Хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Өнөөдөр Дэлхий даяар Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий нийтээрээ нэгэн зэрэг эхлүүлж байна. Тус аян нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 25 буюу охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн Олон улсын эрхийн болох арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилдэг аж. Энэ талаар өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс сэтгүүлчдэд нар мэдээлэл өглөө.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Гэр бүлийн гишүүний хэн нэг нь нөгөөгөө эрхшээлдээ оруулах зорилгоор хүч, эрх мэдлээр далайлгаж хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн нэгэн хүний, ганц нэг удаагийн, санамсаргүй үйлдэл биш. Хохирогчид байнгын дарамт, өвдөлт, зовиур шаналал учруулж, улмаар амиа хорлох, амь насаа алдахад хүргэдэг нуугдмал гэмт хэрэг аж. Сэтгэл зүй, эдийн засаг, үр хүүхэд, ахуй амьдралаараа хамааралтай хүмүүсийн хооронд бусдын нүднээс далд үйлдэгддэг, байнга давтагдаж, даамжирч байдгаараа нийгэм дэх бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгаатай.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨГСДИЙН 88 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр 1995-2014 онд үйлчлүүлсэн нийт 14547 хүний 73 хувь нь бие махбодийн, 68 хувь нь эдийн засгийн, 39 хувь нь бэлгийн, 100 хувь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна.

Сүүлийн таван жилд гэр бүлийн хүрээнд хүчингийн 74 гэмт хэрэг бүртгэгджээ.

2015 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 494 хэрэг буюу 79,8 хувиар нэмэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг гэр, орон сууцанд 941 буюу 84,5, гудамж талбайд 66 буюу 5,9, олон нийтийн газарт 32 буюу 2,9, аж ахуйн нэгжид 11 буюу 1.0, нийтийн тээвэрт 5 буюу 0.4, төрийн байгууллагад 4 буюу 0.4 хувь, төрийн бус байгууллагад 3 буюу 0.3 хувь, бусад газар 51 буюу 4.6 хувь нь тус тус үйлдэгджээ.

2015 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийлэлд 1076 иргэн өртөж хохирсоны 88.0 хувь нь эмэгтэй хүн байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ТЭМЦЭХ АЖИЛД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Сэржмядаг хэлэхдээ “Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд жил бүр нэгдэн ажиллаж байна. Манай байгууллагаас “Бүтэн хайрыг гэр бүлдээ” гэсэн аяныг өнгөрөгч 9 сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Энэхүү аянд төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллага дэмжин оролцоод явж байна. Энэ хүрээнд нөлөөллийн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Он гаргаад үндэсний хэмжээнд энэ аяныг өрнүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хохирсон, хүчирхийлэл үйлдэгч нартайгаа тулж ажиллах зорилгоор нийслэлийн 152 хороодод нэг бүрчлэн нөлөөллийн арга хэмжээг хамтарсан байгууллагуудтай зохион байгуулсаар байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирдэг, захиргааны зөрчил их бүртгэгдсэн 33 хороог сонгон аваад цагдаагийн байгууллагаас арга хэмжээг зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх ажилд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг эндээс бид харж байна. Иргэд маань хүчирхийлэлд өртсөн нэгний талаар холбогдох байгууллагад тухайн үед нь мэдээлж байх нь иргэний таны оролцоо юм.” гэсэн юм.


 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭМТ ХЭРЭГ ЮМ ГЭСЭН ТОДОРХОЙЛСОН ЗҮЙЛ ЗААЛТ ОРУУЛЖ ӨГӨХ НЬ ТОМООХОН ШИНЭЧЛЭЛ ЮМ

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад оруулах Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн талаар тодрууллаа.

-1995 онд НҮБ-ын уриалгаар гишүүн орнууд хуулиндаа Гэр бүлийн хүчирхийллийг тусад нь авч эхэлж байжээ. Манай улс энэ хуулийн заалтад ямар түвшинд ажиллаж байна вэ?

-Олон улсын практикт 1970-аад оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүл гэж авч эхэлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл өмнө нь танхайрал, хүн амины гэх мэт өөр бүлгээр энэ хэргийг авдаг байсан. 1995 онд Бээжинд болсон Олон улсын эмэгтэйчүүдийн Хүний эрхийн дээд хэмжээний уулзалтаар анх удаа НҮБ-ын уриалгаар гишүүн орнууд хуулиндаа Гэр бүлийн хүчирхийллийг тусад нь авч үзье гэдэгт нэгдсэн. Энэ уриалгыг Монгол Улс биелүүлэх тал дээр удаан ажиллаж байна. 1995 оноос хойш 20 жилийн хугацаа болоход манай Эрүүгийн хуулинд гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг юм гэдэг зүйл заалт ороогүй байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх байтал гишүүдийн ирц бүрдсэнгүй.

-Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн заалтыг оруулах гэхээр Байнгын хороон дээр ирц бүрдэхгүй байна гэж хэллээ?

-Эрүүгийн хуулинд Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг юм гэсэн тодорхойлсон зүйл заалт оруулж ирэх нь томоохон шинэчлэл юм. Энэ том шинэчлэл эцсийн шатан дээрээ гацчихсан байна. Яагаад гацаж байна вэ гэхээр Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа Хууль зүйн байнгын хороонд орж байгаа МАН-ын гишүүд “бойкот”-лож байна. Тэд картаа хийхгүй, ирцээ бүрдүүлэхгүй, Эрүүгийн хуулийг гаргахгүй гэдэг байр суурьтай байгаа. Би Хууль зүйн байнгын хорооны эрэгтэй гишүүддээ хандаж хэлэхэд “Та нар гэр бүлийн хүчирхийллийг зогсоохыг хүсэж байвал кнопоо дараа” гэж хэлмээр байна. Хүчирхийллийг зогсооход хүн бүрийн оролцоо хэрэгтэй энэ цаг үед намчирахгүй, талцалгүй Хуулийг гаргахад хүчин зүтгээсэй гэж Хууль зүйн байнгын хорооны гишүүдээсээ хүсэж байна. Эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдэд тохиолдсон асуудлыг хамгийн түрүүн ярьдаг. Тиймээс энэ асуудал парламентад суудалтай байгаа эмэгтэй гишүүдийн шахалтаар яригдаж байна. Хүчирхийллийг зогсооход хувь нэмрээ оруулья, хүчирхийллийг зогсооход хэрэгтэй заалтуудыг оруулж өгөөч гэж бүх шатанд шахалт хийж байгаа. Энэ бол улс төржөөд байх хууль биш. Эрүүгийн хуулин дээр маш олон зөрчил, маш олон эрүүгийн гэмт хэргийг яаж шоронжуулахгүйгээр шийдэх вэ гэдгийг аль болох олон оруулж өгөхийг хичээж байна.

-Яг энэ асуудлаар Хууль зүйн яам болон тус яамны сайд нь энэ талаар анхааралдаа аваад ажиллах байх гэж бодож байна. Энэ тал дээр харилцан ойлголцож, зөвлөлдсөн зүйл байгаа юу?

-Хууль зүйн сайд үүрэгт ажлаа хийсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн төслүүдээ парламентад оруулж ирсэн. Гэхдээ оруулж ирсэн хуулинд шүүмжлэлтэй зүйл байсан ч бид анхны хэлэлцүүлгээрээ зассан. Парламентын Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлэг бол маш их шүүмжлэлтэй явагдсан. Ялангуяа Хууль зүйн яамнаас орж ирсэн зүйл дотор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шийтгэдэг арга нь 6 сараар гэрийн хорионд байлгана гэдэг заалт оруулж ирсэн. Үүнийг ялангуяа эмэгтэй гишүүд маш ихээр эсэргүүцсэн. Гэр бүл дотроо хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг гэр бүлд нь хохирно гэдэг бол байж болохгүй зүйл гэдгийг хэлсэн. Энэ заалтыг анхны хэлэлцүүлэг “6 сар эрх чөлөөг хязгаарлах шийтгэлийг үзүүлнэ” гэж зассан байгаа. Тухайн гэр бүл дотор гарч байгаа хүчирхийллийн шинж төрхөөс нь хамаарч эрх чөлөөг нь ямар хэмжээгээр хязгаарлан шийдэж болохоор тийм байдлаар засаж оруулсан байгаа. Эцсийн хэлэлцүүлэг дээр маш олон зүйл маргаангүй болоод бэлэн болчихсон байхад ямар нэгэн улс төрийн шалтгаангүйгээр гэнэт гацаагаад эхлээд байна. Тиймээс бид Гэр бүлийн хүчирхийллийг хаацайлж, өөгшүүлэхийг хүсээгүй юм бол эцсийн хэлэлцүүлэг дээр саадгүй оролцоод энэ хуулийг гаргаад өгөөчээ л гэж Хууль зүйн байнгын хорооны гишүүдээсээ хүсэж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлтээр манай улс Олон улсад ямар түвшинд явдаг вэ?

-Манай статистик маш бүрхэг байгаа. Бид статистикийг үнэнээр гаргах юм бол өндөр гарна гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг тусад нь зүйлчлэхгүйгээр явсаар дэлхийн нийтээсээ 20 жилээр хоцорчихлоо. Хөгжилтэй орноос 50 жилээр хоцорчихлоо. Гэтэл 50 жил цуглуулчихсан АНУ, Германы статистик өөр байна. Манайд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг тусад нь базаж цуглуулаагүй бөгөөд одоо харахад их бага юм шиг харагдаж байна. Гэмт хэргийнхээ үйлчлэлийг тодорхой болгоод дэлхийн нийтийнхээ хандлагад хөл нийлүүлэн явах юм бол статистик ирэх жилээс тодорхой гарах юм. Монголчууд бид ухаалаг ард түмэн. Асуудлыг ухаалгаар, хүчирхийлэлгүй шийдэж чадах оюуны чадамжтай ард түмэн учраас цаашдаа гэр бүлийн хүчирхийлэл буурах нь дамжиггүй. Гэхдээ хууль баталсны дараа дараалсан хэдэн жил энэ тоо өсөх хандлагатай байх гэж харж байна.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэлж байна.

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна. Тус аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор авч үзэх боломжийг бий болгодог.

  • 11.25 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр
  • 11.25 Эрчүүд хүчирхийллийн эсрэг олон улсын Цагаан туузтаны өдөр
  • 11.29 Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр
  • 12.01 ДОХ-той тэмцэх олон улсын өдөр
  • 12.03 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
  • 12.10 Олон улсын Хүний эрхийн өдөр тус тус тохиож байна.

Бодит түүхэнд тулгуурласан зураглал:

22 настай залуу бүсгүй Г нь шүүх хурал руу очих замдаа 2012 оны 4 дүгээр сард 12 хутгалуулж амиа алдсан. Тэр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд шүүх, цагдаагийн байгууллагад удаа дараа хандсан. Гэвч хамгаалагдаж чадсангүй…

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж