Шинэ коронавирусийн үед олон улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс зайнаас ажиллах боломжийг олгож байна. “Remote” буюу алсын зайнаас ажиллах аргыг ч Монголын төр бүрдүүлж, 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээр нь ажлуулахыг ажил олгогчдод анхааруулж буй. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн ажилтан, доктор Д.Дэмчигсүрэнтэй ярилцлаа.
-"Covid-19"-ийн тархалттай холбоотойгоор маш олон ажил олгогч бизнесээ үргэлжлүүлэхийн тулд ажилчдаа зайнаас буюу гэрээс нь ажиллуулах болсон. Монгол Улсын хувьд ч ажилчдаа аль болох зайнаас ажиллуулахыг зөвлөж байгаа. Хэдийгээр энэ арга Монголд шинэ ч, иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт хэр өгөөжтэй шийдвэр вэ?
-Телекомьютинг буюу гэрээс ажиллах гэдэг ойлголт олон улсад танил болоод харьцангуй удсан. Мэдээлэл харилцааны технологи хөгжиж, хүн бүр компьютер, таблет, ухаалаг утасны хэрэглэгч болж, үүлэн технологи ердийн хэрэглээ болж буй орчин үед дээрх ойлголт эрчимтэй тавигдаж, практик амьдралд улам бүр гүнзгий нэвтэрч байгаа гэж болно. Цаг үеэ дагаад “Ажил гэдэг миний, бидний хийдэг зүйл болохоос очдог газар биш” гэдэг ч юм уу, эсвэл “Хийж бүтээхийг ажил гэдэг болохоос ажлын цагаар таны байдаг газрыг ажил гэхгүй” гэсэн утгатай мотто (уриа үг, слоган) гарч ирсэн.
Хамгийн товчхондоо энэ нь ажил үүрэг гүйцэтгэх альтернатив хувилбар бөгөөд заавал оффисоос биш гэрээсээ эсвэл номын сан, кафе зэрэг тухайн хүн өөрийнхөө хамгийн бүтээмжтэй байдаг газраасаа ажиллах боломжийг олгодог юм. Ингэхдээ харилцаа холбооны технологийг ашиглан хамт ажилладаг хүмүүстэйгээ болон ажил олгогчтойгоо утас, онлайн чатын программ, видео уулзалтын аппликэйшн ашиглаж, цахим шуудангаар харилцана гэсэн үг. Харин энэ тохиолдолд ажилдаа зайлшгүй биечлэн ирж уулзалт хуралд оролцох хуваарийг урьдчилан төлөвлөсөн байдаг. Гэхдээ уулзалт хийх олон арга зам байдаг тул тэр бүр биечлэн ирэх шаардлага улам бүр багасч байна. Зарим хүмүүс гэрээс байнга ажилладаг бол зарим нь долоо хоногийн тодорхой өдрүүдэд зайнаас ажиллаж, үлдсэн хугацаанд оффистоо ирж ажиллах зэрэг зохицуулалтууд олон улсад бий.
-Зайнаас ажиллахад ажилчдаас технологийг чадвар шаардагдах байх. Ер нь ямар ажил, мэргэжилтэй хүмүүс зайнаас ажиллабал илүү үр дүнтэй вэ?
-Зайнаас ажиллахад тохиромжгүй ажил, мэргэжил гэсэн ойлголт бараг байхгүй. Зайнаас ажиллах нь ажил үүргийг хамгийн оновчтой байдлаар зохицуулах хэлбэр болохоос биш тухайн ажилтны ажлын арга барил, хандлагад нь зориулж байгууллагын удирдлага чөлөө өгөөд явуулж буй ойлголт огтхон ч биш шүү дээ. Тэгэхээр гэрээсээ ажиллахад тохиромжгүй ажил, мэргэжил гэхээс илүүтэй яаж зохион байгуулах уу гэдэг нь ажил олгогч, ажилтан хоёроос хамаарах асуудал юм.
-Төрийн зүгээс ханиад томуутай үед зайнаас ажиллах боломжоор хангадаг. Харин хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүст ийм боломж бараг байдаггүй. Ажил олгогчтой тохиролцохгүй бол зайнаас ажиллах нь бараг худлаа шүү дээ?
-Гэрээс ажил хийх үйл явц илүү түгээмэл болохын хэрээр энэ талаар олон улс оронд нэгдсэн статистик дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ хууль, стандартын түвшинд зохицуулж, холбогдох байгууллагуудаас заавар зөвлөмж гарган ажилладаг болж байна.
АНУ-д “Зайн ажлыг дэмжих хуулийг 2010 онд батлан гаргаж, Холбооны Засгийн газрын үйл ажиллагаанд мөрдөж эхэлсэн байдаг. Энэ хуулиар онцгой нөхцөл байдлын үед төрийн үүрэг функцийг тасралтгүй үргэлжлүүлэн хангах, зайн ажлын сургалт, хяналт, энэ хүрээнд хэрэгжүүлэх удирдлагын эрх үүрэг, ажлын цагийг зүй бусаар ашиглах явдлаас хэрхэн сэргийлэх, төрийн албаны төв байгууллага болох Боловсон хүчний товчооноос зайн ажлын чиглэлээр эдлэх бүрэн эрх, чиг үүрэг, уг асуудлыг хариуцах субъект, онцгой үеийн бэлэн байдал, ажлын бүтээмж, ажилтны хандлага, түүнчлэн ажилдаа ирэх унааны зардлыг тооцох журам, зайнаас ажиллах асуудлын судалгаа шинжилгээ, гүйцэтгэл, тайлагнахтай холбоотой багц харилцааг зохицуулж байна.
Мөн АНУ-д 1996 онд батлагдсан Цэвэр агаарын хуулиар Засгийн газрын агентлаг, байгууллагуудыг ажилтнуудаа зайнаас ажиллуулахыг дэмжсэн төдийгүй зайнаас ажиллахад тохиромжтой ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудаа ажлын байран дээр ажиллуулах тохиолдолд байгууллагынх нь төсөв, санхүүжилтийг хасч багасгах хүртэл арга хэмжээ авах болсон.
2020 оны байдлаар АНУ-ын ажиллах хүчний 40 хувь буюу 60 сая орчим хүн гэрээ контрактаар ажиллаж буй тооцоог Intuit судалгааны байгууллага гаргасан бол FlexJobs, Global Workplace Analytics-ийн тайланд дурдсанаар, 2005-2017 онд зайн хэлбэрээр ажилладаг хүмүүсийн тоо 159 хувиар өссөн. Зөвхөн АНУ-д гэхэд 4.7 сая хүн буюу тус улсын ажиллах хүчний 3.4 хувь нь зайн хэлбэрээр ажилладаг тооцоо гарсан.
Цахим засаглал, дижитал шилжилтийн үзэл санаа манай нийгэмд маш хүчтэй явж байгааг бид мэднэ. Төрийн алба цаасгүй болж, улам илүү цахимжих хэрээр зайнаас ажиллах үйл явц төдий хэмжээгээр өргөжиж, магадгүй энэ харилцааны эрх зүйн зохицуулалт шаардлагатай болохыг үгүйсгэхгүй.
-Зайнаас ажиллахад нийгэм, эдийн засгийн үр дагавар, ашиг тус нь юу вэ?
-Гэрээс ажиллах үйл явц эдийн засаг, байгаль орчин, хувь хүний амьдралд олон талын өөрчлөлт авч ирдэг. Юуны өмнө тухайн ажилтанд ажлын цаг, ажлын байрны хавьгүй илүү эрх чөлөө, уян байдлыг олгодог. Сургууль цэцэрлэгээс хүүхдээ авах, боловсрол, хүмүүжил, аюулгүй байдалд нь анхаарах, гэр бүлийнхээ өндөр настай, өвчтэй хүмүүст анхаарал халамж тавих зэргээр албан ажил, хувийн амьдралаа уян хатнаар зохицуулах, тэнцвэржүүлэх боломж гарч ирнэ. Нөгөө талаар гэр бүлийн гишүүд нь тухайн хүний ажлын ачааллыг мэдэрч, хэрхэн ажилладгийг мэдэж авдаг. Гэрээсээ ажиллахад ажлын байранд байдагчлан анхаарал сарних явдал харьцангүй бага байдаг тул ажлын бүтээмж нь өндөр байх магадлал илүү гэж судалгаагаар гарсан.
Өөр хот, дүүргээс унаа машинаар зорчиж ажилладаг хүмүүсийн ажилдаа ирж очих цаг хэмнэгдэнэ. Замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүст тодорхой хэмжээний санаа зовнил, бухимдал байнга тохиолддогийг бид мэднэ. Замын түгжрэлд зарцуулах цаг, стресс бухимдлыг бууруулж, машин тэрэгний элэгдэл хорогдол, шатахуунд зарцуулах мөнгө хэмнэгдэж, тухайн хүний санхүүд эерэг нөлөө үзүүлнэ.
Энгийн жишээ авъя, та гэрээсээ ажил руугаа 30 минут зорчдог гэж бодвол, нэг сард дунджаар ажлын 22 өдөрт 22 цаг буюу бараг бүтэн нэг хоногийг зөвхөн ажилдаа ирж, очиход зарцуулж, жилд ойролцоогоор 12 хоног өдөр, шөнөгүй явж ажилдаа ирж очих тооцоо гарч байгаа биз. Мөн зорчигч тээвэр, авто замын хөдөлгөөний осол эндэгдэл буурах нь ойлгомжтой. Цаашлаад том зургаар нь авч үзвэл зайнаас ажиллах нь нийтийн тээврийн ачаалал, замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хүлэмжийн хийг бууруулахад дэм үзүүлэх зэргээр байгаль орчинд ээлтэй хандлага гэж үзэж болно.
Нийт ажиллах хүчний хэдэн хувь нь хэдий хугацаанд гэрээсээ ажиллахад хэдэн литр шатахуун хэмнэж, хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг хэдэн хувиар бууруулах тооцоог хэлж мэдэхгүй байна. Хэрэв тооцож үзвэл их л сонин тоо гарна байх.
-Тэгвэл ажил олгогчдод ямар давуу тал үүсэх вэ?
-Удирдах албан тушаалтнууд ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрснөөр ажлын бүтээмж өндөрсөж, тэр хэрээр тухайн байгууллагын ажлын гүйцэтгэл, бүтээмж дээшилнэ. Тиймээс ажилдаа сэтгэл хангалуун байна гэдэг тухайн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллана гэсэн үг. Дурын байгууллага, аж ахуй нэгжийн гаднах авто зогсоол байнга дүүрэн байдаг. Ихэнхдээ тухайн байгууллагын ажилтнуудын л машин. Гэтэл хэрэглэгч, үйлчлүүлэгч машинаа тавих газар олдохгүй хэчнээн цаг хугацаа зарцуулдаг билээ. Энэ мэт байгууллагад бий болох давуу талуудыг харж болно.
"БАЙГУУЛЛАГАД ЦАХИЛГААН, ДУЛААН, ХАЛУУН ХҮЙТЭН УСНЫ ХЭМНЭЛТ, ЭД ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ ХОРОГДОЛ Ч БАГАСНА"
-Компаниуд ажилтнуудаа зайнаас ажиллуулснаар санхүүгийн тал дээр ашигтай байж чадах уу?
–Байгууллагад цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны хэмнэлт гарна, бүр нарийн тооцвол эд хөрөнгийн элэгдэл хорогдол ч багасна. Харин энэ бүхэн тухайн ажилтны гэр бүлийн ахуйн зардалд нэмэгдэж гардаг. Эдгээрийг тооцож үзээд Англид гэрээр ажиллаж буй ажилтандаа долоо хоногт 4 паунд цалин дээр нь нэмж олгодог зохицуулалт байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл гэрээс нь гарсан цахилгаан, бусад хэрэглээний зардлыг нөхөн төлдөг.
-Гэрээсээ ажиллах шинэ хэлбэр нь манай улсад уламжлал болж тогтсон хэм хэмжээ болоогүй учраас магадгүй тухайн ажилтны карьерт нөлөөлөх, хамт олондоо үл зөвшөөрөгдөх зэрэг сул талын тухайд?
-Аливаа зүйлд эерэг, сөрөг үр дагавар байдагчлан гэрээс ажиллахад зарим таагүй гэж болох зүйл байдаг. Технологи хэдийгээр өндөр хөгжсөн ч гэлээ хүний нүүр тулсан амьд харилцаа, body language буюу биеийн харилцааны хэл, дуу хоолойн өнгө, сэтгэл ханамж, хувь хүний онцлог зэргийг бүрэн дүүрэн илэрхийлэхэд учир дутагдалтай талаар зарим судлаачид тэмдэглэдэг. Жишээ нь видео хурал хийхэд танхимын нүүр тулсан хурлыг бодвол илүү цаг зарцуулж байж шийдэлд хүрдэг тооцоо байдаг.
Зайнаас ажилладаг хүмүүсийн албан тушаал дэвших, карьераа өсгөх хугацаа арай удаан байдаг гэсэн судалгаа ч бий.
Зайнаас ажиллахад ажилтнаас идэвхтэй байдал, ажлын урам зориг, мотиваци сайтай байх шаардлага тулгардаг. Ингэж эс чадвал уймрах, будилах явдал олонтаа гардаг гэдэг. Мөн гэртээ ажлаа ая тухтай, бүтээмжтэй хийхүйц оффис өрөө тохижуулах, аль эсвэл гэрийнхээ ойролцоо аятайхан кофе шоп олох хэрэг гардаг. Зарим хүн гэрээсээ ажил хийхэд хамт ажиллагчид хажууд нь байхгүй болохоор өөрийгөө тусгаарлагдмал, ганцаардмал байдалд оруулан төсөөлөөд байдаг тал бий. Видео чат ашиглан тогтмол цагт хийдэг уулзалтууд үүнийг гэтлэхэд дэм болдог. Хааяа утсаар ярих, ажлын сэдвээ өөрчлөх, хөгжилтэй яриа үүсгэх зэргээр ажлын уур амьсгалаа эерэг дулаан болгож байх нь чухал.
-Ажил олгогчдын хувьд гэрээсээ ажиллуулах нь “Хүмүүс маань ажилдаа хөнгөн хуумгай хандах вий” гэсэн айдас, үл итгэлцлийг төрүүлдэг. Мөн ажилтны ажлын гүйцэтгэлийг цаг бүртгэлгүйгээр зайнаас удирдах шаардлага гарч ирэх байх?
-Нэг талаас байгууллагын соёл, зан төлөвийн хөшүүн хойрго байдал, түүнчлэн удирдлагын хэвшмэл арга барил, ажилтандаа үл итгэх байдал энэ ажлыг нэвтрүүлэх гол бэрхшээл гэж болно. Нөгөө талаас ажилтнуудын бие дааж, итгэл хүлээж ажиллах чадвар, эрх чөлөө болон үүрэг хариуцлагын тэнцвэрээ хангах ухамсар, ажил амьдралын цагийн горим мөрдөж дадаагүй байдал нөлөөлнө. Зарим тохиолдолд харилцаа холбооны техник хэрэгслийн дутагдалтай байдал нөлөөлж болно. Гэхдээ хэт их ачаалал авдаг, адармаатай программ хангамж хэрэглэх явдал харьцангуй бага байдаг. Компьютерыг өндөр үнэтэй бичгийн машины хэмжээнд ашиглах явдал байсаар л байгаа, тэгсэн мөртлөө аль л сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, үнэтэй, гоё дизайнтай компьютер хэрэглэх хандлага их байдгийг нуух хэрэггүй.
-Зайнаас ажиллахад байгууллагын хувьд коммуникацаас гадна анхаарах чухал зүйл мэдээллийн аюулгүй байдал. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Тийм ээ. Мэдээллийн аюулгүй байдлын асуудал нэн түрүүнд тавигдана. Боловсруулсан, солилцож буй мэдээллээ аюулгүй, бүрэн бүтэн дамжуулахад ажилтан, байгууллагын хооронд үүсгэх VРN буюу нууцлалын алгоритм ашиглах шаардлага гарч ирнэ. Эрүүл мэндийн салбарт аваад үзье, өвчтөний хувийн мэдээлэл, өвчнийх нь оношилгоо, түүх гэдэг тун эмзэг асуудал, энэ талаар мэдээлэл солилцоход нууцлал зайлшгүй чухал. Түүнчлэн төрийн байгууллагын шийдвэр гаргах үе шатанд үзэл бодол, санал санаачлага, хандлагын маш олон хувилбарууд яригддаг, энэ бүхнийг шийдвэр гаргах процесст эргэцүүлэн авч үздэг, дэвшүүлж байгаа бодлогын олон хувилбаруудыг тал бүрээс нь ярилцдаг, гэхдээ эцсийн шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орох ёстой, шийдвэр гаргах үе шатны “плюрализм” алдагдаад, эсвэл ахин дахин яригдаад байх шаардлагагүй.
Ер нь гэрээс ажил хийх аргыг сонгохдоо дээрх эерэг болон сөрөг талыг нухацтай авч үзэх нь чухал. Дэлхийн олон улс оронд тархаад байгаа СОVID-19 цар тахал та бидний зайнаас ажиллах чадавх, ажлын арга барилыг шалгаж буй томоохон сорилт болж байгааг бид бэлхнээ харж байна. Үүнийг нэг талаас орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа, нөгөө талаас төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр авах иргэд, байгууллага, иргэдийн эрх ашгийг хангах явдал гэж товчоор ойлгож болно. Дижитал шилжилтийн маш олон элементүүдийн салшгүй хэсэг ч гэж бас хэлж болох юм.
Төрийн албаны зөвлөлөөс онцгой нөхцөл байдлын үед төрийн байгууллага, албан тушаалтнууд, төрийн албан хаагчид хэрхэн ажиллах талаар албан ёсны зөвлөмж хүргүүлж ажиллаж байгаа.
-Төрийн алба нийгэмд болж буй үзэгдэлд эерэг хариу өгөх гол дохио, индикатор нь болох ёстой. Энэ үүргээ өнөөдөр хэр гүйцэтгэж байна вэ?
-Сүүлийн жил гаруй хугацаанд Төрийн албаны шинэ хуулийн дагуу төрийн албан дахь шинэтгэлийн үйл явц маш эрчимтэй өрнөж байгаа. Болж байгаа зүйлсээ хэрхэн үргэлжлүүлэх, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ хэрхэн засч сайжруулах талаар улсын хэмжээнд маш олон сургалт, хяналт шалгалт хийгдлээ. Цаашид ч үргэлжлэх нь ойлгомжтой.
Өнгөрсөн жил гаруй хугацаанд хамгийн их дурдагдаж байсан, хөндөгдөж ирсэн сэдвийн нэг бол хувьсамтгай, тодорхойгүй, түвэгтэй, эргэлзээтэй орчинд төрийн албыг яаж хөтлөн явуулах тухай байлаа. Хүйтэн дайны дараахнаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээрх ойлголт зөвхөн төрийн албанд төдийгүй бизнес, олон улсын харилцаа, байгаль, нийгэм гээд хамрахгүй зүйлгүй болжээ.
Сонгуулийн жилд нийгмээ талцуулж, хуваагдаж, ямар ч хүнийг үндэслэлгүй буруутгах, гүтгэх, төрийн алба, төрийн албан хаагчдыг хийж байгаа ажлыг нь үгүйсгэх, хийгээгүй зүйлийг нь хийсэн болгож, болж байгааг нь болохгүй бүтэхгүй болгож харагдуулах нийгмийн уур амьсгал гарч ирдэг. Сайныг саар болгож харагдуулах, ташаа мэдээ түгээж нийгмийн санааг төөрөлдүүлэх явдал аль болох бага гараасай гэж хувь судлаачийнхаа хувьд хүсч байна. Сovid-19 нийгэмд олон сорилт үүсгэж байна, болж бүтэж байгаа зүйлсээ улам төгөлдөржүүлэх, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ засч сайжруулах хурдасгуур буюу катализатор болж байна гэж болохоор байна. Бид энэ цар тахлыг даван гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү энэ цар тахлаас үүдэлтэй нийгэмд болж буй үйл явцыг анхааралтай ажиглаж, шинжлэн судалж, тандах замаар үндэсний эв нэгдэл, үйл ажиллагааны уялдаа холбоогоо улам сайжруулахад ашиглаж чадах юм бол бид бүгдээрээ хожно.
Холбоотой мэдээ