Коронавирусийн халдварын үед Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, түүний үүрэн телефоны оператор компаниуд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаагаа өнөөдөр /2020.04.10/ Төрийн ордонд танилцууллаа.
ЦАХИМ ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОНО
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.ЧИНБАТ:
-Манай оператор компаниуд УОК болон ЭМЯ-аас иргэдэд зориулан хүргэдэг 184 сая 42 мянган мессеж буюу 3.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үйлчилгээг үнэгүй үзүүлжээ. Мөн 17 мянган минутын яриаг үнэгүй хийсэн байна. Цахим төлбөр тооцооны данс хоорондын гүйлгээний үнийг 0 төгрөг болгож, олон улсын ярианы төлбөрийг хөнгөлж 70 төгрөг болгосон.
Мөн теле хичээлийг IP телевизүүдэд үнэгүй оруулсан. Кино сангаа хямдруулж, онцгой байдалд зориулсан багц гаргаснаар 2 сая 534 мянган иргэд кино үзсэн байна.
Цаашид оюутан, сурагчдыг цахимаар сурах боломж олгох үүднээс Цахим портал сайтыг бий болгож, үнэгүй цахим хичээл, сургалт авах боломжийг хангахаар боллоо. Коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зориулалттай Мэдээллийн нэгдсэн мобайл аппликейшн гаргана гэлээ.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн тэргүүн Д.Нарантуяа “Мэдээлэл холбооны салбарт түүхэн үүрэг хариуцлага хүлээсэн операторуудын нэгдэлж байдаг. Онцгой нөхцөл байдлын үед боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын чиглэлээр харилцаа холбооны найдвартай бэлэн байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Цахим төлбөр тооцооны данс хоорондын гүйлгээний шимтгэлийг тэглэж, үндэсний эрүүл мэндийн мэдээлэл өгөх төвийн 119 дугаарыг богино хугацаанд ашиглалтад оруулсан. Нийгмийн хариуцлагын чиглэлээр манай салбарын компаниуд олон нийтэд халдвар тархахаас сэргийлэх олон ажлыг хэрэгжүүлсэн” гэлээ.
Харилцаа холбооны салбар нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны оператор компаниуд 12 тэрбумын арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, Олон улсын ярианы тарифыг 70 төгрөг болгож хямдруулсан бол харилцаа холбоог сайжруулах үүднээс тусгаарлалтад байгаа иргэдэд Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 шинэ дугаарыг үнэ төлбөргүй бэлэглэжээ. Мөн үйлчилгээний төлбөрийг онлайн болгох тал дээр анхаарч, теле хичээлийг IP телевизүүдэд үнэгүй оруулж кино сангаа хямдруулсан зэрэг олон ажил хэрэгжүүлжээ. Коронавирусийн халдварын улмаас дэлхийн улс орнууд хөл хорио тогтоож, эдийн засаг хямарсан энэ цаг үед харилцааны холбооны салбар ажлын байрыг цомхотгож, нэг ч ажилтнаа халаагүй гэдгийг тодотгов.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ