БНСУ-ын Чэжү хотод жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ өдөр татамид зодоглож буй манай жүдочдоос гавьяат тамирчин Г.Болдбаатар финалд шалгараад байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй гавьяат тамирчин Г.Болдбаатар Япон, БНСУ, Бразилын бөхчүүдийн ялж хагас шигшээд үлдсэн. Улмаар Азарбайжаны жүдоч Орхан Сафаровыг юүкогоор ялж, финалд шалгарлаа. Тэрбээр аваргын төлөө БНСУ-ын жүдоч Вон Жин Кимтэй барилдана.
Дэлхийн аварга Г.Болдбаатар.
Энэ өдөр барилдсан манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Хэрлэн хоёрдугаар тойргоос, 66 кг-д Д.Алтансүх гуравдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд П.Буянхишиг, 57 кг-д Л.Энхрийлэн нар эхний тойрогт өрсөлдөгчөө дийлсэнгүй.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин М.Бундмаа БНСУ, Испаний жүдочдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Румыны Андрееа Читуд хожигдлоо. Манай бөх хүрэл медалийн төлөөх дагах барилдааныг Израилын Ронитой хийсэн ч торгуулиар ялагдаж, шагналт VII байрт шалгарлаа.
Энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх Чэжүгийн гранпри тэмцээнд дэлхийн 70 орны 421 жүдоч (эрэгтэй 237, эмэгтэй 184) оролцож байна. Манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 7 жүдоч өрсөлдөж буй.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 16.00-с эхэлнэ.
ШУУД ҮЗЭХ:
Ч.БОЛОР