Мэргэжлийн боксын домгуудын нэг Флойд Мейведер өөрийгөө дэлхийн шилдэг дасгалжуулагч болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд түүний дасгалжуулагч, авга ах Рожер Мейведер 58 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Түүний авга ах Рожер Флойдыг мэргэжлийн боксын домог болж, 50-0 гэсэн агуу амжилтанд хүрэхэд нь ихээхэн тус болсон эрхэм.
Флойд Мейведер "Миний дасгалжуулагчдаар аав, авга ах минь гээд гайхалтай хүмүүс ажиллаж байсан. Авга ах Рожерыг нас барсны дараа хүмүүс намайг хэрхэн энэ амжилтанд хүрэхэд тусалсан шиг би ч гэсэн бусдад энэ замаар туслах хэрэгтэй юм байна гэж бодсон. Авга ах маань миний амьдралын чухал хүмүүсийн нэг байсан. Жинхэнэ дасгалжуулагч шилдэг тулаанчдыг гаргаж ирж, тэднийг хамгийн шилдэг нь болоход бэлддэг. Би хүн дасгалжуулах тал дээрээ шинэ ч гэсэн шилдгүүдийн нэг болно" хэмээжээ.
Тэрбээр одоогийн байдлаар авга дүү болон том хүүгээ бэлдэж байгаа гэнэ.