УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргаад буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.04.09/ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга болон гишүүдийг хүлээн авч уулзаж, тодорхой үүрэг даалгавар өгчээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “СЕХ-ноос 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэл ажлын дийлэх нь цахимтай холбоотой. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой сургалт семинаруудыг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн. Мөн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг өгсний дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлээд ҮАГ-т өгсөн. Цаашдаа явагдах сонгуулийн хороодын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор СЕХ болон гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
Нэгд, болзошгүй ажлын төлөвлөгөөг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрт, эрх бүхий байгууллагад та бүхэн саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай болох, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйг дээд зэргээр хангах энэ үед сонгогчдын саналыг яаж авах, санал авах байруудыг нэмэгдүүлэх, сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаагаа яаж явуулах талаар холбогдох байгууллагын зөвлөмж, саналыг авах хэрэгтэй гэсэн чиглэлийг өгсөн.
Эрсдэлтэй нөхцөл байдлаас үүдээд зардал төсөв яаж нэмэгдэх тооцоо судалгааг гарга гэдэг чиглэл өглөө. Энэ уулзалтад СЕХ бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчийн гаргасан санал, зөвлөмжтэй холбоотойгоор санал хэллээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу гэдэг асуудал гарч байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг ийм байгууллага. Бид эрх бүхий байгууллагаас сонгууль хойшлуулах шийдвэр гаргатал СЕХ сонгуулийн зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явна. УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалтууд бий. Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал СЕХ хэрэгжилтийг хангаж ажиллана. Тэр хүртэл бид хуулиар хүлээсэн үүргээ хангаж ажиллана" гэв.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Сонгуулийг цахимаар явуулах боломж байгаа юу?
-Цахимаар явуулах асуудлыг 2012 оноос хойш бид судалж байна. Эстон улс холимог системээр сонгуулиа явуулдаг. Энэ улс цахимаар сонгуулиа маш сайн зохион байгуулдаг. Тусдаа цахим сонгуулийн хуультай мөн Сонгуулийн цахим хороо гэсэн тусдаа байгууллагатай. Бусад орнууд мөн судалж байгаа юм билээ. Өнөөг хүртэл энэ орнууд аюулгүй байдал, сонгогчдын саналын нууцлалаас болоод дэлхийн улс орнууд цахимаар санал хураалт явуулдаггүй байсан байна. Цар тахлын улмаас үүнийг судалж байна.
-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?
-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлаа сайтар хийгээд сонгуулийг зохион байгуулна.
Холбоотой мэдээ