Малчид ууртай, МАН-ынхан айдастай байна

Хуучирсан мэдээ: 2020.04.11-нд нийтлэгдсэн

Малчид ууртай, МАН-ынхан айдастай байна

Малчид ууртай, МАН-ынхан айдастай байна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авна” гэсэн мэдэгдлийг хийсэн ч аймгуудад ямааны ноолуур нэг кг нь 50.000-60.000 төгрөгөөс дээш үнээр борлуулагдахгүй болсон нь малчдын бухимдлыг төрүүлж эхэллээ.

Малчид “Ноолуур нэг кг нь 100 мянган төгрөгт хүрэхгүй бол УИХ-ын сонгуулиар МАН-ынханд найр тавьж, санал өгөхгүй” гэж шүд зууж буй юм.

Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард хуралдахдаа ноолуур бэлтгэхэд зориулж 300 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас гаргана, ноолуурын үнийг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр тооцно гэж үзэн, санхүүжилтийг баталсан юм. Гэвч малчид ямаагаа самнан, ноолуураа борлуулахаар  дөрөвдүгээр сарын эхээр аймагтаа очиход нэг кг нь 60 мянган төгрөгөөс дээш үнэ хүрэхгүй болсон нь зарим малчны хувьд зээлээ ч төлөх боломжгүйд хүрч, тойргийнхоо гишүүд рүү утас цохин, ханш нэмэгдэх эсэхийг тодруулдаг ч тоймтой хариулт өгч чадахгүй байгаа юм.

Жил, жилийн хаварт малчдыг мөнгөтэй залгуулдаг ганц орлого нь ямааны ноолуур. Гэвч өнөө жил дэлхий дахиныг нөмөрсөн шинэ коронавирусийн халдвараас болж, ноолуурын үнэ ханш унаж, ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг үндэсний томоохон үйлдвэрүүд ажилтнуудаа цомхотгож эхэлсэн. Үйлдвэрлэгчид “Төрөөс тогтоосон ханшаар ноолуур худалдан авч, бүтээгдэхүүн хийхэд борлогдохгүй болох эрсдэл үүсээд байгаа учраас нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авч, нөөц бэлтгэх боломжгүй” гэдэг тайлбар хийгээд буй.

Харин Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Монгол Улсад нийт бэлтгэгддэг ноолуурын 30 хувийг л худалдан авах хэмжээний санхүүжилтийг л Засгийн газраас шийдвэрлэсэн” гэдэг тайлбарыг сүүлийн үед өгөх болсон нь гал дээр тос нэмсэн хэрэг болж, МАН-ын гишүүд малчдын дуудлага авахаас халширдаг болж, айдаст автаад байна.

Энэ нь ч аргагүй, ядахад хоёр сарын дараа УИХ-ын сонгууль болно. Гэтэл ганц коко авч санал зулгаах боломжтой байсан ноолуурынх нь үнэ шалдаа буусныг хэлэх үү, орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүдийг хэлэх үггүй болгоод байна. Дээр нь нийгмийн сүлжээгээр "Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гуравхан аймагт нэг кг ноолуурыг 105.000 төгрөгөөр худалдан авна" гэсэн аймгуудаар нь гаргасан үнэ ханшийн жагсаалт гарах болсон нь малчдын хилэнг улам ч хөдөлгөөнд байна. Үндсэн хуульд заасан хүний эрхийн тулгуур зарчим болох Монгол Улсын иргэн ялгаварлан гадуурхагдах ёсгүй гэх зарчмыг Засгийн газар нь өөрсдөө зөрчиж байгаа юм уу гэх хэл амыг ч дагуулах шинжтэй.

МАН өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад орон нутгийн сонгогчдын санал хамгийн их нөлөө үзүүлж ирсэн. Гэвч өнөө жил 200 мянга гаруй малчны санал хаашаа ч эргэж мэдэхээр тогтворгүй болж, МАН-ынхныг айдаст автуулж эхэллээ.

Уг нь анхнаасаа зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдаг гээд орхисон бол хар толгойдоо асуудал хуруулахгүй амар байхгүй юу. Гэвч яая гэх вэ, юм бүхэн рүү оролцож, төрөөс тэдэн төгрөгийн санхүүжилт гаргана, төрд авна гэж попрох болсны хар гай эргээд хүндхэн хариу барьж мэдэхээр болгоод байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж