Улсын онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар коронавируст халдварын цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолд заасны дагуу 05 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрүүдэд хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулах,
Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх,
Зэвсэгт хүчний 032 дугаар анги хилийн ангиудаас бусад цэргийн нэгтгэл, ангид хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх,
Улаанбаатар хүрээний хилийн болон дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй байх,
Цэрэг татлагын үйл ажиллагааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар богино хугацаанд үр дүнтэй өндөр түвшинд зохион байгуулж явуулах,
Зэвсэгт хүчний жанжин штабаас тогтоосон хяналтын тооны дагуу аймаг, орон нутагт байрлах хилийн ангиудад тухайн аймаг, зэргэлдээх аймгуудаас хугацаат цэргийн алба хаагчийг татах ажлыг хэрэгжүүлэх,
Аймгийн цэрэг татлагын товчоо, эмч нарын комисс сумдад ажиллахдаа нарийвчилсан график төлөвлөгөө гаргаж, нэг дор 5-аас дээш цэрэг татагдагч иргэн цуглуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах,
Аймаг, орон нутаг дахь цэрэг татлагын үйл ажиллагааны үеэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг чанд сахиж, улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ