Хөндөх сэдэв: Он гарснаас хойш 11 мянган удаа газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Он гарснаас хойш 11 мянган удаа газар хөдөлжээ

Хөндөх сэдэв: Он гарснаас хойш 11 мянган удаа газар хөдөлжээ

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин, байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүн төрөлхтөн бид хүчин мөхөстөж, дэлхий нийтээр хямарч буйн тод жишээ нь коронавирусийн халдвар болоод байна. Үүнтэй адил газар хөдлөлт ч бас гамшиг дагуулж мэдэх нь. Хамгийн сүүлд, Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 километрийн зайд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, аймгийн оршин суугчид төдийгүй Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим сумын иргэдэд мэдрэгджээ.

Түүгээр зогсохгүй Улаанбаатар хотод ч бас уг газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Үүнээс хойш тухайн Говь-Алтай аймгийн Тонхил сумын орчмын газар хөдлөлтийн давтамж нэг сарын дотор 400-959 болж нэмэгджээ. Золоор хүний амь нас эрсдэлгүй өнгөрч, байшин барилга нурсан ч цаашлаад энэ нь аюул ойрхон байгаагийн дохио ч байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн орон нутагт төдийгүй хүн амынх нь 50 гаруй хувь төвлөрсөн Улаанбаатар хотод ч бас он гарснаас хойш 2.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт есөн удаа бүртгэгджээ. Энэ нь аюул учруулахуйц хүчтэй биш ч ийм хэмжээний газар хөдлөлт ойр ойрхон давтагдаж буй нь бид болзошгүй эрсдэлд  бэлтгэлтэй байхыг сануулж буйг үгүйсгэх аргагүй.

Улаанбаатар хотын ойр орчимд л гэхэд газар хөдлөлтийн идэвхжилтэй зургаан цэг бий. Тэдгээрээс Сонгинохайрхан дүүргийн Эмээлт болон Баянзүрх дүүргийн Гүнжийн хоолойн орчимд хагарал нэлээд идэвхжиж буйг Одон орон геофизикийн судалгааны төвийнхөн сануулсаар байна. Тэр тусмаа 22-ын товчоо орчим хамгийн эрсдэлтэй бүс аж.

Хэрэв хүчтэй газар хөдлөлт болоход ердөө 3-6 секундэд хотод чичирхийлэл нь мэдрэгдэх тул аврагчид иртэл амиа бодохоос өөр сонголт үлдэхгүй гэнэ.

Манай улсад гамшгийн үед ажиллах стратеги төлөвлөгөөгүй ч коронавирусын халдварын үед зохион байгуулалт, дэг журам сайтайгаа дэлхий нийтэд харуулсаар байна. Иймээс цаашид тохиож болзошгүй газар хөдлөлт, нийтийг хамарсан бусад гамшгийн үед дагаж мөрдөх эрсдэлийн менежментээ хуульчлан гаргаж, түүнтэй уялдуулан бэлтгэлээ базаах цаг ирснийг дэлхий хөрсөө шилгээн сануулсаар байна.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭХ НЬ АЮУЛ ОЙРХОН ГЭДГИЙН ДОХИО

Газар хөдлөлтийн эрсдлийн талаар Одон орон геофизик судалгааны хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайхантай ярилцлаа.

 -Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж олширч, магнитуд нь нэмэгдэх болсон гэж үнэн үү?

-Газар хөдлөлтийг нь хэдэн зуу, мянган жилээр нь судалж байж статистик тоогоо авах ёстой. Түүнээс биш сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамжийн тоо нь олширлоо гэж ярих нь дутагдалтай. Ер нь бол Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Түүх сөхвөл, XX зуунд Монголд  найм ба түүнээс  дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болж байж. Тухайлбал, 1905 оны Цэцэрлэгийн,Булнай гээд 14 хоногийн зайтай газар хөдлөлт болсон байдаг. Дараа нь 1931 Монгол Алтайд, 1957  онд Говь-Алтайд хүчтэй газар хөдлөлт болсон.  Мөн Булган аймгийн Могод суманд 1967 болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдэж, 40 мянгатын зарим барилгын хананд ан цав үүссэн баримтууд бий. Ерөнхийдөө газар хөдлөлтийн бага магнитутын давтамж олшрох тусам магнитуд нь  нэмэгдэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, таван магнитутын хүчтэй газар хөдлөлтийн давтамж их байх нь зургаан магнитутын хүчтэй газар хөдлөлт болохын дохио. Сүүлийн 14 жилийн хугацаанд 3.5-5 магнитутын хүчтэй  газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол энэ оны гуравдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд 5.8 буюу хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ нь 5.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаагийн давтамжтай болсны дараа 6 илүү магнитутын хүчтэй газар хөдлөлт болно гэсэн дохио өгч байгаа юм.  Газар хөдлөлт яагаад болж байна вэ гэхээр дэлхийн царцас мандалын хөдөлгөөнтэй холбоотой. Монгол Улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлт болж байгаа нь гол үндсэн хоёр шалтгаантай. Энэтхэгийн хойг Евро Азийн плитаг шахаж байна. Хоёрдугаарт, Байгаль нуурын тэлэлтийн тиктоник процессууд манай оронд болж буй бүх хүчтэй газар хөдлөлтүүдийг тодорхойлож байна.

-Улсын хэмжээнд жилд арван мянган удаагийн  газар хөдлөлт бүртгэгддэг гэх мэдээлэл байна. Жилд дунджаар хэчнээн удаагийн газар хөдлөлт бүртгэгддэг вэ?

– ШУА-ын Одон орон геофизик судалгааны хүрээлэн олон салбартай. Үүний нэг нь газар хөдлөл судлалын салбар. Монгол Улсын 90 орчим цэгт 130 гаруй орчин үеийн өндөр мэдрэмжтэй газар хөдлөл бүртгэх станцтай. Газар хөдлөлтийн мэдээлэл станц бүрээс маш богино хугацаанд ирдэг. Эдгээр мэдээллүүдийг манай хүрээлэнд автоматаар цуглуулж, богино хугацаанд анализ хийнэ. Хүчтэй газар хөдөллөө гэхэд дуут дохиогоор автоматаар мэдээлэл өгнө. Манай хүрээлэнгийн Үндэсний мэдээллийн төвд  өдөрт дунджаар 100 гаруй сул хүчтэй газар хөдлөлт бүртгэгддэг. Үүнийг 365 хоногоор тооцвол жилд 30 мянга гаруй удаа газар хөдлөлтийн мэдээлэл бүртгэгдэж байна. Үүнд уул уурхайн тэсэлгээ, хил орчмын сул хүчтэй газар хөдлөлтүүд, ОХУ, БНХАУ, Казахстанд болж буй уул уурхайн тэсэлгээ ч бүртгэгдэнэ.Энэ бол өндөр тоо. Гэтэл 2004 оноос өмнө станцын тоо цөөн, голдуу баруун аймагт төвлөрсөн байхадөдөрт 20 гаруй газар хөдлөл бүртгэгддэг байсан.

-Говь-Алтай аймгийн Тонхил суманд гуравдугаар сарын 20-нд 5.8 магнитутын хүчтэй газарт хөдлөлт болсноос хойш нэг сарын дотор 400 удаа чичирхийлэл бүртгэгдлээ. Энэ бүс нутагт газар хөдлөлтөөс үүссэн хагарал байдаг уу?

-Саяхны мэдээллээр Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш 959 удаагийн дараах газар хөдлөлт болсоныг бүртгэсэн байна. Энэ бүс нутаг нь судалгаагаар газар хөдлөлтийн аюулын есөн баллын бүсэд оршино гэж үздэг. Өөрөөр хэлбэл, мянган жилд газар хөдлөлтийн эрсдэл, аюул ийм түвшинд хүрэх магадлалтай гэсэн үг. Баруун аймгуудын бүс нутгуудаар ойрын 50 жилд хүчтэй газар хөдлөлт болох магадлал арван хувь гэж тооцоолсон. Тухай газарт тухайн өдөр газар хөдлөлт огт болохгүй, мөн газар хөдлөлт болно гэж хэлэх боломжгүй. Судлаачид дараагийн 100, 1000 жилд 7-8 магнитудаас илүү хүчтэй газар хөдлөлт тэдэн удаа болох магадлалтай гэж дүгнэдэг.

-Тонхил суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл нь Баян-Өлгий, Ховд аймагт мэдрэгдсэн нь аюулын дохиог илэрхийлж байна уу?

-Газар хөдлөлтийн голомтоос 30 км-ийн зайд байрлах Тонхил сумынЗасаг даргын Тамгын газрын, сургуулийн барилгуудад эвдрэл үүссэн, байрны хананд цууралт өгсөн байсан. Товчхондоо зургаан баллар тооцоолох аюул болсон байна.  Газар хөдлөлтийн чичирхийлэл баруун аймгуудын нутаг төдийгүй Улаанбаатар хотод ч бас мэдрэгдсэн шүү дээ. Ерөнхийдөө хүнд мэдрэгдэхгүйнэг баллын чичирхийлэл багажид мэдрэгдэнэ. Харин гурван баллын чичирхийлэл хүмүүс мэдэгдэх бол дөрвөн баллын чичирхийлэлд өртөх хүмүүс айж сандарч эхэлнэ. Маш хүчтэй газар хөдөллөө гэхэд сүүрэлт өндөр далайцтай хөндлөн долгионы чичирхийлэл 15-20 секунд үргэлжилдэг. Үүнд хүн айж сандарна, ухаан алдаж болно. Мөн дуу сонсогддог. Тонхил суманд л гэхэд газар хөдлөлт болоход машин мөргөх шиг дуу авиа гарсан. Хэдийгээр маш аюултай байгалын үзэгдэл мөн боловч хараахан хүн амь насаа алдах эрсдэл бага. Газархөдлөлт болоход хүний амь эрсдэх аюулыг тооцоогүй барьсан байшин барилга хэдэн арав дахин нэмэгдүүлдэг. Чанаргүй, ашиглалтын горим алдагдсан барилга хамгийн их эрсдэл дагуулна.

Хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэлд барилга байгууламжийн 50 хувь нь нурж,  гамшгийн улмаас 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн хохирно гэх тооцоо байгаа шүү дээ?

-Манай хүрээлэн газар хөдлөлтийг судалдаг. Харин барилга байгууламжид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судлах тусгай институт байна. Хүчтэй газар хөдлөлтөд тоосгон барилгууд нурах эрсдэл өндөр гэдгийг Дэлхий дээр болсон олон тооны хүчтэй газар хөдөлт баталсыг уншиж байсан.

-Он гарснаас хойш нийслэлд 2.9 магнитутын хүчтэй есөн удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Жилээс жилд газар хөдлөлтийн давтамж, магнитут нь нэмэгдэх магадлалтай юу?

Улаанбаатар орчимд болж буй олон тооны газар хөдлөлтийн чичирхийлэл ихэнхдээ маш сул. Манай станцуудын хүчин чадал маш өндөр тул зарим тохиолдолд маш сүл хасах магнитуттай цохилтын доргиог бүртгэх чадвартай. 2000-2005 оны хооронд жилд 200-240  газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2005 оноос газар хөдлөлтийн идэвхжил ихэсч, тоо нь өссөн. Жишээ нь 2013 онд жилд 2000 гаруй удаа газар хөдлөлт болсон байдаг. Гэхдээ энэ тоо 2018, 2019 онуудад 1000-1100 болж буурсан. Ер нь үргэлж хэлбэлздэг. Сүүлийн арван жилийн дотор Улаанбаатар хотын орчимд 3.5 магнитутаас илүү хүчтэй газар хөдлөлт нийт тав болсон. Үүний нэг нь, 2017 оны арван сард Гүнжийн хагарал дээр 4.4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон нь нийслэлчүүдэд мэдрэгдсэн. Хүмүүсийн ихэнх нь ямар нэгэн дуу чимээ сонссон байдаг. Энэ нь нэлээн хүчтэй процесс болсон гэсэн үг. Мөн өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сард Богд ууланд сул хүчтэй газар хөдлөлт болсон. Гэтэл Их тэнгэр, Нүхтийн аман дахь оршин суугчдад мэдрэгдэж, дуу чимээ доргилтоос болж шөнө зарим хүн нойрноос сэрсэн байгаа юм. 2012-2014 онуудад Газар хөдлөлтийн ауюлын бичил мужлалын зураг зохиохажлын хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь 7, 8, 9 баллынаюулын бүсэд байгааг тооцоолсон. Өөрөөр хэлбэл, ойрын 50 жилд 10 хувийн магадлалтайгаар 7, 8, 9 баллын чичирхийлэл ажиглагдах магадлалтай гэж тооцоолсон байгаа. Өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн газар хөдлөлтүүд нь бидэнд аюул ойрхон байна гэдгийг л сануулж буй дохио юм. Тиймээс бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бэлтгэлээ илүү хангах ёстой. Энэ бол бодит аюулт үзэгдэл. Хүчтэй газар хөдлөлтийн дараа хүн нэн түрүүнд өөрийгөө аврах ёстой. Өөрийгөө аварсан бол дэргэдэх хүнээ боломжоороо аварч хамгаалах хэрэгтэй. Дараа нь онцгой байдлын мэргэжлийн аврагчдыг хүлээх ёстой.

Хэрэв Гүнжийн ам, Эмээлтэд хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд нийслэлд хэр хугацааны дараа мэдрэгдэх вэ?

-Газар хөдлөлтийн долгион бол маш хурдтай. Хэрэв хүчтэй газар хөдлөлт 20 орчим км зайнд боллоо гэхэд  гурван секундэд хотын төвданхдагчтууш долгион ирнэ. Энэ нь хүч сулавтар тууш долгион. Дараа нь 3.6 км/сек хурдтайгаар өндөр далайцтайS буюу хоёрдогч долгион ирнэ. Ойролцоогоор 5 секундын дараа хүчтэй долгион нийслэлд мэдрэгдэнэ. Энэ бол байшин барилга нураах хэмжээний хөнөөлт долгион юм. Хэрэв Улаанбаатар хотоос 200-250 км-ийн зайтай бүсэд газар хөдлөлт болволанхдагч тууш, хоёрдогч хөндлөн чичирхийллийн долгион30 ба 60 секундын дараа  хотод мэдрэгдэнэ. Энэ тохиолдолд ОБЕГ, ООГХ хамтран бие болгосон Амжиж анхааруулах систем нь хөнөөлт чичирхийллийн долгион ирэх, аюулт үзэгдэл болохоос 30-40 секундын өмнө мэдээлэл өгч чадна.

Японы эрдэмтэд ОБЕГ-тай хамтран нийслэлийн төв цэгийг дайрсан шинэ хагарал илрүүлсэн. Энэ хагарал эрсдэлтэй юу?

-Жайка төслийнхөн газар хөдлөлтийн хагарал, голомтуудын талаарх мэдээллийг манай хүрээлэнгээс авсан. Бид газар хөдлөлтийн хүч, давтамжийн талаарх мэдээллийг өгснийг Жайка төслийнхөн боловсруулалт хийж, мөннийслэлийн барилга байгууламжийн чанарыг судалснаар үнэлгээ хийсэн. Улаанбаатар хотын орчимд 6.5-7.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болоход хотын ихэнхи нутаг дэвсгэрт найман баллаар мэдрэгдэнэ. Тоосгон барилгууд эвдрэлд орно, харин сүүлийн үед баригдаж буй бетонон цутгамал барилгууд найман баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй. Хоёр жилийн өмнөөс олон нийтийн анхаарлын төвд байсан Улаанбаатар хотыг нэвт дайран өнгөрсөн “Улаанбаатар” хагарал нь Хүрхрэйн ам буюу цанын баазын хойхноосДалан давхар луу чиглэсэн хагарал сансрын зурагт харагддаг. Японы эрдэмтэдтэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн судалгааны дүн нь олон улсын эрдэмтдийн дунд өнөөдрийг хүртэл маргаантай байна. Нэг хэсэг нь идэвхтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь идэвхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин, Нэгдугаарт, Улаанбаатар хот орчимд бүртгэгдсэн нийт газар хөдлөлтийн мэдээллээс үзхэд “Улаанбаатар” хагарал дээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Хоёрдугаарт, сүүлийн 100 жилийн хугацаанд газар хөдлөлт болж байсан бол хүмүүс ч бас мэдрэх байсан шүү дээ. Тиймээс энэхүү хагарлыг идэвхигүй геологийн хагарал гэхүндэслэлтэй. Үүнийг анхааралтай судлах ёстой.  Улаанбаатар хотыг нэвт дайран өнгөрсөн “Улаанбаатар” хагарал орчимд сүүлийн арван мянган жил газар хөдлөлт болоогүй, идэвхгүй бүс гэж үзэж байгаа юм. Мөн Туул голын орчимд хагаралууд байдаг ч идэвхтэй гэж тооцдоггүй. Харин Гүнжийн амны хагаралыг идэвхтэйд тооцож 2008 оноос хойш судалж байх хугацаанд 2017 онд хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ хэсэгт үе үе сүл хүчтэй газар хөдлөлт бүртгэгддэг. Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн аюул зүүн талаас Гүнжийн амны хагарал, баруун талаас Хустайн хагарал дээр болох газар хөдлөлтийн долгион хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн тооцоо байна. Улаанбаатар хотын баруун хэсэг болох  22-ын товчооны цаана есөн баллын эрсдэлийн бүс байгаа. Энэ бол нийслэлийн хамгийн аюултай бүс гэж тооцож болно. Хотын төв хэсэг найман баллын эрсдэлийн бүсэд хамаарч байгаа. Харин 12, 15 дүгээр хорооллуудын нутаг дэвсгэр буюу уулархаг газраар газар хөдлөлийн аюулын эрсдэлт бага. Хадан хөрсөн дээр баригдсан байшин барилгын сууринд ирэх, ажиглагдах долгионы хүч харьцангүй сул тул нурах эрсдэл бага гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын төв хэсэг газар хөдлөлтийн голомт байхгүй.

-Нийслэлд газар хөдлөлтийн зургаан хагарал байна гэх судалгаа гарсан. Эдгээр хагаралууд идэвхитэй юу. Эрсдэл нь хэр өндөр вэ?

-Нийслэл орчимд газар нутгийн бүс нутгаар нь харвал Гүнжийн ам, Туул голын урд, хойд, Хустайн нуруу, Авдар уул, Шархайн зэрэг 17 хагарал бий. Үүнээс газар хөдлөлийн аюултай дөрвөн хагарал нь идэвхтэй гэж тодорхойлогдсон. Эрсдэлтэй гэж үзсэн хагаралуудад судалгаа хийж  анхаарлаа хандуулж байгаа. Гүнжийн амны хагаралд 2008 оноос хойш судалгаа хийхэд 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж байсныг тогтоосон. Ерөнхийдөө 3-3.5 мянган жилийн давтамжтайгаар газар хөдлөлт болж байсныг баталсан. Эмээлт орчимд газар хөдлөлтийн идэвхжил бүртгэгдэж байна. Мөн Хустайн нуруунд газар хөдлөлтийн идэвхтэй хагарал байгаа. Иймд сүүлийн 20 жилийн хугацаанд нийслэлийн бүс нутгуудыг илүүтэй судалж байна. Учир нь хүн амынх нь 50 хувь төвлөрдөг тул хотын бүс нутагт газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах үүднээс олон тоо, төрлийн геофизикийн багажын судалгаа хийж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж