Posted by News.mn on Friday, April 10, 2020
"Хөдөө рүү хөгжлийг хандуулсан, залуусыг урамшуулсан төсөл болно"
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Дээрх хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд гарын үсэг зурсан билээ.
Төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 150 суманд болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх юм.
Энэ хүрээнд баруун долоон аймгийг шүлхий, бог малын мялзан зэрэг гоц халдварт өвчингүй бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын төв лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, улс даяар нийт малын эмч нарыг чадавхжуулах, ажлын байраар хангах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах аж.
20.000 малчныг шууд хамруулах уг төслийн үр дүнд малын гоц халдварт өвчний тохиолдол хамгийн багадаа 25 хувиар буурах, мах, сүүний гарц 15 хувиар, малын үнэ цэнэ 20 хувиар нэмэгдэх бодит үр дүн хүлээгдэж буй.
Түүнчлэн мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, малын үр шимийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах суурь нөхцөлийг бий болгох ач холбогдолтой.
Д.ТЭРБИШДАГВА:
-2013-2017 онд таван аймагт 11 сая төгрөгийн “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл хэрэгжсэн. Энэ хугацаанд төсөлд хамрагдсан 14 мянган малчны мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн гэсэн. Энэ бодит тоо мөн үү? Малаа эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх боломж учир хөрөнгө мөнгийг нь нэмэх боломж бий болов уу? Чухал зээл шүү.
Ч.УЛААН:
-Энэ төслийн нэгдүгээр ээлж амжилттай хэрэгжижи дууссан. Дэлхийн банк хөндлөнгийн үнэлгээ хийж, үр дүнг тооцсон. Хоёр дахь ээлжийн төслийг Монгол оронд даяар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зээл. 30 сая ам.доллартай тэнцүү хэмжээний арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үндэсний хэмжээний 2, аймгийн 15 лаборатори шинээр байгуулна. Лабораторийн хүчин чадлыг сайжруулах арга хэмжээнд 20 сая ам.доллар зарцуулна. Цаашлаад малчдын чадавхийг сайжруулна. Төслийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломж байхгүй.
С.БАТБОЛД:
-Ач холбогдолтой төслийн санхүүжилтийн хэлэлцээр орж ирж байна, дэмжиж байна. Олон улсын ассоциац ажлаа хийгээд байгаа юм байна. Зориулалт нь тодорхой юм байна. Хэрэгжүүлж буй аймгийн хувьд тэгш байдал хангагдаж байгаа юу? Говийн бүсийн аймгууд яаж хамрагдаж байна вэ? Хоёрт, Монгол улсын төрийн зүгээс хэр явагдаж байна вэ? Санхүүжилттэй холбоотой асуудал бүрэн дүүрэн явахгүй байна. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн асуудал яригдаж байна. Ялангуяа малыг бүртгэлжүүлж, генетикжүүлэх шаардлагатай гэсэн санаа бий.
М.БИЛЭГТ:
-Цар тахлын хүрээнд хөнгөлөлттэй зээлүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь зөв. Энэ 30 сая долларыг залуучуудаа ажилтай орлоготой болгох, идэвхийг нь сайжруулахад зарцуулмаар байна. Хөшүүргийг тийш нь хандуулмаар байна. Яаж ажилгүй залуучуудаа ажилтай болгох вэ?
Ч.УЛААН:
-Энэ төсөл одоо баруун таван аймагт хэрэгжинэ. Үндсэндээ 18 аймагт энэ төслийн хэрэгжилт хүрэх юм. Төрийн зүгээс мал сүргээ эрүүлжүүлэхэд анхаарч чадаж байна уу гэдэг зайлшгүй анхаарал тавих асуудал. Шаардлагатай арга хэмжээ графикийн дагуу явагдаж байна. ОУВС-гаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж буй боловсон хүчнийхээ чадавхийг бэхжүүлэхэд анхаарал тавих хэрэгцээ шаардлага бий. Энэ төсөл бүхэлдээ мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл. Алсдаа хамгийн үр ашигтай, хөдөө рүү хөгжлийг хандуулсан, залуусыг урамшуулсан төсөл болно гэдэгт итгэж байна. Энэ төсөл бол маш хөнгөлөлттэй нөхцөлтэй. Олон улсын стандартын хэмжээнд хүрч бүтээгдэхүүнээ баталгаажуулж, экспортод гаргах боломж бүрдүүлсэн төсөл болно гэж бодож байна.
Төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад 47 гишүүнээс 30 нь дэмжиж, 63,8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.
Хуулийн төслийн эцсийн найруулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар өнөөдөр (2020.04.10)-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дуусч, хуралдаан өндөрлөлөө.
“Дахин 6000 иргэнээ авчрах санаа байвч сачий хүрэхгүй байна"
УИХ-ын гишүүд Ө.Энхтүвшин сайдын хариулттай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Д.ТЭРБИШДАГВА:
-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар маш дэлгэрэнгүй танилцууллаа. Коронавириустэй холбоотой асуудлаар Монгол Улсын засгийн газар үлгэр жишээ, сайн ажиллаж байгааг хэлэх ёстой. Улам сайжруулж ажиллах ёстой. Гадаадад байгаа иргэдээ авчраад, тэднээр зөөвөрлөгдөн ирж буйг нэг бүрчлэн хянаад байгаа нь сайн хэрэг. Гадаадад ажил төрлөө хийж яваад саатаж, хүний нутагт ядарч зовж байгаа хүмүүсийг ЭСЯ-тай ярилцаад, хэлэлцээр хийгээд, тэдэнд туслах арга хэмжээ авсан жишээ баримт байна уу? Коронавирусийн хугацаа нэлээн үргэлжлэх хандлагатай байна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, бусдаас хамаарлаа багасгах асуудлаар нэлээн юм хиймээр байна.
Ө.ЭНХТҮВШИН:
-Гадаадад байгаа монголчуудын байдал өдрөөс өдөрт хэцүү болж байна. Тэндээс явуулж буй мессэжээс бид сайн мэдэрч байгаа. Бид аль болохоор энэ иргэдээ татаж авчрах юмсан гэсэн эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Он гарснаас хойш бид 6000 гаруй иргэдээ авчирсан, дахиад 6000 иргэн ирэх хүсэлтэй байна. Бүгдийг нь татаж чадахгүй нь. Манайд 250 хүн тээвэрлэх чадвартай хоёр онгоц бий. Нисэх баг цөөхөн. Нэг нислэг хийгээд ирсэн багаа тусгаарладаг учраас ойр ойрхон нислэг хийж чадахгүй байна. Санаа байвч сачий заримдаа дутаад байна.
Би НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагад хүсэлт тавьсан. Гадаадад байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Ойрын хугацаанд хариу ирүүлэх байх. Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж байна. Одоо ирье гээд байгаа 6000 иргэнээс хэд нь гудамжинд хоолгүй ундгүй байна вэ, хэд нь наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихсон байна вэ зэрэг судалгаа гаргахаар ажиллаж байна.
Д.САРАНГЭРЭЛ: -Маск зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ. Эрсдэлийн судалгааг 10 байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Маскаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байхя гэсэн уриалгыг дахин дэвшүүлж байна.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд н.ХАЛТАР:
-Хувийн иргэдийнм ашины хувьд бидэнд нэг болгоомжлол бий. хятадын талаас аль ч боомт дээр өнөөдрийн байдлаар экспортын тээвэр дээр өмнөх жирийн үеийнх шиг олноор нь авах асуудал хязгаарлагдмал болсон. 1500 машинд бүгдэд нь дараалал өгөхөөр жолооч нар машиндаа олон хоног байж, сөрөг үр дүн гарах тул боломжтой хэмжээгээр нь ачилт хийж байна. Иргэдэд өгөх С зөвшөөрлийн хувьд аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө авч гэрээ байгуулдаг тул аль болох мэргэжшсэн жолооч нар тээвэр хийх шаардлага тавьж байгаа.
Д.ОЮУНХОРОЛ:
-Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд талархаж байна. Тангараг өргөсөн цагаан халатнууд, эмч ажилтнууддаа талархал илэрхийлж байна. Монгол харьцангуй бэрхшээл бага байгаа ч хүн амынхаа дунд халдварыг алдахгүй барьж ажиллаж чадаж байгаа нь сайшаалтай. Эмчилгээ, оношлогоо хийх лабораторийн тоног төхөөрөмжийн байдал нэлээн сайжирсан гэж ойлгож байгаа.
Д.САРАНГЭРЭЛ: –Оношлогооны хувьд та бүхэн мэдэж байгаа. Япон улс шинэ төрлийн коронавирусийн халдварыг эмчлэх оношлуур үйлдвэрлэснээс гурав хоногийн дараа Монголдоо оруулж ирсэн. Олон улсын байгууллага, түнш орнууд ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж байна. Өнөөдөр 36 мянган чанарын шаардлага хангасан оношлуур Токиогийн онгоцоор хүлээн авсан. Хэрэв иргэд өөртөө эргэлзэж, ямар нэг шинж тэмдэг илэрсэн гэж бодож байгаа бол сайн дураараа ХӨСҮТ-д очиж оношлуулах боломжийг нээж өгч байгаа. Япон улс, Жайка, Сингапур, ОХУ, Хятад улс оношлуурын хувьд тусламж дэмжлэг үзүүлсэн. Хэрэв халдвар олныг хамарч тархвал ямар хүнд байдал үүсдэгийг гадны жишээ харуулж байна. Иймд эх орондоо халдварын тархалтыг гаргачихгүй байх юмсан гэсэн санаагаар маск зүүхийг шаардаж буй. Бие биедээ шаардлага тавья. Харамсалтай нь назгайрах байдал ажиглагдаж байгаа учраас хуулийн хүрээнд анхаарах хэмжээнд хүрч байна.
Ө.ЭНХТҮВШИН:
-Их өндөр эрсдэлтэй нөхцөл байдал ажиллаж буй ажилчдын урамшууллын талаар асуулаа. Засгийн газрын хуралдаанаар тэдгээр ажилчдын илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөг баталсан. Өчигдөр миний бие ХӨСҮ-т ажиллаж, голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоо мэдэгдсэн. Бусад байгууллага хуулийн дагуу явж байгаа. Сайд нар өөр өөрсдийн багцад байдаг санхүүжилтээсээ мөнгө гаргах эрхийг Улсын онцгой комиссоос олгосон байгаа.
С.ЭРДЭНЭ:
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт байндаа тусахгүй байна. Зах зээлд жин дарах салбаруудаа үлдээж байна. Хүүхдийн мөнгөнд бүх хүүхэд хамрагдах боломжгүй байна. Шатахууны үнэ 300 байтугай төгрөгөөр буурах боломжтой. Засгийн газраас зарласан долоон нэр төрлийн хөтөлбөр байндаа тусч байгаа юм уу? Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа юм бэ?
М.ОЮУНЧИМЭГ:
-Дулаарч байна. Нийслэлийн хүн ам 1.3 сая, 70 хувь нь гэр хороололд. Тэнд хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрсэн билээ. Нүхэн жорлонгийн асуудал байна. Ариутгалын машины эрэлт ихтэй, бүх гудамжаар орж амжаагүй байна. Улсын онцгой комиссын дарга энэ тал дээр санхүүжилт гаргаж, зохион байгуулалттай тодорхой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Д.САРАНГЭРЭЛ:
-Үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хийх үүрэг чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд өгсний дагуу 14 хоногийн хугацаанд хийгдэж байна. Ер нь засгийн газар эхлээд хүнээ, дараа нь эдийн засгаа бодъё гэсэн шийдвэр гаргасан. Иргэдийнхээ дунд халдвар гаргалгүй ажиллаж байгаа нь том үр дүн.
Д.ЭРДЭНЭБАТ:
-Засгийн газар халдвараас урьдчилан сэргийлж, хангалттай сайн ажиллаж байна. Магтаалаа хэтрүүлчих вий, магтаал надаар дуусаг. Энэ цар тахал нэгэнт гарчихвал амьсгалын дутагдалд орж өнгөрч байгаа. Амьсгалын аппарат хэр зэрэг хангалттай байна вэ? Аймаг болгон дээр доод тал нь 10 аппарат яаралтай оруулж ирмээр байгаа юм. Эмийн хангамжийн тухайд хөнгөлөлттэй эмийн хүрэлцээ хангамж муу, тасалдаж эхэллээ гэсэн мэдээлэл ирж байна. Энэ ямар байдалтай байна вэ? Гадаадад сурч байгаа оюутнууд хүнд байдалтай байна. Тэдний нөхцөл байдал онцгой хүндрэх нь ээ. Яаралтай ямар арга хэмжээ авах юм бэ? Энийг УИХ яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд яах вэ?
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга:
ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөл хуралдсан. Судалгаа хийсэн, зайлшгүй шаардлагатай зүрх судасны, хүүхдийн тусламжийн, чихрийн шижингийн эмүүд дутагдалд орох судалгаа гарсан. Дэлхий нийтэд эмийн хомсдол үүсч байгаа. Эм ханган нийлүүлэх байгууллагууд эрүүл мэндийн салбартайгаа маш сайн хамтарч ажиллаж байна.
Ё.БААТАРБИЛЭГ:
-12 дугаар ангийн сурагчдын ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар ажиллаж байна. Асуулга авч байна. ЭЕШ-д бүртгүүлсэн үү, 5-р сард танхимаар давтлага өгөх асуудал зөв байна уу гэсэн асуулга гаргасан. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй эцэг эх хандаж, 3000 гаруй хүүхэд асуулгад оролцсон. 85 хувь нь танхимаар давтлага авмаар байна гэсэн. Давтлага өгөхөөр бол ДЭМБ-ын шаардлага дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсний хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр Улсын онцгой комисст танилцуулж, засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна.
Д.САРАНГЭРЭЛ:
-Нийтдээ эрүүл мэндийн салбарт 475 амьсгалын аппарат бий. Дэлхийн банкны шугамаар 45-ыг авсан, одоо удахгүй 500 ширхэг аппарат иж бүрнээр нь авна, Сангийн сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй 26.9 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Эрчимт эмчилгээнийхээ чадамжийг энэ хэрээр бүрдүүлнэ. Нийт амьсгалын аппарат 1000 гараад явж байна.
О.БААСАНХҮҮ:
-Хэдий хэмжээнд хориг арга хэмжээ авах юм бэ? Эдийн засаг, нийгэм үндсэндээ зогсонги байдалтай байна. Сангийн сайдаас төсвийн алдагдал хэд хүрсэн тооцоо байна вэ? 5.1 их наядыг хаанаас гаргах вэ, эх үүсвэр нь хаана байна вэ? Ойролцоогоор 200-гаас нэг сая доллар зарцуулсан гэсэн. Тооцоог нь гаргаж өгч болох уу?
Д.САРАНГЭРЭЛ:
-Маскны ариун цэврийн талаарх зөвлөмжийг байнга өгөөд явж байна.
С.ХҮРЭЛБААТАР:
-Эхний гурван сар буюу 2020 оны нэгдүгээр улирлын хувьд урьдчилсан байдлаар төсвийн орлого бидний төлөвлөж байснаас 111 тэрбум төгрөгөөр бага орж ирлээ, бүх зардлыг бид гаргаад явж байна. Нэгдсэн төсвийн алдагдал 270 орчим тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, төсөв тодотгоод байх хэмжээний алдагдал биш.
Гишүүд, асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн асуулга тавьсан УИХ-ын гишүүдийг төлөөлөн Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол нар үг хэллээ.
Д.ЭРДЭНЭБАТ:
-Нийтийн урьдчилан сэргийлэх, оношлогоо шинжилгээний асуудал дээр тайвширч болохгүй, анхаарч ажиллах ёстой. Хоёрт, эдийн засагтай холбоотой асуудал. Экспорт яах аргагүй тасалдаж байна. УИХ ажлын хэсэг гаргаж, газар дээр нь танилцах ёстой. Үүний үндсэн дээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөх хэрэгтэй.
Д.ОЮУНХОРОЛ:
-Аюул улс орны үүдийг нээсэн, бид назгайрч болохгүй. 6000 иргэнээ татаж авах асуудлыг үе шаттай шийдэх байх.
М.ОЮУНЧИМЭГ:
-Хоёр дахь шатны ажил руу орж байна. 5.1 их наяд төгрөгийн асуудал орж ирж байна. Нийгмийн даатгал төлдөг хүмүүсийн 75 хувь нь хамрагдаж байна. Мөн хүүхэд бүрт сар бүр 30 мянган төгрөгийг нийт хүүхдийн 95 хувь нь авч байна. Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хүн бүрт хүрч байна. Хяналтаа сайн тавих нь зөв болов уу. Ажлын байрыг хадгалах, орлого дээр тодорхой багц арга хэмжээ авлаа. Хэрэгжилт дээр нь анхаарах хэрэгтэй болов уу. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын 90 дүгээр тогтоолыг бодитоор хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
“Монгол Улсад короновирус /Сovid-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож дууслаа.
Ө.Энхтүвшин: Өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байх нь чухал
Гишүүдээс асуулга хүргүүлсний дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин коронавирусийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
Асуулга 1. Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эмнэлгийн оношилгоо, үйлчилгээ, эм, эмнэлгийн болон хамгааллын хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчний нөөц хангамж, түүний хуваарилалт, төлөвлөгөөний талаар
-Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах стратегийг баримтлан ажиллаж байна.Халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар манай улсад зөөвөрлөн ирсэн 16 тохиолдол илэрсэн 4 иргэнийг манай эмч нар амжилттай эмчлэн эдгээснийг онцлон тэмдэглэе. КОВИД-19 халдварын эмчилгээ оношилгооны зааврыг ДЭМБ болон ОХУ, БНХАУ-ын оношилгоо эмчилгээний удирдамж, заавар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанд үндэслэн үндэсний эмчилгээ оношилгооны зааврыг тухай бүр боловсруулан мөрдөж байна. Засгийн газрын нөөц сангийн 10,0 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажиллаж байна. Үүнд 12 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн эсрэг болон уушгины хатгалгаа өвчний эмчилгээнд шаардлагатай 6 нэрийн эм, вирусийн эсрэг, антибиотик, судсаар сэлбэх шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 21 нэрийн эм, хүчилтөрөгч эмчилгээнд шаардлагатай 5 нэрийн эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, аймаг, нийслэлийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад хуваарилсан. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс 1200, ОХУ-аас 200, ДЭМБ-аас 3000 оношлуурыг авч, оношилгоонд хэрэглэж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 нэрийн төрлийн 572тоног төхөөрөмж худалдан авч Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Орхон, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хуваарилан угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгээд байна. Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авч хуваариллаа. Дорноговь аймгийн Замын-Үүдсуманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг 8 сургуулийн 6 дугаар курсын 1340 оюутан, 1824 дадлагажигч эмчийг сургаж бэлтгэн халдвартын чиглэлээр бусад эмнэлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар лавлагаа төвүүдийн 159 эмч, 66 сувилагчийг тусгайлан бэлтгээд байна. Тусгаарлах байруудад лавлагаа төвийн нэг эмч ахлан, дадлагажигч эмч нарыг томилон ажиллуулж байгаа бөгөөд мөн 168 резидент эмч нарыг нийслэлийн автозамын хяналтын цэгүүдэд ажиллуулсан.
ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран тархвар судлал, эмнэлзүй, халдварын хяналт сэргийлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажууллаа.
Асуулга 2. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, шинжилгээ, нийгмийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээ, дайчиллагааны төлөвлөгөөний талаар
-Салбар хоорондын эрсдэлийн үнэлгээний баг байгуулж, эрсдэлийн үнэлгээг 6 удаа хийсэн бөгөөд 3 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үнэлгээгээр КОВИД-19 халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх, улмаар тархах эрсдэл “Маш өндөр” гэж дүгнэсэн болно. УОК-ын даргын 2020 оны 6 дугаар тушаалаар Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах, харилцан ажиллагааг зохицуулах, шаардлагатай асуудлаар санал боловсруулах чиг үүрэгтэй Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.
Уг шуурхай штаб “КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө”, “Гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авчрах, тусгаарлах төлөвлөгөө”, “КОВИД-19 халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”, “КОВИД-19 халдварын үед иргэдийг гэрт үргэлжлүүлэн тусгаарлах түр журам”, “Тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийг гэрээражиглах зөвлөмж”, “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам” зэрэг баримт бичгийг мөрдөж ажиллаж байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн идэвхжлийн горимд шилжив. КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13,745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,950, бусад төрийн захиргааны байгууллагын 1,200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн ажиллаж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдууланаймаг, нийслэлийн хэмжээнд нийт 6,125төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, мэргэжлийн ангийн нийт 462 гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 13840 хүн, 2045 автомашин, техник хэрэгслийг томилгоожуулав.
Асуулга 3. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй төрийн албан хаагчдын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс үзүүлж буй тусламж, дэмжлэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөөгөөний талаар
-КОВИД-19 халдварт өвчний үед иргэдэд төрөөс үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, нийгмийн хамгааллын чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүнд:
– Өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4, 5, 6 дугаар сард 30000 төгрөг болгох;
– 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх;
– Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна.
Дээрх арга хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын гэр бүлийн гишүүд хамрагдах боломжтой юм. Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан. Халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан хариуцан хэрэгжүүлж буй ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд ажилтнууддаа богиносгосон цагаар ажиллах, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, албан хаагчдыг хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, албан хаагчийн ар гэрт нь хүнсний тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий аудио болон видео хичээлүүдийг өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгох болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон гэр бүлд дараах дэмжлэгүүдийг үзүүлж байна. Үүнд:
· Эмч эмнэлгийн мэргэжилтнийг халдвараас сэргийлэх, тэдний дархлааг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргаж, хэрэгжүүлж ажиллаж байна.
· Төрийн албан хаагч нарын гэр бүлийнхэнд амны хаалт оёж түгээх ажлыг эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулж байна.
· Эмч, эмнэлгийн ажилтнуудыг дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлж хэвшлээ.
· Халдварын голомт, тусгаардах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангаж ажиллаж байгаа бөгөөд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас сэргийлэх сургалтад тогтмол хамруулан, сургаж дадлагажуулж байна.
· Үүрэн телефоний компаниудтай хамтран холбогдох албан тушаалтан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн утсыг нэгж, датагаар хангаж байна.
· Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахад зориулж, МИАТ компаниас нислэгийн тийзийн эрхийг эрүүл мэндийн салбар, лавлагаа төвүүдэд олгосон.
КОВИД-19халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд 5 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй болон өрх толгойлсон алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажлын цагийг богиносгож 15:30 цаг, бусад эмэгтэй алба хаагчид 17:30 цаг, эрэгтэй алба хаагчид 18:00 цаг хүртэл ажиллахаар журамласан ба 0-5 насны хүүхэдтэй 75 эмэгтэй албан хаагч тушаалын хүрээнд богиносгосон цагаар ажилласан. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд орно.
Асуулга 4. Халдварын голомт бүхий гадаад улс орноос Монгол Улсад ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалт хийх, эмчлэх байрны нөхцөл байдал, хоол, хүнсний үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдал, эмнэлгийн болон ахуйн хог хаягдлын устгалыг хийх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөгөөний талаар
-2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байна. Улсын онцгой комиссын даргын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр баталсан “КОВИД-19 халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-аар тусгаарлах байранд тавигдах шаардлага, мөрдөх хэм хэмжээ, тусгаарлан ажиглалтад байгаа иргэний үүрэг зэрэг харилцааг зохицуулж байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна.
Тусгаарлагдсан иргэдэд 2800-3200 ккал илчлэгтэй хоол хүнсээр өдөрт 3 удаа үйлчилж байгаа бөгөөд хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа. Тусгаарлах байрт эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас нийт 416 алба хаагч томилогдон ажиглалтад байгаа иргэдийн биеийн халууныг хянах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байна. Тусгаарлах байрны өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тухайн байгууллага, эцсийн халдваргүйтгэлийг ЗӨСҮТ гүйцэтгэж байна. Тусгаарлах байранд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны хэрэглэсэн амны хаалт, халад, малгай зэрэг хог хаягдлыг эмнэлгийн хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох “Элемент” ХХК-д устгаж байгаа.
Асуулга 5. Халдварын голомт бүхий гадаад улс орноос монгол иргэдийг эх орондоо татан авчрах судалгаа, тооцоо, төлөвлөгөөний талаар
2020 оны 1-р сарын 28-ны өдрөөс 4-р сарын 9-ны байдлаар Монгол Улсын нийт 19 боомтоор 77,974 Монгол Улсын иргэн орж ирснээс халдварын голомт бүхий улс орноос иргэдээ зохион байгуулалттайгаар татан авчрах Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 6,259 иргэнийг татан авчирсан байна. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоосонтой холбогдуулан ГХЯ, ЗТХЯ, ХХЕГ хамтран 1 дүгээр сард 3036, 2 дугаар сард 934, 3 дугаар сард 1,501, 4 дүгээр сард 788, нийт 6,259 Монгол Улсын иргэдийг /Буянт-Ухаа-1842, Булган-3, Шивээхүрэн-436, Гашуунсухайт-863, Ханги-10, Замын-Үүд-1919, Бичигт-404, Баянхошуу-18, Хавирга-329, Алтанбулаг-78, Арцсуурь-1, Ханх-7, Цагааннуур-344, Эрээнцав-3/ татан авсан. 9 захиалгат нислэгээр БНХАУ-ын Ухань хотоос 31, БНСУ-аас 766, ОХУ-аас 231, Япон улсаас 519, БНТурк Улсаас 252, Катар улсаас 43, татан авсан нийт 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор улсын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлсэн.
Хилийн Буянт-Ухаа, Гашуунсухайт, Бичигт, Хавирга, Булган, Алтанбулаг, Ханх, Боршоо, Эрээнцав, Цагааннуур, Сүхбаатар боомтоор өндөр халуурсан, голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд болон тэдгээртэй ойрын хавьтал бүхий нийт 4367 иргэнийг хилийн мэргэжлийн хяналтын алба, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, тусгаарласан. 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад 4413 байна. Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байна. Түүнчлэн гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байна. Үүнд, халдварын тархалтын талаар мэдээлэл, сурталчилгаа хийх, амны хаалт, ариутгалын бодисоор хангах, ажил, орлогогүй болсон иргэдэд мөнгөн тусламж өгөх, тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Асуулга 6. КОВИД-19 халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах төлөвлөгөөний талаар
-КОВИД-19 халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын7 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр багц арга хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувь буюу 5.1 их наяд төгрөг болно. Үүнд:
1. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд НДШ-ээс ААНБ -уудыг бүрэн тэглэлээ. 26 хувийн татвар тэглэсэн.
2. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Бүрэн чөлөөллөө.
3. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААНБ-ын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй.
4. Дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаанд үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ААНБ-ын ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. НДШ-ээ төлж байгаа, ажилчдынхаа орон тоог цомхотгоогүй ААНБ үүнд хамрагдана. НДЕГ дээр НДШ төлдөг байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэж дээрх мөнгийг олгоно.
5. Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгоно. Хүүгийн зөрүүг Засгийн газар даана.
6. 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 000 төгрөг дээр нэмж 10 000 төгрөг 3 сарын турш олгоно.
7. Дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн шатахууны литр тутамд 300-400 төгрөгийн хямдрал үзүүлж буулгах ажлыг хэрэгжүүлнэ.
Үүний зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхээр тооцвол нийт 8.2 их наяд төгрөгийн дүнтэй багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг хөрөнгө оруулалтын батлагдсан санхүүжилтээс бусад шаардлагатай 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг гадаад зээл, тусламж, төсвийн хөрөнгө, боломжит хэмнэлтээс санхүүжилтийг шийдвэрлэж байна. Нийт 179.7 тэрбум төгрөгийн гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрболон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардал байна. Эдийн засгийн эргэлтийг сэргээх ажлын хүрээнд нүүрсний экспортыг сэргээж, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудаар нүүрс тээвэрлэлт эхлээд байна. Түүнчлэн 2020 оны улсын төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийн нийт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилтийг хийснээр нийт туслан гүйцэтгэгч, гэрээт зэрэг 15,000 гаруй аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажилд оролцож, тэдгээрийн 150,000 гаруй ажилчид цалинтай, орлоготой байх юм. Мөн бүх шатны гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгчийн зардал, тавилга эд хогшлын зардал, их засвар, хурал зөвлөгөөний болон бусад тэвчиж болох бүх урсгал зардлыг бүрэн зогсоогоод байна.
Асуулга 7. КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд ард иргэд, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, бусад улс орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас үзүүлж буй санхүүжилт, хандив тусламж, түүний зарцуулалт, хуваарилалтын талаар
-Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна. Үүнд: АХБ-наас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна. Мөн төсвийн дэмжлэг болох ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас 60.0 сая ам.доллар, Европын холбооны 47.1 сая ам.доллар орж ирэх бөгөөд шинээр төсвийн дэмжлэг болгож АХБ-наас 200.0 сая ам.доллар хүртэлх зээл, бусад олон улсын байгууллагаас 100 сая.ам долларын зээл шийдэгдэнэ. Түүнчлэн шинээр хэрэгжих 14 хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслийн эх үүсвэр нийт 720.0 сая ам.доллар байна. Эдгээр бүх санхүүжилт, хандивыг зориулалтын дагуу ашиглаж хуваарилалт хийгдэх юм. КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөг, 469.8 сая төгрөгийн бараа, материал, нийт 3 тэрбум 381 сая төгрөгийнхандив, тусламжийг 305 аж ахуйн нэгж байгууллага, 28749 иргэнээс үзүүлсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 320 сая төгрөгийн 5000 ширхэг амны хаалт /нэг удаагийн/, 5000 ширхэг амны хаалт/N95/, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 ширхэгоношлуурыг тус тус хүлээн авч, ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Мөн тус улсын иргэн Жак Ма-аас 500 мянган ширхэг амны хаалт /KN95/ хандивласныг хүлээн авсан. Хандив, тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваарилах, хяналт тавих үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан "Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам"-аар зохицуулан ажиллаж байна. Үүнд:
– Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Зүрх тасагт аппарат худалдан авахад 240 сая төгрөг, уушиг орлуулах ECMO аппаратын иж бүрдэл тус тус худалдан авахад 450 сая төгрөг;
– КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахаар БХЯ-ны "Бөртэ" ТӨҮГ, ШШГЕГ-ын 407, 409 дүгээр анги, ХХЕГ-ын 0288 дугаар ангийн оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт оёулахаар байгуулсан гэрээний зардал 85 сая төгрөг;
– Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Төрийн байгууллага болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих, УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад 689.4 сая төгрөг;
– БНХАУ-аас ирүүлсэн хандив, тусламжийг хүлээн авах, тээвэрлэх болон УОК-ын шуурхай штаб, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах зардалд 53.6 сая төгрөг, нийт 1 тэрбум 538 сая төгрөгийг зарцуулж, 1 тэрбум 372 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
КОВИД-19 халдварын цар тахлын голомт болон эрсдэлтэй нөхцөлд ажилласан эмч, эмнэлэгийн ажилчид, төрийн байгууллагын албан хаагчдад олгох урамшуулалд 631.9 сая төгрөг, БНХАУ-ын Засгийн газраас дахин өгч буй хандивын бараа, материалыг хүлээн авахад 5,5 сая төгрөг, нийт 637,4 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн амны хаалт, бээлий, эмнэлгийн ор, халдвар хамгааллын хувцас, цэвэрлэгээний материал, шатахууны талон, гар утасны ярианы нэгж, интернет дата эрх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн гэх мэт 18 нэр төрлийн бараа, материалыг Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу тусгаарлан ажиглах байрууд, УОК-ийн Шуурхай штаб болон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгов. КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжихээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс Эрүүл мэндийн яаманд 709,6 сая төгрөг мөнгөн хэлбэрээр, 651,4 сая төгрөгийн эд, материалын хандив цугларсныг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/193 дугаар тушаалаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, илүү цагийн хөлс, шатахууны зардалд харъяа эмнэлгүүдэд хуваарилан зарцуулсан байна.
Аймаг, нийслэлийн Онцгой комисст Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 2,3 тэрбум төгрөг, ЦЕГ, МХЕГ-т ахуйн нэгж байгууллага, иргэдээс 80,1 сая төгрөгийн хандив, тусламж ирүүлсэн бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарцуулж байна. Хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарцуулалт, худалдан авах ажиллагааны талаарх тайлан, мэдээллийг холбогдох байгууллагын шилэн дансанд байршуулахаас гадна Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудас болонхэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлэж байгаа болно.
Асуулга 8. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарч байгааг тооцоолж, эдийн засгийн эргэлтийг сэргээх, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх талаар
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх тухай санаачилгыг манай Засгийн газар судалж байна. УИХ-ын 2020 оны 4-р сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн КОВИД-19 халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Мөн дээрх тогтоолтой хамт өргөн мэдүүлэгдсэн байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж буй юм. Түүнчлэн, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдлээ.
Дотоодын зах зээлд махны хангамжийн тогтвортой байдлыг хангах, нийлүүлэлтийн хомсдол, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор мах, махан бүтээгдэхүүний экспортыг түдгэлзүүлэх хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж, Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэсэн нөөцийн махны хэмжээг цаашид нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна. Гамшгийн нөхцөлд хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний дэд төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, төлөвлөгөөгөө Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд спиртийн 5 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хүн эмнэлэг, эмийн үйлдвэрлэл, мал эмнэлэг, ариутгал халдваргүйтгэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 2020 онд хэрэглэх хүнсний болон техникийн спиртийн хуваарийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А-17 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан санхүү, төсвийн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай саналыг бэлтгэн Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлж, дэмжигдэв. Тогтоолын өөрчлөлтөөр Монгол Улсад импортолж байгаа хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд холбогдох татвараас чөлөөлүүлэх хуулийг УИХ-ын Чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар батласан.
Асуулга 9. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төслийн талаар
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг баталж, хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүнд: Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Онц байдлын тухай хууль,Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тусгайлсан хууль гаргаж зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.
Асуулга 10. КОВИД-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээ, сувиллын талаар дэлхийн улс орнуудад хийгдэж байгаа туршилт, туршлага, нөхцөл байдлын талаар
-КОВИД-19 халдварын үр дүнтэй эмчилгээг гаргах зорилгоор 4 эмийн үйлчлэлийг судлах "Эв нэгдлийн туршилт” нэртэй олон улсын эмнэл зүйн туршилтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхлүүлсэн. Энэ судалгаанд олон орны өвчтөнийг нэгэн зэрэг хамруулснаар үр дүн нь батлагдаагүй эмчилгээг богино хугацаанд харьцуулах боломж олгож байна. 4 төрлийн эмийн бодист Ремдезивир, хумхаа өвчний эмчилгээнд хэрэглэгддэг хлороквин, ДОХ-ын 2 эмийн (лопинавир, ритонавир) хавсарсан эмчилгээ болон лопинавир, ритонавир дээр Бетта-интерферон орсон. Давхар хяналттай эмнэл зүйн туршилтыг аргачлалыг боловсруулж, судалгааг явуулах дундаж хугацаа нь хэдэн жил үргэлжилдэг байхад "Эв нэгдлийн туршилт” нь хугацааг 80% хүртэл бууруулсан. Одоогийн байдлаар 74 улсын 200 өвчтөн хамрагдаад байгаа бөгөөд Монгол Улсыг уг хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна. БНХАУ вирусийн гений дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа вакцины анхны туршилт эхэлсэн. Одоогоор 20 гаруй байгууллага, компани вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Вакцин гаргаж авахад 12-18 сар шаардлагатай. SARS, MERS-ийн вакцины гений дараалал харилцан хамгаалах магадлал багатай. Хам урвалын лабораторийн шинжилгээний хариу хэдэн 7 хоногийн дараа гарна. ДЭМБ-ын болон БНХАУ-ын эмчилгээний зааварт хөнгөн өвчтөнийг 14 хоног, хүндэвтэр болон хүнд өвчтөнийг 3-6 долоо хоног эмчилнэ гэсэн. Гэтэл манай улсад эмчлэгдэж буй анхны тохиолдол өнөөдрийн байдлаар 27 хоног эмчлэгдэж байгаа боловч цаашид 2 долоо хоног эмчлэх шаардлагатай байна. Эмнэлзүйн зөвлөх эмч нарын зөвлөгөөний дагуу вирусийн эсрэг Ремдесивир, Хлорафин фосфат, Лопинавир+Ритонавир, Авиган, Рибавирин зэрэг эмүүдийн захиалгыг хийсэн. БНХАУ-д альфа интерфероныг утлагаар, мөн эдгэрсэн хүний цусны ийлдсийг ялгаж авч эмчилгээнд туршиж байна. Мөн уламжлалт эм танг халдварын хөнгөн үед, дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж байгаа. Зүү эмчилгээг өвчлөөд эдгэрсэн хүнд сэргээн засах эмчилгээний зорилгоор хэрэглэж байна. БНХАУ, Япон, БНСУ, Австрали, болон АНУ, Израиль улсын эрдэмтэд КОВИД-19 халдварын эсрэг вакциныг турших ажлыг хийж байна.
КОВИД-19 халдварын эмчилгээ оношилгооны зааврыг ДЭМБ болон ОХУ, БНХАУ-ын оношилгоо эмчилгээний удирдамж, заавар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа, нотолгоонд үндэслэн өөрийн улсын эмчилгээ оношилгооны зааврыг тухай бүр шинэчлэн боловсруулахын зэрэгцээ уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ оношилгооны заавар гаргасан. Сүүлийн үед цөөнгүй хүн тайвшрах, амны хаалт хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй атлаа сэлгүүцэн хэсүүчлэх, ялангуяа зуслан зэрэг хотын зах газруудад олноороо цуглаж бужигнах, хүүхэд залуучууд сагс, гар бөмбөг зэрэг олныг хамарсан тоглоом наадмыг хээр гадаа зохион байгуулах, хорооллын дотор болон орон сууцны орц хонгил, гудамж талбайн цэвэрлэгээ хангалтгүй байгаа зэрэг үзэгдэл ихсэх хандлагатай байгаад бүх түвшинд дүгнэлт хийж анхааръя.
Бид тайвшрах болоогүй. Цагийн байдал хүнд хэвээрээ, өдрөөс өдөрт шинэ шинэ нөхцөл бий болж байна. Хөл хөдөлгөөн ихсэхийг КОВИД-19 халдварын цар тахал огт анддаггүй нь дэлхийн улсуудын сургамжаас харагдаж байна. Хятад хаврын баяраа өргөн тэмдэглэснээс, Солонгос сүмийн цугларалтаас, Иран өдөрт хэдэн удаа үйлддэг мөргөлийн ёс заншлаас, Итали Миланд болдог олон улсын загварын үзэсгэлэн шоу зохион байгуулснаас, Америк ердийн нэг томуу хэмээн тайвширснаас, Франц, Герман, Англи зэрэг орон урьдчилан сэргийлэх ажлыг дутуу үнэлснээс хяналтаа алдсан будсын гашуун сургамжийг бид байнга санаж, сэрэмжтэй явах учиртайг нийт иргэддээ сануулъя. Иймд манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр “Дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй”, “Маскаа зүүцгээе” аянд нэгдэн, идэвхтэй ажиллахыг олон түмнийг дагуулах хүчирхэг хэрэгсэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нарт уриалж байх, эмх цэгц, дэг журам хариуцлагыг сануулах талуудыг буулгаж хэрхэвч болохгүй.
Энэ бол монголчууд бүгдээр эрүүл эсэн мэнд явах арга мөн гэдгийг эцэст сануулъя. Иргэд зайнаас харьцах, төр хувийн хэвшлийн аль ч байгууллага, худалдаа үйлчилгээний газрууд маскгүй хүнд үйлчлэхээ бүр мөсөн болих. Гудамжны эргүүлийн тоог нэмэх. Гудамж талбайд иргэд бие биедээ хатуу шаардлага тавьж хэвших. Залуус олноороо цугларсан газруудад шуурхай хүрч зохицуулах, тараах. Зохион байгуулсан этгээдэд шийтгэл оногдуулах арга хэмжээг төрийн байгууллагууд цаг алдалгүй авч байх шаардлагатай байна.
Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлтэй, чанд зохион байгуулалттай, өндөр хариуцлага сахилга баттай, онцгой сонор сэрэмжтэй байж чадсанаар тохиолдож болох өвчин бэрхшээл эрсдэлийг хохирол багатай даван туулах болно.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулган: "Covid 19"-ийн тархалтын талаарх асуулгын хариуг сонсож байна
УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдээс “Монгол Улсад короновирус /СОVID-19/-ийн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Засгийн газраас шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, аймгуудын нийт 52 байршилд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Шадар сайд хэлэхдээ, гадаадын улс орнуудаас авчирсан 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор, Бичигт, Хавирга, Алтанбулаг, Ханги, Эрээнцав зэрэг боомтуудаар нийт 4367 иргэнийг тус тус нэвтрүүлэн, хорио цээрийн дэглэм дагуу тусгаарлах байруудад байршуулан ажиллаж буй тухай мэдээллээ.
"Алсын хараа-2050" хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд санал хэлж байна.
Д.ХАЯНХЯРВАА:
-Өмнө гарсан хөтөлбөрүүдийг нэгтгэж байгаа нь сайшаалтай хэрэг. Өмнө гарсан хөтөлбөрүүдийг эргээд харж, юуг хэрэгжүүлсэн, юун дээр алдав гэдгийг харах хэрэгтэй. Улс орон хөгжье гэвэл би энийг баталсан шиг хөгжлийн модтой байхыг зөвшөөрч байна. Дараа дараачийн улс төрийн намууд, төрийн төв байгууллагууд цаашид авч явж чадах гарц нь болж чадах болов уу гэдэг асуудал бий. Реклам маягаар ширээний ном бүү болоосой, цаашдаа хэрэглэдэг хэрэглээний ном болоосой. Дэмжиж байна.
Д.ТЭРБИШДАГВА: -Сүүлийн 30 жилд бид ямар ололт амжилт, алдаа дутагдал гарав гэдгийг маш сайн цэгнэж дүгнэж, түүний үндсэн дээр хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой. Энэ эрин зуун аж үйлдвэрийн хувьсгалын зуун.
Д.ПҮРЭВДОРЖ: –Шилдэг эдийн засагчид, академичид оролцсон сайн хөтөлбөр болсон болов уу. Ардчилсан намын саналыг оруулахад анхаарч ажиллана. Энэ хөтөлбөрийн хүрээнд баруун аймгийн дэд бүтцийн маш сайн суурь тавигдаж хийгдсэн байна. "Алсын хараа 2050" хөтөлбөрөө унагаачих вий. Гишүүдийн ирц тааруу, картаа хийчихээд гараад явчихаж байна.
“АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад 53 гишүүн оролцож, 45 нь дэмжиж, 84,9 хувиар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдааны 15:00 цаг хүртэл завсарлалаа.
Үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдээс “Монгол Улсад короновирус /Сovid-19/-naн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.
Хархорин хөгжлийн хоёр дахь төв байна
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМАА:
–Бид маш чухал асуудлыг хэлэлцж байна. Төрийн бодлогын залгамж чанар гэдэг маш чухал ач холбогдолтой. Төлөвлөгөөг боловсруулахдаа ямар тооцоо судалгаа хийсэн бэ?
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-30 жилийг дүгнэхийн тулд бид олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай олон удаа уулзалт хийсэн. ЖАЙКА зэрэг байгууллагад засгийн газрын зүгээс талархал илэрхийлэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилд засаглал тогтворгүй байсан хэрээр төрийн бодлого тогтворжоогүй. Эдийн засаг ч тогтворжиж чадаагүй. Эндээс эдийн засгийг хоёр дахин тэлэх нь зөв гэж үзсэн. Хоёрдугаарт, импортлогчоос экспортлогч болох томоохон зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг асуудлыг анхаарсан.
Сангийн яамны Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга н.Батхүрэл: –Санхүүгийн тооцооллыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд МонгоЛ Улсын эдийн засаг нийгмийн хөгжил ямар төлөв байдалтай явж ирэв гэдэг дээр үзсэн. Эдийн засгийн өсөлт 6-7 хувьай байсан. 2009, 2016 оны хямралтай үед эдийн засгийн өсөлт боломжит хэмжээнээс нэлээн доогуур байсан. Ирэх 30 жилийн хөгжилд эдийн засгийн өсөлтийг потенциал түвшингээс дээгүүр байхаар авч үзэх бололцоо байгаа. ХҮний хөгжлийн индекцийн хамгийн сүүлийн тайлангаар, манайх 0,0714 гэсэн үзүүлэлт гарсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:
–Томоохон баримт бичиг болжээ. Нэг л зүйлд санаа зовж байна. Бид томоохон баримт бичиг гаргадаг. Өмнөх парламентын баримт бичгээ дараагийн парламент нь үгүйсгэх вий. Бодлогын томоохон баримт бичгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хууль санаачлагчаас гурван зүйлийг тодруулъя. Нэгд, хүн амын амьжиргааны түвшний асуудал байна. Коронавируситэй холбоотойгоор би ядуурлын түвшин нэмэгдэнэ гэж бодож байна. Ажилгүйдлийг бууруулахын тулд хичнээн ажлын байр бий болгох вэ? Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт буурсан. Монголд ажиллах хүч их байна. Хоёрдугаарт, нийслэлийн төвлөрлийг хэрхэн сааруулахаар тусгасан бэ? Гуравдугаарт, Монгол Улсын гадаргуугийн усыг ашиглах асуудлыг хэрхэн тусгаж оруулав?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах явцад Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирсэн нь чухал байлаа. Хөгжлийн бодлогыг хуульчилна. Монгол Улсын хөгжлийн бодлого 567 саланги байна. Түүнийг нэг ном дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар хаана байхыг бид бас хэлэлцсэн.
Ажлын хэсэг, Н.ДОРЖ:
-Энэ том төслийн эцсийн үр дүн бол хүн амын амьдрал, амьжиргааны түвшин дээшлэх. Монголд хүн амын 1/3 нь ядуу байна. Яагаад ядуу, ажлын байр бага байна гээд эдийн засгийг судлаад үзэхээр Монголын эдийн засаг хуримтлалгүй. Бид ажлын байрыг бий болгохын тулд хуримтлалтай болгох ёстой. Өр зээлээ нэн даруй дарах ёстой. Хүний хөгжлийн асуудал хамгийн гол нь. Эдийн засгийн өсөлт 5-6 хувь байна. Мэдээж хөрөнгө оруулалтын хүчээр урагш ахих ёстой. Энэ үүднээс тооцоод үзвэл нийт 700 миллиард ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:
-Одоо байгаа бүсчлэлээс тэс өөр, 6 болгоод сонин сонин зүйл хийчихсэн байна лээ. Жишээ нь, Өвөрхангайг Говь-Алтайд аваачаад нийлүүлсэн байна лээ. Ийм амьдралгүй зүйл хийж болохгүй.
Ажлын хэсгээс Монгол Улсын шинэ нийслэлийг Архангай аймгийн Өгийнуур сум орчимд байгуулахаар төлөвлөжээ.
Жанжин Сүхбаатарын танхим
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:
-"Алсын хараа 2050"-д үнэт баялаг ус гэж тусгайлан орсон. Усны газар байгуулж, Засгийн газраар баталсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:
–2050 он гэхэд бид ядуурлаа бүрэн арилгаж чадах уу? Нийт 187 төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ? Ирээдүйд хөгжлийн гол чиглэл ямар байхаар төлөвлөгдсөн бэ? Нийгмийн баялаг бүтээгч аж ахуйн нэгж, компаниуд, ажлын байр бий болгогчдоо хэрхэн дэмжих вэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Эдийн засагтай холбоотой тусгайлсан нэг бүлэг бий. Уул уурхайгаас хэт хамааралтай, алт зэс гэсэн хэдэн түүхий эдээс хамааралтайгаар дэлхийн зах зээл дээр үнэ ханш нь өөрчлөгддөг байдалд яаж өөрчлөлт хийх вэ гэдэг асуудал тусгагдсан. Уул уурхай дээр томоохон реформ хийгдэж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж үзсэн. Эрчим хүч, тээвэр логистикийн салбар тэргүүлэх чиглэл байна гэсэн тооцоолол гарч ирсэн. Мэдлэгжсэн, бүтээгч эдийн засаг гэсэн асуудлыг хөндөж байна. "Хү" хамтлаг шиг олон хамтлаг гарч ирвэл Монгол Улсад ихээхэн хэмжээний орлого авчрах боломжтой учраас инновацлаг, оюунлаг байдлыг дэмжье гэж үзсэн.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Их эзэн Чингис хааны танхим
Я.СОДБААТАР:
-Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хэд хэдэн томоохон баримт бичиг оруулж ирж буйн нэг нь энэ гэж бодож байна. Аль ч улс төрийн хүчин гарч ирсэн хэрэгжүүлдэг байхад анхаарах хэрэгтэй. “Алсын хараа 2050” хөтөлбөрт баян, хоосны ялгааг арилгах чиглэлд анхаарал хандуулж, үндэсний нэгдмэл үнэт зүйл зэрэг чухал үзүүлэлтүүдийг хийсэн нь чухал байгаа. Ялангуяа амьдралынч анарын үзүүлэлтийг анхаарч буйг зөв гэж үзэж байна. Хоёр асуулт байна. Нэгд, бүсчлэлээ яаж хуваасан юм бэ? Үндэслэлийг нь сонсмоор байна. Хоёрдугаарт, бид 30 жилийн хөгжлийг ярьж байна. Дараагийн хөгжлийн хоёр дахь суурьшлын бүсээ бодлогоор одооноос зарлаж, түүн рүү чиглэсэн бүтээн байгуулалтууд хийж эхлэх хэрэгтэй.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: –Бүсчлэл бизнес эдийн засгийн жам ёсны урсгалаа дагаж хийгддэг юм байна. Өмнөговьд Монгол Улсын уул уурхай, палентологийн таталцлын орон зай байна. Баруун бүс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа түүнийг цааш экспортлох боломж байна. Энэ маргаантай асуудал учраас бид хэрвээ гэж авч үзсэн. Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар бол Хархорин. Агаарын орон зай, усны нөөц, талбай гээд тэнд байна. Улаанбаатар хот 3.6 сая хүн амтай байх потенциал бий. Цааш Дархан, Эрдэнэт чиглэл рүү сунаж хөгжих боломж байна гэж үзсэн. Эрдэмтэн судлаачид цаашид УИХ-ын сонгуулийг бүсчилсэн хөгжлөөр явуулж байж амжилтад хүрнэ гэж ярьсан.
Я.СОДБААТАР:
-Хархориныг хөгжлийн хоёр дахь төв гэж зарлаж байгаа нь зөв. Энийг дагасан техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтыг одооноос эхлүүлэх хэрэгтэй.
Н.ОЮУНДАРЬ:
-Дэлхийн дулаарал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттөй холбоотойгоор эдийн засагт маш их өөрчлөлт орно. Хөдөө аж ахуйн тал дээр асуултууд гарч ирж байна. “Ковид 19”-ийн өөрчлөлтийг бид олж харсангүй. Шинжлэх ухаан технологи, инновацийн талбарт хэрхэн анхаарав?
Ажлын хэсэг, С.ДУЛАМ:
-Энэ удаагийн “Алсын хараа 2050” гэдэг баримт бичигт үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг зүйл орж байгаагаараа онцлог. Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг онцгой үүрэгтэй. Nation state байгуулах тухай ярьж буй үед үндэсний нэгдмэл үнэт зүйлгүйгээр хоосон баримт бичиг болох юм. Есөн үндсэн зорилгын нэгдүгээрт томъёолсон. Энд өгүүлснээр, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдгийг бид ямар нэгэн хоосон төсөөлөл, хий бодол, сэтгэл хөдлөлөөр биш, орчин үеийн шинжлэх ухааны баримттай бий болгож итгэл үнэмшилтэй болгох шаардлагатай юм. Монголчуудын дунд монгол хэл, түүх, соёлынхоо талаар янз бүрийн бодол уралдуулж явдаг. Энэ бүхэн нь шинжлэх ухааны хөдлөшгүй баримт дээр үндэслэгдэж явах ёстой.
Н.ОЮУНДАРЬ:
-Дэлхийн дулаарал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттөй холбоотойгоор эдийн засагт маш их өөрчлөлт орно. Хөдөө аж ахуйн тал дээр асуултууд гарч ирж байна. “Ковид 19”-ийн өөрчлөлтийг бид олж харсангүй. Бид шинжлэх ухаан технологи, инновацийн талбарт хэрхэн анхаарав?
Ажлын хэсэг С.ДУЛАМ:
-Энэ удаагийн “Алсын хараа 2050” гэдэг баримт бичигт үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг зүйл өмнөх баримт бичгүүдэд тусгагдаагүй, түүгээрээ онцлог. Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг онцгой үүрэгтэй. Nation state байгуулах тухай ярьж буй үед үндэсний нэгдмэл үнэл зүйлгүйгээр хоосон баримт бичиг болох юм. Есөн үндсэн зорилгын нэгдүгээрт томъёолсон байгаа. Энд өгүүлснээр, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдгийг бид ямар нэгэн хоосон төсөөлөл, хий бодол, сэтгэл хөдлөлөөр биш, орчин үеийн шинжлэх ухааны баримттай бий болгож итгэл үнэмшил болгох шаардлагатай юм. Монголчуудын дунд монгол хэл, түүх, соёлынхоо талаар янз бүрийн бодол уралдуулж явдаг. Энэ бүхэн нь шинжлэх ухааны хөдлөшгүй баримт дээр үндэслэгдэж явах ёстой.
Д.ТЭРБИШДАГВА:
-Энэ баримт бичгийг их цаг хугацаа зарж, судалгаа тооцоотой том бүтээмж болжээ. Гэхдээ ярих юм нэлээн байна. 2050 онд хүн ам 5 сая орчим буюу 53 хувиар өснө гээд төсөөлжээ. Шинэ нийслэлийнхээ асуудлыг дорвитой тавиад өгч болохгүй юм уу? Улаанбаатар 30 жилийн дараа яг ямар төрхтэй болох вэ гэдгийг хэлээд өгөөч. Хоёрдугаарт, төслийн дөнгөж 6.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна. Үүнийг анхаарч өгөхийг хүсч байна. Энэ дээр гаргасан тооцоо судалгаа байна уу? Малын тоо 2050 онд 116 сая болох нь ээ, бэлчээрийн даац ямар болох вэ? Уялдаа харьцаа хэрхэн тооцсон бэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Улаанбаатар хот ба бүс нутагтай холбоотой асуудал дээр хариулъя. Энэ асуудал дээр нэлээд ажилласан. Эрчим хүчнй яам, зам тээврийн яам, Улаанбаатар хотын захиргаа, Төв аймгийн удирдлагууд гээд эрдэмтэд ажилласан. Төсөөллөө нэгтгэх шаардлагатай гэж үзсэн. Аэжлын хэсгийг ахалж ажтилласан хүний хувьд
Улаанбаатар хот Богд уулыг тойрч хөгжих нь, хурдны замтай болж, Майдар зэрэг дагуул хотууд хөгжих нь. Орон сууцны нэгдсэн бодлогыг дэвшүүлэх юм байна гээд олон асуудал тусгагдсан. Эртний нийслэл Хархорин хот байж, техник эдийн засгийн үндэслэлийг нь хийхэд хамгийн багадаа долоон жилийн хугацаа орно гэж тооцсон.
Н.БАТХҮРЭЛ:
-Бэлчээрийн асуудал их хүндрэлтэй болно. Бид 860-900 сая литр сүү, 400-450 мянган мах бэлтгэдэг, ноолуур 9,8 тонныг бэлтгэдэг. урт хугацааны бодлого дээр ХАА салбарт малын тоо толгойг өсгөнө гэдгээсээ илүү бүтээмж дээр тогтож ажиллана гэж тооцсон.
М.ОЮУНЧИМЭГ:
-Ажиллах хүчиний дутагдалд орох нь гэж ярилаа. Одоо бид боловсролын салбартаа эрс реформ, өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн уялдаа холбоог ойртуулах өөрчлөлт хийхгүйгээр яриад яриад хөгжихгүй.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг нарийвчлан судалж үзсэн. 1941 оноос хойш Монгол Улс орон даяар томоохон бодлого тавьж, 268 багш бэлтгэх ажлыг эхлүүлсэн түүхтэй юм билээ. Бид эдийн засгийн тэргүүлэх зургаан салбар дээр Монгол Улсын засгийн газраас томоохон тэтгэлэгт хөтөлбөрийг гадаад, дотоодод зарлахаар төлөвлөсөн. Их, дээд сургуулийн өрсөлдөх чадвар ухраад байгаад дүн шинжилгээ хийх ёстой.
Б.БАТТӨМӨР:
-Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн хугацаанд гурван хүн тутмын нэг нь ядуу, хөгжлийн бодлого хангалтгүй эзэнгүй явж ирлээ. Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын баримт бичгийг дэмжиж байна, зүйтэй. Хэрэгжилтэд нь анхаарах нь зүйтэй. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг тооцсон тооцоо зөв байна уу? Арай гутранги тооцсон юм биш биз? Хоёр дахь асуудал, хөгжлийн төлөвлөгөөг ямар загвар дээр суурилж хийх гэж байна вэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эдийн засагтай холбоотой асуудлын шалгуур үзүүлэлтүүдийг 30, 40, 50 оноор тооцож гаргасан. Анх удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн бодлогын баримт бичиг гэж үзэж болно. Энэ бодлогын баримт бичиг бодитой хэрэгжихүйц байгаасай гэж хүссэн. Энэ бол бага үзүүлэлт биш. Гол нь баримт бичиг хэрэгжих ёстой. Ингэж чадвал Монгол Улс Азидаа тэргүүлэх улс орон байж чадна гэж бодож байна.
Академич Т.ДОРЖ:
-Монгол бусад орнуудтай харьцуулахад өөрийн өнгө төрх, ялгагдах онцлогтой. Монгол нүүдлийн болоод суурин соёл иргэншилтэй. Үндэснийхээ бүтээмжийг дээшлүүлэх асуудал гол. Ард иргэдийн амьдралын чанар байнга дээшилж байх, ажиллаж амьдрах орчин бий болгож, орон зай цаг хугацааг цааш яаж хангаж явах вэ гэдэг загварын гол үндэс. ДНБ-ийг 15 гэж тооцоолсон. Ер нь эдийн засгийг түлхэх хүч хөрөнгө оруулалт гэж тооцоолсон. Хуримтлал байхгүй эдийн засаг, өрөө дараа, илүү их хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүнийг олон вариантаар тооцож үзсэн.
Нэгдсэн хуралдааны танхим
Т.АЮУРСАЙХАН: –Яаж энэ бодлого залгамж чанартай байх вэ? Яагаад хөгжлийн үзэл баримтлалыг дөрвөн жил тутам өөрчлөөд байна вэ гэхээр суурь концепц байхгүй байна. Энэ бол хөгжлийн загвар биш. Түүнийг тоон шинжилгээгээр гаргаж ирдэг. Чинээлэг дундаж давхаргыг бий болгох үндсэн зорилт байна гэж харж байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Ардчилсан хувьсгал Монголд ялаад 30 жил болж байна. Олон түвшинд мэдрэгдэж байгааг эрдэмтэд судлаачид ярьж байна. Монгол Улсын шилжилтийн үе үндсэндээ дүгнэгдэж байна. Тийм учраас аливаа асуудлыг бүхэлд нь харахаас өөр аргагүй. Өнгөрсөн хугацаанд батлагдсан баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, нэгтгэе гэсэн. НҮБ 2020-2050 хөгжлийн загвар луу орсон, бид уулзаж ярилцсан. Энэ баримт бичиг Монгол Улсын өнгөрсөн түүх, ирээдүйн төсөөлөл дээр суурилсан загвар. Энэ баримт бичиг дээр Монголын эрдэмтэн судлаачдаас гадна гадны долоон эрдэмтэн судлаачид оролцож ажилласан. Бид шүүмжлэл дагуулсан олон зүйлийг хүлээж авч байгаа. Хэрэгжихүйц бодлогын баримт бичиг гаргахаар оруулж ирж байгаа юм. Олон зүйл дээр ажиллана.
С.БАТБОЛД:
-Нэлээн цогц баримт бичиг гаргаж УИХ-аар хэлэлцүүлж байна. Өмнө нь олон хөтөлбөр гарч явж ирсэн. Энэ баримт бичгийн хувьд би дэмжиж байгаа учраас үг хэлж байна. Хэд хэдэн давуу тал байна. Өмнөх бүх баримт бичгээ нэгтгээд оллон талаас нь хөгжлийг ганц эдийн засаг гэдэг талаас бус, төв үндэс дээр нь монгол хүн байх юм. Монгол хүний хөгжлийн тухай асуудлыг есөн чиглэлээр хийсэн. Энэ дотроо хөгжлийн зорилго хүн рүүгээ чиглэсэн байх ёстой, нийгмийн хүчтэй дундаж давхаргыг бий болгохыг дэмжсэн чухал баримт бичиг болж гэж хэлэх байна. Анхаарах зүйлүүд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ. Үүнд,
- Үндэсний нэгдмэл үнэт зүйл – “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”,
- Хүний хөгжил – “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”,
- Амьдралын чанар ба дундаж давхарга – “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”,
- Эдийн засаг – “ДНБ-ий 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”,
- Сайн засаглал – “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”,
- Ногоон хөгжил – “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”,
- Амар тайван, аюулгүй нийгэм – “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”,
- Бүсчилсэн хөгжил – “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”,
- Улаанбаатар ба дагуул хот – “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Холбоотой мэдээ