Хавар цагт хэт өлсөж, өлөн үедээ хүнд хүчир ажил хийж болохгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.13-нд нийтлэгдсэн

Хавар цагт хэт өлсөж, өлөн үедээ хүнд хүчир ажил хийж болохгүй

Хавар цагт хэт өлсөж, өлөн үедээ хүнд хүчир ажил хийж болохгүй

Уламжлалт анагаах ухааны их эмч, АУ-ны магистр, Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхмийн эрхлэгч Ц.Жавхланбаатартай хаврын ядаргаа болоод хооллолтын ярилцлаа.

-Хавар хүний биеийн дархлаа сулардаг. Энэ үед дархлааг хэрхэн дэмжих вэ?

-Дархлаа гэдэг нь анагаахын шинжлэх ухааны ойлголт юм. Уламжлалт анагаах ухаанд дархлаа гэж ярих нь зохимжгүй. Дархлааны ойлголтыг уламжлалтаар хий, шар, бадган гэдгээр ярьж болох юм. Өвчнөөс сэргийлэх болоод өвдөх бүхий л асуудлыг дээрх ойлголтоор тайлбарладаг. Хий, шар бадган гэдэг нь бидний махан биеийг удирдаж, биед явагдаж буй бодисын солилцоо, үйл ажиллагааг хариуцдаг юм. Өөрөөр хэлбэл дээрх гурван махбод тэнцвэртэй байвал хүн эрүүл байна гэсэн үг. Хавар “хийрхлээ”, “ядарлаа” гэдэг яриаг тайлбарлавал, хий махбод нь хэвийн хэмжээнээс ихсэх юм уу багасахыг хэлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр хавраас эхлээд зуны улиралд хий арвидаж, ихэсдэг. Хий нь шар, бадганы хөдөлгөөнийг хариуцаж, аль алийг нь тэнцвэржүүлдэг. Гэтэл хий нь өөрөө “хөлбөрөнхий” буюу хаашаа ч урваж болдог шинж чанартай. Нэг бол халуун эсвэл хүйтэнтэй нөхөрлөдөг. Толгойн орой халах, хөлийн ул хүйтэн болох гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр халуун хүйтний тэнцвэрийг хий хангаж байдаг. Хийг тэнцвэртэй байлгавал шар, бадган хоёр тэнцвэртэй байна. Дээрх гурав тэнцвэртэй байснаар биеийн эрүүл байдлыг хангадаг.

Дээрх гурван махбодыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

-Бидний өдөр тутамдаа гол анхаарах зүйл нь хий шар бадганыг тэнцвэртэй байлгах юм. Ялангуяа хийн хурах босох амирлах хөдлөл зүйг дагасан тохиромжтой хооллолт, дасгал хөдөлгөөнийг хийж зохицуулж байх ёстой. Хийг ихэсгэх эсвэл багасгавал биед өвчин үүсдэг.

Тэгэхээр хэт даарч, халууцаж, хэт өлсөж, мөн өлөн үедээ хүнд хүчир ажил хийж ядарч болохгүй.

Бас нэг ойлголт нь бидний биед хооллолттой холбоотой гурван үе шат байдаг. Үүнд хоол идсэний дараа, хоол шингэх дунд үе, өлөн үе. Эдгээр үе шатанд хий, шар, бадганд бас өөрчлөлт гардаг. Тэгэхээр үүнд тохирсон биеийн хөдөлгөөн, хооллолтыг зохицуулахад анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Хийг хямраахгүй байхын тулд сэтгэл зүйгээ тайван байлгаж, хэт нэг юманд санаа зовохгүй байх хэрэгтэй.

Жишээ нь болохгүй юмыг тэгээд л орхичих хэрэгтэй. Цаашаа ургуулан бодоод сэтгэл зүйгээ хямраагаад, “адгаад” байж болохгүй. Сэтгэл зүйн байдал хийнд шууд нөлөөлдөг гэж үздэг. Үүнээс гадна хийг тэнцвэртэй байлгахын тулд цагтаа унтаж, хооллох, биеийн онцлогтоо тааруулсан дасгал хөдөлгөөнийг хийх нь чухал.

-Хаврын улиралд хүмүүс хууч өвчин сэдэрлээ гэж ярьдаг. Энэ юутай холбоотой вэ?

-Хууч өвчин гэдэг нь хуучирсан өвчнийг хэлж байгаа юм. Өвчин нэг сараас дээш болсон бол хуучирсан өвчин гэж нэрлэдэг. Өвчин бүр үе шаттай. Эхлэл үе, хүч дэлгэрэх үе, эдгэрэлт буюу төгсгөл үе гэж байна. Өвчний эхлэл үе, төгсгөл үед хий арвидаж, өвчин нь хийтэй нөхөрлөж хийн хувь ихэсдэг. Хүмүүс өвчин эхлэх болон төгсгөх үеийг анзааралгүй өнгөрчихдөг. Жишээ нь ханиад хүрлээ гэхэд өвчний дэлгэрэх үед бид эмчилгээ хийлгэчихдэг. Үндсэн өвчний үе шат нь өнгөрсөн мөртлөө бүрэн гүйцэт арилаагүй байгаад байдаг. Биеийн бүх хэсэгт цус, мах, өөх, ясанд өвчин сарниж, шунаж, салахгүй барьцалдчихдаг. Тэгэхээр хий хямрахаар дахиж өвчин болж гарч ирэх, эсвэл тэрүүхэн тэндээ хямарчхаад өнгөрдөг. Цаг агаар муудахаар өвдлөө, бага зэрэг өлсөхөөр эсвэл халуун газар байх үед толгой өвддөг гэж ярьдаг. Хаврын улиралд яагаад хууч өвчин хөдөлдөг вэ гэхээр хий хямарснаас шалтгаалж байгаа юм. Тэгэхээр өмнө өвдөж байсан өвчин сэдэрч, дахиж шинж тэмдгээ үзүүлээд байгаа хэлбэр гэж ойлгож болно.

Өвчний эхэн үе, төгсгөл үед хийг маш сайн эмчлэх хэрэгтэй байдаг. Арав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд өвчин бүрэн эдгэрч байна гэж ойлговол өрөөсгөл ойлголт. Түүний дараа өвчнийг бүрэн арилгах эмчилгээг хийж байх ёстой. Үүнийг мөн эмч нар ч анхаарч байх ёстой. Шинжилгээн дээр өөрчлөлт гарахгүй байгаа ч бие нь өвдөөд байгаа тохиолдол байдаг. Энэ бүгдийг хийнд хамааруулаад ойлгож болно. Гэмтлийн өвчин дээр тайлбарлавал бэртсэн гэмтсэн хүн яс нь бороолсны дараа бороо орох, тэнгэр муухайрах, хаврын цагт хий ихсэх үед өвдөөд байдгаар тайлбарлаж болох юм.

Манайхны дунд ардын эмчилгээ, уламжлалт эмчилгээг хооронд нь андуурдаг. Ардын эмчилгээ гэдэг нь ард түмний дунд дадал хэвшил, зан заншил болчихсон зүйлийг хэлдэг. Жишээ нь “хий хуй хөдөллөө хуушуур хайраад идчихье”, “шөлтэй хоол идчихье” гэж ярьж байгаа нь 200-300 жилийн өмнөх уламжлалт эмч нар ард түмний дунд дэлгэрүүлсэн эрүүл амьдрах ухаан юм.

Тэр дадал хэвшлийг бид аав, ээжээсээ ам дамжин сонссоор өнөөг хүргэсэн байгаа юм. Гэхдээ ардын эмчилгээ оргүй хоосон зүйл биш зууны арван хувьд нь таардаг. Хүн болгоны хий хавар хөдөлдөг үү гэвэл бас үгүй.

-Хавар яагаад хий хөдөлдөг юм бол. Үүнийг дарах арга бий юу?

-Хавар яагаад хий хөдөлдөг вэ гэхээр байгаль дэлхий гэсэж, хөлдүү байсан зүйлс хөдөлгөөнд орж салхи салхилж, хөнгөн байдал руу шилжихээр хүний биед байгаа хий гадна байгаа улирлын махбодийг дагаад хөдөлж байгаа юм. Хаврын улиралд хийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хий бас биш юм. Хий, шар, бадган гэж гурав бий. Бадганы хүч нь хавар ихэсдэг. Хий хурах буюу дөнгөж эхэн үедээ байгаа. Бадганы хүч буурахаар зөрөөд хийний хүч ихэсдэг. Гэтэл бадган болон хийнд хоёуланд нь усан махбодийг дагасан хүйтэн, сэрүүн бэлгэ чанар байдаг. Хавар болоход ханш нээгдэж бүх юмс хөдөлгөөнд ордог. Өвөл ус хөлдөөд, хавар гэсээд, зун бүр урсчхаж байгаа биз дээ. Тэрэнтэй адилхан хүний биед хайлах, царцах процесс явагддаг. Хавар бид дулаанаа арьсны нүх сүвээр алдах нь нэмэгддэг. Тэгэхээр дотор байгаа илч буурч, дотор байгаа дулаан гадагшаа арьсаар алдагдаж эхэлж байгаа юм. Тэгэхээр хий хөдөлж эхэлдэг.

-Хаврын улиралд ямар хоол унд идвэл тохиромжтой байдаг юм бол. Хооллолтын талаар мэдээлэл өгөхгүй юу

-Хаврын улиралд хонины мах, борц түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эсрэгээрээ хоёрдугаар хоол, жимс, шарсан, хуурсан, түүхий шүүрхий хоол, бэлэн бүтээгдэхүүнийг бага идэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл удаан шингээдэг хоолноос татгалзах хэрэгтэй. Улирал харгалзахгүйгээр монголчуудад тохиолдоод байгаа нэг асуудал нь хөргөгчний температуртэй бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна.

Хоолоо идэхтэй зэрэгцүүлэн хүйтэн ундаа ууж байна. Хоол идчихээд хүйтэн зүйл идэж уух нь Монголын эрс тэрс уур амьсгалд тохирохгүй. Биед авах ёстой шим тэжээл нь бүгд зогсчихдог.

Уламжлалтаар бол “эс шингэх” гэдэг. Нэг ёсондоо өтгөн болох ёстой илүүдэл хоол хүнс цус руу ороод, биеийг төлжүүлж шим тэжээл болох ёстой хоол өтгөн шингэн болоод гарчхаад байна гэсэн үг юм.

-Хаврын улиралд мацаг барих, хоолоо сойх нь зөв үү?

-Эмчээс л асуух хэрэгтэй. Хувь хүн өөртөө тохирох эсэхийг шийдэхийн тулд. Хаврын улиралд өөрийн биеийн онцлог махбодод таарсан хоолыг идэхийг уламжлалт эмч нар зөвлөдөг. Уламжлалтын онолоор хүний биеийн төрөлх мөн чанарыг хий, шар, бадган дангаараа, хий шар бадган хавсарсан, гурвуулаа тэгш хувьтай гэж долоон түвшинд хуваадаг. Хүний биеийн долоон хэлбэрт таарсан хоолыг хаврын улиралд идэх хэрэгтэй. Бидний алдаад байгаа зүйл нь 80 настай эмээ, найман настай хүүхэд нэг тогооноос хоол идээд байгаа нь алдаа болчхоод байгаа юм. Өөрөөр хэлбэл настай хүнд шөлтэй хоол хэрэгтэй. Бага насны хүүхдэд хөнгөн буюу хурдан шингэдэг хоол хэрэгтэй. Залууст шим тэжээлтэй хоол хэрэгтэй. Хий махбодтой хүн юу идэх вэ гэдэг нь тусдаа асуудал. Үүнийг хувь хүн бүр уламжлалтын эмчид хандан хоолоо тохируулах хэрэгтэй. Хүн бүрийг таргалсан байна турсан байна гэх мэтчилэн нэг ижил түвшинд аваачих нь буруу. Миний туршлагаас хуваалцахад нэдүгээрт тухайн хүний өвчинд нь тохирсон зөвлөгөө өгдөг. Хоёрдугаарт, урт хугацаанд өвдөхгүй байхын тулд тухайн хүний биеийн өвчлөлд тохируулсан зөвлөгөөг өгдөг. Хаврын улиралд хооллолтыг анхаарах хэрэгтэй юм байна. Тэр болгоныг тохируулах хэрэгтэй.

Жишээ нь дархлаа дэмжинэ гээд чацаргана, аарц зэргийг хүн бүр хэрэглэх нь тохиромжгүй. Чацаргана амьсгалын замыг чөлөөлж, цэр ховхлох тус эрдэмтэй ч хүн болгонд өөр өөр үйлчилгээтэй. Үүнээс гадна элэг цөсний өвчтэй хүмүүс аарц ууж болдоггүй. Энэ бүрийг анхаарч ойлгоход уламжлалт эмчид хандахаас өөр арга байхгүй. Хавар цагт хүйтэн ус уух ёстой хүн ч байна шүү дээ.

-Хавар яргуй идсэн ямааны мах сайн гэдэг ам дамжсан яриа бий. Уламжлалт анагаах ухаан талаасаа энэ нь зохистой хэрэглээ мөн үү?

-Уламжлалт анагаах ухаанд дөрвөн улирлыг зургаа хуваадаг. Жилийн арван хоёр сарыг өвлийн эхэн сар, өвлийн адаг сар гэх мэт. Зун хавар хоёрын дунд дахиад нэг сар гараад ирдэг. Тэрийг тэжээхүй улирал гэдэг. Тэжээхүй улирал буюу зургадугаар сарын 22-ны нар буцах өдөр хүртэлх хугацаанд нарны эгц тусгал хамгийн их үе юм. Яргуй нь халуун мөн чанартай ургамал учраас энэ үед ургадаг. Ямаа сэрүүн махбодтой бээрэг амьтан, нарны илч хамгийн их төөнөж байгаа энэ үед дотор байгаа хүйтнээ гадагшлуулахын тулд байгалийнхаа зөнгөөр яргуй иддэг.

Тэгэхээр хүйтэн цустай амьтан, халуун чадалтай ургамал идэхээр хамгийн эрт махбодийн боловсролт гүйцэд явагддаг. Өөрөөр хэлбэл яргуй идсэн ямааны мах сайндаа биш юм байна. Хавар зуны эхэн сард шим тэжээлээ хамгийн түрүүлж авдаг мал нь ямаа учраас ямааны махыг зургадугаар сарын 22-той ойролцоо үед идэхэд болно. Улирлынхаа эрхээр халуун улиралд ямааны мах идэх сайн. Бусад улиралд идэх шаардлагагүй.

-Хаврын “ядаргаа ясандаа туллаа” гэж ярьдаг. Нийтлэг байдлаар ядаргааг яаж тайлах вэ. Уламжлалт анагаах ухаанд ядаргааг хэрхэн тайлбарладаг вэ?

-Хий ихсэх багасах нь ядралт мөн. Бид өвөл ажлын ачаалал дааж байсан ч хавар ядраад байгаа нь хий ихэссэнтэй холбоотой. Бие болон ажлын ачаалал ихсэхээр хий ихсэж ядардаг. Сониноос залхуурах гэдэг үгийн утга нь төвд, энэтхэг эх сурвалжаас харахад “тахим нь сулрах” гэж тайлбарлагддаг.

Ядрах нь хийтэй холбоотой. “Ядаргаа ясандаа тулна” буюу үүнийг хийн гүйх мөр гэсэн ойлголтоор тайлбарладаг. Хий гүйдэг биеийн хэсгүүд байдаг. Хамгийн эхэнд яс, дараа нь чих, ядрахаар чих шуугьдаг шүү дээ. Арьс хуурайшина, арьстай холбоотой мэдрэмжүүд хийн гүйх хэсэг мөн. Хийн гүйдэг хэсгүүд мэдрэг болчихдог. Наана нь шинж тэмдэг илэрч байгаа боловч цаанаа хий хямарч байгаа. Ядаргаа тайлна гээд хайрсан хуушуур идээд хийг дарчихдаг гэдэг нь өрөөсгөл юм. Хөдөлгөөн нойрыг зохицуулах ёстой. Цагтаа идэж, цагтаа амарч байх. Мөн өөрт тохирсон эм танг ууж, эмчийн зөвлөгөөний дагуу арга хэмжээ авах ёстой.

Анхаарах зүйл нь хавар цагт өдөр унтах юмуу шөнө нойр алдаж болохгүй. Ялангуяа сэтгэл зүйн тайван байдал чухал, юманд хэт санаа зовох хэрэггүй. Хүйтэн идээ ундаа хэрэглэх, сэвэлзүүр салхитайд гарах, ууц, нуруугаар даарч болохгүй. Эцэст нь хэлэхэд уламжлалт анагаах ухааны онцлог нь хувь хүнд тохирсон эмчилгээ хийдэг.

-Айдас, сэтгэл хөдлөлийн таагүй мэдрэмж өвчлөл үүсгэх шалтгаан болдог уу. Сэтгэл санаагаа хэрхэн удирдах вэ?

-Гадуур яригдаж байгаачлан худал мэдээлэл нь дархлаа сулруулж байна гэж ярих боллоо. Бидний бүх мэдрэхүйг хий голлон хариуцдаг. Таатай, таагүй мэдээлэл хийнд нөлөөлдөг. Хий хямрахаар сэтгэл зүйд нөлөөлдөг. Сайн, муу таагүй мэдээ сонсох нь сэтгэл зүйд шууд нөлөөлнө. Сэтгэл зүй бие махбодийн холбоосыг хий хариуцдаг. Уламжлалтын эмч нар “хийгээ битгий хямраа” гэдэг нь энгийнээр ойлговол сэтгэл зүйгээ битгий хямраа гэж байгаатай утга нэг юм.

-Залуусын дунд өвчлөл ихсэх боллоо. Ялангуяа, залууст даралт ихсэх, хуян хөөрөх шинж тэмдэг түгээмэл ажиглагдаж байна?

Залуу хүн шарын махбодтой, халууны хувь ихтэй. Хэт их даарах, хэт их халуун чанартай хоол идэх, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суугаа ажил хийснээс болж цусан дах халуун үүсч хуян хөөрч, даралт ихсэх зэрэг өвчин үүсдэг. Нэгдүгээрт, суугаа ажилтай хүмүүст хөдөлгөөн дутагддаг. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаас нурууны өвчин үүсээд түүнийг дагаад дотор цул сав эрхтэн өвдөнө. Ялангуяа бөөрний өвчин үүснэ. Бөөрөнд өвчин үүсэхээр дээд биед халуун үүсдэг.

Хоёрдугаарт, даарахгүй байх хэрэгтэй. Бидний сууж буй барилга байшингийн шал, паркет, пильта зэрэг нь хөлнөөс доороос жиндүүлээд, дааруулаад байгаа юм. Ингэснээр бөөрөнд хүйтэн хий ихсэж, элгэнд байгаа халууныг хөөргөөд толгойд халуун үүсгэж байгаа юм. Ажил дээрээ гутал, оймсоо сольж өмсөх юм уу хөл дороо дэвсгэр тавьж суух ёстой.

Мөн хөдөлгөөн заавал хийнэ. Суугаа ажилтай хүмүүст ширээний теннис нь хамгийн тохиромжтой спорт шүү. Өндөр хөгжилтэй оронд хүмүүс нь ажил их байх тусам цагаа сайн төлөвлөж, хоол ундаа тохируулж өөртөө цаг гаргадаг. Бид эсрэгээрээ нойр хоолоо хаяад ажлаа дуусгах гээд улайраад суучихдаг. Гэтэл нэг цаг амраад ажлаа хийх, хоёр гурван цаг тасралтгүй суух хоёрын хооронд бүтээмжийн хувьд амралттай ажилласан нь илүү үр дүнтэй. Оффистоо амарч, илүү их эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Ер нь хоол, хөдөлгөөний зохистой хэрэглээнд залуучууд анхаарах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж