Замтай болготол нь хонхдоё

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Замтай болготол нь хонхдоё

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ хойд талд Авлигатай тэмцэх газар, ОБЕГ-ын захиалгаар авто гараашийг шинээр барьжээ. Төрийн байгууллагуудын өмчит тухайн барилга руу орж, гарах гарцыг шийдэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зураг төслийг зөрчиж, нийтийн эзэмшлийн явган зам дээр авто замын гарцыг барьсан гүйцэтгэгч “Эко холдинг” компани тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тухайн үед явган хүн шууд алхах боломжгүй, тойрч гарах нөхцөлтэйгөөр гараашны гарцыг шийдсэн бол өнөөдөр хоёр талд нь шат тавин, гарцын тэмдэглэгээ хийж, явган зам тагласан зөрчлөө гүйцэтгэгч компани сааруулсан байх юм. 

Явган замыг тагласан дээрх үйлдлээс төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн хүнээ бодсон шийдвэрийг гаргадаг болохыг харж болно. Эрүүл иргэн байтугай хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч дээрх замаар өвлийн улиралд явахад хэцүү гэдгийг 15 жилийн турш орчноо тольдож чадаагүй яваа Ц.Чинбат ярьсан юм. Мөн тэрбээр улс дэд бүтцээ шийдэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ багахан ч гэсэн харж үзэж, зам талбайгаа тохижуулдаг байхыг санууллаа. Учир нь одоо тавигдсан явган зам бүгд нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил болсон гэлээ.

Иргэдийг басамжилж, зураг төсөл зөрчин барьсан тухайн авто замын гарцаа хэн хэндээ аюулгүйгээр шийдэх албан бичгийг НЕТГ-аас  гүйцэтгэгч тал болон захиалагч талуудад хүргүүлжээ. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөлт зөрчсөн гэсэн дүгнэлт гаргуулахаар хандсан байна.

Уг нь нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, тохижуулах тухай захирамжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн Засаг дарга гаргасан байдаг. Улмаар өнгөрсөн зургаадугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшил газрыг чөлөөлж, аж ахуй нэгж, байгууллагууд тохижилтын ажлаа эхлүүлэх үүрэгтэй байсан ч хөрөнгө мөнгө удсан гэх шалтгаанаар явган зам чөлөөлөх ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Ямартай ч явган хүн алхах замыг өөрийн дураар таглаж, бөглөсөн нэгний байгууламжийг чөлөөлж, нийслэлийн иргэд чөлөөтэй алхах зам талбайтай болох шийдвэрийг хотын дарга гаргасан нь нэг дэвшил.  Гэтэл нийтийн эдэлбэр газар, явган зам чөлөөлөх захирамж хэрэгжээд удаагүй байтал дахин нэг  явган замыг таглан авто замын орох, гарах гарцын замыг төрийн байгууллагуудын захиалгаар барьсан энэ юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж