Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. Ойрын өдрүүдэд орсон цасны зузаан сумдын нутаг дэвсгэрт 4-12 см байгаа нь өвөлжилтөнд хүндээр нөлөөлөх магадлалтай болжээ.
Мөнххаан сумын нутаг дэвсгэрт цас хамгийн зузаан буюу 12 см бол Сүхбаатар суманд 10, Баруун-Урт суманд 9, Дарьганга суманд 8 см байна. Харин Түмэнцогт суманд 4 см цас унасан нь өнөөдрийн хувьд Сүхбаатар аймгийн сумдаас хамгийн бага цастай суманд тооцогдож байна. Цас их орсон учраас зарим сумынхан отрын нутаг газар хайж эхлээд байна. Ойрын өдрүүдэд тэнгэр муухайрч, цаг агаар муудах тухай цаг уурчид хэлж байна.
Ирэх сарын буюу 12 дугаар сарын нэгний өдрөөс ихэнх нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с явган шуургатай, хугацааны сүүлчээр 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч суларч шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBS TV