Хуульгүй амьдрагсад ба хүчин мөхөдсөн ТӨР

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Хуульгүй амьдрагсад ба хүчин мөхөдсөн ТӨР

Хуульгүй амьдрагсад ба хүчин мөхөдсөн ТӨР

"Зөв амьдрах ухаан", "Даяар Монгол", "Босоо хөх Монгол" зэрэг төрийн бус байгууллагуудын хууль дүрэмгүй авирлаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд олонтаа цацагдаж, гомдол шүүмжлэл ч тасардаггүй. Гэвч, тэдэнтэй төрөөс хариуцлага тооцсон тухай, арга хэмжээ авсан талаарх мэдээлэл хомс.Эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн эмзэг бүлгийнхний эрхийн төлөө гэсэн гоё уриатай олон арван төрийн болон төрийн бус байгууллага бий. Гэвч, олонх нь тэдний хэрээр хөлжиж, ашиг хонжоо хайдаг гэдэг бодит үнэнээс хол зөрөхгүй. Хамгийн сүүлд, өчигдөр гэхэд "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад хүчиндүүлсэн гэх бүсгүй хэвлэлд хандаж, Г.Загдаа ч мөчөөгөө өгөлгүй хариу лайв хийж харагдсан.  Хэн нь гүтгэж, хэн нь бодит үнэнг хэлж буйг олон нийт тогтоож чадахгүй. Харин хууль хүчнийхэн, шүүхээс илүү давсан эрх мэдэлтэн гэж байх ёсгүй юм.  Төрийн байгууллагын ажилтнуудын хашаандаа ч оруулахгүй бүтэн гурван цаг лайв хийж буй Б.Загдаа гэгчид Монголын өнөөдрийн төр лав хариуцлага тооцож чадахгүй дэг ээ.

Зарим нэг халамжийн дарга нар болон овжин зальтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл олон төрийн бус байгууллага байгуулж, хяналтгүй байсан мөнгөнд гараа дүрдэг жишээг энд дурдахад илүүдэхгүй биз. Сургалт хийх нэрээр 10, 20 сая төгрөг авдаг ч үнэн хэрэгтээ сургалт зохион байгуулсан нь эргэлзээтэй байх жишээтэй. Хяналтын механизм бий ч хяналт тавиулах сонирхолгүй дарга нар олон ажээ. Зовлон нэгтэй хүмүүсийн нэрийг барьж, тэдэнд очих ёстой мөнгийг дундаас нь дарга нартай хамт хулгайлж идэх сонирхол нь давамгайлсан, мөн түүгээр амьдардаг хүмүүс ч олшров.

Тухайлбал, улсаас 2017 онд 4.2 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил орлоготой болгоход зарцуулсан байна. Гэтэл дээрх мөнгө хаашаа орсон, хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилтай болсон нь одоо хүртэл тодорхой бус. Салбарын яамнаас 2400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилтай болгосон гэдэг ч энэ нь зүгээр л цаасан дээрх тоо ажээ.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр хувь нь л ажилтай байна гэсэн судалгаа бий. Үнэхээр энэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байсан бол бараг бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилтай болчихсон байх байсан биз ээ. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн шуналд хязгаар үгүйг мэдсэн хэрнээ төр арга хэмжээ авалгүй өдий хүрэв.

Үүний зэрэгцээ олныг турхирч, айлган сүрдүүлдэг этгээдүүд ч нийгэмд цөөнгүй бий. Тухайлбал “Гал үндэстэн холбоо”, “Босоо хөх Монгол” тэргүүтэй төрийн бус байгууллагуудыг гадныхан, ялангуяа хятадуудад халтай хүмүүс” гэлцдэг. Голдуу орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд руу тэд дайран орж, “хэрэг тарьж явдаг” гэсэн мэдээ олон сонсогддог. Тэднээс бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр олон удаа цагдаа, шүүхийн хаалга татсан нь үнэн.

“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс 2013 оны есдүгээр сарын 16-нд жагсаал цуглаан хийхдээ Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг, тэсрэх бөмбөг хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгагдаж, ял сонсон, өршөөлөөр суллагдаж байв.

Газар шороо, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлс дор нэгдсэн гэх үндсэрхэг үзэлтэй хэд хэдэн ТББ байдгийн нэг нь “Босоо хөх монгол”. Тэднийг эх орноо хамгаалагчид уу, шантаажлагчид уу гэж олон хүн асуудаг. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Босоо хөх Монгол”-ын залуустай “дайн зарлаж”, тус төрийн бус байгууллагын удирдлагуудаас шоронд ял эдэлж байсан олон хүн бийг мэдээлж байв. Тухайлбал, Дорнод аймаг дахь “Босоо хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг Э.Энхбаатар 2002 онд нохойгоор хүн хазуулж танхайрсан хэргээр, 2007 онд автын хэргээр Хэнтий аймагт ял эдэлж байжээ. Улмаар 2015 онд хутга мэс гаргасан асуудалд орооцолдсон ч ял аваагүй өнгөрсөн аж. Г.Ганхуягийн хувьд танхайрсан, хүн зодсон хэргүүдээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний хамаарал бүхий этгээдүүд хууль, шүүхийн шатанд ажилладаг тул харьцангуй сайн хамгаалалттай гэгддэг.

Тус төрийн байгууллагынхан орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайн компаниуд дээр очоод, шууд мөнгө нэхдэг, өгөхгүй бол элдэв байдлаар дарамт үүсгэдэг гэх яриа байнга гардаг. Монгол орны ихэнх аймгуудад салбар зөвлөлтэй, 17 мянган гишүүн, 200 орчим дэмжигчтэй гэх тоог тэд өөрсдөө хэлдэг. Байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь авч үлдэх үзлээр нэгдсэн энгийн иргэн ч тэдний дунд олон аж. Гэвч хувь хүнийхээ хувьд ихээхэн асуудалтай, хар бараан түүхтэй, шантааж маягаар ажлаа явуулах сонирхолтой хүмүүс тус бүлгэмд түлхүү байгааг эх сурвалжууд мэдээлдэг. Өмнө нь “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг БНХАУ иргэнд  хүч хэрэглэн заналхийлсэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон, бусад тохиолдлоор ял авсан нь хүртэл бий.

Өнөөдөр нийгмийг “бужигнуулж” яваа бас нэг хүн бол Загдаа. Энэ хүний өмнө хүчний байгууллага хүчин мөхөстдөг үү гэлтэй. Хүний хоолой боон чирч, хүмүүс аврал эрэн хашгиралдаж байхад цагдаа “Боль” ч гэж хэлэхгүй байгаа бичлэг цахимаар цацагдаж байснаас эхлээд Г.Загдаа, цагдаа хоёрын хэн нь хэв журам сахиулагч вэ гэж гайхахад хүргэсэн удаа цөөнгүй. Тэр төрд орхигдсон, архины хамааралтай хүмүүсийг амьдралтай нь залгуулж яваа нэрийн дор хууль зөрчин дураар авирлаж буйг олон хүн хэлж ярьдаг. Хамгийн сүүлд Загдад удаа дараагийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүд мэдээлэл хийж, түүний хууль бус бас нэг үйлдлийг илчлэв.

Монголын төр нийгмээс тусгаарлагдсан хүмүүстээ арга хэмжээ авч чадахгүй болтлоо доройтсоныг бичлэгийнхээ төгсгөлд дахин өгүүлж, хууль ёсыг гажуудуулж, дур зоргоороо авирлаж буй Загдаа тэргүүтэй дураар авирлагчдад төмөр нүүрээ үзүүлэх цаг болсныг дахин дахин сануул юу.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж