Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 13-17-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаад байна. Үүгээр дөрөвдүгээр сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Мөн 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөв гарчээ.
Холбоотой мэдээ