МАН-ын олонхоос бүрдсэн парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болохоос өмнө Өршөөлийн хуулийг баталж магадгүй нь. Энэ удаагийн Өршөөлийн хуулийн захиалгыг цар тахалтай холбон тайлбарлаж байгаа юм. Уг асуудлаар хамгийн анх ам дуугарсан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.
Үндсэндээ Монголын төр өнгөрсөн хугацаанд зургаан удаа буюу 4-6 жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль баталжээ. Тодруулбал,
1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
2000 оны долдугаар сарын 7. Энэ өдөр УИХ Өршөөлийн тухай хууль батлав.
2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.
2009 оны долдугаар сарын 9. Ардчилсан хувьсгалаас хойших тав дахь Өршөөлийн тухай хууль батлагдав.
2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.
Үүнээс харвал, Өршөөлийн тухай хуулийг аль ч парламентын хэрэгжүүлдэг жишиг болчихжээ. Өршөөлийн хуулиуд нь ямар нэг тэмдэглэлт ойг тохиолдуулж эсвэл ямарваа нэгэн улс төрийн хүчний давуу байдал, нэр хүнд олох арга хэрэгсэл боллоо гэдгийг зарим хуульчид хэлдэг. Нэг ёсондоо Өршөөлийн хууль гаргах нь шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилгоор үгүйсгэж байна гэсэн үг юм.
Үндсэн хуулийн 25.1-д зааснаар УИХ Өршөөлийн тухай хуулийг батлах бүрэн эрхтэй. Ингэхдээ ойр ойрхон Өршөөлийн хуулийг гаргах нь эрх зүйн сөрөг үр дагаврыг авчирдаг гэдэг. Өршөөлийн хуулийн нэрийн дор “Цагаан захтан”-ууд буюу албан тушаалтны үйлддэг гэмт хэрэгтнүүдийг ял завших боломж олгодог гэсэн шүүмжлэл ч нийгэмд бий. Учир нь Өршөөлийн хуулийн улс төрийн гол зорилго нь цагаан захтнууд буюу авлигачид, төрөөс төрсөн тэрбумтан, санаатайгаар иргэдийг залилсан хүмүүсийг шийтгэлээс хэлтрүүлэхэд чиглэсэн нь өнгөрсөн зургаан удаагийн Өршөөлийн хуулиас харж болно.
Нөгөөтэйгүүр Өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хүмүүст “гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ялаас мултарч болох юм байна” гэсэн бодлыг өгөх нь хамгийн аюултай. Энэ мэт нийгэмд эерэг гэхээсээ илүүтэй сөрөг нөхцөлийг үүсгэдэг Өршөөлийн хууль нь өршөөлд хамрагдаагүй үлдсэн ялтнууд өлсгөлөн зарлах, суллагдсан нь дахин гэмт хэрэг үйлдэх, учруулсан хохирлоо төлөхгүй байх, нийгэмд айдас, түгшүүр төрүүлэх гэх мэт олон муу үр дагаврыг авчирдаг нь өдгөө нэгэнт тодорхой болсон.
Энэ талаар зарим хуульчаас байр суурийг нь тодрууллаа.
ХУУЛЬЧ Ч.ӨНӨРБАЯР: Монголын Эрүүгийн хуулийн бодлого нь өөрөө буруу буюу шоронжуулсан хуультай болчихсон. Шорон нь дүүрчхээд байгаа учраас хэсэг байж байгаад л Өршөөлийн хууль гаргадаг. Тэмдэглэлт ой эсвэл ямар нэгэн зүйлийг далимдуулж Өршөөлийн хуулийг баталдаг болчихлоо. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Шоронжуулсан Эрүүгийн хуулиа Монгол Улс халах ёстой. Тэгэхгүй ойн баяр бусад шалтгаанаар Өршөөлийн хуулийг байнга гаргах нь буруу дохио. Цаад санаа нь шорон хоригдлуудаар дүүрчхээд байгаа учраас суллах гэж байгаа юм. Үүний оронд шоронжсон хуулиа халах хэрэгтэй.
ХУУЛЬЧ Д.МӨНХ–ЭРДЭНЭ:
"Шулуухан хэлэхэд бага бус тооны гишүүд нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй энэ УИХ Өршөөлийн хууль батлах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Тэр тусмаа ганц, хоёрхон жилийн өмнө хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар олон арван авлига, албан тушаалын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байсан улс шүү дээ. Ер нь албан тушаалтнуудын өршөөл үзүүлэх сайхан санаачилгын цаана өөрсдийнх нь өчүүхэн ашиг сонирхол явах нь бий. Тухайлбал, 2015 оны Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан 160 гаруй ялтныг хамруулж, тухайн үеийн Ерөнхийлөгч уг хуульд хориг тавьж байсныг санаж байна.
Ер нь 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд УИХ зургаан удаа Өршөөлийн хууль баталж байжээ. Дундажлан авч үзвэл таван жил тутам гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг тодорхойлдог хууль тогтоох байгууллага ийнхүү ойр ойрхон Өршөөлийн хууль баталж байгаа нь буруу. Дүгнэж хэлэхэд, нэг бол УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн зохицуулалт муу, эсхүл өөр сонирхол улс төрчдөд байна гэсэн үг. Нөгөө талаас, гэмт хэргийн цаана хохирогчдын эрх ашиг гэж чухал зүйл бий. Мөн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын үүднээс ч энэ нь зохимжгүй юм. Зүйрлэж хэлэхэд үймээн самуун, дайнд нэрвэгдсэн улс орнуудад үндэсний эв нэгдлийг хангах зорилгоор Өршөөлийн хууль гаргах тохиолдол бий. Түүнээс бус манайх шиг оронд Өршөөлийн хуулийг ойрхон давтамжтайгаар батлах явдал бараг заншил болж тогтсон нь гаж буруу жишиг дээ.
Өөр нэг онцгой анхаарах зүйл бол өнөөдөр илрээгүй байгаа боловч хэдэн жилийн дараа илрэх, Өршөөлийн хууль гарахаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүд юм. Албан тушаалтнуудын үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг асар их цаг хугацаа, хүн хүч, зардал хөрөнгө гарган илрүүлээд шүүхээр ял шийтгэх гэтэл тэдэн оны, тийм Өршөөлийн хуулиар ялыг нь өршөөн хэлтрүүлсэн тул хэмээн ялаас чөлөөлөх явдал олон гарсан. Үүнийг дахин давтмааргүй байна" гэв.
Манайхаас бусад оронд өршөөлд хамрагдах болсон хүмүүсийг хууль гарснаас хойш зургаан сараас нэг жилийн дараа гаргадаг юм байна. Ингэхдээ өршөөлд хамрагдах хүмүүсийг тусгайлсан сургалтад хамруулж сэтгэлзүй болон бусад байдлаар нийгэмд гарахад нь бэлтгэдэг байна. Манай улсад бол эсрэгээрээ хууль батлагдсан даруй хэрэгжиж ялтнууд суллагддаг. Өршөөлд хамрагдах тухайн ялтны зүйл ангиас гадна хувь хүнийг нь сайн харах хэрэгтэй. Хүмүүжиж байгаа байдал нас, гараад тулж түших гэр бүл байгаа эсэхийг харгалзан үзэх мөн хөнгөн ялтай мөртлөө хүмүүждэггүй дахин дахин хэрэг хийдэг гэр бүл нь залхсан хүмүүсийг өршөөвөл дахиад л хэрэг хийх магадлал нь өндөр.
Хөнгөн ялтай хоригдлуудыг суллах асуудлыг судалж байгаа гэх хэдий ч МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацаа арван жил байсныг таван жил болгосны үр дүнд маш их гэмт хэрэг хэрэгсэхгүй болгосон шиг Өршөөлийн хуулиар мөн л МАН-ынхан өөрсдийнхөө хүмүүсийг ялаас чөлөөлөхийг үгүйсгэхгүй. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар ял эдэлж байгаа. Мөн өдгөө МАН-ын нэр бүхий гишүүд хуулийн байгууллагаар шалгагдаж буй. Ийм үед УИХ Өршөөлийн хуулийг батлах нь улстөрчид өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдийг өршөөх вий гэсэн болгоомжлол ч иргэдийн дунд байна.
Түүнчлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн маш олон хэрэг замхрах ч эрсдэлтэй.
Холбоотой мэдээ