NEWS агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна.
1921.04.14 Барон Унгерн 19-45 насны буриадуудыг цэрэгт татах тушаал гаргажээ. Ингэхдээ тушаалыг үл дагагсдыг хатуу ширүүнээр залхаан цээрлүүлэхээр зарласан байдаг.
1928.04.15 Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монгол банкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулав.
1930.04.15 Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.
1941.04.13 Хүнсний үйлдвэрийн яам байгуулагдав.
1959.04.16 БНМАУ-ын бурханы шашны төлөөлөл Төвөдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй үгсэн хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн төвөдийн лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.
1961.04.14–ны үдээс хойш Улаанбаатар дахь Үйлдвэрчний эвлэлийн хурлын танхимд АИХ-ын тэргүүлэгчид болон БНМАУ-ын Засгийн газраас БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад тусалсан хятадын 305 ажилчинд одон медаль жуух бичиг олгох ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.
1961.04.17 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын ес дэх ээлжийн ажилчид нутаг буцав.
1965.04.14 БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Сүхбаатарын районыг байгуулав. Хожим нь 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болгон, шинээр зохион байгуулжээ.
1972.04.13 Монголын архитекторчдын эвлэлийн анхдугаар их хурал хуралдав.
1973.04.19 БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагдав.
1975.04.19 БНХАУ БНМАУ –ын Засгийн газрын хооронд 1975 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
1983.04.17 БНМАУ-ын “Үнэн сонин”-д Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшөлцөөний явцад гарсан ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.
1990.04.13 МАХН-ын Онц их хурал хуралдав.
1993.04.13 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Хятадын Засгийн газраас 1 сая юанийн яаралтай тусламж үзүүлсэн бол Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 10 мянган ам.долларын тусламж үзүүлэв.
1995.04.18 Монголын багш нарын ажил хаялт эхлэв. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 шахам багш, ажилчид хамрагджээ. Ажил хаялтын үед багш нарыг тагнаж, чагнасан гэх шуугиан гарч байв. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.
2000.04.15 Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг Монгол Улсад айлчлав.
2011.04.19 “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийв.
2013.04.16 Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.
2016.04.14 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав.
2016.04.18 УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулж, анхны хурлаа хийн, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.
Холбоотой мэдээ