А.Энхтуул аваргын төлөө тоглох гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

А.Энхтуул аваргын төлөө тоглох гэж байна

Туркийн Кайсери хотноо шатрын дэлхийн өсвөрийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний охидын 17 насны ангилалд оюун ухаанаа сорьж буй ОУХМ А.Энхтуул Монголын цагаар 15.00 цагаас тэмцээний сүүлийн өргийн тоглолтоо Туркменистаны шатарчин Жораева Говхертэй хийх гэж байна. Өөрийн ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй Туркменистаны шатарчныг хожсон тохиолдолд манай тамирчин А.Энхтуул дэлхийн аварга болох юм.

Тэмцээний 10 өргийн дараах байдлаар зохион байгуулагч Турк улсын шатарчин Кайа Эмел найман оноотой тэргүүлж байгаа бол А.Энхтуул 7,5 оноотой хоёрдугаарт бичигдээд байна. Гэхдээ Туркийн шатарчин бүх тоглолтоо хийж дууссан учир манай тамирчин сүүлийн өрөгтөө хожсон тохиолдолд дэлхийн өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын болзол хангана. Сануулахад, А.Энхтуул 2006 онд өсвөрийн сурагчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багийн гурван охины хамт алтан медалийн эзэд болж байсан юм.  Энэ удаагийн хувийн дэлхийн аваргад А.Энхтуулаас гадна охидын 15 насны ангилалд Б.Баярмаа өрсөлдөж байгаа бөгөөд манай хоёр тамирчны зардлыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Энхцаг ивээн тэтгэжээ. Б.Баярмаагийн тухайд 10 өргийн дараах байдлаар таван оноотой тавдугаарт бичигдсэн бөгөөд өнөөдөр сүүлийн тоглолтоо Туркийн шатарчин Соядан Бусратай хийх юм.

Дөнгөж саяхан бид А.Энхтуултай интернэтээр холбогдож, тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө, дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод чинь амжилт хүсье. Тэмцээн ямар болж байна?

-Тэмцээн өрсөлдөөнтэй, сайхан болж байна.

-Одоо дэлхийн аваргын төлөөх хамгийн шийдвэрлэх тоглолтоо хийх гэж байна. Өрсөлдөгчийнхөө талаар?

-Миний оролцож байгаа 17 насны ангилалд дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн шилдэг шатарчинтай өнөөдөр тоглоно. Гэхдээ энэ удаад тааруухан амжилт гаргаж, 10 өргийн дараах байдлаар дөрвөн оноотой наймдугаарт бичигдээд байгаа.

-Чиний тоглож байгаа охидын 17 насны ангилалд хэдэн шатарчин оролцож байна? Гол, хүчтэй өрсөлдөгч нь хаанахын шатарчид байв?

-Манай ангилалд нийт 11 шатарчин оролцож байна. Тэдгээрээс Туркийн шатарчид чансаа доогуур ч гэсэн маш сайн тоглолт гаргаж байгаа. Бас одоо тоглох Туркменистаны шатарчин, мөн ОХУ-ын шатарчин Имеева Айсатай хийсэн тоглолт хүнд байлаа.

-Дэлхийн аварга болж байсан шатарчид бий юу?

-Өмнө нь бусад насны ангилалд түрүүлж байсан шатарчид байгаа. Харин манай насны ангилалд дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан шатарчид оролцож байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж