/2020.04.08/ Дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтийг хориглох тухай” А/120 дугаар захирамжаар Төв аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын хайрга, дайрганы тээвэрлэлтийг хийж байгаа хүнд даацын автомашинуудыг дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг хориглож, карьерын үйл ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд явуулахыг хязгаарласан.
Үүний дагуу дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллав.
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид байнгын хяналт тавин ажиллаж байгаа ч хайрга, дайрга тээвэрлэсэн автомашинууд шөнийн цагаар зөрчил гаргасаар байна.
Иймд уг захирамжийн дагуу тухайн зөрчил гаргасан автомашинуудад байнгын хяналт тавьж, журамлан саатуулах хашаатай болох, мөн нэмж 2 хяналтын пост байрлуулах зэрэг бусад үүрэг чиглэлийг дүүргийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэгдлээ.
Үргэлжлүүлэн дүүргийн 13 дугаар хороонд шинээр баригдсан 26 дугаар сургуулийн спорт заал, хөлбөмбөгийн талбай, 3,4 дүгээр байрны засвар шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1800 мкв талбайд орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 26 дугаар сургуулийн шинэ спорт заал бүрэн ашиглалтад орж, дээрх байрнуудын засвар хэвийн үргэлжилж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: ХУД
Холбоотой мэдээ