Сонгинохайрхайн дүүрэг /СХД/-ийн засаг дарга Ж. Сандагсүрэн өнөөдөр /2020.04.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн иргэд Ардчилсан нам СХД-ийн иргэдэд сонин, ариутгалын бодис тараасан гэх мэдээллийг хийсэн билээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан дүүргийн иргэдийн сайн дураараа нэгдсэн “Иргэдийн нэгдэл” хөдөлгөөний зүгээс гэр хорооллын айлуудад ариутгал халдваргүйжүүлэлт муу байгаа тул өөрсдийн зүгээс тухайн ариутгалын бодисыг тараасан хэмээн дүүргийн удирдлагууд мэдэгдсэн юм. Энэ асуудалд СХД-ийн Засаг дарга болон холбогдох хүмүүс байр сууриа илэрхийллээ.
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГА Ж. САНДАГСҮРЭН:
-Ирэх долоо хоногт СХД-ийн гэр хорооллын айлуудад нүхэн жорлон болон муу усны нүхэнд бүрэн хэмжээний ариутгал хийх шийдвэр гарсан. Энэ ажил ид дундаа үргэлжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос уг ажлыг хийж гүйцэтгэх хувь хүн, албан байгууллагыг сонгон шалгаруулалтын шатанд явж байна. Төрийн худалдан авалтыг шууд хэн нэгнээр дамжуулах боломжгүй тул сонгон шалгаруулалтын процесс нь 14 хоног үргэлжилж байгаа. Гэтэл СХД-т хэсэг бүлэг иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хяналтгүйгээр, хамгаалах хэрэгсэлгүйгээр ариутгалын бодис тараасан гэдгийг төрийн байгууллага илрүүлсэн. Хэрэв иргэдэд тусламж, хандив үзүүлэх гэж байгаа бол түүнийгээ албан ёсны байгууллагуудад нь хүлээлгэн өгөх нь илүү зохистой байсан. Холбогдох хүмүүс нь хэрэгтэй ажлыг хийх ёстой.
Мөн тархалт нэмэгдэх магадлалтай байгаа энэ үед коронавирустай холбоотойгоор улс төр хийж, ард иргэдийн сэтгэл санаагаар тоглохгүй байхыг сануулж өндөржүүлсэн бэлэн байдлын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдал буураагүй байгаа энэ үед төрийн бүх шатны байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ. Засаг дарга Ж. Сандагсүрэний мэдээлснээр тус дүүрэгт 5512 ажилтан 2584 чиглэлд эргүүлд гарч, 24 мянга гаруй иргэнд зөвлөмж мэдээллийг хүргэжээ. Дүүргийн хэмжээнд хоёр эмнэлэгт тусгаарлах тасгийг бий болгож, тусгаарлалтаас гарсан 8 иргэнд хяналт тавьж, мөн иргэд болон ААН байгууллагаас хуримтлал үүсгэсэн 62,5 сая төгрөгөөр эмнэлэгүүддээ шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгч ажиллажээ.
Г.Энэбиш
Холбоотой мэдээ