“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногийн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочдоор “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун, өмгөөлөгч Б.Мэргэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар уригдсан юм.
"Сонгуулийг цахимаар хийх технологийн шийдэл байгаа"
Covid-19 вирусийн тархалттай холбоотой дэлхий нийтээрээ хөл хорионд ороод байгаа энэ үед дэлхийн олон улс цахимаар хуралдаж, зарим улс нь сонгуулиа цахимаар явуулах шийдэл гарч байна. Монгол Улсын хувьд ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг цахимаар явуулж болох уу?, блокчейн технологийн хөгжил хаана явж байна вэ, энэ технологи хөгжих нь ямар ач холбогдолтой талаар Степпе групп ХХК-ийн Бизнес хариуцсан захирал Д.Болдбаатартай ярилцлаа.
-Блокчейн технологийн талаар манай улс яриад багагүй хугацаа өнгөрч байна. Нийтээрээ хөл хорионд байгаа энэ үед аливаа бизнес, улс төрийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, тренд болж байна шүү дээ. Энэ технологийн хөгжлийн явцын талаар яриагаа эхэлье?
-Энэ асуултад хариулахаас өмнө блокчейн технологи яагаад үүсэв гэдэг талаар товч түүх ярья. Өнөөдөр дэлхий нийт covid-19 цар тахлаас үүдэлтэй банк, санхүү, эдийн засгийн гүнзгий хямралд өртөж, удаан үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй адил 2008 онд АНУ-аас эхлэлтэй орон сууцны замбараагүй зээлээс үүдэлтэй санхүүгийн хямралд дэлхий нийтээрээ өртөж, хөрөнгийн зах зээл 50-60 хувь унаж, олон мянган компани бизнесүүд дампууран, олон сая хүн ажил орлогогүй болж, орон байраа алдан, амьдралаараа хохирсон байдаг. Хямралаас гарахын тулд төв банкнаас хэргийн эзэд хямралын буруутан болох хариуцлагагүй банкны эзэд захирлуудад хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй харин ч банкуудыг нь мөнгөөр угжих зайлшгүй шаардлагатай тулгарсан байдаг. Эс тэгвээс банк санхүүгийн салбар системээрээ нурж унах аюул бодитоор нүүрлээд байсан бөгөөд ийм эрсдэл үүрэх улс төрийн хүч, засаг төр ардчилсан засаглалтай ямар ч улсад байх бололцоогүй юм. АНУ эдийн засгаа сэргээж, Доу-Жоунсын индекс хямралын өмнөх хэмжээнд хүрэх хүртэл таван жил зарцуулсан.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2283/873линкээр орж унших боломжтой.
"З.Энхболд ажлаа өгөхийнхөө өмнө Э.Бат-Үүлийг дахин шүүхэд өгсөн"
“Веритас Партнерс” фирмийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Баасандоржийн Мэргэнтэй ярилцлаа.
-Та одоо ямар хэрэг дээр өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна вэ?
-Эрүүгийн болон иргэний хэргүүд дээр өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Олны анхаарал татсан хэргүүдээс дурдвал, хотын дарга Э.Бат-Үүлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, өмгөөллийн туслалцаа үзүүлж байна. Эхний шүүх хуралдаан дээр З.Энхболд гэдэг хүн шүүгчээс татгалзсан. Шүүгчээс татгалзсан үндэслэл нь “Шүүгч энэ бол зөрчил биш гэж ярьж байхыг хэн нэгнээс сонссон байна. Тийм учраас татгалзлаа” гэсэн байсан. Хэн гэдэг шүүгч тэгж ярьж байхыг сонссон гэдгээ хэлэхгүй, хэн гэдэг шүүгч хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй гэж үзэн татгалзаж байгаа нь мэдэгдэхгүй. Гэтэл ерөнхий шүүгч хүлээгээд авчихаж байгаа юм. Дараагийн шүүх хуралдаан дээр Идэр гэдэг шүүгчийн аав нь Хувьтөгөлдөр гэж хүн 1996 онд УИХ-ын гишүүн байхад Бат-Үүл гишүүн байсан. Тийм учраас Идэр шийдэж чадахгүй гээд татгалзсан. Тэрийг нь бас шүүх хүлээгээд авчихаж байгаа юм.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2284837/ линкээр орж унших боломжтой.
"Б.Цогтбаяр хурандаа нэг тэрбумыг манай компаниас авсан"
ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюунтай ярилцлаа.
-ЦЕГ-ын хурандаагийн авлигын асуудлыг та олон нийтэд дэлгэсэн. Ер нь "Хууль сахиулагч" хотхоныг барилгын ажлыг гүйцэтгэлийг танай компани хэзээнээс хариуцах болов. Танайх хэзээ байгуулагдсан, хэр туршлагатай компани вэ?
-“Бавгар” компани 2009 онд байгуулагдсан, нийтдээ арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. "Хууль сахиулагч" хотхоныг тендер шалгаруулах журмаар манай компанид өгсөн. Хоёр тал 2015 онд гэрээнд гарын үсэг зураад, 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн. 2015 онд гэрээ хийхдээ 30 хувийн урьдчилгаа өгөөд манай компани барилгын ажлыг 70 хувьд хүргэж үлдэгдэл мөнгө авахаар заасан байсан.
Гэтэл гэрээнд санхүүжилтийн график зурагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид санхүүжилтээ 250 хүнээс нэгбүрчлэн нэхдэг ийм санхүүжилттэй. Бидний хувьд зээл аваад гэрээнийхээ дагуу барилгын ажлаа 70 хувьд хүргэсэн. Гэтэл орон сууцанд орох алба хаагчид 2016 оноос гэрээний дагуу мөнгөө хийгээгүй зөрчөөд эхэлсэн. Нийт дүн нь ойролцоогоор А блок хоёр тэрбум, Б блок 3.2 тэрбум буюу тав орчим тэрбумын санхүүгийн асуудалд орсон байсан. "Бавгар" компанийн захирлаар би 2017 онд ажиллаж эхэлсэн. Ээж маань тэр үед ослоор нас барсан, компанийн ажил доголдоод хэцүү байлаа. Тэгээд 49 хоног нь дуусаагүй байхад би компаниа хариуцаад, энэ ажлыг дуусгахаар шийдсэн.
Ээжийг амьд сэрүүн байхад “ХААН” банкнаас зээл олгох шийдвэр гарсан юм билээ. Нас барсны дараа тус зээлийг олгохгүй гэсэн. Ингээд 2018 оны зургаа, долдугаар сар хүртэл алба хаагчдаас олигтой санхүүжилт орж ирэхгүй, сардаа 50 орчим сая төгрөг орж ирж байсан. Гэтэл доод тал нь 10 гаруй тэрбумын өртөгтэй ажил хийх ёстой байтал зуу хүрэхгүй сая төгрөгөөр барилга барих боломжгүй. Дараа нь “ХААН” банкнаас зээл хүсэхэд нэгдүгээр блокийн 68 айлын нийт 48 хүнд 1.3 хувийн хүүтэй зээл олгоё. Гэхдээ үүнийг компанид олгохгүй. Эхлээд алба хаагчид гэрээнд гарын үсэг зурсны дараа танай компанид мөнгө орно гээд найман хүн зээл авсан байдаг.
Санхүүжилтээ авахын тулд алба хаагчдын хүүг нь би өөрөө төлөөд хүн нэг бүртэй биечлэн уулзаад ажлаа явуулж эхэлсэн. А блокийн барилга 90 хувьтай болох үед 50 хувийн санхүүжилт орж ирсэн. Тэгээд “Ариг” банкнаас 2018 онд гурван тэрбумын зээл авсан. Зээл авахад Б.Цогтбаяр хурандаа "Би хөрөнгийг зарцуулна. Миний зөвшөөрлөөр компанид мөнгө олгодог баймаар байна" гэсэн саналыг “Ариг” банкинд тавьсан. Гэтэл миний хувьд энэ нь боломжгүй болохыг хэлсэн. Тиймээс банкнаас зээл гаргахад хурандаа саад хийж эхэлсэн. Надад хэлснээр Б.Цогтбаяр хурандаа бас нэг хурандаад 45 сая төгрөгийн өртэй, үүнийгээ миний авсан зээлнээс төлүүлэх хүсэлтэй байсан.
“Ариг” банкнаас зээл гарах долоо хоногт нэг хүн банкны үүдийг байнга сахиж байсан. Ямар учиртайг нь асуухаар Б.Цогтбаярын зээлийг чамаас авна гэсэн. "Боломжгүй" гэснээс болоод Б.Цогтбаяр хурандаатай муудалцаж, зээл авах асуудалд саад учруулсан. Барилгын компаниудын хувьд наймдугаар сар бол маш чухал үе байдаг. Гэтэл Б.Цогтбаяр хурандаагаас болоод зээл сараар хойшлогдсон. Хуулийн дагуу алба хаагчид мөнгөө бүрэн өгч байж би ажлаа явуулах ёстой. Ингээд А блок 2019 оны гуравдугаар сард арай гэж ашиглалтад орсон.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2284016/ линкээр орж унших боломжтой.
“Монголчууд төрдөө итгэж, хүлээцтэй хандах нь чухал байна”
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
-Коронавирусийн халдвар дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрсэн ч Монголын төр гадаад дахь монголчуудаа эх орондоо авчрах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар газраар болон агаараар Монгол Улсын хэчнээн иргэн эх орондоо ирэв?
-Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчрах шийдвэрийг гаргаж, улмаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг Гадаад харилцааны яаманд өгсөн. Энэ дагуу төрийн холбогдох байгууллагууд болон үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай хамтарч хоёрдугаар сарын 1-ний өдөр Ухань хотоос оюутнуудаа авчирсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, хөл хорио тогтоосон амаргүй нөхцөл байдалтай байсан. Ухань хотоос чартер нислэгээр оюутнуудаа авчирснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд агаараар болон автозам, төмөр замын боомтоор 6037 иргэнээ татаж аваад байна. Үүнээс нийтдээ найман удаагийн чартер нислэгээр 1802 иргэн ирсэн. Сүүлийнх нь өчигдөр орой БНСУ-аас 267 иргэнийг чартер нислэгээр авчирсан. Дээрх 6037 иргэдийн 3800 орчим иргэнийг БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар нэгдсэн зохион байгуулалтаар оруулж ирсэн. Мөн ОХУ хилээ хаахаас өмнө Эрхүү, Улаан-Үдээс иргэдээ Алтанбулагийн боомтоор авсан. Одоо ч тус боомтоор ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй оюутнуудыг татан авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2285082/ линкээр орж унших боломжтой.
“Ахин оршихуй цомгоо 4-5 жилийн турш бэлдсэн”
“Моханик” хамтлагийн дуучин, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалтай ярилцлаа. Түүний экспериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг дэлхийн нэртэй хөгжмийн сэтгүүлүүд онцлох болсон.
-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Монголын амьд хөгжмийн залуу уран бүтээлчдийн төлөөллийг дэлхийн алдартай хөгжмийн сэтгүүлүүд онцолжээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Маш их баярлалаа. Хамтлагийн дуу хөгжмийн хажуугаар, хөгжмийн найруулга зохиомж, орчин үеийн урлагийн чиглэлээр, дуу авиа саунд бүтээлүүд дээр ажиллаж эхлээд нэлээд удсан байна. “Ахин оршихуй” буюу “Re-exist” цомог маань европын хөгжмийн томоохон сэтгүүл, радио, онлайн платформууд дээр онцолсныг харахад баяртай байлаа.
-Шинэ цомгийнхоо талаар мэдээлэл өгөөч. Сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан гэж дуулсан?
-Энэ төслийн саналыг Лондонгоос гаралтай хөгжмийн “Chinabot” лэйблийн зүгээс анх тавьсан. Экспериментал, амбиент, орчин үеийн хөгжмийг уламжлалт хөгжмийн сэтгэлгээтэй холбож бүтээл хийдэг Азийн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг цуврал төсөл юм. Өнгөрөгч 2019 онд тэдний саналын дагуу цомгийн ажил эхэлж, энэ оны гуравдугаар сараас “bandcamp” онлайн платформоор нээлтээ хийсэн.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2285045/ линкээр орж унших боломжтой.
"Үнэ цэнэтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ болихоор ганцаарддаг"
Ганцаардал гэж юу вэ, энэ сэдвээр сэтгэл зүйч Н.Рэнжмаатай ярилцлаа.
-Ганцаардал нь нийгмийг бүхэлд нь хамрахгүй ч нийгмийг бүрдүүлэгч хувь хүнд нөлөөлснөөр “Би хэн бэ?”, “Амьдрал надад утгагүй санагдаж байна” гэх мэт олон бодлуудыг бий болгож байгаа нь тийм ч сайн зүйл бас биш юм. Ер нь сэтгэл зүйчид ганцаардлыг хэрхэн дүгнэдэг юм бэ?
–Бидний амьдралын чухал зүйлсийн нэг бол яах аргагүй харилцаа. Амьдрал ч бүхэлдээ хүмүүс хоорондын харилцаан дээр тогтдог. Хүн аливаа харилцаанд өөрийн үнэлэмжийг бий болгодог. Тухайн харилцаа нь хязгаарлагдаад үнэ цэнтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ болихоор тухайн хүн ганцаардлыг мэдэрч эхэлдэг. Хүний амьдралын тааламжгүй нэгэн мэдрэмж бол яахын аргагүй ганцаардал мөн. Ганцаардал нь
хүнд бусдаас тусгаарлагдсан, орхигдсон, хоосорсон мэт сөрөг мэдрүүмжүүдийг төрүүлэхээс гадна уйтгар гуниг, зожигрол зэрэг сөрөг илрэлүүд үүсгэдэг хэдий ч зарим үед ганцаардал нь хүнд өөрийгөө таних ,
өөрийн дотоод “Би”-тэйгээ ярилцаж, бусдыг эргүүцүүлэн бодож дүгнэлт хийх зэрэг эерэг талуудыг олгодог. Өөрөөр хэлбэл ганцаардал нь нэг талаар хүнд ухааралыг өгдөг.
Хүн ганцаараа байхдаа тун их аз жаргалыг мэдэрч болно, мөн олон түмний дунд байгаа ч ганцаардлыг ч мэдэрч болно. Ганцаардах, ганцаараа байх хоёр нь ижил зүйл биш.
Орон зайн хувьд ганцаараа байхыг ганцаардал гэж ойлгож болохгүй. Ганцаардал гэдэг нь өөрийн үнэлэмж буурах, бусад хүмүүсээс өөрийн үнэ цэнийг эрэлхийлэхийг хэлээд байгаа юм. Хэрэв энэ мэдрэмж нь удаан үргэлжлэх юм бол сэтгэл гутрал, стресс зэрэгт оруулдаг. Улмаар сэтгэл зүйн эмгэг болох эрсдэлтэй. Ганцаардлыг мэдрэхгүй байх ганц арга нь хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ойлгож, хайрлах юм.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2285573/ линкээр орж унших боломжтой.
Холбоотой мэдээ