Өнгөрсөн долоо хоногт шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Хуучирсан мэдээ: 2020.04.12-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоногт шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдээс хүргэе.


Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /ЭХАШШ/ дөрөвдүгээр 6-ны өдөр 10.00 цагт товлогдсон. Гэвч шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ээс шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 22-ны 10.00 цаг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн үзсэн. 

Прокурор яллагдагч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулна гэж үзэн ял тохиролцон, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Дашрамд дурдахад, Б.Батзориг  дөрөвдүгээр сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдөл өгсөн билээ.

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДАХИН ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн. Түүнийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт зааснаар гомдлыг  шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Э.БАТ-ҮҮЛ, Б.ЧУЛУУДАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт товлосон байна.

Өмнө нь шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 23-ны өдөр болсон ч шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон хүсэлт ирүүлсний улмаас хойшлуулсан юм.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүж буй.

М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 16.00 цагт болсон юм.

Шүүх хуралд  М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд уг өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

Улмаар шүүхээс уг хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Тавантолгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж