Жюльет Бинош: Хүн ухаалаг л байх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Жюльет Бинош: Хүн ухаалаг л байх ёстой

Францын жүжигчин Жюльет Биношийн ярилцлагыг хүргэж байна.


-Хатагтай Бинош, өнгөрсөн 20 жилийн хугацаанд таны амьдрал ямар том өөрчлөлт гарсан бэ?

-Юу өөрчлөгдсөн бэ гэж үү ? Би охинтой болсон (инээв). Бас жаахан ухаан суусан байх. Хариулахад хэцүү асуулт байна шүү. Яагаад ч юм. Миний уншсан зарим нэг ном бас үүнд нөлөөлсөн. Хувийн харилцаанд их дэвшил гарсан гэж боддог. Би нөхөртэйгээ 15 жил салж нийлсэн харилцаатай байсан. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, би олон зүйлээс суралцсан. Гэвч би огт өөрчлөгдөөгүй, би хэвээрээ л байна.

-Хүн ер нь өөрчлөгддөггүй гэж та бодож байна уу?

-Бидний сонголт, үйлдэл бидний хэн бэ гэдгийг харуулж, баталж байдаг.  Амьдралдаа би гарцаагүй чухал гэсэн зүйлээ хийж ирсэн. Нас ахих тусам хүний үнэт зүйл өөрчлөгдөж, илүү чөлөөтэй, завтай болдог юм уу даа. Аливаа зүйлийн талаарх урьдын бодол өөрчлөгдсөн байдаг. Нэг талаар хүн эмзэг, бас нөгөө талаар зовлон даах хатуужилтай болдог юм байна.

-Та эмзэг гэж хэлэв үү?

-Тиймээ, бие махбодийн хувьд хүн өөрчлөгдөж, эмзэг, сул болдог. Энэ бол хүн болгоны л давж туулдаг зүйл. Зарим зүйлийг зөнд нь орхиход дараагийн асуудалтай нүүр тулгарна.

-Жүжигчин хүнд өөрийн дураар байх боломж их үү?

-Миний саяхан тоглосон киноны зураг авалт хаалганы бариулаас барьж  буй хэсгээр эхэлсэн юм. Надад урьд нь огт хийж үзээгүй зүйлээ хийх гэж буй мэт шинэ сонин мэдрэмж төрсөн. Гэтэл найруулагч намайг хаалганы бариул дээр гараа тавих хэрэггүй гэв. Найруулагч Аббас Киаростами ч надад ингэж хэлэхгүй байсан тул би найруулагчдаа  “Хэрэв та жүжигчнийхээ юу сэрж мэдэрч байгааг ойлгож, олж харж чадахгүй бол гайхамшигтай агшныг алдана. Тиймээс надад амьсгаа авах боломж олго. Надад хоёр гурван зураг авалтыг өөрийнхөөрөө хийхийг зөвшөөрч, дуугүй байгаач. Харин дараа нь бид 20, 30 ч удаа зураг авна шүү дээ” гэсэн. Тэгээд би зураг авалтыг өөрийнхөөрөө үргэлжлүүлсэн. Зураг авалт ч сайхан болж. Найруулагч бид хоёр нэг нэгнээ сайн ойлголцсон юм. Тэр найруулагчийн анхны кино байсан болохоор тэр жүжигчиндээ эрх чөлөө өгөх нь ямар чухал гэдгийг мэдэхгүй байсан.

-Найруулагчид зураг авалтыг өөр хүнд даатгах нь амаргүй гэдгийг төсөөлж байна. Гэхдээ жүжигчид ямар санал тавьснаас л шалтгаалах байх ?

-Кино бол багийн ажил. Хамтын бүтээл шүү дээ. Киног зөвхөн найруулагчийн бүтээл гэж  ойлгох нь өрөөсгөл. Миний бодлоор. Мэдээж найруулагч нь эцсийн шийдвэрийг гаргадаг ч зураг авалт, нүүр хувиргалт, хувцас загвар, гэрэлтүүлэг гээд бүгд багийн ажил шаарддаг. Тиймээс нэгнийх нь ажил нөгөөгөөсөө шууд хамаарна. Хэрэв би хүсвэл найруулагчийн бүтээлийг нурааж ч чадна. Яагаад гэвэл би жүжигчин хүн учраас дургүй зүйлийг минь хийлгэх гээд байвал тэгж болно шүү дээ. Энэ бол миний дур.

-Заналхийлэл шиг л сонсогдож байна.

-Ийм болохоор хүн илүү ухаалаг бас итгэл даадаг байх ёстой. Найруулагч надад итгэх ёстой. Би найруулагчдаа итгэх ёстой. Итгэлтэй хүнтэй хамтарч ажиллах нь “Би мэдэж байна, надад тийм эрх нь байна” гэдэг хүнтэй ажиллахаас илүү сонирхолтой. Жүжигчин зураг авалтын үед ур чадвар, авьяасаа харуулдаг бол найруулагч найруулахдаа чадварлаг байх ёстой. Америкийн том одууд зарим нь киноны зураг авалтыг хянах гээд байдаг.

-Жүжигчид найруулагчаас илүү эрх мэдэлтэй байдаг гэж үү?

-Эммануэль Бэрт Том Крузийн тухай тэгж ярьж байсан. Тэр “Биелэгдэшгүй даалгавар” киноны төгсгөлд дүрээ жаахан “хайрлах” гэсэн боловч Том Круз найруулагч дээр очоод “Тэр ингэж тоглож болохгүй” гэж хэлээд болиулсан гэсэн. Бүсгүй Том Крузын дүрийн хажууд нэг муу хүүхэн шиг Томд санагдсан байх л даа.  (инээв)

-Та түрүүн найруулагч Аббас Киаростамосын нэрийг дурьдсан. Та Годарт Кроненберг,  Киесловский, Мингелла, Ханеке зэрэг алдартай олон найруулагчтай хамтран ажилласан байх аа?

-Ханеке бол маш хянамгай найруулагч. Бас нөгөө талаар жүжигчдээ их хүндэлнэ. Жүжигчний ажил ямар хэцүү гэдгийг өөрөө мэддэг болохоор жүжигчнээ мэдэрч, заримдаа буулт хийж чаддаг. Нөгөө талаар жүжигчин хүн өөрөө маш сайн хичээх ёстой. Хэрэв үргэлж найруулагчийнхаа амыг хараад байвал жинхэнэ моментыг гаргаж чадахгүй.

-Та өөрийнхөөрөө, дураараа амьдарч чадсануу? 

-Тиймээ, би хүссэнээ хийж, дураараа л амьдарч байна. Гэхдээ үргэлж ийм байгаагүй. Амьдралын төлөө өөрийгөө умартан зүтгэх  үе байсан. Ялангуяа хүүхэд жаахан, татвараа төлөөгүй, маргааш яахаа мэдэхгүй, сэтгэлээр унах тохиолдол зөндөө байсан. Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн шүү дээ. Тухайн үедээ хэцүү юм шиг санагддаг байсан ч гарц үргэлж байдаг. Гагцхүү хүн өөртөө л итгэх хэрэгтэй.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж