Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр /2020.04.12/ мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “УОК-ын 16 дугаар хуралдаан өчигдөр болж, хурлаас тодорхой хэдэн шийдвэрүүд гаргасан. Нэгдүгээрт, ОХУ-аас Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттайгаар шуурхай явуулах үүрэг чиглэл өгөгдсөн. Дээрх үүргийн дагуу өчигдрөөс эхлээд одоог хүртэл иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна.
Өчигдөр гэхэд 282 хүн татан авсан. Эдгээр хүмүүсээс 169 нь Улаанбаатар хотод тусгаарлагдсан бөгөөд сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан, “Асралт Мед” эмнэлэгт 28 хүн, “Амар” амралтын газар 80 хүн байрласнаас 79 том хүн нэг хүүхэд байгаа. “Бага-Баян” амралтын газарт 41 том хүн байрлуулснаас нэг эмэгтэй зүрхний эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа учраас цаашид бие нь хүндэрвэл дараагийн эмнэлэг рүү шилжүүлнэ.
Дархан аймагт 111 хүнийг тусгаарласнаас нэг жирэмсэн эмэгтэй, дөрвөн хүүхэд болон ОХУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтан тусгаарлагдсан. Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарласан. Нэг хүн нь хөгжлийн бэрхшээлтэй учраас асран хамгаалагчийн хамт тусгаарласан байгаа.
Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Бид ОХУ-аас урьдчилсан байдлаар судалгаа хийхэд 170 орчим оюутан болон иргэдийг татан авна гэж тооцоолсон ч 282 хүн ирсэн учраас тусгаарлах байр болон эмч нарын хүрэлцээг харгалзаж үзэн түр хойшлуулсан.
Мөн УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн.
Дараагийн асуудал нь УОК-ын 16 дахь хуралдаанаас "Амны хаалтаа зүүцгээе" аян өрнүүлэх шийдвэр гарсан. Эдгээр үүрэг чиглэлтэй холбогдуулан УОК-ын тогтоол гарлаа. Тус аяныг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар зохион байгуулахаар боллоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт удирдлага зохион байгуулалтаар хангаж хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Танай гэр бүл болон улс орны аюулгүй байдал таны гарт байгаа учраас энэ аянд идэвхтэй оролцоорой гэдгийг уриалъя" гэв.
УОК-ын 16 дугаар хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх,
2. БНСУ руу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх,
3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх,
4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх,
5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх,
6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх,
7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ