"Цалинг 2-5 сая төгрөг болгоно"

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

"Цалинг 2-5 сая төгрөг болгоно"

"Цалинг 2-5 сая төгрөг болгоно"

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын отгон чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент энэ сарын 06-ны өдөр  отгон чуулганаа нээв. Дэлхийг цочроож буй цар тахлын улмаас парлампентын түүхэнд анх удаа хаврын чуулганы нээлтээ цахимаар хийж, улмаар цахимаар хуралдав.

Коронавирусийн халдвар хоёроор нэмэгдэж, нийт 16 тохиолдол болов
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол хүргэв. Энэ сарын 6, 8 -ны өдрүүдэд коронавирусийн тохиолдол тус бүр нэгээр нэмэгдэж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 16 боллоо. Шинээр илэрсэн хоёр тохиолдлын эхний хувьд гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн бас нэгэн иргэнээс илэрсэн. Тус онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирж, хоёроос нь коронавирусийн халдвар илэрсэн билээ.

Хоёр дахь тохиолдлын хувьд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн нэгээс вирус илэрсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө нэвтэрч, ганцаараа тусгаарлагдсан. Анхны шинжилгээний хариу 28-нд сөрөг гарсан ч 7, 8-ны давтан шинжилгээгээр вирус илрэв.

Энэ сарын 07-ны өдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Тэд сувилалд дахин тусгаарлагдаж буй бөгөөд гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд сөрөг хариу гарсан юм.

МАН, АН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөрүүд аудитын шалгалтад бүдрэв

Энэ сарын 06-ны өдөр Үндэсний Аудитын газраас мэдээлэл хийсэн. Тодруулбал, Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх…”-ийг хянаж, дүгнэлт гаргасан байна.

Аудитын байгууллагад УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор 27 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хүлээж авснаас хойш хянаж, дүгнэжээ.

Энэ талаар Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Монгол Улсад бүртгэлтэй нийт 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Дээрх намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж. Нам эвслүүдийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Үүнээс 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөр /20 улс төрийн намд хамаарах/ хуульд заасан шаардлага хангаагүй учир буцаагдсан. Тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргуулсан бол ажлын тав хоногийн дотор засаж ирүүлэх боломжтой. Мөрийн хөтөлбөр нь буцаагдсан намууд цалинг хоёр сая төгрөг, гурван сая төгрөг, таван сая төгрөг болгоно гэсэн нь амлалтын шинжтэй байна. Орон сууц үнэгүй барина, зээлийн хүүгүй болгоно, уул уурхайгаас хишиг хүртээнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэх зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан бол шаардлагад нийцээгүй буцаагдсан” гэлээ.

Мөрийн хөтөлбөр нь Үндэсний аудитын газрын хяналтад орж шаардлага хангасан намууд

1. Зон олны нам

2. Хөгжлийн хөтөлбөр нам

3. Дэлхийн монголчуудын нам

4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5. Эх орон нам

6. Ард түмний олонхийн засаглал нам

7. Ард түмний нам

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-үүд есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх  чиглэл өглөө

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Улсын онцгой комиссын шуурхай штаб энэ сарын 08-ны өдөр хуралдсан.

Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг  “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-үүдийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб хэлэлцэж байна” хэмээн мэдээлсэн юм. Дээрх асуудлаарх эцсийн шийд гараагүй байгаа бөгөөд БСШУСЯ судалж байгааг дуулгав.

“Таван толгойн цахилгаан станц”-  ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж, “Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов. Бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой гэж үзлээ.

Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулахаар тооцсон байна. Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх аж.

Өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймд Төрийн өмчит Таван толгойн цахилгаан станцыг “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн байгуулж, Оюутолгой ХХК-ийг төрийн өмчийн Тавантолгой цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм.

Сөүлээс чартер нислэгээр 267 хүн эх орондоо ирэв

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 08-ны өдөр 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 267 иргэн ирснээс өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 55, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн багтаж байгаа юм. Энэхүү нислэгээр ирж буй зорчигчид 21 хоног тусгаарлалтад оров.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж