"Алсын хараа-2050” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

"Алсын хараа-2050” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, Эзэн Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй Монгол цэргүүд 30 хүрэхгүй жилийн дотор Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балконы хойг хүртэл Монголын эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй.

Тэгвэл Бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш мөн 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. 30 нас гэдэг хүнээр бол харьцангуй төлөвших нас юмаа. Хошуу дэвсэх хүмүүсийн тоо багасч, хариуцлага нэхсэн олны харц нэмэгдэх нь зүй ёсны асуудал. Нэг үгээр хэлбэл Монголын ардчилал өнөөдөр нялх биш болсон.

Ардчилсан хувьсгал Монголчууд бидэнд эрх, эрх чөлөө, олон ургальч үзэл, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентийн засаглал, зах зээлийн чөлөөт эдийн засаг зэрэг олон чухал үнэт зүйлсийг авчирсан нь түүхэн үнэн. 1991 онд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 790 сая ам.доллар байсан бол өнөөдөр 13.8 тэрбум ам доллар болж, 17.5 дахин өсчээ. Энэ ч бас тоон утгаараа чамлахааргүй амжилт юм.

Хэдий тийм боловч баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу 3 хүн тутмын 1 нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь өнгөрсөн 30 жилийн гашуун сургамж билээ.

Тийм ч учраас ардчилсан хувьсгалын 30 жилийн амжилт ололт, алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж, айсуй 30 жилийн хөгжлийг урт хугацаагаар төлөвлөн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган байгуулсан.

Ажлын хэсэгт холбогдох яам, агентлагийн 329 мэргэжилтэн, 21 аймаг, 330 сумын 618 төрийн албан хаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн 181 эрдэмтэн судлаач болон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 384 төлөөлөл, нийт 1512 хүн оролцож, нэг жилийн хугацаанд ажиллаа.

Энэхүү үзэл баримтлалын төсөлд саналаа өгч идэвхтэй хамтран ажилласан нийт ард иргэд, улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье гэлээ.

Ирээдүйг илүү тод харахын тулд өнгөрснөө зөв дүгнэх шаардлагатай нь ойлгомжтой. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогод зохист дүн шинжилгээ хийхийн тулд Монгол Улсын сүүлийн 100 орчим жилийн хөгжлийн бодлогыг 5 үе шатанд хуваан авч үзсэн хэмээсэн.

Мөн 1914 оны “Монголор” хамтарсан нийгэмлэг, 1924 оны Баялагийг бадруулах хэлтэс, 1932 оны Шинэ эргэлтийн бодлого, 1945 оны Улсын төлөвлөгөөний комиссоос боловсруулсан 8 удаагийн 5 жилийн төлөвлөлт болон Монгол улсын Хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 зэрэг Монгол улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тогтоол шийдвэр, хөгжлийн баримт бичгүүдэд нарийвчилсан шинжилгээ хийж, олон улсын байгууллагуудтай хамтарч нөхцөл байдлын дүгнэлт гаргасан.

Нөхцөл байдлын шинжилгээгээр Монгол улс өнөөдөр ижил гараанаас гарсан дэлхийн бусад орнуудаас хөгжлийн үзүүлэлтүүдээр хоцорсон хэвээр байна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 136 орноос 102-рт, 1 хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр  дэлхийд 1-рт жагсдаг ч газар тариалан, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-рт, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч малын түүхий эд, хүнсний экспортоор өнөөдрийг хүртэл дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна гэлээ.

Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар 7 дугаар байрт байгаа ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59 дүгээрт, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт орж байна. Их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар бид эхний 1000-д ч эрэмбэлэгдэж чадахгүй байна. МУИС гэхэд 3018-т жагсаж байна.

Монголчууд бид гуравхан саяуулаа ч хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд 189 орноос 92-рт, боловсролын үзүүлэлтээр 103-рт, дундаж наслалтын үзүүлэлтээр 107-рт, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102-рт эрэмбэлэгдэж, төслөг 60 оронтой харьцуулвал Грек, Аргентин, Хорват болон Венесуэлийн өмнөхөн 57-т жагсаж байна.

Үндсэн шалтгааныг далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа их, уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, уул уурхайгаас хэт хамаарал бүхий тогтвортой бус эдийн засагтайг мэргэжилтнүүд холбон тайлбарлаж байна.

Түүнчлэн сонгууль дагасан дөрвөн жилийн циклтэй, төрийн мэргэшсэн албан хаагчид улс төрөөс шалтгаалж, тогтвортой ажиллах боломжгүй. Гадны хөрөнгө оруулалтад таагүй ханддаг. Гэрээгээр хүлээсэн үүрэгтээ эзэн болдоггүй, хариуцлага хүлээх чадвар сул зэрэг засаглалын гажуудал хөгжилд томоохон чөдөр тушаа болж байна гэдгийг ч мөн онцлон дүгнэснийг сайд онцолсон.

Эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, олон улсын байгууллагын зөвлөхүүд өнгөрсөн 30 жилд бий болсон хамгийн эмзэг асуудал бол орлогын тэгш бус байдал гэдэгт санал нэгдлээ. Экономист сэтгүүлээс эрхлэн гаргадаг Дэлхийн ардчиллын индекс 2020 оны тайланд ч олон улсын хэмжээнд ардчиллын томоохон сорилт бол тэгш бус байдал гэдгийг онцоллоо.

Сайд Н.Оюун-Эрдэнэ, “Энэ ч утгаараа дэлхийн улс орнууд чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байгааг бид мэдэх билээ.

Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй нь тодорхой. Салбар дамнасан томоохон сорилтуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй нь ч ойлгомжтой. Тиймээс л улс орнууд хөгжлийн бодлогоо урт хугацаагаар, өөрийн үндэсний онцлогтоо тулгуурлан төлөвлөдөг.

ОХУ-2036, Энэтхэг-2030, Ирланд-2040, БНХАУ-2050, Сингапур-2030, Казахстан-2050, Израйл-2050, Норвеги-2060, Япон-2114 он хүртэл тус тус хөгжлийн бодлогоо урт хугацаагаар төлөвлөжээ.

Дэлхий даяар тархсан титэмт вирусын нөлөөлөл, хурдацтай өрнөж буй аж үйлдвэрийн 4-р хувьсгал зэрэг хүчин зүйлс дэлхийд тэр дундаа даяаршилд цоо шинэ хандлага авчрахаар байна.

Дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, БНХАУ, АНУ, ОХУ, Индонез, Мексик, Турк зэрэг улсууд дэлхийн эдийн засгийн 50 хувийг үйлдвэрлэж, Энэтхэг, Вьетнам, Бангладеш зэрэг улс орнууд хамгийн хурдтай өсөлттэй эдийн засагтай болж, эдийн засгийн шинэ тоглогч болох урьдчилсан тооцоолол гарч байна.

 “Алсын хараа-2050” хөгжлийн үзэл баримтлал нь Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй ижилсэл ба ондоошилд суурилж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газраар батлагдан гарсан 567 салангид бодлогын баримт бичгүүдийн нэгтгэл юм.

Энэхүү үзэл баримтлал нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилго, 50 зорилтоос бүрдэх бөгөөд 2020-2030, 2031-2040, 2041-2050 он гэсэн гурван 10 жилээр хөгжлийн үе шатуудаа тодорхойлж, шалгуур үзүүлэлтүүдийг тооцсон болно. Нийт 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаас 52 төслийн хувьд ТЭЗҮ-г шинээр хийх шаардлага тулгарч байна.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, бодлогын гол цөм нь Монгол хүн байх бөгөөд дэлхийн банкны аргачлалаар чинээлэг дундаж давхаргын суурь түвшинг 16.2% аар тооцож, 2050 он гэхэд 80% д хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний суурь түвшинг 4009 ам доллараар авч, 2030 онд 8299 ам доллар, 2040 онд 12,000 ам доллар, 2050 онд 15,000 ам доллар байхаар тооцож, дотоод нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ 6.1 дахин тэлж, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 168.3 их наяд хүрэхээр төсөөлөв.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг тус үзэл баримтлалд салбар дамнасан асуудал, нэвчих үнэт зүйлээр тусгасан бөгөөд асуудлын логик уялдаа, шалтгаант холбооны давхцлыг тодорхойлсон аргачлал ашигласан болно.

Эрүүл мэнд, Боловсролын салбарын чанар, орон сууц, орлогын түвшин, хүрээлэн буй орчин, баталгаат ажлын байр, амьдралын чанар, сэтгэл ханамжийн түвшин, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах замаар хүний хөгжлийн үзүүлэлтийн суурь түвшинг 0.74 өөр тооцож, 2030 онд 0.8, 2040 онд 0.85, 2050 онд 0.9 д хүргэх зорилт тавьсан.

Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд Нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, Боловсруулах аж үйлдвэрийн салбар (Хүнд, хөнгөн, хүнс гэсэн 3 төрөлжилттэйгээр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан),  Эрчим хүчний салбар, Тээвэр, логистикийн салбар, Төрөлжсөн аялал жуулчлал түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, Мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрөөс бодлогоор онцгойлон дэмжихээр тусгаж, Импортлогч улсаас Экспортлогч улс байх томоохон зорилт дэвшүүлсэн болно.

Эдийн засгийн дундаж өсөлт 6.0 хувь байхад энэ хөтөлбөр бүрэн хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд эрсдлийн шинжилгээгээр эдийн засгийн суурь тооцооллуудыг хамгийн бага үзүүлэлтээр авч үзсэн.

Монгол улс 2030 онд 4 сая, 2040 онд 4.6 сая, 2050 онд 5.4 сая хүн амтай байхаар байна. Хүн амын төвлөрлийн эсрэг нэгдсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол Нийслэл Улаанбаатар хотын хүн 3.6 саяд хүрэх төлөвтэй байна.

Тиймээс хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг тусгасан, эдийн засгийн жам ёсны хөгжлийн урсацтай уялдуулах байдлаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлов” хэмээн танилцууллаа.

Энэ үзэл баримтлал хэрэгжих үндэс суурь нь мэдээж сайн засаглал юм. Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд улс төр бизнесийн эрх мэдлийг ангилж, хувь хүн бүлэгт үйлчилдэг биш хуульд захирагддаг төр засгийг төлөвшүүлж, улс төрийн намын санхүүжилт болон шүүх засаглалын хяналт тэнцвэрт томоохон реформ хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна хэмээн тодотгосон.

Их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн шийдвэрийг академик түвшинд үнэлж, төр засгийн үйлчилгээг хүнээс хараат бус болгох зорилгоор цахим шилжилт хийж, ёс зүй өндөр иргэний нийгэм төлөвшүүлэн бүрдүүлэхэд голлон анхаарахаар тус үзэл баримтлалд тусгагдсан болно гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Тэрбээр, “Монгол Улсын ирээдүйн макро эдийн засгийн бодлого нь урт хугацаанд тогтвортой, мөчлөг сөрсөн, өрийн дарамт болон зардлын өсөлтийн нарийвчлан тооцсон аргачлалаар дунд хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангасан өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаад зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан байж, эдийн засгийн өсөлт, хүний хөгжил, дундаж орлоготой иргэдийг тэтгэх цогц бодлогод чиглэсэн, ногоон хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрхэмлэсэн, засаглалын тоггвортой байдлыг хангасан, бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэхээр ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “…Хөгжлийн бодпого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж заасан бөгөөд гадаад, дотоод нөхцөл байдал, түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын хүрээнд өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх хөгжлийн бодпогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болсон гэж тус тус үзэн “Апсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжпийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хөгжлийн бодлого, төлөвлөлтийн түүхэн үечлэл, эдийн засгийн өсөлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан эдийн засгийн тооцоололтой холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, уг баримт бичигтэй дээрх тогтоол хэрхэн уялдаж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан.

““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ” хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, 30 жилийн хөгжлийн үзэл баримтлалыг төсөөлөхдөө сүүлийн хэдэн жилийн хөгжлийн бодлогын баримт бичгийг авч үзсэн бэ, хүний хөгжлийн концепц энэ хөгжлийн бичиг баримтын үндсэн агуулга болж чадсан уу хэмээн лавласан. Мөн санхүүгийн хэрэгжүүлэх тооцоог цаг хугацааны ямар графикаар авч үзсэнийг тодруулсан.

Сайд Н.Оюун-Эрдэнэ болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, энэхүү баримт бичгийг боловсруулахын тулд олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай уулзалт хийж, хамтран ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад орлогын тэгш бус байдал бий болж, үүнээс болж засаглалын хувьд гажуудал үүссэн, эдийн засаг тогтвортой өсөөгүй, уул уурхайгаас хамааралтай болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн гэлээ. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогод зохист дүн шинжилгээ хийхийн тулд Монгол Улсын сүүлийн 100 орчим жилийн хөгжлийн бодлогыг 5 үе шатанд хуваан авч үзсэн бөгөөд цаашид эдийн засгаа тэлэх, мега төслүүдээ өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээсэн. Тогтоолын төслийг боловсруулахдаа иргэдийн амьдралд бодитой нөлөөлөх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, боловролын түвшинг сайжруулахыг эн тэргүүнд тавихыг чухалчилсан гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хөгжлийн бодлогын баримт бичгийг дараа дараагийн Засгийн газар хэрэгжүүлж явдаг механизмыг бүрдүүлэхэд анхаарах ёстой гэдгийг онцолсон. Тэрбээр ядуурлын үндсэн шалтгаан болдог ажилгүйдлийг бууруулах гол хөшүүрэг нь ажлын байрыг нэмэгдүүлэх гээд ажлын байрыг нэмэгдүүлэх ямар ажлууд хийгдэхийг тодруулсан. Хөдөлмөрийн зах зээлд зөрчихөөд байгаа эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгахын тулд ямар ажил төлөвлөсөн, төвлөрөлийг бууруулахын талаар бодлогын баримт бичигт хэрхэн тусгасныг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар манай улсын хүн амын гуравны нэг нь ядуу, ажилгүйдэл их байгаа бөгөөд энэ нь монголын эдийн засаг хуримтлалгүй байсантай холбоотой хэмээн үзжээ. Тиймээс хуримтлалтай эдийн засаг руу шилжих асуудлыг үе шат тус бүрээр авч үзэж, хөрөнгө оруулалтын асуудлыг тооцож үзсэн гэлээ.

Төвлөрлийг сааруулах зорилгоор 22 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тооцож 6 бүсчлэлийг тодорхойлон тусгасан хэмээн мэдээлсэн.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Батболд, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж