Улсын хилээр энэ сарын 6-ны өдрийн байдлаар 479 тээврийн хэрэгслээр 500 гаруй жолооч нэвтэрчээ. Алтанбулаг боомтоор өдөрт 20 орчим ачааны машин орж ирж байна. Жолооч нар коронавирусийн халдвар бүртгэгдсэн газар, бүсээс тээвэр хийж байгаа учраас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь маш сайн хангахгүй бол халдвар авах эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсаар буй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабаатар өнгөрсөн гуравдугаар сард нүүрс тээврийн жолооч нар хил нэвтрэх үеэр бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад, Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалд оруулах зэргээр аюулгүй байдал талаас нь авах арга хэмжээг чанд мөрдөх хэрэгтэйг онцолсон билээ. Өдгөө ч энэ шаардлагыг шат шатандаа хатуу баримталж хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Орон нутгийн эх сурвалж “Хилээр монопол компаниуд нэвтрэх давуу эрх эдэлж буй бөгөөд жолооч нарт цар тахлаас хамгаалах хувцас хэрэглэл хангалтгүй байна” хэмээн мэдээлэв.
Жолооч Б Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эрсдэл өндөрссөн өдрүүдэд Монголын нэр нөлөө бүхий нэгэн компанийн жолооч нар хилээр ямар ч хамгаалах хэрэгсэлгүй орж, гарч байсан, өнөөдөр ч байдал нэг их дээрдээгүй, компаниуд өөрсдийн ашгийг л чухалчилж буй талаар өгүүлсэн юм.
Уг нь хилийн боомтоор нэвтрэх жолооч нарын нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлийг журам дээр нарийн зааж өгсний дагуу тухайн компани өөрсдийнхөө харьяаллын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа. Жолооч нарын харьяалагдаж байгаа компанид тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол, бие засах газар гэх зэргээр кэмпийг зохион байгуулах бүрэн эрх олгосон” хэмээн мэдээлсэн билээ. Тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатарын мэдээлснээр, нүүрс тээврийн жолооч нарыг машиныхаа бүхээгээс аль болох гаргахгүй, хилийн цаана хооллож, хоноглохгүй байх нөхцөл бүрдүүлжээ. Мөн газрын тос экспортлохдоо жолооч тээврийн хэрэгслийг дундын бүсэд байршуулж буй юм байна.
Мэргэжлийн байгууллагууд хилийн бүсэд халдварын сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, мэдээлэх, тусгаарлах, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх гэсэн дөрвөн зарчим баримталж байгаа аж.
Нүүрсний тээврийн жолооч нарыг БНХАУ-ын хилээр гараад өдөртөө буцаж орж ирэх шаардлага тавьж буй. Шивээхүрэн боомтоос 20 гаруй км, Гашуунсухайтаас 10 гаруй км-ийн зайд тусгай кэмп байгуулж, тээврийн жолооч нарыг байрлуулж буй юм байна. БНХАУ-ын тал жолооч нарын халууныг үзэх, асуулга бөглүүлэх зэрэг арга хэмжээ авч буй бөгөөд урд хөршийн нөхцөл байдлаас хамаарч экспорт бага байгаа аж.
Гашуунсухайт боомтоор дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 69 мянга 300 гаруй тонн нүүрс экспортолжээ. Өдөрт дунджаар 20-30 орчим автомашин гарсан бол өнгөрсөн Лхагва гариг (2020.04.08)-т 61 автомашин гарч тээвэрлэлт бага зэрэг нэмэгдсэн байна.
Уул уурхайн үндэсний ассоциациас мэдээлснээр, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн тухайд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа аж. Харин “Энержи ресурс” компани дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн ихэнх ажилчдаа 60 хувийн цалинтай сул зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн өмнө нь “амарсан” ажилчид сард 200 мянган төгрөгийн цалин авсан тул амьдрал хүнд байгаа талаар жолооч Ш.Баатар хэллээ.
Шивээхүрэн боомтоор өдөрт 200 автомашин нүүрс гаргах төлөвлөгөөтэй ч түүндээ хараахан хүрэхгүй байгаа аж. Нийт 800 ажилтантай Монголын алт корпорац өдөрт 20-25 автомашин нүүрс гаргаж буй бөгөөд дийлэнх ажилчдаа сул зогсоожээ. Уурхайд 200 орчим ажилтан ажиллаж буй юм байна. Уул уурхайн үндэсний ассоциаци мэдээлснээр, нүүрсний экспорт үргэлжлэн тасалдсаар байвал 70-80 мянган хүний амьдралд шууд сөргөөр нөлөөлөх ажээ.
Дашрамд дурдахад, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар олон улсын ачаа тээвэрт 24 цагийн хяналт тавин ажиллаж буй. Хяналт шалгалтын үеэр гадаадын жолооч нар автомашиндаа архи уусан зөрчил гаргаж, мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг биелүүлээгүй тохиолдлууд гарчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ