ДЭМБ-аас Эрүүл мэндийн онц ноцтой байдал төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд 80,770 ам.долларын өртөг бүхий хувийн хамгаалах хэрэгслүүдийг өнөөдөр /2020.04.11/хүлээлгэн өглөө.
Үүнд, амны хаалт, лабораторийн урвалж оношлуур, нарийн шүүлтүүрт маск, нүүр болон нүдний хамгаалалтын шил, бээлий гэх мэт зүйлс багтжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол улсад энэ өвчний талаар гишүүн орны хувьд мэдээлсэн. Түүнээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар ДЭМБ-тай нэг ч өдөр тусдаа ажилласангүй. Өнөөдрийг хүртэл биднийг бүх чиглэлээр дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархаж байна. Өнөөдрийн энэ тусламж нь, ДЭМБ-аас Монгол Улсад үзүүлж байгаа гурав дахь удаагийн дэмжлэг юм.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүс эрүүл байж ард иргэдээ аюулаас хамгаалах бололцоо бүрдэнэ. Тиймээс хамгийн чухал, нэн шаардлагатай хэрэгслүүдийг бидэнд хүлээлгэн өглөө. Мөн Монгол Улсын Засгийн газар ч мөн энэ өвчний тархалтаас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбараа тусгайлан дэмжиж нийт 20 гаруй тэрбум төгрөгийн нөөц хөрөнгө зарцуулжээ.
Өнөөдрийн байдлаар эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дунд энэ халдвар гараагүй байна. Гаднаас зөөвөрлөгдөж ирсэн 16 тохиолдол бий ч дөрвийг нь эмчлээд тусгаарлан ажиглаж байна. Өвчлөл дахин сэдэрч байна гэсэн мэдээлэл байгаа учраас эдгэсэн дөрвөн иргэнээ хяналтад тусгаарлаж байна. Гурван удаагийн давтан шинжилгээ хийнэ. Бид бүхий л талын эрсдэлээс хамгаалах ийм цаг үе ирсэн. Энэ нь гагцхүү төр засаг, Эрүүл мэндийн салбар, төрийн байгууллагуудаас бус хүн бүрээс хамаарна. Бид бусад орны нэгэн адил халдварыг ард иргэдийн дунд тархаахгүй байх чухал. Үүнд хүн бүрийн оролцоо хамгийн чухал болж байна.
Бид төрөөс хамаарах бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, бэлтгэл ажлаа хангаж байна. Хэрэв иргэд маань хариуцлагатай байж чадвал халдварын тоог нэмэгдүүлэхгүй байж чадна. Зарим оронд түгшүүртэй байгаа шиг гэрийнх нь гадна буутай цэрэг, армийн хүмүүс зогсож, гадуур ч гарах эрхгүй болох эрсдэл бидэнд бий. Өнөөдөр бид харьцангүй чөлөөтэй байгаа учраас хамтдаа хичээх хэрэгтэй байна" гэсэн юм.