Иргэний дайныг зогсоосон баатар

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Иргэний дайныг зогсоосон баатар

Иргэний дайныг зогсоосон баатар

Судан улсын хоёр дахь том хот болох Омдурман дахь Аль-Меррих цэнгэлдэх хүрээлэн нь дэлхийн томоохон хөлбөмбөгийн талбайн нэг биш ч Улаан цайз гэгддэг энэхүү жижигхэн цэнгэлдэхэд хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн ер бусын үлгэрүүдийн нэг биеллээ олсон юм. 2002 оны есдүгээр сарын 18-нд Бүгд Найрамдах Кот-Дивуар буюу Зааны Ясан эрэг гэгддэг Африк тивийн нэгэн улсад иргэний дайн дэгдэж, умардыг эзэлсэн босогчид болон өмнөдийг эзэмшсэн засгийн газрынхан газар нутгаа тэг дундуур хуваасан аж. Энэхүү иргэний дайн гурван жилийн турш үргэлжилж эцэст нь хэний ч төсөөлөөгүй энхийн замаар төгссөн.

2005 оны аравдугаар сарын 8-ны өдөр. 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалт тун энгийн байв. Камеруны шигшээ баг Египетийн шигшээ багийг хожвол тэд зургаа дахь удаагаа ДАШТ-нд орох байлаа. Харин нөгөө талд Камеруны шигшээ багаас нэг оноо дутуу явж байгаа Кот-Дивуар Суданыг талбайд нь хожсон ч Камерун өрсөлдөгчөө хожвол тэд анх удаагаа ДАШТ-нд оролцох боломжоо алдах байсан.

2005 оны Кот-Дивуарын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг бол тус улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг шигшээ баг байлаа. “Алтан үе” гэгдсэн энэхүү багт Дидье Дрогба, Коло Туре, Эммануэль Эбуэ, Дидье Зокора гээд тив дэлхийн томоохон багуудад хүчин зүтгэдэг тамирчид цугларч түүхэнд нэрээ үлдээж чадсан юм. Ялангуяа энэ багийг тэргүүлж байсан Дидье Дрогба.

Кот-Дивуарт энх тайванг авчрах ганц боломж нь хөлбөмбөг байсан юм.

Камерун улсын Египетийн шигшээ багтай хийх тоглолт болон Кот-Дивуарын Судантай хийх тоглолт нэгэн зэрэг эхэллээ. Кот-Дивуарт ялалтаас өөр юу ч хэрэг болохгүй гэдгээ ч ухамсарлаж, Суданы шигшээ багийг 3-1 гэсэн харьцаатай хожлоо. Тус тоглолтын хоёрдугаар үеийн 73 дахь минутад Аруна Диндане өөрийн хоёр дахь багийн гурав дахь гоолыг оруулж Кот-Дивуар хийх ёстой зүйлээ хийв. Гэвч бараг 1600 миль зайтай Яунде хотод байдал тун тэс өөр байв.

Самуэль Это’огоор ахлуулсан Камеруны шигшээ баг нэгдүгээр үеийн 20 дахь минутанд тэргүүллийг авсан ч тоглолтын хэмнэл ширүүн байлаа. Хоёрдугаар үеийн 79 дэх минутанд Мохаммед Шавкийн оруулсан гоол тооны харьцааг тэнцүүлж, Египетийн шигшээ баг сэргэж, Кот-Дивуарчууд баярлан залбирч эхлэв. Тоглолт энэ дүнгээрээ тэнцээгээр дуусвал Кот-Дивуарчууд түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох байлаа.

Дидье Дрогба тэргүүтэй хөлбөмбөгчид нөгөө талд явагдаж байгааг тоглолтыг радиогоор л сонсч байлаа. Тухайн үед “Тэнцээ, залуусаа хоёр минут үлдэж. Хоёрхон минут!”, “Бид Германыг зорих эрхтэй боллоо гэж үү” гэж хэлж дуусаагүй байхад “Камерун торгуулийн цохилт хийх эрхтэй боллоо” хэмээн радиогоор зарлажээ. Энэхүү тоглолтыг тэр өрөөнд сонсч байсан тамирчид “Ингээд өнгөрөө, гүйцээ” хэмээн өөрсдийгөө хасагдсанд тооцон сууж байжээ. Дидье Дрогбагийн хувьд зорилгодоо ийм ойрхон ирчихээд бүтэлгүйтнэ гэдэг хэтэрхий хүнд санагдаж байсан хэмээн дараа нь өөрийн номондоо дурдаж байсан юм. Тухайн мэдээлэл авах хэрэгсэл, зурагт гээд юу ч байсангүй зөвхөн ганц радио. Гэтэл “Үгүй ээ, тэр торгуулийн цохилтоо алдчихаж” хэмээн өрөөгөөр дүүрэн хашгирав. Өрөөгөөр дүүрэн тоглолтын эцсийн шүглийг хүлээн залбирсан хүмүүс. Эцсийн эцэст тоглолт дуусч Кот-Дивуар улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн тэмцээнүүдийн оргил болох дэлхийн аваргад оролцох эрхтэй болов.

Энэ тухай хожим нь Хассане Омар хэмээх залуу ярихдаа “Бүхэл улс даяараа, хүн бүхэн, айл бүр баяр хөөр, жаргалд умбаж байсан. Тэр өдөр бол манай улс хуваагдсан гэдгээ мартсан өдөр байсан” хэмээжээ.

Хаа сайгүй тоглогчид баярлаж байх үед зурагтын камерыг хувцас солих өрөөнд оруулав. Тоглогчид бие биетэйгээ тэврэлдэн, гараа бие биенийхээ мөрөн дээр тавьсан байв. Харин энэ үед төвд зогсч байсан Дидье Дрогба микрофоныг гартаа аван “Кот-Дивуарын эрэгтэй, эмэгтэй, умард, өмнөд, төв болон барууны иргэдээ бид та бүхэндээ Кот-Дивуарын иргэд хамтдаа аж төрөн, хамтдаа нэг зорилгын төлөө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө тоглож чаддаг гэдгийг батлан харууллаа. Бид энэ баяр хөөр хүмүүсийг нэгтгэж чадах болно хэмээн амласан. Өнөөдөр бид та бүхнээсээ өвдөг сөгдөн гуйя. Африкийн маш их баялагтай энэ улс дайнд нэрвэгдэх ёсгүй. Гуйж байна, зэвсгээ хаяж, сонгуулиа зохион байгуулацгаая” хэмээн хэлжээ. Үүнийхээ дараа Дидье Дрогба “Бид хөгжилдөх хэрэгтэй. Тиймээс галаа зогсооцгоо” хэмээн хэлж тэнд байсан тамирчид дуулж эхэлжээ.

Кот-Дивуар улсын нийслэл Абижан хотын гудамж талбайгаар дүүрэн баяраа тэмдэглэсэн хүмүүс хүн бүр аз жаргалд умбасан гайхалтай өдөр. Дидье Дрогба болон түүний багийнхныг эх орондоо эргэн ирэхэд жинхэнэ галзуурал болов. Холливудын киноны гайхалтай төгсгөл шиг.

Гэвч 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд Кот-Дивуарын шигшээ баг Аргентин болон Нидерландын шигшээ багуудад хожигдож хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлэв. Дидье Дрогба 2006 онд Африкийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо. Үүнээс яг нэг жилийн дараа 2007 оны зургадугаар сарын 03-нд Кот-Дивуарын шигшээ баг Мадагаскарын шигшээ багийг нийслэл Абиджан хотод хуваарийн дагуу хүлээн авч тоглох байсан ч Дидье Дрогба тэнд тоглохгүй гэж хэлэн оронд нь бослогын бэлгэдлийн төв болох Боак хотод тоглосон юм. Дрогбагийн тэрхүү мэдэгдэлд Ерөнхийлөгч нь зөвшөөрөл өгсөн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байдаг аж.

Баок хотод зохион байгуулагдсан тэрхүү тоглолтын тухай Аустин Меррил хэмээх сэтгүүлч бичихдээ “Дрогбаг өмнөд хэсгээс – Гбагбогийн нутгаас ирсэн гэдгийг санаарай. Гэвч тэр яг л бурхан шиг байсан" хэмээжээ.  Мөн Хассане Омар “Энэ бүхэн яг л хөлбөмбөгөөс илүү мэт мэдрэгдсэн. Хүн бүхэн 12 гээд л ажлаа зогсоогоод шар айраг, эсвэл шампанск ууж баярлаж байлаа. Тэд бидэнд хамтдаа амьдарч болохыг мөн Кот-Дивуарыг өмнө хэзээ ч байгаагүйгээр байлгаж чадсан юм. Энэ зөвхөн хөлбөмбөгийн тухай биш, энэ бол улс орны эв нэгдлийн тухай” гэж хэлсэн байна.

Кот-Дивуарын хөлбөмбөгийн “Алтан үе” гэгдэж байсан энэхүү шигшээ баг хэзээ ч өөрсдийнхөө бүрэн хэмжээнд хүрч тоглож байгаагүй юм. 2006 болон 2012 онуудад Африкийн цомын шигшээ тоглолтонд ялагдал хүлээн мөн ДАШТ-нүүдэд ч амжилт муутайхан оролцож ирсэн.

Энэ бүх эв нэгдлийн гол баатар Дидье Дрогба 2018 онд их спортоосоо зодог тайлж буйгаа зарлаж Африкийн хөлбөмбөгийн домгуудын эгнээнд элсэв. Дрогба болон түүний багийн нөхөд зөвхөн хөлбөмбөгийн алдар нэрээс илүү том үүрэг хариуцлага, агуу зүйлийн эзэд болж чадсан юм. Тэд иргэний дайныг бүр мөсөн зогсоогоогүй ч хоёрхон хөлбөмбөгийн тоглолтоор эх орондоо итгэл найдварыг авчирсан.

Кот-Дивуарын иргэний хоёрдугаар дайн 2010 онд эхлэн 2011 онд бүр мөсөн дууссан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж