: БИ ҮНЭНДЭЭ ХАНДИВЫН АЯНААС ЗАЛХСАН
Сарнай хүүхдийн төвийг барьж байгуулахын тулд “Нэг хүн- Нэг тоосго” аяныг санаачлагч, хувиараа бизнес эрхлэгч С.Дэлгэртэй ярилцлаа. Тэрбээр “Тухайн үед миний мөрөөдөл 100 хүүхдийн сайхан асрамжийн төв бариад өгөх байсан. Тэгээд л хандив авах гээд энэ тэрүүгээр маш их гүйсэн. Тэгээд ч яваагүй дээ. Сүүлдээ би яг үнэндээ залхсан. “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэдэг шиг энэ хэдэн хүүхдүүдийг нь тараачихсан юм чинь больё гэж бодсон” тухайгаа ярьсан юм.
-Та нэг хэсэг эцэг, эхдээ хаягдсан, хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулж, асрамжийн газар барих аян эхлүүлж байсан санагдана. Тэр ажил юу болсон бэ, М.Сарнайтай холбоотой байгаа юу?
-М.Сарнайтай ямар ч холбоогүй байгаа. Бид хоёр хамгийн сүүлд жил хоёр сарын өмнө уулзаад, мөр мөрөө хөөгөөд амьдарцгаахаар болсон. Одоо хуучных шигээ нарийн холбоогүй болсон. Бид хоёрын хувьд хоорондоо маргалдаж, хэрэлдсэн зүйл байхгүй.
-Сарнай хүүхдийн төвийг барихаар гурван жилийн өмнө “Нэг хүн-нэг тоосго” хандивын аяныг зохион байгуулж байсан. Хандивын аян яагаад зогсох болов. Хэчнээн төгрөг цугларч, юунд зарцуулсан талаар яриач?
-“Нэг хүн-нэг тоосго” хандивын аян 2018 оны есдүгээр сард зогссон. Өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 3-нд Баянхошуунд амьдарч байсан газраасаа Биокомбинат руу нүүж, тэнд айлын хашаанд буусан. Тухайн үед “М.Сарнайд хүүхэд байдаг, байдаггүй. С.Дэлгэр мөнгө идсэн, идээгүй гэсэн бөөн асуудал болсон. Ц.Сувд-Эрдэнэтэй маргалдаж, цагдаа прокуророор явсан тал бий. ЭМиний хувьд буруу ч бай, зөв ч бай М.Сарнай гэдэг хүний талд зогсохоор шийдсэн юм. "Сарнай" хүүхдийн төвийнхөө шавыг нь тавьж, “Төгс зуурмаг” компани бетон зуурмагаа барилгад нь хандивлаж, “Дрэм хаус” компани ашиг харахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр карказыг нь босгож өгсөн.
Хандивын аянаар цугласан 50 орчим сая төгрөг байсны 45 сая төгрөгийг барилгын ажилд зарцуулсан. Одоо үлдсэн таван сая төгрөг нь дансанд нь хэвээрээ байгаа. Одоо барилгын суурь цутгагдаж, нэг давхрын төмөр карказыг босгосон.
Нэгдүгээрт аяны хүрээнд хандивын мөнгө орж ирэхээ больсон. Тэр үед Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн М.Сарнай дээр байсан хүүхдүүдийг хүчээр авч явсан. М.Сарнайгийн хувьд “Би хүүхдүүдээ өгөхгүй” гэж өнөөдрийн Г.Загдаа шиг хэлж чадах хүн биш л дээ. Сүүлд үлдсэн 16 хүүхдээс наймыг нь “Өнөр бүл” хүүхдийн төв рүү аваад явсан. Үлдсэн хүүхдүүдийг нь Улаанчулуутад хог түүж амьдардаг ээж, аавд нь хүлээлгэн өгсөн. Хог түүдэг, архи уудаг хэн ч байсан “Эцэг, эх байх эрхийг нь хасна” гэхээр “Би хүүхдээ авна” гэдэг юм билээ. Ялангуяа эмэгтэйчүүд. Хэчнээн амьдралын бололцоо муутай, орон гэргүй байсан ч овоохойгоо босгоод хүүхдүүдээ авна гээд авсан. Энэ хооронд Улаанчулуутад амьдардаг зургаан хүүхдийн хоёр ээж нас барсан.
-Тэр үед М.Сарнай хүний хэчнээн хүүхэд өсгөж байсан юм бэ?
-М.Сарнай өмнө нь хүний өчнөөн хүүхэд өсгөж байхад хэн ч тоож байгаагүй юм билээ. Гэтэл Ц.Сувд-Эрдэнэ гэх эмэгтэй М.Сарнайтай мөнгө төгрөгөөс болж муудалцсанаас болоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан гэнэт шалгалт шүүлэг болоод хүүхэд бүрийн тоогоор гар угаалтуур байх ёстой гэсэн асуудлыг хөндсөн. Зургаан ханатай гэрт асрамжийн газрын стандарт тавьсан. Нэгдүгээрт, М.Сарнайд хүний хүүхэд харах зөвшөөрөл байхгүй байсан. Хоёрт, бидний зүгээс асрамжийн төвийн барилга эхэлж байгааг тайлбарласан ч хүлээж аваагүй. Байшингаа барьсны дараа зөвшөөрлөө ав гэсэн. Нэгэнт байгаа байдалд нь тааруулаад, барилга баригдтал түр зөвшөөрөл өгч болох талаар олон дарга нартай уулзсан. Тэгэхэд “Зөвхөн М.Сарнайд зориулж түр зөвшөөрөл гаргаж өгье. Бид ярилцъя. Хурлаар авч хэлэлцэнэ” гэдэг. Гэвч, нэг нь ч эргээд холбогдоогүй. Харин ч эсрэгээр нь хүүхдүүдийн ээж, аавыг бушуухан олж өг, хүүхдээ авахгүй бол “Эцэг, эх байх эрхийг нь хасна” гэсэн шаардлага тавьсан.
М.Сарнайнд эхлээд 33 хүүхэд амьдарч байсан. Дараа нь Баянхошуунаас Биокомбинат руу нүүхэд 16 хүүхэд үлдсэн. М.Сарнай маань өөрөө зургаан хүүхэдтэй. Том хүүхэд нь насанд хүрчихсэн, өөрөө эмээ болчихсон хүн. Тэдгээр хүүхдүүдийн зарим нь сургууль завсардсан байсан учраас Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд Шувуун фабрикийн дунд сургуульд оруулсан. Сургуулийнх нь захирал их дэмжлэг үзүүлсэнд баярлалаа.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хүүхдийг ээж, аав нь харж, хамгаалах үүрэгтэй гэдэг, зөв л дөө. Гэхдээ ээж нь шоронд, аав нь ажил хийхийн тулд хүүхдүүдээ М.Сарнайн гэрт байлгадаг байсан. Тэр хүүхдүүдийг өвөө, эмээд нь хүлээлгэн өгсөн.
-Яагаад заавал хандивийн аян зарласан юм бэ. Хандивын мөнгөөр байшин бариад, хүүхдүүдээр бизнес хийх сонирхол М.Сарнай та хоёрт байсан юм биш үү?
-Гурван жилийн өмнө дөрөвдүгээр сарын 8-нд анх удаагаа М.Сарнай гэх эмэгтэйнд очиж танилцаж байв. Хүний, өөрийн баахан хүүхэд бужигнаж байсан. Таван ханатай гэрт М.Сарнай тэр олон хүүхдийг хооллож ундалж, хичээлд нь явуулж байгааг тэгэхэд олж харсан юм.
Ц.Сувд-Эрдэнэ гэж бүсгүй анх түүнд зургаан ханатай гэр өгөх хандивыг зохион байгуулсан. Олон нийтийн хандив босгохын тулд энд нэг ийм хэцүү амьдралтай хүн байна гэж кейс олоод, фэйсбүүкээр олон нийтээс мөнгө, төгрөг гуйдаг юм байна л даа. Анх ийм хандивын аянд зөндөө мөнгө, төгрөгөөр би тусалж, дэмждэг байсан. “Тэр маань ийм гэртэй болсон” гээд зураг хөргийг нь тавихаар нь Ц.Сувд-Эрдэнийг “Ямар мундаг эмэгтэй вэ” гэж боддог байлаа. Ц.Сувд-Эрдэнэ 2017 оны хоёрдугаар сард Улаанчулуутын хажууд М.Сарнай гэж бүсгүй олон хүүхэд тэжээдэг юм байна. Том гэр барьж өгье” гэхэд нь би багагүй мөнгө хандивлаж байсан. Тиймээс “М.Сарнайн хүүхдүүдэд хоол аваачиж өгье” гээд очсон. Ингэж л бид хоёр анх танилцсан юм.
Ц.Сувд-Эрдэнэ Улаанчулуутын дэргэд асрамжийн төв барих санаачилга гаргасан, бид ч дэмжихээр болсон. Тэр үед нэг тоосго төгрөгийн үнэтэй байсан. Тэгэхээр нь Монголын ард түмэн гурван саяулаа. Тиймээс хүн бүр нэг тоосго хандивлах аяныг эхлүүлэхээр болсон юм. Тэр байшинг барьсны дараа өөрийн өмч болгох бодол надад байгаагүй. Тэр олон хүүхдүүд сайхан орчинд амьдраасай л гэж бодсон учраас туслахаар шийдсэн. Сүүлд маргаан гарч, хандивын аян ч зогссон. Монголчууд юмыг их хурдан мартдаг. Надад энэ хандивын аянг эхлүүлснээс дуусах хүртэл нь тэмдэглэж авсан гар бичмэл ч бий.
Нэг хэсэг цагдаа дээр мэдүүлэг өгдөг ажилтай байлаа. Тэгж байгаад 2018 оны гуравдугаар сарын 8-нд прокуророос “Ц.Сувд-Эрдэнэ хүн гүтгэсэн. С.Дэлгэр, М.Сарнай гэдэг хүн мөнгө идсэн юм алга” гэсэн шийдвэр гарч, хэрэг хаагдсан. Би өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайв хийж “Бүтэн жил шахуу цагдаагаар явж байж, анх удаа ийм гоё бичиг авлаа” гэж байсныг хүмүүс одоо мартсан байх. Тэгээд шарандаа долдугаар сарын 30-ны өдөр бэлгэ дэмбэрэлт өдөр суурийг нь цутгуулсан.
Тухайн үед миний мөрөөдөл 100 хүүхдийн сайхан асрамжийн төв бариад өгөх байсан. М.Сарнайд байшин барих гээгүй шүү дээ. Тэгээд л хандив авах гээд энэ тэрүүгээр маш их гүйсэн. Тэгээд яваагүй дээ. Сүүлдээ би яг үнэндээ залхсан. “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэдэг шиг энэ хэдэн хүүхдүүдийг нь тараачихсан юм чинь больё гэж бодсон.
-"Сарнай" хүүхдийн төв барихад зориулан зургаан айлын газрыг хотын дарга үнэгүй өгөхөө мэдэгдэж байсан шүү дээ. Газар нь юу болсон бэ?
-Тэр үед хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Биокомбинатад зургаан айлын газар өгсөн. Тэр зургаан айлын газрыг дүүргийн газрын албанд кадастрыг нь хийлгэсэн ч газрынх нь гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй байгаа. Төр ингэж л ажлаа хийж байна. Энэ газрын эзэмшигч нь М.Сарнай. Би энэ байшинг босгоод М.Сарнайг гурван өрөөнд нь амьдруулж, Хан-Уул юм уу, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газар нь хүлээлгэж өгөөд, тэр эмзэг бүлгийн хүүхдүүдтэй жинхэнэ ажиллаарай гэж хэлэхийг хүсдэг байсан.
Монгол Улсын хэмжээнд 33 асрамжийн төв ажилладаг. Миний олж харснаар зарим асрамжийн газруудыг Есүс болон бусад шашны хөрөнгө оруулалттай байгууллага ажиллуулдаг. Нэг талаараа тэр хүмүүс төр нь харахгүй байгаа хүүхдүүдийг хооллож ундалж, сургаж байгаа ч тэнд ямар нэгэн дарамт, хүчирхийлэл байгаа эсэхд төр хяналт тавих ёстой. Нөгөө талаас монгол хүүхэд гадны шашнаас хараат бус өсөх ёстой шүү дээ. Тиймээс "Сарнай"-н хүүхдийн ордноо нээвэл өглөө босоод бурхандаа мөргөдөг, жинхэнэ монгол хүүхэд болж өсөөсэй гэж хүсч “Их нигүүлсэхүйн зөн ” төрийн бус байгууллагаа албан ёсоор байгуулж байлаа.
-Төр ажлаа хийхгүй байгаа учраас зарим хувь хүмүүс нийгмийн эмзэг бүлгийг асран хамгаалах нэрээр ашиг хонжоо хайх болж. Та үүнтэй санал нийлэх үү?
-Аливаа юм хоёр талтай. Хэвлэлээр гарч буй Г.Загдаа гэдэг хүн дээр 130 орчим хүн байж байна. Улсын хийх ёстой ажлыг тэр хүн хийж байна. Нэг талаар тэр бол мундаг хүн. Нөгөө талаас эдийн засгийн ямар нэгэн хөшүүрэг байгаа учраас энэ ажлыг хийж байгаа. Зөвхөн сайхан сэтгэлээр хүн тэжээхгүй шүү дээ. Зарим хүмүүс "Сарнай" хүүхдийн төвийн хандив босгох нэрээр мөнгө идэж байна гэж ярьдаг байсан. Гэтэл надад нэг төгрөгийн ашиг олъё гэсэн хүсэл, зорилго байгаагүй. Харин ч өөрийнхөө нэр төрөөр хохирч, бүх зүйл сайхан болно гэж итгэн нойр хоолгүй зүтгэж байсан. Эргээд харахад зууралдах ёсгүй юмтай зууралдсан гэж боддог. М.Сарнайн талаар надаас асуувал би үнэнийг хэлэхэд бэлэн.
Түүнид мэдээж, ашиг сонирхол байсан. Тэрийг нуух юм байхгүй. Улсын хийхгүй байгаа ажлыг хувь хүн хийж, хүний хүүхдүүдийг өвөл дааруулаагүй, өлсгөөгүй. Өнөөдөр хүний 30 хүүхдийг гэртээ гурван сар байлгалаа гэхэд ямар нэгэн хүнсээр хооллох ёстой. Тийм учраас хандивын аян эхэлсэн. Хүн баян таргандаа хандив өгдөггүй, өөрөөсөө илүү гаргаж, бусдад тусалдаг. Тэрэнд амтшиж байсан тал М.Сарнайд бий. Би тэрийг үгүйсгэхгүй. Би тэрийг нь олж харсан учраас зай авсан. Би ч өөрийгөө олж мөн харсан л даа.
-Хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Сошиал хуудсаар өдөр болгон л өвчин зовлонтой янз бүрийн хандивын аян явдаг. Сүүлийн үед хөл хориотой холбоотойгоор сугалаа нэрээр залилагчид олширч байна. Би сүүлийн үед яаран хандив өгөхөө больсон. Би өөрөө биеэрээ амссан хүн. Гэхдээ огт хандив өгөхөө больсон гэсэн үг биш. Сүүлд өвчтэй ээжийгээ асарч, амьдралаа залгуулдаг гурван хүүхдэд хандив өгсөн. Монголчуудын өр зөөлөн сэтгэлийг ашиглаад ашиг хонжоо хайгч олон болсныг анзаарахад илүүдэхгүй. Аливаа аяны ар талд заль явж байхыг ч үгүйсгэхгүй. Сэтгэлийн хандив хэзээ ч оройтдоггүй. Тийм учраас ямар ч байсан хүнээ сайтар судалж, битгий яараарай гэж хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар усан оргилуур барихаасаа өмнө ард түмний хандиваар босгосон суурин дээр “Өнөр бүл” хоёр төвөө бариач ээ гэж хүсмээр байна.
Холбоотой мэдээ