Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хуралдаан боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын хуралдаан боллоо

Хуралд Өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах онцгой комиссын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцож, Монгол Улсын Шадар сайд, Онцгой комсиссын дарга Ц.Оюунбаатар удирдан явууллаа.

Хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүнгийн тухай мэдээллүүдийн сонсож, Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг даалгавар өглөө.

Энэ жил улсын хэмжээнд 145 мянган малчин өрхийн 56 сая гаруй мал өвөлжихөөр бэлтгэлээ хангажээ. Зуншлага оройтсон ч малчид зун, намрын отор нүүдэл сайн зохион байгуулснаар нийт мал сүргийн 93.5 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүч, хадлан тэжээл бэлтгэл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн хувийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 85.9 хувьтай хангасан дүн гарчээ. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь  74, Баянхонгор  78, Дундговь  81, Хөвсгөл 81 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байна.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын  тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 гаруй нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 96 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ өвлийн цаг агаарын төлөв байдлаас харахад олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болж, мал аж ахуйн өвөлжилтөд хэт хүйтний нөлөөлөл их байх магадлалтай байгаа тул орон утгийн түвшинд мал сүргийг хүйтнээс хамгаалах арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаадлагатай байгааг Шадар сайд анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зун өгч байсан зөвлөгөө 2015-11-25 122.201.22.87

Зун нь гантай, өвөл нь бэлчээр, тэжээлийн хомсдолд орох үед өгөх зөвлөгөө.1/Малчдад өгөх зөвлөгөө: Энэ өвөл хатуу болно гэж тооц.Эр сувай малаасаа одооноос эхлэн хэр тааруу үнээр борлуулахыг бод. Язартал таргалуулаад намар идэшний үеэр үнэ хүргэж зарна даа гэсний хэрэггүй.Хөгшин хөвөө, хэнз давжаа мал одоо таргалаагүй учир жаахан өөх цацуулаад намар борлуулахыг бод. Ийм мал онд орохгүй шүү.Амьны гарз л болно.Үлдсэн малаа яаж онд оруулахыг одооноос бод.Хаашаа, ямар малаа оторлох боломж байнав гэдгийг одооноос судалж байхад илүүдэхгүй.Хадлан, гар тэжээл, багсармал тэжээл аминд орно.Энэ жил гар хадуур их хэрэг болно.Ойн цоорхойг хад. Бургасны зай завсрыг хад. Өвөлжөө бууцны халгай, шарилжийг битгий гол. Энэ жил тэжээл голж шилдэг жил биш.Өвс цайтал хадахаас өөр арга үгүй. 2/Тариаланчдад өгөх зөвлөгөө:Энэ жил эрт тарьсан зарим талбайн тариа товчон тодгойтой байж мэдэхээр боллоо. Эрт болно. Ургац бага.Намхан.Тэгэхдээ голж болохгүй.Комбайнаа шууд хураахад эртхэн бэлтгэх хэрэгтэй.Орой тарьсан талбайн тариа болц нь гүйцэхээргүй боллоо шүү.Сайндаа л цавуулаг багатай тариа авна гэсэн үг. Зарим талбайн тариа огт цутгахгүй байж ч мэдэхээр боллоо.Ногоон масс хадна гэсэн үг. Гэхдээ голж болохгүй.Цаана чинь малын тэжээлийн хэрэгцээ их гарна.Ногоон сүрлээ хэрч. Багсармал тэжээл хий.Саяхан ХХААЯ-ны нэг албаны дарга “Ургацын бололт нэг сараар хоцорч байна. Зарим компани ургац авах байх” гэсэн утгатай зүйл ярьж байна лээ. Хяруу цохичихно шүү дээ. Найдвар бараг байхгүй.Намрын хяруу аяндаа ямар чанартай ургац авахыг талбай бүрээр шийдээд өгдөг юм.Тэгэхдээ хээрийн бүст ийм горьдлого бий.Ер нь маневар сайн хийх шаардлага гарах байх.Жишээ нь, ногоон сүрлийг пресслэж малын тэжээлд хэрэглэхээр бэлтгэх, хэрэгцээтэй газар нь борлуулах г.м. 3/Төрийн төв, орон нутгийн байгууллагын дарга, мэргэжилтэн нарт өгөх зөвлөгөө: Энэ өвөл маш хүнд болно гэж одооноос тооцох хэрэгтэй. Наадам, ойн баяруудад анхаараад өвөлжилтийн бэлтгэлээ орхигдуулж, цаг алдаж болохгүй гэдгийг би наадмаас өмнө энэ сайтаар анхааруулж байсан.Хэрвээ хадлан нь ургасан бол хилийн зурвас, дархан цаазтай, тусгай хамгаалалтай газарт хадлан хадуулах, отор нүүдлээр малчдыг өвөлжүүлэх гэх мэт эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэлцэл, зөвшилцөл шаардсан арга хэмжээ авах хэрэг гарч мэдэхээр байна.Гар хадуур, морин хадуур, тармуур их хэрэг болж мэдэхээр байна.Малын тэжээл бэлтгэх машинууд хэр зэрэг байнав гэдгийг судлах. Гаднаас оруулж ирэх боломж юу байнав.Гадагшаа мах борлуулахад онцгой анхаарах.Нөөцийн мах бэлтгэхэд анхаарах.Говь, хангай, хээр талын бүст амьдардаг хашир малчидтай уулзах. Тэдний үг үнэтэй шүү. Тэд одоо энэ өвлийг яаж давах талаар нэгийг бодож, хоёрыг сэтгэж байгаа.ХХААЯ, аймгийн ХХААГ, ЗГ-ын ХЭГ, түүний орон нутгийн хэлтсийнхэн судалгаа, мэдээлэлтэй байж, бүх ажлыг зангидаж, энэ жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг гартаа авах хэрэгтэй.Тариаланчдад учрах эрсдэлийг одооноос тооцож, хохирлыг аль болох бага байлгах ямар боломж байгааг хайх.Гол эрсдэл бол янз бүрийн эх үүсвэрээс тэдний авсан зээлийн төлөлтийн асуудал. Хоёрт, сэтгэл санааны дэмжлэг их чухал.Жинхэнэ ясны тариаланч хүн бол ургац авахаараа их баярладаг, ургац алдахаараа их гутардаг онцлогтой.Өөрөө л нэг их буруу хэрэг хийчихсэн юм шиг бодоод байдаг юм.Одоо төвийн бүст ихэнх малчид хадландаа гарч чадахгүй байна. Сая орсон хэд хоногийн борооны дараа бага ч гэсэн хадлан нэмэгдэх болов уу гэсэн горьдлого тээж хүлээж байна. Энэ зөв.Малчид хүүхдүүдээ байхад хадлангийн ажлаа нугалдаг байсан бол энэ жил тэр боломжгүй боллоо.Болдогсон бол энэ жил бүх шатны сургуулийн хичээлийг 9 дүгээр сарын 10-нд эхлүүлэх юмсан. Боловсролыг дорд үзсэн хэрэгт унах байхдаа. 4/Бүх шатны төрийн байгууллагуудад стандарт бус сэтгэлгээ, алсыг харсан төрийн бодлого хэрэгтэй боллоо. Шаардлагатай бол хууль, дүрэм, журам, шийдвэрээ түр хугацаанд өөрчил. Малчин, тариаланч хоёрт хоёуланд нь эрсдэл зэрэг тохиолдож байгаа энэ жилийн онцлогийг харгалзаж гамшгийн хэмжээнд авч үз.Малчин, тариаланчийн хөдөлмөрийг зүгээр нэг энгийн бизнес гэж битгий бод. Хөдөөгийн асуудлыг шийдэж байнаа гэдэг чинь цаанаа хотын утаа, замын түгжрэл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний доголдол, хот орчмын байгаль орчны доройтлын шалтгааныг арилгаж байна аа гэж өргөн хүрээнд ойлгож ханд. Хэвшмэл хандлагаа өөрчил гэсэн үг л дээ. Судалгаа, мэдээлэл их чухал байна даа. Шатраар бол “байгаль цаг уур” гэдэг их мастер цагаанаар нүүлээ. Одоо “тариаланч-малчин” гэсэн шатарчин хараар нүүх болж байна.Хождоггүй юм аа гэхэд, энэ өргийг тэнцээгээр дуусгах юмсан.5/Даанч дээр, доргүй найр наадмаас өөр юм бодохоо байгаад удаж байна даа, бид.Найр наадам сайн хийвэл улс орон маань хөгжиж, ард түмний маань амьдрал дээшилдэг бол яахав гэхсэн. Даанч тэгдэггүй хорвоо гэдгийг ойлговол сайнсан.Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтэрхээр утгаа алддаг жамтай.Намар болонгуут л нэг их ажил хэрэгч дүр үзүүлсэн, зовлон тоочсон, бие биендээ буруу өгсөн хүмүүс гарч ирнэ дээ, харж л байгаарай. 6/Хотынхон бид зун болохоор хөдөөнийхөнд их тээр болдог шүү.Энэ зун хот суурин газраас хөдөө ах дүү, танил талынхандаа амралтаараа очсон хүн бүр ажилд нь тусал.Хадлан хадахад нь тусал. Хашаа саравчаа засахад нь тусал.Үд болтод унтаад, цайлж дайлуулаад байдаг ямбатай амралт энэ жил хөдөөд зохихгүй боллоо гэдгийг ойлго. ХУД-ийн иргэн Ш.Раднаа