“Баабар миний нэр хүндийг гутааж байгаа бол түүний ямар өчүүхэн хүн болохыг ил тод болгоё” гэж байгаад л улсын байцаагчийн албан бичгээ гаргаж ирээд “Баабар гурван компанид өөрийн ажилласан жилийг нэмэгдүүлэх хуурамч бичиг баримтыг үйлдсэн. Өөрийнхөө ажилласан жилийг нийт зургаан жилээр нэмэгдүүлсэн. Өөрийнхөө нэр, овог, регистрийн дугаарыг хуурамчаар үйлдэж ажиллаагүй компанийнхаа нэр дээрээс тэтгэвэр авдаг. Нийгмийн даатгалыг нийт таван сая 772 мянган төгрөгөөр хохироосон. Одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Улсын байцаагчийн акт нь байна” гэж ирээд л ил тод болгосон С.Эрдэнэ сайдын баримт эргээд өөрийг нь ороож мэдэхээр байна гэж хуульчид хоорондоо ярих болжээ.
Учир юу хэмээвээс, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонрихлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Магадгүй С.Эрдэнэ сайд нийтлэлч Баабар хоёрын хэрүүл эхэлснээс хойш өөрийн албан тушаалаа ашиглаж зориуд Баабарыг шалгуулсан байж болзошгүй гэх харыг зарим хуулийнхан дэвшүүлж буй аж.
Нөгөөтэйгүүр, Хувь хүний нууцын тухай хуульд “Монгол Улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ -ын шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хүрээнд ил болгож болно” гэсэн заалт бий. Хэдийгээр Баабар нь хууль бусаар тэтгэвэр тогтоолгохыг оролдсон байсан ч зөрчлийг арилгуулахын оронд олон нийтэд хандан хувийн мэдээллийг нь ил болгосон нь хувь хүний эрхэнд халдсан явдал гэж үзэх бүрэн үндэстэй аж.
Хувь хүний нууцын тухай хуульд "Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж заажээ.
Тиймээс Баабарын нийтлэлд балбуулсан сайд шүүх дээр очвол буруудаж мэдэх нь. Дээр дурдсан хуулийн 5.4-д “Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэж заасаар байтал нэвтрүүлэг эхлэхээс эхлээд Баабартай холбоотой мэдээллийг элдэв бичиг, баримтад тулгуурлан дэлгэж “эрийн хугархай” зангараг гаргасан нь С.Эрдэнэ сайдыг хуулийн хүрээнд хүндхэн байдалд оруулах үндэс болж болзошгүй нь.
Төрийн сайдын суудлаа хувийн эрх ашигтаа ашиглаж, хуулиар далайлган хариу довтолгоо хийсэн С.Эрдэнэ сайд ялах уу эсвэл нийтлэлээ эргэлт буцалтгүйгээр С.Эрдэнэд зориулсан Баабар баавартай үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. С.Эрдэнэ гишүүн шүүхэд хандахаа мэдэгдэж, Баабарыг бичсэн зүйлээ нотлохыг “но”-г нь илчирсэн нэвтрүүлэгт оролцохдоо шаардсан ч одоохондоо тэдний аль аль нь шүүхэд хандаагүй байгаа аж.
А.ШАРХҮҮ