ТВ4 телевизийн гурван мэдээлэл ёс зүйн хэд хэдэн зарчмыг зөрчжээ | News.MN

ТВ4 телевизийн гурван мэдээлэл ёс зүйн хэд хэдэн зарчмыг зөрчжээ

ТВ4 телевизийн гурван мэдээлэл ёс зүйн хэд хэдэн зарчмыг зөрчжээ

ТВ4 телевизийн гурван мэдээлэл ёс зүйн хэд хэдэн зарчмыг зөрчжээ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын ээлжит хурлаа коронавирустэй холбоотойгоор үүссэн хөл хорионы нөхцөлтэй уялдан онлайнаар зохион байгууллаа. Хурал 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болж, гурван гомдол хэлэлцлээ. Энэхүү гурван гомдол нь гурвуул ТВ4 телевизийн бэлтгэсэн мэдээлэлтэй холбоотой байлаа.

Байшингаа хөлдөөлгөсөн иргэдийн мэдээллийг баталгаажуулсангүй

ТВ4 телевизээр 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь “хөлдөөгөөд” 4 жил болж байна гэв” мэдээ цацагдсан бөгөөд ТВ4 телевиз энэ мэдээг гаргахдаа нэр төрд халдсан, ташаа мэдээллийг нягтлаагүй, буруутгагдсан талаас тайлбар аваагүй гэсэн гомдлыг нэгэн иргэн ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвийн халаалтын систем доголдож, сумын төвийн барилгууд бүгд хөлдсөн байна. Сургууль, цэцэрлэг, орон сууц гээд бүгд хөлдсөн бөгөөд тухайн үед хөлдсөн 64 айлын орон сууц түүнээс хойш халаалтгүй байгаа ажээ. Байрны оршин суугчид өнөөг хүртэл сум, аймаг, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л шатны байгууллагад хандаад амжилт олохгүй байгаа талаар сумын хоёр иргэн ярилаа. Хоёр иргэн сумын төвийн халаалтыг хариуцдаг төвийг одоогийн Засаг дарга нь хувьчилж авсныг энэ хооронд мэдэж авсан тухайгаа сэтгүүлчид ярьжээ. Гэхдээ энэ яриа үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулах өөр түвшний эх сурвалж ашиглаагүй, тэдний гартаа барьсан бичиг баримтууд нь болсон явдлыг нотолж буй эсэхийг үзэгчдэд тодорхой харуулаагүй нь мэдээллийг үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй. Мөн мэдээний дундуур Засаг даргын гэр бүлийн гэрэл зургийг үзүүлэхдээ гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй тул энэ мэдээлэл нь Ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, мөн 2.3-т заасан “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна”, 6-д заасан “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана”, 6.2-т заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно” гэснийг тус тус зөрчсөн гэж Хороо үзлээ.

Гол эх сурвалжаас мэдээлэл аваагүй гэв

ТВ4 телевизээр 2019 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “Шинжан Уйгур гаралтай иргэн Идэнбаяр ТВ4 телевизийг шүүхэд дуудаж, мөнгө нэхэмжиллээ” гэсэн агуулгатай мэдээ цацагдсан байна. Энэхүү мэдээнд дурдагдаж байгаа иргэний талаар тус телевиз өмнө нь мэдээ бэлтгэсэн бөгөөд тэр мэдээлэл нь үнэнд нийцээгүй гэж үзэн шүүхэд хандсан ажээ. Шүүхэд хандсан гэсэн агуулгатай энэ мэдээллээр “ташаа мэдээлэл түгээсэн, нэр төрд халдсан” гэж үзэж байгаа тул иргэн Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан гомдол ирүүлжээ.

Хороо хэлэлцээд дараах Ёс зүйн хэд хэдэн зарчим зөрчигдсөн гэсэн дүгнэлтийг гаргалаа. Үүнд, “Шүүхэд дуудаж, мөнгө нэхэмжиллээ” гэсэн гарчигтай боловч энэ агуулгын хүрээнд тохирох эх сурвалжаас мэдээлэл аваагүй учир 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн зарчим, мэдээний лид болон агуулга дундуур сэтгүүлч тухайн иргэнийг “хятад гаралтай, тан баригч” гэх зэргээр давтан хэлсэн, мэдээний эх сурвалж гэх иргэний яриа шүүхэд дуудаж, мөнгө нэхэмжилсэн гэх агуулгатай тохироогүй, баримт нотолгоогүй зүйл ярьж байгаагаас мэдээнд үзэл бодол оруулсан тул 1.5-т заасан “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэсэн зарчим, Х.Идэнбаярын зургийг мэдээний турш ашигласан боловч өөрөөс нь зөвшөөрөл аваагүй тул 2.3-т заасан “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна” гэснийг тус тус зөрчсөн. Мөн шүүхийн нэхэмжлэл нь тус телевизтэй шууд хамааралтай учир мэргэжлийн давуу байдлаа ашигласан, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлд мөнгө нэхэмжлээгүй байхад мөнгө нэхэмжилсэн хэмээн мэдээлсэн нь мэдээллийг мушгин гуйвуулсан гэж үзэн 5-д заасан “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэсэн зарчмыг зөрчсөн хэмээн үзлээ.

Хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл цацжээ

ТВ4 телевизээр 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “ХӨСҮТ-ийн эмч А.Цэнгэлбат хамтран амьдрагчаа залилж 500н сая төгрөгний хохирол учруулсан гэв” гэсэн мэдээнд иргэн гомдол ирүүлжээ.

Гомдол гаргагч нь тус редакцийг дээрх мэдээг бэлтгэхдээ мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаагүй ташаа мэдээлэл түгээсэн, нэр төрд халдаж гутаан доромжилсон хэмээн буруутгасан юм.

Мэдээг нягталж үзэхэд нэг талын байр суурийг үнэн мэт мэдээлсэн, нөгөө талаас тодруулж баталгаажуулаагүй, шат шатны шүүхээр тогтоогдсон баримтууд байсаар байтал яриа өгч буй иргэний үгээр баталгаагүй мэдээлэл тараасан, илт нэг талыг барьсан мэдээллээр бусдын нэр хүндэд халдаж, буруутгагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсоогүй, гомдол гаргагчийг буруугүй гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гарсан байхад шалгаж үзэлгүй хуурамч гарын үсэг бүрдүүлсэн, хүний өмчийг хууль бусаар авсан зэрэг хүнд гэмт хэрэгт буруутган мэдээлсэн, олон нийтэд төдийлөн хамааралтай бус мэдээлэлд хүний нэр, ажлын газар, албан тушаал, гэр бүлийн мэдээлэл зэргийг ил гаргасан, гомдол гаргагчийн хүүхэд нь тухайн маргаантай асуудалд шууд холбоотой гэдгийг нотлоогүй байж, хүүхдийнх нь нэрийг олон нийтэд зарласан алдаа байлаа хэмээн дүгнэлээ.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-09 202.55.188.39

Засаг ноёнтой холбоотой асуудлыг ил мэдээлэхэд юу нь болохгүй вэ? Аймаг сумд угаасаа л ийм новшийн шүү дээ. Архангай аймгийг хар. Аймгийн төвийн халаалтад холбогдоход намын гишүүнчлэл чухал. Одоо иргэд нь арга буюу улаан цэнхэр 2 үнэмлэхтэй болсон.

Avatar

СҮХ 2020-04-09 66.181.191.194

МАШ ЗӨВ БАЙНА. ЭНЭ ТВ-4 ГЭЖ ГОЛЦУУ ХУДАЛ ЮМ ЯРЬДАГ, ЯЛАНГУЯА НЭГ "НАРИЙХАН" ХҮҮХЭН БОЛ УЛААН ЦАЙН ГҮТГЭГЧ.

Avatar

Зочин 2020-04-09 202.21.107.115

ed nar chin hiih ajilgvi humuus bdg ym uu

Avatar

иргэн 2020-04-09 202.131.230.114

Овоо шд. Ийм ёс зүйн хороо байдаг юм уу. Хяналт тавьдаг юм уу. Бүх ТВ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд алагчлалгүй, шудрага хандаасай.

Avatar

Зочин 2020-04-09 66.181.161.82

Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад олон жил болж байгаа. Өөрсдөө шалгах бус хүмүүсийн гомдлоор дүгнэлт гаргадаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж