Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Майхан толгой зусланд өнөөдөр /2020.04.11/ 11.00 цагийн орчимд гал гарчээ. Одоогоор галын тархалтыг намжаасан бөгөөд галыг бүрэн унтраахаар Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.
Энэ талаар Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас тодруулахад "Нэг гэр галд хайрагдсан, гал гарсан талбайд 10 гаруй айлын байшин байсан. Тэдгээр байшинг галд өртөхөөс сэргийлсэн. Энгэр газар учраас гал мод руугаа орсон. 10 орчим га талбайн галыг бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.
Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 7-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд түймэр гарч, 4 га газар өртөж , 8 байшин бүрэн шатсан юм. Түймрийг унтраахын тулд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аюулгүй болгосон юм.
Холбоотой мэдээ