Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

LiveЭдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа

Posted by News.mn on Thursday, April 9, 2020

17 : 06
2020-4-9

Эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Мөн дээрх тогтоолтой хамт өргөн мэдүүлэгдсэн байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох, мөн иргэн, аж ахуй нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс, Хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаатай чөлөөлөх зэрэг дэмжлэг багтаж буй юм. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдлээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийг баталснаар өнөөдрийн хуралдаанаа өндөрлүүлэв. УИХ-ын чуулганы маргааш өдрийн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. 

 

16 : 56
2020-4-9

Онцгой нөхцөл үүссэн үед УИХ цахимаар хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.  Хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжив.

Уг төсөл батлагдсанаар онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ-ыг цахимаар зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Мөн амралтын өдрүүдэд ч хуралдах боломжтой. Түүнчлэн

онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авна.  Үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтоов. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болох зэрэг зохицуулалт туслаа.

16 : 34
2020-4-9

Аудитын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аудитын тухай хуулийн төслийг хэлэлцээд 46 гишүүнээс 35 нь "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзлээ. Иймээс төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Дутуу дулимаг зүйл их байна. Аудитор тодорхой хэмжээгээр хараат бус байх ёстой. Хуучнаар Төрийн хянан шалгах хороо гэсэн үг. Санхүүгийн аудитыг сайн хийдэг байвал бид тайван байна. Төрд ажиллаад гарын үсэг зурахаар буруудах гээд байдаг. Аудитаас урьдчилан сэргийлээд явбал, хэрэглэх ёстойгоо хэрэглэнэ.

Нөгөө талдаа төрд ажиллахад хэцүү болсон. Тэр тусмаа Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Прокурорын ерөнхий газарт ажиллахад хэцүү. Эцэстээ хонгилын хүн болдог. Алуурчныг тогтоосныхоо төлөө эрүүдэн шүүсэн болдог.

Төр юм бол Ерөнхийлөгч ч, байна уу, УИХ-ын дарга ч байна уу, та ийм зарцуулалт хийсэн байна гээд хөндлөнгийн нөлөөлөлгүй шийдвэр гаргах  ёстой. Маш аюултай ажил хийж байгаа учраас хамгаалалт байх ёстой.

Төрийн албан хаагчаасаа илүү бас хариуцлагажуулж өгөх ёстой. Энэ хуулийг хэлэлцэхдээ ажлын хэсэгт намайг оруулаарай.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Зармын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2002 онд баталж байсан. Аудиторыг яаж хараат бус байлгах вэ гээд яриад байгаа боловч үйл ажиллагааны хараат бус байдлыг хангаж чадахгүй байгаа юм биш үү. Санхүүгийн гүйлгээний хяналтыг чангатгахын тулд олон нийтийн хяналт бий болгох. Тэгж байж аудит хараат бус болно. Мянган сайн хүн тавиад, хардаад явахгүй. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн гүйлгээг хянадаг эрхийг аудитад өгөх хэрэгтэй. Тэрийгээ хийж чадахгүй бол ажлаа өгдөг, явдаг байх. Тэгэхгүйгээс болоод ил далд зөрчил их гарч байна.

Бүх шатны гүйлгээг олон нийтийн хяналтад оруулаад өгчихвөл эргээд аудитын байгууллагаа хүчирхэг болгоно.

Засгийн газрын дотоод баримтын шалгалтыг яаж хийх вэ гэдгийг энэхүү хуулийн төсөлтэй хамт оруулж ирсэн бол төсвийн болоод санхүүгийн цогц систем суух байсан. Аймаг, сум, агентлагууд дээр явж байгаа санхүүгийн гүйлгээг яаж хянаж байгаа юм. Суурь нь ямар байх вэ гэдэг юмаа орхигдуулсан, оройг нь яриад байна гэв. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

 

15 : 26
2020-4-9

"Ерөнхий аудиторт 12 жил дургих боломжийг хуулиар олгож болохгүй"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар  Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулж, энэхүү төсөл өргөн баригджээ. Төсөлд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх эрх зүйн орчинг тодорхойлсон юм байна.

Мөн  хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйл, 108 хэсгээс бүрджээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж эхлээд байна. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

Төрийн албаны тухай хатуу хууль гаргасан ч ажил нь явахаа больсон. Аудитын тухай хуулийн төсөл мөн тийм болжээ. Ерөнхий аудитор 12 жил дураараа дургих боломж олгосон. Хуучин гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан, одоо нэмээд байцаан, тайлбар мэдүүлэг авахыг хориглоно гэдэг нь дэндэнэ. УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнаасаа илүү супер хүн үйлдвэрлэж болохгүй.

Байгууллагуудын мэдээллийг битүүмжилнэ, хураан авна, хуулбарлаж авна гэж байгаа. Ийм юм нь нугалаа болно. Ажлын хэсэг гарч нарийвчлах шаардлагатай.  Ингэхгүй бол Аудитын байгууллага нь чөдөр тушаа болсон, шантааж хийсэн байгууллага болж хувирна. Орон байраар хангана гэсэн байна.

Нэг хууль өргөн барихаараа нийгмийн баталгааг дагалдуулж орж ирдэг, төсөв даахад хэцүү болгодог. Эхлээд ёс зүйтэй болсны дараа эрх мэдэл өгөх. Ёс зүйгүй хүнд  эрх мэдэл өгвөл шантаажчин төрнө. Өмнө нь орон гэрт нь нэгжлэг хийхгүй гэдэг заалт байсан бол одоо бүр хэтрээд мэдүүлэг авахгүй гэжээ. Төрийн алба ноён нуруутай болсон цагт ийм эрх мэдэл өгч болох байх, одоо цаг нь биш ээ.

13 : 44
2020-4-9

Ч.Хүрэлбаатар: Сонгууль дөхөөд зарим хүний өвчин хөдөлдөг юм уу?

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Wednesday, April 8, 2020

Covid-19 цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Ингэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёолол, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдон гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор тус, тус санал хураалгаж буй юм. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ төслийг оруулж ирэхдээ иргэдээ ХАОАТ, НДШ –ээс зургаан сарын хугацаатай чөлөөллөө гэсэн. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХАОАТ, НДШ-ээс төсвийн байгууллага буюу эмч, сувилагч8 онцгойгийнхныг  чөлөөлөхгүй гэсэн. Ядаж ХАОАТ-аас төрийн албаныхныг чөлөөлөх саналыг гишүүд дэмжээч ээ. Төсөвтөө есөн хувийн хэмнэлт  хийчих юм бол цалин орлого нь нэмэгдэнэ.

Төрийн албаныханд хөнгөлөлт үзүүлэхгүй гэх хэрнээ  их, дээд сургуулийн багш нарыг болж байна, хөнгөлөлтөд хамруулна гээд байгааг гайхаж байна. Хүн мөнгөө мэдэх гэж өгдөг. Оюутнууд чанартай сургалт авч чадахгүй байгаа учраас сургуулиасаа төлбөрөө буцааж авах эрхтэй. Гэтэл оюутны мөнгийг нь өгөхгүй хэрнээ нэмээд хөнгөлөлт үзүүлэх нь буруу.

Хэрэв та миний яриад байгаа асуудлыг дэмжвэл та бүхний сонгуульд ч хэрэгтэй, амьдралд ч хэрэгтэй, ядарсан жирийн иргэдэд ч хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол алагчлал үүснэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Хавар болж байна, сонгууль дөхөж байна, хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Засгийн газар шинэ коронавирусээс үүдэж учирч байгаа сөрөг нөлөөллийг яаж багасгах вэ гэдэг зорилт тавьсан. Төрийн албан хаагч цалингаа бүрэн авч байгаа, ажлын байр нь  баталгаатай хадгалагдана.  Төсөвт ачаалал өгөхгүйгээр төрийн өмчит компани асуудлаа шийдээд явах боломжтой. Сөрөг нөлөөг иргэд, аж ахуй нэгжид бага тусгахын тулд төр ачааллыг  өөр дээрээ авсан. Сонгууль дөхөөд зарим нэг хүний өвчин хөдөлдөг юм уу, сонгуульд зориулж үг хэлээд байх шиг байна. Сонгууль ярьж, коронавирусийн асуудал ярьж байгаа нь эрүүл ухаан биш шүү.

Амаргүй хүнд үед бид нэгдсэн санаатай байж, давж туулж асуудлаа шийднэ. Энэхүү төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа “мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг тус тус” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

 

11 : 43
2020-4-9

Орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно

Covid-19 цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Гадаадад байгаа оюутнууд хүнд нөхцөлд байна. Байрнаасаа хөөгдөж байна, энд эцэг, эхийнх нь бизнес зогссон учраас мөнгө явуулах боломжгүй. Суралцаж байгаа оюутнуудаа хэрхэн дэмжих вэ, Засгийн газар.

Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах санал гаргасан гэдэг зүйл яригдаж байна. Төгсөх ангийн сурагчид хагас жил хичээл нь хойшлоод элсэлтийн ерөнхий шалгалтад ороход хүндрэл үүсч байна. Цар тахлын үеийн дэглэм бариад төгсөх ангийн сурагчдад хичээлээ хийх боломж олгож болохгүй юу. Сурсан сураагүй гээд бөөн гомдол гараад асуудал үүсэх вий.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Гадаадад байгаа Монгол иргэдээ яах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж байна. Гадаадад байгаа иргэдээс 6650 орчим нь Монголдоо ирэх хүсэлт тавьсан. Ахмадууд , эмчилгээнд явж байсан, хүүхэдтэй хүмүүс, оюутнууд гээд байна. Онгоцны суудал хязгаарлагдмал, нисэх боломж хязгаарлагдмал учраас шийдэх асуудлаар санал боловсруулж байна. Засгийн газар боломжийн хүрээнд шийдээд явна. Тухайн үед нь шийдвэр гаргахаар эргэн мэдэгдье.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж, хөл хорио тавигдсан. Дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээндээ хөл хорио тогтоосон. 1.7 тэрбум хүн хөл хорионд орсон.

Нөхцөл байдал амаргүй байгаа учраас хүүхэд, залуучуудынхаа сургалтыг орхигдуулахгүй, тасалдуулахгүй бай зорилгоор онлайнаар сургах ажлыг тэргүүлэх зэргийн багш нараараа заалгаад явуулж байна. ЮНЕСКО-гоос сайшаасан. Тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусах ёстой. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлье ямар зохицуулалт хийх вэ гэдэг дээр Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна.

Эрүүл мэндийн яамнаасаа санал авахаар бичиг хүргүүлсэн. Хавсаргаад саналаа оруулна. 12 дугаар ангийн хүүхдийг тавдугаар сард ямар байдлаар багштайгаа нүүр тулж хичээллэх  боломж байна вэ гэдгийг судалж байна. 28 мянган хүүхдэд DVD, CD хүргэсэн.  Цөөн тоогоор нь групп болгож, давтлага өгөх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Ирэх долоо хоногоос яам тодорхой мэдээлэл өгнө, Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргана. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

Ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 5.1 их наяд төгрөгийн өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

Монгол Улсын 3.2 сая иргэнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  75 хувь нь буюу 800 мянга орчим хүний НДШ-ийг зургаан сарын хугацаатай төр хариуцна. Том тоо. 800 орчим тэрбум төгрөг зарцуулна.

200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд, яаж өгөх вэ гэдэг асуудал өнгөрсөн өдрүүдэд тодорхой бус байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ тухай ярьж тодорхой шийдвэр гаргасан. Боломжийн шийдвэр. Өнгөрсөн оны хоёр,  гуравдугаар сарын борлуулалтын орлогоос өнөө жилийнх орлого 50 хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан бол 200 мянган төгрөгийн тэтгэлдэг олгоно. 45 мянган аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар хамрагдах тооцоо гарсан.

Энэ асуудлаар санал хураахад 54 гишүүнээс 37 нь дэмжив. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "борлуулалтын орлого нь өнгөрсөн жилийнхээс 50 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурсан нөхцөлд гэдэг нь өндөр босго. 30 хувиар борлуулалтын орлого нь буурсан нөхцөлд гэж бууруулж өгөх ёстой" гэсэн санал тавьсан ч дэмжлэг авсангүй. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Ажил гүйцэтгэсэн компанийн татварыг хөнгөлөх асуудал яригдаж байна. Шинэ коронавирус  гарсантай холбогдож эмнэлэг барих ажлыг яаравчлах, нийт иргэдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарах ёстой. Баянзүрх дүүрэгт ахмадын болон хүүхдийн эмнэлэг барихаар 5 тэрбумыг 2020 оны төсөвт суулгасан. Хятадад 10 хоногийн дотор эмнэлэг барьж байна. Эрүүл мэндийн сайд дүүрэг болон аймгуудад баригдах эмнэлэгт анхаарах. Барилгын ажлыг хоёр сарын дотор дуусга. Хямралын үед бид хурдтай ажиллах ёстой.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

100 хувь санал нийлж байгаа. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүл гэдэг үүрэг өгөгдсөн. Олон орон эмнэлэг барих ажлыг богино хугацаанд хийж байгаа.

Сангийн яам эрүүл мэндийн салбарын санхүүжилт дээр асуудал гаргахгүйгээр яаралтай шийдэж өгч байгаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж байна. 

11 : 21
2020-4-9

Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ТЕГ-т үүрэг болгоно

Онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах тухай тогтоолын төсөлтэй холбогдон дагаж орж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав.

Үүнд: Онцгой нөхцөлд гишүүн 2 минутаас илүүгүй хугацаанд саналаа илэрхийлнэ. Хэрэв энэ хугацаа хангалтгүй бол 1 минутаар сунгана.  Санал хураалтад  54 гишүүн оролцсоноос 40 нь дэмжив

Ирц, санал хураалтад оролцсон гишүүний баримтыг хувийн хэрэгт нь хавсаргана. Санал хураалтад  54 гишүүн оролцсоноос  41 нь дэмжив.

Цахим хурлыг программ ашиглан зохион байгуулах, энэ ажлыг Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгох чиглэл өгөх.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Зарчмын зөрүүтэй санал гэхээс илүүтэй тогтоол хэлбэрээр орох зохицуулалт байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Цахимаар чуулган, байнгын хороо хуралдах процессын үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзээд Тагнуулын ерөнхий газрыг үүрэгжүүлж, хамтарч ажиллах боломж бололцоог олгоё гэдэг саналыг гишүүд гаргасан. Тогтоолын төслийг нь боловсруулсан. Санал дэмжигдвэл тогтоолыг хэлэлцүүлнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 Тогтоол гаргах шаардлагагүй, угаасаа энэ асуудалд Тагнуул оролцоод явж байгаа.

Дээрх томъёоллоор санал хураахад  54 гишүүн оролцсоноос 40 гишүүн дэмжив.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд 5.1 их наядын эх үүсвэр гарган, аж ахуйн нэгж, иргэдийг татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх зэрэг асуудал багтсан юм. 

10 : 17
2020-4-9

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Онцгой нөхцөл байдал үүссэн үед УИХ ямар дэгээр хуралдах вэ гэдэг асуудлыг энэхүү төсөлд тусгасан юм. Энэ өдрийн чуулганы хуралдаанд 74 гишүүн оролцох ёстойгоос 50 нь хүрэлцэн иржээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа учраас хариуцлагатай байх талаар санал гаргасан. Энэ асуудал юу болж байна вэ гэдэгт хариулт өгөөч.  Тахлыг тогтоож байгаа гол үндэс нь хөл хорио. Эхний хэмжээнд авах арга хэмжээ нь маск зүүж, гараа угаах, орчны ариутгал халдваргүйжүүлэлт хийх. Нэгдсэн чиглэл өгөхгүй бол 2 метрийн зайнд сууж байгаа гишүүд маск зүүх ёстой юу, зүүхгүй байх ёстой юу. Нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй. Өдөржин хошуувчтай суухад амаргүй байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:  

Онцгой нөхцөл байдал үүссэн үед цахимаар хуралдах шаардлага үүсэхэд зарим зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзээд Гамшгийн тухай хуульд өөрчлөлт оруулна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үүргийг чангатгая гэсэн санал гаргасан. Зарчмын зөрүүтэй санал гаргахад байнгын хороон дээр дэмжигдсэн.

Цахимаар хуралдах нөхцөлд УИХ-ын гишүүний үг хэлэх хугацааг 2 минут болгох зэрэг зохицуулалт хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Коронавируст зориулсан Дэгийн хуультай байя гэсэн санал гаргасан ч уналаа. Амралтын өдөр хуралдах шаардлага үүсвэл, энэ хууль зохицуулж чадах уу. УИХ-ын гишүүдийн ирц 50 хувьд хүрэхгүй бол яаж зохицуулах вэ гэдэг асуудлыг эндээс олж харахгүй байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:  

Хуулийн төслийн 21.11 дэх хэсэгт онц байдал бүхий нөхцөл байдал үүссэн үед хууль санаачлагч 72 цагийн дотор санал авч хүргүүлнэ гэж зааж байгаа. Ердийн нөхцөлд санал авах хугацаа 30 хоног байдаг. Хууль санаачлагч Засгийн газраас санал авах ёстой. Амралтын өдрүүдэд хуралдах боломжтой. УИХ-ын болон чуулганы дэгийн тухай хуульд тодорхой зохицуулалт нэмж тусгана.

Зохицуулж чадаагүй асуудал бол ирц хүрэхгүй бол яах вэ гэдэг асуудал.

Нэг танхимд 19-үүлээ сууж байна, нэг гишүүнээс халдвар илэрвэл бусад нь карантилагдана. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Таван танхимд хуралдаж байгаа гишүүдийн саналыг цахимаар хураачихаж чадахгүй сампингаар бодож байгаа юм шиг тоолж болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Саналыг цахимаар хураахаар хууль зөрчигдөх гээд байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

72 цагтай холбоотой заалтаа хамгийн сүүлд хураая, одоо орхиод явчихая.

Муугаар л бодож бид хууль хийж байгаа. Тамгын газрын нэг хүн халдвар авахад бид бүгдээрээ тусгаарлагдана. Тиймээс утсаар ч саналаа илэрхийлж болно. Болохоосоо болохгүйг нь хүртэл зохицуулалт хийсэн. Ирцийн асуудал гээд маш олон зүйлийг тухайн үед шийднэ. Чиглэл, чиглэлийнх нь хуульд тусгаж өгөх асуудал яригдсан гэдгийг нэмж хэлье.

Нэг улаан мөнгө гаргахгүйгээр таван танхимаас бид бүхэн санал хураалтаа явуулаад,  байгаа нөөцөө ашиглаж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж