Эрүүл мэндийн реформ | News.MN
Эрүүл мэндийн реформ

Эх орныхоо эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байдаг нь энэ салбарыг хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй минь холбоотой бизээ. Доорх чиглэлээр шийдэл гарц бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм.

Бидний эрхэм зорилго чанартай тусламж үйлчилгээгээр ард иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн нэгнийг зөв оношилж, бүрэн төгс эмчилж ард иргэдийг өвчингүй, эрүүл урт наслуулах мөн гэдэгтэй санал зөрөх хүн олдохгүй биз ээ.

Гэтэл өнөөгийн эмнэлгийн бүтэц өвчтөн биш эмнэлгийн дотоод менежмэнтэд тохируулж хийсэн бүтэц загвартай юм. Эмч, тасгууд тус тусдаа хүлээн авахтай, орон зайн хувьд хол байдаг. Өвчтөн хүнийг эрүүл мэндийн салбар латин нэр томьёо бүхий өвчний онош төдийгөөр хардаг нь түгээмэл байна. Гэтэл ихэнх өвчтөнгүүд маань олон төрлийн өвчин, дээр нь бие, хэл, сэтгэлээрээ шаналсаар орж ирдэг. Өнөөдрийн салбарын бүтэц тэр шаардлагыг биелүүлэх бүү хэл хүлээж авах чадваргүй болтлоо үндсэн зорилгоо умартжээ. Японы нэгэн эмч улс төрч “Жижиг эмч өвчин эмчилдэг, дунд эмч хүнийг эмчилдэг, том эмч улс орноо эмчилдэг” гэж хэлсэн байдаг. Өнөөгийн анагаах ухааны хөгжил эмч нарыг маань олон нарийн мэргэжилд хувааж улам “жижигрүүлсээр” байгааг бид харсаар байж гар хумхиж суух нь зохисгүй байна. Өвчтөн өөрөө тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын хооронд учраа олохгүй чирэгдэх нь их байна. Өвчтөнд шаардлагатай бүх нарийн мэргэжлийн  эмч нарыг нэг дор цуглуулж чаддаг бүтэц бидэнд нэн үгүйлэгдэж байна. Тэр олон нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, дүгнэлтийг нэгтгээд өвчтөнд тайбарлаад анх эмнэлэгт орж ирснээс гаран гартал нь тусалж дэмждэг, эмч мэргэжилтэй эмчилгээний хөтөч менежер үгүйлэгдэж байна.

Эрүүл мэндээс бусад олон салбарт нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсээр л байна. Олон салбарт хүнд суртал арилж төрийн үйлчилгээ хурдан шуурхай болсоор л байна. Манай салбарт яагаад болохгүй гэж? Өнөөдрийн эмнэлгүүдийг өвчтөн төвтэй бүтэц, үйл ажиллагаатай болгоход нэг их мөнгө шаардагдахгүй. Зориг хүсэл байхад болох л асуудал.

Эрүүл мэндийн даатгал нь бидний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь эмнэлэг биш хүнээ дагадаг бол эмнэлгүүд үйчлүүлэгчээ татахын тулд хичээж ажиллах болно.

Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрсөлдөөөнийг дэмжих хэрэгтэй. Аливаа юмыг харьцуулахад заавал зайлшгүй хийх хэрэгтэй алхам бол “хэмжих” байдаг. Гэтэл яг юуг хэмжих ёстой гэж? Буцаад л нөгөө эрхэм зорилго дээрээ очно.

Эцсийн зорилго нь ард түмнийг эмчлэх биш ард түмнийг эрүүлжүүлэх биш гэж үү? Тэгвэл бид энэ салбарын үйл ажиллагааг хэдэн хүн эмнэлэгт хэвтүүлснээр нь биш чухамдаа хэдэн хүн эдгээснээр нь үнэлэх нь чухал байна.

Гэтэл хэдэн хүн эмнэлгээс эдгээд гарсан тухай тайлан хуруу даран цөөхөн. Эдгээсэн хүн нь эмчилгээний үр дүнд хэдэн жилээр нас нь уртассан тухай мэдээлэл байхгүй гэж хэлэхэд буруудахгүй. Эмч бүхэн дээр эмчилсэн болон эдгээсэн хүний мэдээллийн санг бий болгож, түүнийгээ олон нийтэд ил болговол хүссэн хүсээгүй тусламж үйлчилгээний өрсөлдөөн бий болно. Энэ тогтолцоог өндөр хөгжилтэй олон орон туршаад үр дүнтэй нь батлагдсан. Энэ өрсөлдөөний үр дүнд тусламж үйлчилгээний үнэ буурдаг, эмчилгээ оношилгооны чанар сайжирдаг, эмч, эмнэлгийн ажилчдын хандлага соёлтой боловсон болдог, алдаа дутагдлууд цөөрдөг байна. Үнэтэй болгон чанартай байдаг гэдэг нь буруу ойлголт юм. Тусламж үйчилгээ зөв, оновчтой байх тусам илүүдэлтэй, буруу эмчилгээний зардал багасч харин ч хямдардаг юм. Гар утас, компютерийн үйлдлийн систем сайжрах тусам үнэ нь нэмэгдээд байдаггүй, харин ч хямдраад байдагтай адилхан юм. Зөв өрсөлдөөн гэдэг өөрөө ийм ид шидтэй.

Энэ зөв өрсөлдөөн мэдээллийн ил тод байдлаас л эхэлнэ. Жишээ нь мэс заслын эмч 100 хүнд хагалгаа хийгээд хэдэн хүндрэл гарав? Хэд нас барав? Хагалгаанаас хойш хэвийн амьдралдаа эргэн орж чадав уу? Хагалгаанаас хойш хэд насалсан бэ? Хагалгаанаас хойш амьдралын чанар нь сайжирсан уу? Нас барахдаа ямар өвчний оношоор нас барав? Гэх мэт энгийн судалгаагаар ил тод байдал бий болох юм. Энэ мэдээллийн санг бий болгоход бас их мөнгө шаардагдахгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Гол нь салбарын удирдлага нь мэргэжлийн, хүсэл зорилготой хүн байхад л шийдэгдэх асуудал юм. Энэ нь өөрөө үр дүнд суурилсан тогтолцоог бий болгох хамгийн анхны алхам юм. Мэдээлэл ил тод болсны дараа чанар сайжирдаг нь хууль юм. Мэдээлэл ил тод болсны дараа эрүүл өрсөлдөөн бий болдог нь мөн хууль юм. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээний бэлтгэл хангах, эмчлэх, сэргээн засах, эмчилгээний дараах хяналт хийх гэдэг бол нэг цогц үйчилгээ юм. Энэ үйлчилгээг ямар ч өвчтөн, цогцоор нь авах сонирхолтой байдаг. Гэтэл өнөөдөр, өрхийн эмнэлэг урьдчилан сэргийлэх; онош тогтоох нь дүүрэг, болон төв эмнэлгүүд; эмчилгээг нь мөн гуравдугаар шатлалын эмнэлэг хариуцах жишээтэй. Хамгийн хэцүү нь тэдний хооронд ажлын уялдаа холбоо маш сул байгаа юм. Цахим эрүүл мэндийн шийдлээр энэ салангид олон үйлчилгээг нэгтгэх боломжтой.

Эрүүл мэндийн яаманд чадах зүйл чадахгүй зүйл гэж бий. Үе үеийн салбарын сайд нарын гаргадаг хамгийн том алдаа бол бүгдийг зэрэг шийдэх гэж оролддог явдал юм. Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт нь бүгдийг зэрэг шийдэх боломжгүйг харуулсаар байна. Нас баралтын шалтгаанаар нь ажил, бодлогоо эрэмбэлдэг байх хэрэгтэй.

Жишээ нь зүрх судасны өвчнөөр монголчууд бид хамгийн их нас бардаг. Гол анхаарал, хөрөнгө оруулалтыг тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Транс тосны асуудлыг хөндөөд байгаа нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг учраас л тэр. Хорт хавдар нас баралтын хоёр дахь шалтгаан. Бараг талыг нь элэгний хорт хавдар эзэлдэг шүү дээ. Тиймээс вирусын эмчилгээг миний бие чухалчилж ирсэн учиртай. Осол гэмтэл гуравдугаар шалтгаан юм. Бусад яамтай хамтарч энэ асуудлыг онцгой анхаармаар байна. Халдварт өвчнүүдийн дотроос сүрьеэ болон коронвирус гэх мэтийн нийтийг хамарсан халдварт цар тахлын үед  шуурхай, оновчтой, далайцтай арга хэмжээ авах чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зөвхөн Эрүүл мэндийн яам дангаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй. Бүгдийг биш чухлыг нь гэдэг санааг Эрүүл мэндийн яам л ойлгох хэрэгтэй.

Оношийг цэгцэлж сайжруулах ажил өмнөх олон Засгийн газруудаар хийгдсээр ирсэн. Тэгсэн хэрнээ одоог хүртэл гажуудал ихтэй хэвээрээ л байгаа. Тоног төхөөрөмж байлаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Түүнийг ашиглаж чаддаг боловсон хүчин хэрэгтэйгээс гадна урвалж оношлуур, засвар үйлчилгээний тогтвортой байдал, гадаад дотоод хяналтууд чухал юм.

Цөөхөн оновчтой шинжилгээгээр оношийг зөв, өндөр нарийвчлалтай хиймээр байна. Буруу оношилж, буруу эмчилсэн ажилтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг (хууль хяналтын байгууллагаар биш) салбарын хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэй.

Дэлхийн анагаах ухааны хөгжил өдөр сараар урагшилж байна. Бид тэрхүү шинэ техник, технологийг нэг өдрийн ч болов өмнө оруулж ирж гэмээн ард иргэдийн эрүүл мэнд хожно. Хүний гений мэдээллийг уншаад ямар өвчнөөр өвдөх магадлалтай, ямар эмчилгээ хийвэл үр дүнтэйг тогтоох жишээтэй. Нуруу нугас нь гэмтээд тал бие нь мэдээгүй болсон хүнд имплант суулгаж мэдрэлийг холбох, гар утастай холбоод зарим энгийн шинжилгээг гэрийн нөхцөлд хийх, биедээ зүүсэн бичил мэдрэгчийн ачаар цус харвах аюулаас урьдчилан сэргийлэх, эсвэл 3D принтерийн технологийг ашиглаад хүний зарим эд эрхтнийг захиалгаар дуурайлган хийх, хорт хавдрыг эмчлэх Cyber Knife, Мэс заслын Робот Да Винчи, гений эмчилгээгээр зарим удамшлын өвчнийг эмчлэх, дусал цусаар биохимийн бүх нарийн шинжилгээгээр 5 минутын дотор хийдэг гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн салбарт нэг их дарамт болохгүйгээр шийдэх боломж байгаа. Шинэ эм, технологи нэвтрүүлснээр маш олон хүний амийг аварч болно гэдгийг Элэгний С вирусийн эсрэг санаачилсан ажлын үр дүнгээс харж болно.

Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллаж буй боловсон хүчний мэдлэг чадварын ялгаа их болсонтой холбогдуулж, улсын томоохон эмнэлэгт ажиллаж байгаа зарим боловсон хүчнийг богино хугацаагаар хөдөө орон нутагт томилолтоор ажиллуулж хэвшүүлэх хэрэгтэй байна.

Эмчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарч ашиг сонирхлын зөрчилтэй шинжилгээ, эмчилгээг санал болгох асуудалд цэг тавих цаг болсон гэдгийг онцолж хэлье. Манай оронд шаардлагагүй эмчилгээ, эм, шинжилгээ санал болгох асуудал даамжирч эцэстээ хэрэглэгчийн эрх , эрүүл мэнд хохирох хэмжээнд хүрээд байна.

Дадлагажигч эмч (резидэнт) ээс төлбөр авдаг систем дэлхийн аль ч улс оронд байхгүй байтал зөвхөн манай оронд ийм тогтолцоо байсаар байна. Дадлагажигч эмч нь оюутан биш бөгөөд 6 жил төлбөр төлж төгссөн эмчлэх эрхтэй эмч хүн билээ. Бусад улс орнууд резидент эмчид цалин өгдөг болохоос төлбөр авдаггүй. Дадлагажигч эмчийн сургалтыг нэгдсэн системд оруулах цаг болжээ. Дадлагажигч эмчийг бэлтгэх 2 тогтолцоо зэрэг яваад байгааг яаралтай зогсоох цаг болсон. Ийм гажуудал зөвхөн Монголд л амь бөх оршсоор байна.

Мөн бид уламжлалт анагаах ухаанаа орхигдуулж болохгүй. Монголын уламжлалт анагаах ухаан нь манай ард түмний үнэлж баршгүй үндэсний өв соёл бөгөөд аливаа өвчтөнг бие хэл сэтгэлээр нь бүхлээр нь харж оношилж эмчилдэг, хямд өртөг бүхий, гаж нөлөө багатай, олон зууны турш амьдралаар туршигдсан, онцлог анагаах ухаан билээ.

Уламжлалт анагаах ухааны зөв хөгжүүлж чадвал Монгол орон дэлхийн брэнд болж, цэвэр байгалын гаралтай органик эм танг дэлхийд экспортлож, валютын урсгалыг Монгол руу татах бүрэн боломжтойгоос гадна ард иргэдийг эрүүл зөв амьдрах сургаалиар соён гэгээрүүлэх боломжтой юм. Нийгмийн эрүүл мэндийн олон чухал сургаалийг бид гадны соёл биш чухам уламжлалт анагаах ухаанаас тусгах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан хүчтэй хөгжсөн зарим олонд энэ асуудлыг хариуцсан тусдаа яам хүртэл байдаг юм шүү.

Эрүүл мэндийн салбарт болж бүтэж байгаа зүйл их бий боловч, засаж, сайжруулах зүйл түүнээс ч их байна.

Таныг хүндэтгэсэн, АУ доктор Ж. Амарсанаа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж