”Өө, тэр чинь 200-хан сая доллар ш тээ”. Энэ бол NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболдын сэтгүүлчид өгсөн хариулт. Сэтгүүлч түүнээс Чингис бондоос 280 сая долларыг төмөр замын төсөлд өгсөн талаар асуусан юм. З.Энхболд даргын өгсөн хариулт нь надад инээд, надад ханиад гэмээр байлаа.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монгол Улсыг дэнчинд тавьж, эзэн хааны нэрийг худалдаж идсэн 1.5 тэрбум ам.долларын 280 саяар нь санхүүжүүлсэн төмөр зам юу болоод дууссаныг нотлох баримт нь бодитоор байгаа. З.Энхболдын чамласан 200-хан сая ам.долларыг одоогийн ханшаар тооцвол 555 тэрбум /200×2780/ төгрөг болж байна. Энэхүү овоолсон шороонд жилийн 55 тэрбум төгрөг төлдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгэн хуралдаан дээр Ерөнхийлөгчид сануулж байсан удаатай.
Жилийн 55 тэрбумыг хүүнд нь төлж буй өмнийн говьд овоолсон шорооны төлбөрийг Монгол Улс 2022 онд төлж барагдуулна. Өр төлөх хугацаа нь дуусах дөхсөн ч зээлээр санхүүжүүлсэн төмөр зам нь 21 дүгээр зууны авлигын хамгийн том үзмэр болжээ.
Гашуунсухайтын төмөр замын төсөл Монголын эдийн засгийн хувьд “нөхөж баршгүй” гашуун сургамж болж үлдсэн. Гэтэл төмөр замын төслийг нь гацаагчид авсан санхүүжилтээ “200-хан сая” гэж чамлаж байх жишээний. Ийм л эх орончид шударга ёс ярьдаг цаг иржээ.
2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг Монголын парламент баталж, 2013 оноос экспортын төмөр замыг барих төслийг эхлүүлж, “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллаж байсан. М.Энхсайханыг эс тооцвол “Монголын төмөр зам”-ын дарга нар бүгд Ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэглэлийнхэн, Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ гээд. Х.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос өмнө П.Бат-Эрдэнийг төмөр замын хэрэгт холбогдуулан интерполоор эрэн сурвалжилж байсан билээ. Түүнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэг үүсгэж, шалгаж эхлэх үед гадагшаа зугтаасан байдаг. Харин Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа түүнийг интерполоор эрэн сурвалжлахаа Монголын хууль, хүчнийхэн зогсоосон юм.
Гэвч, манай дарга нар ой санамж муутайн дээр биднийгээ “цагаан цаас” гэж боддог бололтой, Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Г.Занданшатарын хөтөлсөн “Бүрэн зураглал”-д оролцохдоо төмөр замын төслийг хэн нэгэн гацаасан тухай хээв нэг ярьж сууна лээ. Төмөр замын хэрэг юу болсныг, хэн яаж гацаасныг Х.Баттулга Ерөнхийлөгч болчихоор хүмүүс тас мартчихдаг юм биш л дээ. Олон хүн өгөөдөо овоолсон шорооны түүхийг сайн санаж байгаа.
Эргэн сануулахад, 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Н.Алтанхуягийн Засгийн газар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, уг тогтоолын дагуу Зам тээврийн сайд /Одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга/ А.Гансүх “Энержи ресурс”-тай байгуулсан Гашуунсухайтын 267 километр төмөр замыг барих бүтээн байгуулалтын концессийн гэрээг цуцлаж, Монголын төр өөрөө төмөр барихаар болсон. 2013 онд Засгийн газраас төмөр замын санхүүжилтэд эхний ээлжинд 200 сая ам.долларыг гаргаж, Өмнөговьд төмөр замын гэх түүхийн “үзмэр”-ийг барьж эхэлсэн байдаг.
Үүний өмнө өргөн нарийн царигийн хэрүүл өрнөж, хятад танкаар Монголын эзлэх тухай “уран сэтгэмж”-т кино хүртэл гарч байсныг үзэгчид мартаагүй.
Өнөөдөр дэлхийг сүйрүүлж буй цар тахлын байдлаас харахад аль нэг улсыг цэрэг танкаар эзэлнэ гэдэгт тэнэг хүн ч итгэхгүй байх.
Цар тахал дэлхийн нийтийг эрүүл мэндийн болоод эдийн засгийн паникт оруулж байна. Монголын хувьд төсвийн орлого 270 тэрбумаар тасарч, нүүрсний экспорт тэг зогсоход хүрсэн. Эдийн засгийн хямрал 250 мянган хүн ажлын байрыг булаах тооцооллыг МХАҮТ гаргасан.
Монголын төсвийн дийлэнхийг уул уурхай, тэр дундаа нүүрс бүрдүүлдэг. Нүүрсний хамгийн том импортлогчтой хаяа залнах хөршийн хувьд цэрэг танкийн үлгэрт итгэлгүй төмөр замаа тавьчихсан бол өдийд төсвийн орлого хэдэн зуун тэрбумаар тасрахгүй байлаа. Тэр хэрээр олон хүний ажлын байр хадгалагдаж үлдэх байв. Одоо Ерөнхийлөгч матрын нулимс унагаад ч Монголд орж ирэх байсан эдийн засгийн үр ашгийг нөхөж чадахгүй. Харин төмөр замын төсөлд зарцуулсан 280 сая доллараар шороо овоолж, овоолсон шороог нь одоо ашиглах боломжгүй болсон гэхээр мөнгө хайран байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын 200-хан гэж чамласан тав, зургаан зуун тэрбум төгрөгөөр хэдэн эмнэлэг, хэдэн цэцэрлэг барьж болох байсан бэ. Самбарт гараад бодож өгөөч, З.Энхболд оо!
Холбоотой мэдээ