Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17-НД СӨҮЛ РҮҮ НИСЛЭГ ХИЙНЭ
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.БАДРАЛ:
-Өнөөдрийн байдлаар 43 улсад 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Тухайлбал, Солонгост 2000, АНУ 1270, Австралид 906, Казакстан 560, Энэтхэгт 549, Туркт 437, Их Британид 365 иргэн Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээр дундаас
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 830
- Эрүүл мэндийн шалтгаантай 86
- Өндөр настан 278
- Жирэмсэн 32
- Бага насны хүүхэд 307
- Оюутан 973
- Байрлах газаргүй болсон 409
Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4,000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна. Дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл рүү нислэг хийхдээ АНУ, Австрали зэрэг улсаар дайран ирэх нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдээ эхний онгоцонд суулгана.
Мөн Европ руу нислэг хийхээр төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа. Оюутнууд эх орондоо ирэх хүсэлт ихээр тавьж байна. Одоогийн байдлаар 276 оюутан хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 110 орчим нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдийн оюутнууд байгаа юм. Оюутнуудыг татаж авах нь зөв үү буруу юу гэсэн асуудал нийгэмд яригдаж эхэллээ.
Учир нь өнөөдрийн байдлаар гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авсан.Үүний хоёр нь Москвад байна. Хэрэв бид оюутнуудыг хүлээж авахгүй тэнд нь үлдээвэл эдгээр хүмүүсийн амь нас эрсдэлд орно.
Ялангуяа Москвагийн оюутнуудыг авахаас өөр аргагүй. 110 оюутан маргааш өглөө Улаан-Үүд руу онгоцоор ирнэ. Халдвар авсан хүмүүсээ ч гэсэн бид авчирна. Эрхүү, Улаан-Үд, Москвагийн оюутнуудыг хооронд нь уулзуулахгүйгээр гурван үе шаттайгаар тусгаарлах ажил маргаашаас эхэлнэ” гэв.
ӨӨРСДИЙН ИРГЭДЭЭ АЛЬ БОЛОХ БОЛОМЖООРОО АВЧИРНА
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:
-Өнгөрсөн хугацаанд УОК, МИАТ компанитай хамтраад нийт арван чартер нислэг хийсэн байна. Тухайлбал, Сөүл, Токио, Берлин Станбул зэрэг хотоос иргэдээ авсныг та бүхэн мэдэж байгаа. УОК-оос өмнө нь ярьсанчлан таван шалгуур үзүүлэлтийг хангасан хүмүүсийг эхний ээлжид татаж авсан. Сөүлд эмчлүүлэх гээд очсон монгол хүмүүс олон байдаг учраас таван шалгуур үзүүлэлтээр сонгогдсон хүмүүс онгоцны дүүргэлтийг хэдхэн цагийн дотор дүүргэдэг.
Хамгийн эхний нислэг буюу Сөүлээс иргэдээ татаж авахдаа Элчин сайдын яаман дээр хүмүүс биеэр ирж бүртгэж байсан. Харин Сөүлийн Элчин сайдын яамнаас олон хүн цуглараад байхаар халдвар гарах эрсдэлтэй өөр арга хэмжээ ав гэсэн учраас онлайнаар бүртгэж эхэлсэн. Ингээд таван шалгуур үзүүлэлт бүр дээр таван утас гаргаад жагсаалтыг МИАТ компанид өгч байсан. Эхнээсээ бүртгэгдсэн 500 гаруй хүмүүс ар араасаа эх орондоо ирсэн. Өчигдөр БНСУ-аас ирсэн 260 хүний бүртгэл эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа гэхэд суудал дүүрэх жишээний.
Харин Европын нислэгт тийм олон хүн хамрагдаагүй. БНСУ-тай харьцуулахад хамаагүй бага хүнтэй байсан учраас 16-17 суудал сул ирсэн. Тиймээс өөр улсаас дамжиж хүмүүс онгоцонд хамт ирсэн.
Өнгөрсөн хугацаанд 1800 иргэдээ чартер нислэгээр татаж авсан бол газрын боомтоор буюу төмөр замаар авсан хүний тоо 6000 хүн ирсэн.
Эдгээр иргэдийг татаж авахын тулд Гадаад харилцааны яамнаас иргэн бүртэй тулж ажилласан. Амаргүй байсан. Гэхдээ зарим иргэдийн хувьд БНХАУ-аас орж ирэхэд хорих ял авах хэмжээний визний асуудалтай хүн байсан ч ганц хүнийг торгуулаагүй, хил дээр үлдээлгүй оруулж ирсэн. Бид цаашид тусгаарлах байрны хүрэлцээ, эмч нарын ачааллыг тооцоолон эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоог харж байгаад дараагийн онгоцоо нисгэнэ. Өөрсдийн иргэдээ аль болох боломжоороо авчирна. Иргэд амаргүй хүсэлт тавьж байна. Олон улс руу нисгэхийг хүсч байна. Гэхдээ нислэг үйлдэхэд улс орнууд хилээ хаагаад эхэлсэн учраас байдал хүндэрч байна. Япон, ОХУ, БНХАУ хилээ хязгаарласан энэ нөхцөлд нислэг хийх нь амаргүй нэмэлт зөвшөөрөл авах шаардлагууд тулгарч байна” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ