Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ хөл гишгэх зайгүй хүн бөөрнөрчээ. ЭМЯ-наас хоёр метрын зай барих асуудал энд хэрэгжих ямар ч боломжгүй харагдав. Учир нь тус эмнэлгийн ачаалал нь 128 дахин хэтэрсэн байна. Хоол, цай, рентген зураг барьсан хүмүүс холхилдож, хаашаа ч юм бэ яарсан, бухимдсан, сандарсан хүмүүс эмнэлгийн коридороор зөрөлдөнө.
Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Д.Туяа “Хавдрын эмнэлгийн ачаалал ямар байгааг харсан байх. Хавдартай гэдгээ мэдсэн өдрөөс хойш нэг жил гаруй хугацаанд би энэ эмнэлгээр явж байна. Өрөөндөө хоёроос дөрвүүлээ хэвтдэг. Манай өрөөнийхөн дугаараа нэлээд хүлээсний эцэст хэвтэн эмчлүүлж байгаа. Хэдийгээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд чадах бүх арга хэмжээгээ аваад ажиллаж байгаа ч хавдрын улмаас "хоногоо" хүлээн суугаа олон хүн бий. Зарим нь ч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барж байна” гэлээ.
Монгол Улсад хавдраар өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь оношлогдсоноос хойш нэг жил ч бололгүй нас бардаг талаар стастистик судалгаа байдаг. Жилд 6000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож, үүнээс 4000 гаруй хүн нас бардаг аж. Хорт хавдраар өвчилсөн хүн болон ар гэрийнхний хувьд сэтгэлзүйгээс гадна эдийн засгийн асар том дарамт, тэмцэлтэй тулгардаг. Хавдартай хүмүүстшаардлагатай арга хэмжээг авч, үр хүүхдийг нь өнчрүүлэлгүй, гэр бүлийг нь элэг бүтэн байлгахын тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх нь чухал. Харамсалтай нь, Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн 51 хувь нь яаралтай хагалгаанд орох шаардлагатай иргэд тул хүлээгдэл 14 хоногоос хоёр сар байдаг нь зарим иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хорвоог орхиход хүргэж буй юм.
ХАГАЛГААНЫ ӨРӨӨТЭЙ, 10 МЯНГАН АМ МЕТР ТАЛБАЙТАЙ ЭМНЭЛЭГ ӨӨР БАЙХГҮЙ
ХСҮТ-ийн ачааллыг хоёр дахин багасгаж, шинэ эмнэлэг түрээслэх асуудал олон жил яригдсан ч одоог болтол шийдэгдээгүй байгаа юм. Уг асуудлыг ХСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
-Хавдрын эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, ачааллыг нь бууруулах талаар Монголын төрөөс ямар арга хэмжээ авч байна?
-Сүүлийн 10 жилд хавдрын тусламж үйлчилгээ 128 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 1982 онд ашиглалтад орохдоо туяа цацраг эмнэлэг гэж баригдаж байсан энэ эмнэлгийн барилга ашиглалтад орсноос хойш ямар нэгэн өргөтгөл шинэчлэлт хийгдээгүй байсан. Тэр дундаа хагалгааны өрөө яг анх байснаараа байгаа. Гэтэл манай төвийн 51 хувийг мэсийн тусламж үйлчилгээ эзэлдэг. Мөн яаралтай үйлчилгээний 22 хувийг яаралтай мэс засал эзэлдэг. Гэтэл энэ мэс засал 14 хоногоос хоёр сар хүлээгдэж байгаа. ХСҮТ-ийн зорилго энэ хүлээгдлийг багасгах. Өөрөөр хэлбэл, амь нас нь хавдартай хоногоор уралдаж буй иргэнийг эрт хагалгаанд оруулах. Үүний дараа хими болон туяа эмчилгээг эрт эхлэх нь бидний зорилго.
-М.Билэгт гишүүний “Энэр мед” эмнэлгийг түрээслэх асуудал юу болсон бэ. Та бүхэн хоорондоо үл ойлголцолд хүрсэн шалтгаан юу байв?
–ХСҮТ-ийн ачааллыг багасгахын тулд М.Билэгт гишүүний эмнэлгийг анх худалдаж авахаар ярилцаж байсан. Ингээд Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран ажлын хэсэг гаргаж, уг барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судалж, үнэ өртгийг нь тооцох үүргийг Засгийн газраас өгсөн. Энэ үед /2019 оны эхэн үе/ барилга баригдаж байсан. Ажлын хэсэг уг барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох юм байна, өртөг нь 20 орчим тэрбум төгрөг болох юм байна гэж дүгнэсэн. Харин барилга эзэмшигч компани уг барилгыг 60 тэрбумаас бага үнээр зарах боломжгүй, харин түрээслэе гэх саналыг гаргасан. Эмнэлэг нь дөрвөн хагалгааны өрөөтэй, шаардлага хангаж байсан тул бид эмнэлгийн хүлээгдлийг багасгахын тулд түрээслэх саналыг хүлээж авсан. Ингээд Засгийн газар хэлэлцээд уг барилгын түрээсэнд жилд 3.7 тэрбум, ашиглалтын зардалд гурван тэрбум гээд нийт 6.7 тэрбум төгрөг төсөвт суусан.
Ингээд хэрэгжүүлэх шатандаа явж байтал хагалгааны корпусгүй байсан тул хагалгааны корпус барих саналыг нөгөө талд тавьсан ч биднийг өөрсдөө тэр бүхнийг байгуул гэсэн. Бидэнд эмнэлгийн хүлээгдлийг бууруулах ганц зорилго байгаа болохоор боломжтой бүх хувилбарыг хэлэлцсэн ч энэ 2020 оны нэгдүгээр сард М.Билэгт гишүүн бидэнтэй хамтран ажиллах боломжгүй, өөр хувийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн.
-Эмнэлгийг түрээслэхээр ярьж байхдаа хагалгааны өрөөтэй эсэхийг нь шалгаагүй юм уу?
-Яриа, хэлэлцээ явагдаж байх үед эмнэлгийн барилга дөнгөж баригдаж байсан. Гүйцэтгэгч компани хэлэхдээ барилгыг мэс заслын дөрвөн өрөөтэй барина гэж байсан юм. Мэс заслын өрөөг байгуулахад тодорхой мөнгө шаардлагатай гэсэн. Ингээд М.Билэгт гишүүнд мэс заслын өрөө байгуулах хүсэлт тавьсан. Бас тусгай өөрөө ашигласны төлбөрөө урсгал зардлаасаа бага багаар гаргаад эргүүлж төлөх хүсэлт тавьсан юм. Нөгөө тал боломжгүй гэсэн.
Төсвийн тухай хуульд зааснаар төсвийг шууд зарцуулагч нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах учиртай гэсэн байдаг. Дээрх 6.7 тэрбум төгрөгийн төсөвт ХСҮТ-ийн үйл ажиллагааг өргөтгөнө, ингэхдээ хагалгааны дөрвөн өрөөтэй байна, ингэснээр хагалгааны ачаалал хоёр дахин багасна гэж заасан юм. Хагалгааны дөрвөн өрөөгүй л бол эмнэлгийн ачаалал, хүлээгдэл буурахгүй, бид эмнэлэг түрээслэх шаардлагагүй гэсэн үг.
-“Энэр мед” эмнэлэг яагаад ХСҮТ-ийн хашаанд баригдсан юм бэ?
-“Энэр мед”-ийн барилга манай эмнэлгийн хажууд, ХСҮТ-ийн газарт, хашаан дотор нь яагаад баригдсаныг мэдэхгүй. Энэ асуудлыг би мэдэхгүй байна.
-Одоо өөр ямар эмнэлгийг түрээслэх гэж байна вэ?
-Өөр эмнэлэг түрээслэх боломжгүй. Хамгийн боломжтой нь “Энэр мед” байсан юм. Монгол Улсад хагалгааны өрөөтэй, 10 мянган ам.метр талбайтай эмнэлэг өөр байхгүй.
-Танай төвийн мэргэжилтнүүд түрээсэнд зарцуулах мөнгөөр өөрийн барилгатай болох боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Шинэ барилга барих ажлыг одоо эхлүүлж болох уу. Төсвийн зориулалт нь өөр болохоор хууль зөрчсөн болох уу?
-Бид судалгаа явуулсан. Эмнэлгийн түрээсэнд зарцуулах хоёр жилийн мөнгөөр 10 мянган ам.метр талбайтай эмнэлгийн барилга барих, мэс заслын найман өрөөтэй өөрийн эмнэлэгтэй болох боломжтой юм билээ. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах талаас нь харвал хоёр жилийн дотор төрийн өмчийн эмнэлэгтэй болох боломжтой. Гэтэл дээрх эмнэлэгтэй 10 жилийн гэрээ байгуулах талаар ярьж байсан. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах энэ боломжийг хараад хүсэлтээ Засгийн газарт өгсөн. Нэгэнт хавдартай хүмүүст зарцуулахаар төсвөөс гаргасан энэ мөнгийг үр ашигтай зарцуулахыг Засгийн газар дэмжвэл дээр дурдсан ажлыг эхлүүлэх боломжтой. Төсвийн зориулалтыг нь түрээсэнд бус урсгал зардалд зарцуул гэхэд л болох юм.
Холбоотой мэдээ