АНУ-ын хөдөлмөрийн яам өчигдөр/2020.04.09/ Covid-19 өвчний улмаас хөл хорио тогтоосноос хойш ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдсээр буйг мэдээлжээ. Ялангуяа энэ долоо хоногт гэхэд шинээр 6.6 сая иргэн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн гэнэ.
Харин өнгөрсөн долоо хоногт нийт 6.87 сая иргэн ажилгүйдлийн тэтгэмж хүссэн бөгөөд хөл хорионоос хойш ажилгүй болсон иргэдийн тоо ийнхүү 16 сая гаруй болж байна. Ажилгүйдлийн тэтгэмж хүсэн өргөдөл гаргах хүмүүсийн хөл тасрахгүй, улам нэмэгдэж буй нь сүүлд хувиараа хөдөлмөр эрхлэгч, бие даасан байгууллагын ажилтнуудад ажилгүйдлийн тэтгэмж хүсч болох хууль эрх зүйн орчин үүссэнээс бас шалтгаалж байна хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.
Ихэнх ажилгүйчүүд өмнө нь ресторан, уушийн газарт ажилладаг байсан хэмээж байгаагаас гадна сувиллын газрын ажилтнууд болон нийгмийн ажилтнууд мөн ажилгүй болсон гэх нь ихэсч байгаа гэнэ. Уг мэдээ гарсны дараа АНУ-ын холбооны нөөцийн сангаас даруй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд 2.3 их наяд ам.доллар төсөвлөсөн байна. “Одоогийн байдлаар манай улсын хамгийн том зорилго бол энэхүү эрүүл мэндийн хямралд анхаарал хандуулж, өвчтөнүүдээ эмчилж, халдварыг тогтоон барих байх ёстой. Харин үүнд холбооны үүрэг бол энэ хүнд үед аль болох тайван, тогтвортой байдлыг бүрдүүлэх явдал юм. Тиймдээ ч энэ үүргээ биелүүлэхийн тулд өнөөдрийн шийдвэрийг гаргалаа” хэмээн ХНС-ийн дарга Жей Повелл хэлжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ