Саудын Араб Йемений Хутийн зэвсэгт босогчидтой хоёр долоо хоногийн турш галаа зогсоож дайны хөлд нэрвэгдсэн улсыг коронавирустай тэмцэхэд дэм болно хэмээн төрийн Сауди агентлаг мэдэгджээ. Таван жилийн турш тулалдаж буй тулаан өчигдөр/2020.04.09/-өөс эхэлж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн уриалснаар Covid-19 өвчинтэй тэмцэхэд илүү анхаарахын тулд түр завсарласан хэмээн эвслийн төлөөлөгч хурандаа Турки аль- Майки мэдэгдлээ.
Түүнчлэн ийнхүү түр гал зогсоох нь Саудын Арабын Аден, Ираны Хути нарын хооронд Йемений нийслэл Санаа хотод болж байгаа тулааныхаа талаар ярилцах боломж олгох гэнэ. Түүгээр зогсохгүй гал зогсоосноор НҮБ Йемен, Хути, Арабын зэвсэгт эвсэлтэй уулзаж, цаашид мөргөлдөөнийг зогсоохын тулд яах хэрэгтэй талаар ярилцах орчин бүрдэх юм.
НҮБ Саудын Арабын дээрх мэдэгдлийг сайшааж “Саудын Арабын хаант улсад болон Арабын зэвсэгт эвсэлд Йемений нөхцөл байдлыг ойлгож хүлээн авсанд талархаж байна. Талууд одоо энэ завшааныг ашиглаад нэн даруй цаашдын дайсагналыг арилгаж, энх тайвныг тогтоох хэрэгтэй” хэмээн Йемений тусгай элч Мартин Гриффитс хэлсэн байна.
Мөн Хутийн босогчдын төлөөлөгч Мухаммед Абдель Салам ч гэсэн энх тайвныг тогтоох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж “НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар гал зогсоосныг ашиглан бид тулааныг бүрэн зогсоож, энх тайван тогтоох тухай багтаасан албан бичиг НҮБ-д илгээсэн. Тус бичигт Йемений аюулгүй байдал, бие даасан байдал, эрх мэдэл, хараат бус байдлын талаар асуудлуудыг бас тусгасан” хэмээн жиргэжээ.
Йеменд олон жилийн турш үргэлжилсэн иргэний дайнд Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсын зэвсэгт эвсэл Ираны дэмжлэгтэй Хутийн босогчидтой тулалдаж, олон мянган хүний амь насыг хөнөөж, өлсгөлөн, өвчний дэгдэлт авчирсан юм.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ