УБТЗ ажилчдынхаа нийгмийн халамжид жилд 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг | News.MN

УБТЗ ажилчдынхаа нийгмийн халамжид жилд 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг

УБТЗ ажилчдынхаа нийгмийн халамжид жилд 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг

УБТЗ ажилчдынхаа нийгмийн халамжид жилд 50 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг

Тээврийн тарифаас үүдэлтэй жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн УБТЗ-ын нөхцөл байдлыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад УБТЗ ажилчдынхаа нийгмийн халамжид хэрхэн анхаарч ажилладаг талаар сурвалжиллаа.


УБТЗ 15 мянга 800 гаруй ажилтан, тэдний гэр бүл нийлээд 80 мянган хүний нийгмийн асуудлыг нуруундаа үүрч, ая тухтай, сэтгэл тэнүүн ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ажиллаж ирсэн. Энэ хүрээндээ эмнэлэг, цэцэрлэг, орон сууц, барилга, худалдаа, аялал жуулчлал, Баянбуурал амралт, Булагтай сувилал, спорт, соёл урлаг, төмөр замын дээд сургууль, политехник коллеж зэрэг нийгмийн үйлчилгээний 10 гаруй байгууллагуудыг харьяандаа багтаан ажиллуулж байна.

УБТЗ-ын нийт ажилтнуудын 11 орчим хувь буюу 2000 хүн нийгмийн салбарт ажилладаг. Нийгмийн салбарын үйл ажиллагаанд зориулж жилдээ 53 орчим тэрбум төгрөгийн зардлыг санхүүжүүлж, 29,6 тэрбум төгрөгийн нөхөн олговор (дотаци) олгож иржээ.

Улаанбаатар төмөр замчдын нийгмийн асуудлуудаас онцгойлох гурван чиглэлээр авч үзвэл,

Нэгдугээрт, Төмөр замчдын орон сууцны хангамжийн асуудал. УБТЗ-ын орон сууц, нийгэм хангамжийн барилга, байгууламж барих, засварлах энэ салбарт 870 гаруй хүн ажиллаж, төмөр замчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. УБТЗ-ын өмчлөлийн 10 мянга гаруй орон сууцыг 2003-2017 онд үе шаттайгаар төмөр замчдад хувьчиж, орон сууцтай болгожээ.

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 1939-2019 онд баригдсан, 2231 сууцны хүчин чадал бүхий, 533 орон сууцны барилга байгаагийн 341 байшин буюу 64 % нъ 1960 оноос өмнө баригдсан галладаг пийшинтэй, хуучны модон, чулуун барилгууд байна.

Сүүлийн жилүүдэд ажилтнуудаа ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийг эхүүлээд буй. Төмөр замчдыг банкны урт хугацааны зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийг 2009 оноос эхлүүлэн хэрэгжүүлснээр УБТЗ-ын өөрийн хөрөнгө, хүчээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд зангилаадад нийтдээ 15 орон сууцны барилга барьж, 2000 гаруй ажилтныг өөрийн гэсэн өмчлөлийн орон сууцтай болгожээ. 2019 онд Орхон өртөөнд технологийн 24 айлын орон сууцны барилгыг УБТЗ-ын барилгачид барьж, ашиглалтад оруулж, Мааньт, Бэлэн далай өртөөнд 24 айлын орон сууцны хоёр барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. Мөн Салхит зангилаанд 40 айлын, Рашаантад 32 айлын орон сууцыг 2020 онд шинээр эхлүүлэн барих бэлтгэл ажлыг хангаж байгааг албаныхан хэлж байна.

Ажиллаж буй орон сууцны эрэлт хэрэгцээ бүхий 6800 гаруй төмөр замчдын орон сууцны хангамжийг шийдвэрлэхийн тулд орон сууцжуулах хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатайг хэлж байна. Тухайлбал, Нийгэмлэгийн эзэмшил газар дээр 2020-2030 онд хэрэгжүүлэх Орон сууцны хөтөлбөрийг боловсруулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудыг данснаас хасч, дахин төлөвлөлтөд оруулах, орчин үеийн шийдэл бүхий инженерийн хангамж, дэд бүтэцтэй, тохилог орон сууцуудыг барих төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж байгаа аж.

Хоёрдугаарт, Хүүхдийн байгууллагын талаар

“УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчдын болон хамрах хүрээний тойргийн сургуулийн өмнөх насны нийтдээ 4970 хүүхдүүдийг Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх зам шугамын дагууд байрлах 27 цэцэрлэгт сурган хүмүүжүүлж байгаагийн 88% буюу 4374 хүүхэд нь төмөр замчдын, 12 хувь буюу 596 хүүхэд нь орон нутгийн иргэдийн хүүхэд байна. Замчдын хүүхдүүдэд зориулсан сурагчдын дотуур байранд 181 хүүхэд амьдарч суралцаж байна. Хүүхдийн байгууллагад 490 ажилтан, үүнээс 134 үндсэн багш, 128 туслах багш ажилладаг.

Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд УБТЗ-аас жилдээ 11,6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүжүүлж, 6,8 тэрбум төгрөгийн буюу 56,7-ийн нөхөн олговор (дотаци) олгож, төрийн ачааллаас үүрэлцэж байна.

2019 онд Сүхбаатар зангилаа буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 180 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.

Гуравдугаарт, төмөр замчдын эрүүл мэндийн тусламж, үйлчигээний  тухайд:

УБТЗ-ын Төв эмнэлэг нь  1820 км-т ажиллаж буй төмөр замчид, тэдний ар гэрт зориулсан есөн их эмчийн тасаг, 10 бага эмчийн тасаг нэгжүүдээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. УБТЗ-ын эмнэлгийн салбарт нийтдээ 389 хүн ажилладаг.

Нийт 23 мянган төмөр замчдын 51 хувь нь говийн бүсэд, 26 хувь нь урд замд буюу Чойр, Сайншанд, Замын-Үүдийн хэсэглэлд, 23 хувь нь хойд замд буюу Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгийн нутаг дэвсгэрт тархан ажиллаж, амьдардаг.

УБТЗ-ын эрүүл мэндийн салбараар үйлчлүүлэгч хүн ам 2019 оны байдлаар 27 мянгад хүрсэн бөгөөд эрэгтэйчүүд 53 хувь, эмэгтэйчүүд 47 хувь, үүнээс хөдөлмөрийн чадвартай 20-60 насныхан 78 хувийг эзэлж байна. Мөн хүүхдийн салбар эмнэлгээр төмөр замчдын 4000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг  авчээ.

2019 онд төмөр замын шугам зам дагуух төмөр замчид болон орон нутгийн ард иргэдэд үйлчлэх хөдөлгөөнт оношилгооны төв гурван вагоныг орчин үеийн дурангийн болон цахилгаан, хэт  авианы оношилгоо, эмчилгээний аппарат, төхөөрөмжөөр тоноглож ашиглалтад оруулснаар хоёр хүний хорт хавдрын эрт илрүүлэг хийж, амжилттай эмчилсэн, ажлын гараа сайн эхлэлтэй байна. УБТЗ-ын Төв эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлэхэд ор хүрэлцэхгүйн улмаас 10-14 хоног хүлээж, хугацаа алдах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Тиймээс 450 ортой эмнэлгийн барилгыг шинээр төлөвлөж, ирэх жилүүдэд барих төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байгаа аж.

УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ч.Хүрэлбаатар "Манай нийгэмлэг томоохон аймгийн дайтай нийгмийн халамж, үйлчилгээг нуруундаа үүрч явна. Бидний онцгой анхаарал тавих бүлэг бол ахмадууд. 7200 ахмад 17 томоохон өртөө, зангилаанд амьдарч байна. Ахмадын хуулийн дагуу цалин хөлсний фондын 1 хувь буюу 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний халамж олгодог. Аль болох барилгын материалыг хямд байхад нь авах, түүнийг тээвэрлэх зардлыг хариуцах, орон сууц ашиглалтад орохоос өмнө зээлийн хүүг нийгэмлэг хариуцах зэрэг долоон  төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Ингэснээр төмөр замчдаа хямд өртгөөр орон сууцанд оруулж байгаа. Хоёрт нь технологийн орон сууц гэж бий. Энэ нь алс хязгаарт томилогдон очиж ажиллаж байгаа эсхүл тухайн орон нутгаас төмөр замд ажиллахаар орсон залуу гэр бүлд зориулсан гэр бүлд эзэмшүүлэх орон сууц. Одоогоор 533 орон сууц төмөр замын мэдэлд байгаагаас 64 хувь нь 1960 оноос өмнө ашиглалтад орсон. Энэ орон сууцнууд 2011 онд үнэлгээ хийхэд насжилт хэтэрсэн байна. 2030 он хүртэлх хөтөлбөрийн хүрээнд 1130 орон сууц барьж, ая тухтай орон сууцанд оруулна. Ингэхдээ нүүрс түлдэггүй, усаа гаднаа зөөдөггүй нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж