Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дарга М.Энх-Амар аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ, хэлтсийн дарга нарт дөрөвдүгээр сарын 7-нд чиглэл хүргүүлжээ. Энэхүү чиглэлд гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Тодруулбал, "Дэлхий нийтийг хамарсан Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Түүний дотор бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээлийг тодорхой хугацаанд хааж, 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Гэвч иргэн бүр онцгой хариуцлагатай байх энэ цаг үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдэж байна.
ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгдэж, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар тус тус өссөн байна. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108,8 хувь өсч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгджээ.
Нийгэмд үүсээд буй дээрх нөхцөл байдалтай уялдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутагт дараах арга хэмжээнүүдийг төлөвлөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:
- Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд, ахмад настан үл хайхрагдсан тохиолдол, ахуйн хүрээний архидалтын талаарх мэдээ мэдээллийг иргэд, аж ахуй нэгж, заавал мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдаас авч бүртгэх, гэр бүлд түшиглэсэн хариу үйлчилгээ үзүүлэх шуурхай баг ажиллуулах
- Орон нутгийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг тухай бүр авч, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран ажиллах
- Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний бэлэн, шуурхай байдлыг хангаж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлагыг хангасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
- Архины хэрэглээнээс татгалзах тухай олон нийтийн санал санаачлагыг өрнүүлэх гэжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ