Сонгууль 2020: Ховдод хүч тэнцүү тулаан болно

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Ховдод хүч тэнцүү тулаан болно

Сонгууль 2020: Ховдод хүч тэнцүү тулаан болно

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 16  дугаар тойрог буюу Ховд аймгийг онцолж байна.


АН, МАН-д адилхан итгэл үзүүлж ирсэн Ховд аймаг энэ жил гурван мандаттайгаар сонгуульд оролцоно. Өөрөөр хэлбэл, УИХ-д гурван төлөөлөлтэй болно гэсэн үг. Баруун бүсийн тулгуур бүс гэгддэг Ховд аймаг бусад аймгуудыг бодвол хөгжил, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч. Ялангуяа сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт өндөр байгаа аймгуудын нэг юм. Өнгөрсөн 10-н жилийн хугацаанд тус аймагт хэвтээ болон босоо тэнхлэгийн 1300 гаруй км хатуу хучилттай зам баригдсан. Энэ нь Ховдоос сонгогдсон гишүүд нутаг гэсэн том эрх ашиг дээрээ талцалгүй нэгддэгтэй холбоотой ч гэлцдэг. Ховд аймаг өнгөрсөн долоон удаагийн сонгуульд МАН-д ч, АН-д ч итгэл үзүүлж байжээ.

МАН БАГИЙН ТОГЛОЛТОО ЭХЛҮҮЛЖЭЭ

Эрх баригч хүчин болох МАН-аас 2020 оны сонгуульд нэр дэвшигчид тодорхой болсон аймаг бол Ховд аймаг бөгөөд нэр дэвшигчид ч нэг баг болж “тоглолтоо” эхлүүлжээ. УИХ-ын гишүүн О.Батнасан тус намаас дахин хүчин үзнэ. Түүнийг өнгөрсөн удаагийн сонгуульд нутгийн дүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын лоббигоор нэр дэвшин гишүүн болсныг намынхан, сонгогчид байтугай өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. “Кондитер Улаанбаатар” ХХК-ийн захирал тэрээр өнгөрсөн сонгуульд бидон, чихэр тарааж гарч ирсэн, төрсөн дүү О.Ганбаатартаа ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх асуудалд холбогдон ЖДҮ-чин гишүүдийн нэг болж олон  нийтэд нэлээд муугаар танигдсан. “Торгон нутаг клуб”-ын тэргүүн түүний хувьд Ховд аймгийн хамгийн том сум болох 10 мянга орчим хүн амтай Булган сум гол хөзөр нь. Тиймдээ ч өнгөрсөн жилд өөрийн тойргийн бусад сумдаа бус төрсөн сумаа тойглон төсвийн бүхий л хөрөнгө оруулалтыг тийш нь цутгасан гэлцдэг. Эл тойрогт нэр дэвших дараагийн горилогч бол 4 дэх удаа УИХ-д хүч үзэх гэж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт. 2012-2016 онд сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж намаа үнэмлэхүй ялуулсан түүнийг тухайн үед Ерөнхий сайд болно гэсэн бор шувуу нисч байсан ч намын журмын нөхдөдөө “муриулан” Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан дээр буусан гэдэг. Хуулийн салбарынхан нь түүнд гайгүй ам сайтай байдаг  ч сайдын суудалдаа удаан тогтоогүй. Хамаарал бүхий компани нь концесстой холбогдон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах шалтгийн нэг болсон гэдэг.  Харин өөрөө бол АН-ын үед хэрэгжсэн 100 концессын нэг гэж гүрийдэг. Төрийн яам, агентлаг, хотын захиргаанд Ховдын вант улсын бүхэл бүтэн сүлжээг байгуулсан нууц ноёнтон нь С.Бямбацогт гэдэг жиг жуг яриа ч тасардаггүй. Ховдоо гэсэн хэтийдсэн амбицтай түүнээс нутгийнхан нь нүүр буруулах нь юу л бол. МАН-аас нэр дэвших дараагийн горилогч бол УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа. Сүхбаатар дүүрэгт 2016 онд нэр дэвшин ялалт байгуулсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд тойргоо орхин 2018 оноос төрөлх нутаг Ховдыг “усалж” байгаа. У.Хүрэлсүхийн кабинетын сайдаар ажиллаж байсан ч багийн  дүрмээр тоглоогүй, өөрөө өөрийгөө огцруулах албан бичигт гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Ийнхүү намын дарга У.Хүрэлсүхийн “араанд зуугдсан” ч эмэгтэйчүүдийн квотын ачаар Ховдод нэр дэвших эрхээ олж авч, тойргоо усалж яваа. Нөхөр, хүү, охин нь яам агентлагт даргын албанд томилогдож ургийн мод үүсгэсэн, сайдаар ажиллаж байхдаа халаа сэлгээг баруун солгойгүй хийсэн, багш нар түүнийг сайд байхад удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гээд хэвлэлээр багагүй чимхүүлж яваа нэгэн.

АН ШИНЭ, ХУУЧЧУУЛААР БАГАА БҮРДҮҮЛЖЭЭ

Ховд аймгийн гурван мандат дээр Ардчилсан намаас өрсөлдөхөөр горилж буй хэд хэдэн нэр дэвшигч бий. Нэр дэвших нь нэгэнт тодорхой болж квотоо гартаа атгасан гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж нэрлэгдэж байна. Сөрөг хүчний дуу хоолой болж байгаа цөөхөн гишүүдийн нэг. Гэвч түүнийг  казино тоглосон, ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт сэжиглэгдэн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн гээд түүнтэй холбоотой таагүй мэдээлэл ч хэвлэлээр цөөнгүй гарч байв.

Нэр дэвшигчид дундаа сонгуулийн арвин баялаг туршлагатай, бас хамгийн ахмад нь, буурь суурьтай хүн гэдгээрээ Ш.Адьшаа анхаарлын төвд байна. Хоёр ч удаагийн сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсон ч Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй Ш.Адьшаа энэ удаад даагаа нэхэхээр шийджээ.  Түүний хувьд Ховд аймагтаа  хийсэн ажил ч чамгүй гэлцдэг. Тэрээр “”Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан, өнгөрсөн онд хийдийн 10 жилийн ойгоор алтан Майдар бурхныг бүтээн залж сүсэгтэн олны хайр талархлыг хүлээсэн. Буян номын гэгээн үйлд шамдаж, бусдын төлөө дандаа сайн үйлс хийдэг түүнийг мөр цагаан хүн хэмээн үнэлэгсэд олон. Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа бас ч чамгүй их ажил хийсэн, эрүүл мэнд хүмүүнлэгийн салбарт ч хийсэн ажил ихтэй учраас энэ удаад ховдчууд түүнд итгэл үзүүлэх нь дамжиггүй.   Ховдоос УИХ-д горилогчдын буухиа УИХ-ын гишүүн асан Д.Батцогтоор үргэлжилж байна. Тэрээр 2012-2016 онд АН-аас нэр дэвшиж гишүүнээр ажилласан. 2016 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт буюу базтайгаа өрсөлдөн  ялагдал хүлээсэн. АН, Амлалт нэхэх ард түмний холбоо, МҮАН, дахиад АН гээд өөрт ашигтай л бол намаа оймс шиг  сольдог тэр өнгөрсөн жилд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр тойргоо усалж, намын даргаар нь ажилласан. Гэсэн ч тойрог томссон шийдвэр гармагц нэр дэвшигч намын дарга байж болохгүй гэсэн намын дүрмийн дагуу ажлаа өгсөн. Өнгөрсөн 4 жил аймгаа тоогоогүй, 2016 оны сонгуулиар унангуутаа сонгуульд ажилласан намынхан, шадар ухуулагч нарынхаа цалин урамшууллыг ч өгөлгүй хот руу зугтсан түүнд Ховдын сэтгэл дундуур байгаа гэх.

Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байгаа нөгөө нэг нэр дэвшигч бол Т.Баттулга. “Лүүк Монголиа” ХХК-ийн захирал, залуу бизнесмен гэдгээр нь ховдынхон андахгүй. Гадаадад боловсрол эзэмшсэн, шинэ залуу өрсөлдөгч гэсэн үг. Түүний хувьд Ховд аймагтаа өрсөлдөхөөр тойргоо услах болсон бөгөөд нутгийнхан нь итгэл үзүүлэх өндөр магадлалтай хэмээн яригдаж буй. АН-аас мөн нэр дэвшихээр горилж байгаа дараагийн хүн бол Ховдод "Үйлчилгээний ажилтны холбоо" үүсгэн ажиллаж яваа горилогч бол Автотээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцаг. Тэрбээр үйлчлэгч, зөөгч, манаач, цэвэрлэгч зэрэг ажилтнуудыг тойглон аргалж холбоо байгуулж "хөл" хийхээр гол тактикаа боловсруулсан байна. Шинэ жилээр холбооныхоо шинэ жилийг зохион байгуулж, гарын бэлэг өгч яваа эгх яриа ч гарах болсон. Улс төрийн туршлагагүй, хувийн бизнесгүй түүнийг бэнчирхэж явааг иргэд намынхан нь багагүй харддаг юм байна.

Гуравдагч хүчин болох МАХН-аас Жаргалант сумын Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Баттулга, С.Батзаяа нар нэр дэвших сурагтай байна.

УИХ-ын сонгуульд Ховд аймгаас сонгогдсон гишүүд:

  • 1992 он: МАХН-ын гишүүн Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл, Ж.Норовсамбуу
  • 1996 он: МАХН-ын гишүүн Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу, Д.Дэмбэрэл
  • 2000 он: МАХН-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Дамиран, Г.Нямдаваа
  • 2004 он: МАХН-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Дамиран, Л.Пүрэвдорж,
  • 2008 он: МАХН-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, АН-ын гишүүн Р.Амаржаргал
  • 2012 он: МАН-ын гишүүн С.Бямбацогт, АН-ын гишүүн Д.Батцогт
  • 2016 он: МАН-ын гишүүн С.Бямбацогт, Б.Батнасан, АН-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • 2020 он:?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж