Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
-Коронавирусийн халдвар дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрсэн ч Монголын төр гадаад дахь монголчуудаа эх орондоо авчрах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар газраар болон агаараар Монгол Улсын хэчнээн иргэн эх орондоо ирэв?
-Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчрах шийдвэрийг гаргаж, улмаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг Гадаад харилцааны яаманд өгсөн. Энэ дагуу төрийн холбогдох байгууллагууд болон үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай хамтарч хоёрдугаар сарын 1-ний өдөр Ухань хотоос оюутнуудаа авчирсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, хөл хорио тогтоосон амаргүй нөхцөл байдалтай байсан. Ухань хотоос чартер нислэгээр оюутнуудаа авчирснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд агаараар болон автозам, төмөр замын боомтоор 6037 иргэнээ татаж аваад байна. Үүнээс нийтдээ найман удаагийн чартер нислэгээр 1802 иргэн ирсэн. Сүүлийнх нь өчигдөр орой БНСУ-аас 267 иргэнийг чартер нислэгээр авчирсан. Дээрх 6037 иргэдийн 3800 орчим иргэнийг БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар нэгдсэн зохион байгуулалтаар оруулж ирсэн. Мөн ОХУ хилээ хаахаас өмнө Эрхүү, Улаан-Үдээс иргэдээ Алтанбулагийн боомтоор авсан. Одоо ч тус боомтоор ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй оюутнуудыг татан авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
–Гадаадад амьдарч буй монголчуудаас хэр олон хүн эх орондоо буцах хүсэлтээ Элчин сайдын яаманд тавьсан байна вэ. Монголд ирэх хүсэлтэй иргэдийн тоо улам л өсч байгаа харагдсан?
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 35 улс, бүс нутгаас 6651 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Гадаад харилцааны яам аль, аль улсаас хэчнээн иргэн нутаг буцах хүсэлт гаргаж байгааг Улсын онцгой комисст танилцуулж байгаа. Ирэх хүсэлтээ тавьсан 6651 иргэний дотор 830 нь бага насны хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай 85, ахмад настан 278, жирэмсэн 32, визний хугацаа нь дууссан 250, орон байрны асуудалтай буюу байрны төлбөрөө төлөх боломжгүй болсон 409 иргэн, санхүүгийн боломжгүй 100 гаруй иргэн, мөн 900 гаруй оюутан байна. Дээрхийн адил хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүй ч эх орондоо ирэх хүсэлтэй 3800 гаруй иргэн бий.
2019 оны эцэст хилийн чанадад Монгол Улсын 190 мянга гаруй иргэн амьдардаг статистик тоо бий. Нэгдүгээр сарын сүүлээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хилээр орсон, гарсан монгол иргэдийнхээ тоог харьцуулж үзэхэд 20 мянга орчим иргэн эх орондоо ирсэн гэсэн судалгааг Хил хамгаалах ерөнхий газрын гаргасан. Үүнээс харвал хилийн чанадад манай улсын 170 орчим иргэн байгаа гэсэн албан бус тооцоо байна. Үндсэндээ манай улсын нэг сая орчим иргэний хамаатан садан, ах, дүү, найз нөхөд нь гадаадад амьдарч байна гэсэн үг. Эх орондоо ирэх хүсэлтээ иргэдээ ГХЯ маш сайн ойлгож байгаа. Бид хуулиараа хилийн чанад дахь Монгол иргэдийнхээ эрх ашгийг хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авчрах саналаа Улсын онцгой комисст тухай бүр танилцуулж байна.
-Гадаадад дахь монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүсэлт гаргасан 6651 иргэний нөхцөл байдал хүндэрч байгаа учраас тэд хүсэлтээ ирүүлсэн байх. Мөн нөгөө талдаа улс орныхоо нөхцөл байдлыг ойлгож тухайн улсдаа хувийн аюулгүй байдлаа хангаад байя гэсэн хүмүүс ч бий. Зарим улс гадаад оюутнуудыг дотуур байрнаас гаргах шаардлагыг ч тавьж байна. Энэ мэтчилэн гадаадад байгаа иргэдийн тухай мэдээлэл бүрийг Элчин сайдын яамдаас ирүүлж байгаа. Нөхцөл байдал амаргүй энэ үед улсынхаа нөөц боломж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ямар туслалцаа дэмжлэг байж болох уу тэр бүхнийг судалж, шийдэл эрэлхийлж байна.
-Магадгүй гадаад дахь иргэдээ орон байраар хангах уу?
-Нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байна. Цаашид халдварын тархалт хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус. Энэ хэрээр гадаад дахь иргэдийн маань нөхцөл хүндэрнэ гэж хамгийн муугаар тооцож, бид цаашдын төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Тэгэхээр хариу арга хэмжээний төлөвлөгөө бий гэж ойлгож болно.
-Ихэнх орон хилээ хаасан ийм үед чартер нислэг явуулахад мэдээж амаргүй. Манайхан тусгай нислэгийг Завхан руу нисгэхтэй адил амархан мэт ойлгоод байх шиг?
-Тийм ээ. Чартер нислэг үйлдэхийн тулд нислэгийн зөвшөөрөл авах, МИАТ компани нислэгийн багаа бүрдүүлэх, тухайн улсад коронавирусийн халдварын тархалтын эрсдэл хэр өндөр байгаа зэрэг мөн иргэдээ авчраад тусгаарлах байрыг урьдчилан бэлтгэх гэх мэт олон үйл ажиллагаа наана нь явагддаг. Энэ бүхний дараа УОК аль чиглэлд тэргүүн ээлжид чартер явуулах уу гэдгээ шийдэж байна. Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор нислэг нь цуцлагдсан маш олон иргэн бий. Нэг удаагийн чартерт 250 хүн суух боломжтой. Зөвхөн БНСУ-д гэхэд манай улсын 48 мянга 100 орчим иргэн байна. Нислэг нь цуцлагдсан хүмүүсээс гадна эх орон руугаа буцахаар БНСУ-д гуравдагч орнуудаас дамжиж ирсэн иргэдээ яаж авчрах уу гээд хүндрэлтэй олон асуудал бий.
Эхний ээлжид УОК-ийн өгсөн чиглэлийн дагуу өндөр настай, эмнэлгийн хяналтад байсан, бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн гэсэн таван шаардлагыг үндэслэн Элчин сайдын яамд бүртгэлийг хийж байгаа.
-Сүүлд иргэдийн дунд бүртгэлтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарсан. Сөүл дэх Элчин сайдын яамны гадна замбараагүй байдал үүссэн шүү дээ?
-Тиймээ. Олон нийтийн хардлага байгаа. Гадаадаас иргэдээ татан авч байгаа үйл ажиллагааг улстөржүүлэх, мушгин гуйвуулж байгаа явдал ч байна. Чартер нислэгт суух иргэдийн бүртгэл дээр тайлбар хэлье. Иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, иргэдийг халдвар авах эрсдэлд оруулахгүй байх үүднээс УОК Элчин сайдын яамдыг үйлчилгээгээ цахимаар үзүүлэх, нутаг буцах иргэдийн бүртгэлийг цахимаар хийх чиглэлийг өгсөн. Энэхүү шийдвэр гарахаас өмнө Сөүл дэх Элчин сайдын яам дээрх таван шаардлагын дагуу 500 гаруй иргэнийг дарааллаар нь бүртгэчихсэн байсан. Сөүл рүү хийгдсэн хоёр дахь удаагийн буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн чартер нислэгээр дээрх бүртгүүлчихсэн байсан иргэдийг авчирсан гэж ойлгох хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тухайд МИАТ компанийн Төлөөлөгчийн газар, Сөүл дэх Элчин сайдын яам хамтран бүртгэл хийж, таван шаардлага тус бүрээр таван утсан дээр таван хүн ажиллуулж, бүртгэсэн. Өдөр 14.00 цагт 260 хүн хүрсэн тул бусад хүмүүст хоосон хүлээлт үүсгэхгүйн тулд бүртгэлээ зогсоосон. Гэвч бүртгэлд орж чадаагүй олон иргэн сэтгэл дундуур үлдсэн.
1. БНСУ-аас 2 удаагийн нислэгээр 505 монгол иргэнийг татан авав
Бас нэг зүйлийг тодотгоод хэлэхэд, Сөүлээс ирэх нислэгийн бүртгэл Токио, Москва, Истанбул чиглэлээс хийгдсэн нислэгээс бага зэрэг ялгаатай байсан. Учир нь, БНСУ-д манай улсын 48 мянга гаруй иргэд оршин суудаг. Олон иргэн тус улсад эмчлүүлэхээр явдаг. Үүнийг дагаад өндөр настан, эмнэлгийн хяналтанд байдаг, жирэмсэн иргэд их байдаг. Тийм учраас Сөүл дэх ЭСЯ-нд хийгдсэн бүртгэл дээр УОК-оос өгсөн шаардлагыг хатуу тавьж байгаа юм.
Москва, Берлиний чиглэлийн нислэгт дээрх шалгуурыг тавиад ЭСЯ-нд бүртгэсэн хэдий ч онгоц дүүрэх хэмжээний иргэд тухайн үед бүртгүүлээгүй тул МИАТ компани үлдсэн билетээ энгийн журмаар олон нийтэд чөлөөтэй борлуулсан. Энэ журмаар олон иргэд билетээ цахимаар худалдан авч, Европын бусад улс орноос транзитаар ирсэн.
Хэрэв та анзаарсан бол Берлин, Москва чиглэлийн нислэг дүүрэн зорчигчтой ирээгүй. Токиогоос хоёр удаагийн нислэг хийхэд эхний нислэг дээр УОК-оос өгсөн шаардлагыг хатуу тавьсан бол хоёр дахь нислэгт тийм шаардлага үүсээгүй. Учир нь, Япон улсад оршин суудаг иргэд харьцангуй цөөн, дээрх шаардлагад нийцэх хүн ч бага байсан тул ЭСЯ-нд хандсан иргэдийг дарааллынх нь дагуу бүртгэсэн.
Транзит нислэгээр ч цөөнгүй оюутан залуучууд ирсэн. Ийм учраас би чартер нислэгүүдээр ирсэн иргэдтэй холбоотой мэдээллийг санаатайгаар мушгин гуйвуулаад байна гэж хэлж байгаа юм. БНСУ-д байгаа олон мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. Үүнээс хэнийг нь эхний ээлжид авчрах уу гэдэг асуудал маш хүнд. УОК-ийн гаргасан таван шаардлагын дагуу иргэдээ бүртгэхэд залуучуудын зүгээс гомдол гаргаж байна. Эх орон руугаа буцах хүсэлтэй залуучууддаа яагаад боломж олгохгүй байна вэ гэсэн гомдол ирж байгаа. Тэдгээрийн төлөөлөлтэй ч уулзсан. Бид өргөдөл, гомдол бүрийг хүлээн авч, УОК-д саналаа танилцуулсан.
-Чартер нислэгээр ирсэн иргэдийн нэрсийг зарлахгүй байгаа нь нийгэмд хардлагыг улам дагуулж байна. Үнэхээр л УОК-ын таван шаардлагыг хангасан хүмүүс ирсэн юм бол нэрсийг нуух шаардлага байхгүй биш үү?
-Нуусан зүйл байхгүйг ойлгох хэрэгтэй. Хувь хүний нууцтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжуудын дагуу зорчигчдын нэрсийг зарлах боломжгүйг МИАТ компани болон холбогдох мэргэжлийн байгууллагаас анхааруулсан. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн гишүүн улс. Ингэснээр олон улсад нислэг үйлдэх эрх нь зохицуулагддаг гэсэн үг.
Чикагогийн конвенцид “Зорчигчийн нэрсийн жагсаалтын нууцлалыг хадгална” гэсэн маш тодорхой зохицуулалт байдаг. Энэ мэдээллийг бид МИАТ компаниас авсан. Зорчигчийн нэрсийн жагсаалтыг зөвхөн тухайн нислэг үйлдэж байгаа болон хүлээн авч байгаа хоёр улсын Хилийн шалган нэвтрүүлэх эрх бүхий байгууллага хоорондоо солилцох эрхтэй байдаг.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн нууц нь хувь хүний нууцад хамаардаг. Ийм хоёр шалтгаанаар иргэдийн нэрсийг зарлахгүй байгаа юм. Сөүл рүү нисэхэд БНСУ-аас гадна Хятад улсын агаарын орон зайгаар дамждаг учраас Хятадын талаас мөн нислэгийн зөвшөөрөл авдаг. Олон улсад нислэг үйлдэх зөвшөөрлийг олон улсын гэрээ, конвенцийн дагуу авдаг. Хэрэв зөрчвөл үүсэх үр дагавар олон.
-Коронавирусийн халдвар манайд дотроос гараагүй, бүх батлагдсан тохиолдлууд гадаадаас зөөвөрлөгдөж орж ирж байгаад иргэд дургүйцэж байна. Гэтэл нөгөө талд гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх хүсэлтээ тавьсаар байгаа?
-Хилийн чанадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах нь ГХЯ болон түүний системийн байгууллагууд болох Элчин сайдын яамдын үүрэг. Мөн гадаадын 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 190 мянган монгол иргэнд төрийн үйлчилгээг хаана байгаагаас үл хамаарч адил, тэгш хүртээх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэдийгээр халдвар зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлтэй ч гэлээ өнгөрсөн найман удаагийн чартер нислэгээр бүх зорчигчийг маш өндөр хяналт дор авчирч, тусгаарласан. Эрсдэлийг байж болох бүх талаас нь сайтар тооцоолж, холбогдох зохих арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг хаана, хаанаа л ойлгоосой гэж хүсч байна.
-Монголын Засгийн газар гадаадын 40 улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан. Коронавирусийн халдвар дэлхийн 200 гаруй улсад тархчихлаа. Агаарын хэлэлцээргүй бол чартер нислэг үйлдэх боломж, бололцоо бий юу?
-Хэрэв агаарын харилцааны хэлэлцээргүй орнууд руу нислэг үйлдэхээр болвол дипломат шугамаар тухайн улсад хандах шаардлага гарна. Нөгөөтэйгүүр, манай улсын гэлтгүй дэлхийн улс орон иргэний нисэхийн салбар нь хүндэрч эхэлсэн. МИАТ компани маш их алдагдалтай, хүнд байгаа ч гэсэн монгол иргэдээ авчрах үйлсэд төр засагтаа дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид бид хүнд цаг үед чадах бүхнээ хийнэ.
-Та бүгдээс шалтгаалахгүй бусад саад бэрхшээл юу байна вэ?
-Зөвхөн Монгол Улс бус дэлхий нийтээрээ хүнд цаг үеийн өмнө ирээд байна. Бид аль болох нөөц, боломжоороо иргэдээ авчирна. Энэ ажлаа үе шаттайгаар хийгээд ч явж байгаа. Гагцхүү иргэдийн зүгээс төр засгийнхаа хэрэгжүүлж буй арга хэмжээнд итгэж, ойлгож, хүлээцтэй хандаж, хамтдаа нэг цул болж ажиллах нь чухал байна. Асуудлыг шүүмжилснээр шийдэхгүй, ойлголцоод, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь энэ цаг үед маш чухал гэдгийг дахин дахин хэлмээр байна даа.
-Одоогоор хилээ хаасан хэчнээн улс байна вэ?
-Онц байдал зарласан 56 улс, хөл хорио тогтоосон 70, хилээ хаасан 80 орчим улс байна. Манай улсын хувьд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш эрт авсан нь үр дүнтэй байгааг гадаад орнууд үнэлж байгаа.
-Итали, АНУ, Испанид халдварын тархалт өндөр байгаа. Тэндээс иргэдээ татах боломж бий юу?
-Өнөөдрийн байдлаар АНУ-аас 1100, Италиас 38 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Тухайн бүс нутгуудаас ийм тооны иргэд ирэх хүсэлтээ байгааг шалтгаан бүрээр нь ангилж бид УОК-т танилцуулсан. Чартер нислэг хийхэд онгоцны суудлын тоо хязгаартайгаас гадна нислэгийн багийнхан ирээд 21 хоногийн тусгаарлалтад орно. Мөн нэг хүн-нэг өрөө гэсэн шаардлагыг Эрүүл мэндийн яам тавьж байгаа. Энэ бүх хүчин зүйлээс чартер нислэгийн давтамж хамаарна. Одоогоор аль улс руу чартер явуулах нь эцэслэн шийдэгдээгүй, саналын түвшинд байгаа учир тодорхой улсын нэрийг хэлэх боломжгүй.
Бид гадаадын бүх бүс нутагт байгаа монгол иргэдийнхээ нөхцөл байдлыг танилцуулж, УОК-оос дотоодынхоо нөөц, тусгаарлах байр, нисэх багийн хүчин чадалд тулгуурлаж холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллана. Монголын иргэд хамгийн олон байгаа улс орнуудыг тэргүүн ээлжинд авч үзнэ. Мөн тухайн улсын халдварын тархалтыг тооцож, бүхний тооцож чартер явуулах эсэхийг шийддэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-УОК-оос гадаад улсын иргэдийг Монголын хилээр нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл сүүлд Туркийн иргэнээс халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна?
-Монгол Улсад дахь гадаад улсын дипломат, консулын төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд Монгол Улсын хилээр орж ирнэ, гэхдээ монгол иргэдийн нэг адил тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэнтэй албан ёсоор гэр бүл болсон, Монгол Улсад байнгын оршин суудаг иргэнийг оруулахыг мөн зөвшөөрсөн. Энэ нь олон улсын жишиг практик. Аль ч улс хилээрээ гадаад улсын дипломат, консулын төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг нэвтрүүлж байгаа. Түүнчлэн монгол эцэг, эхтэй гадаадын иргэншилтэй бага насны хүүхдийг нь бид нэвтрүүлэхгүй байж болохгүй.
-Франц иргэний биеийн байдал ямар байгаа вэ?
-ХӨСҮТ-өөс асуусан нь зөв байх. ГХЯ-ны хувьд ХӨСҮТ-өөс авсан мэдээллийг тус улсын Элчин сайдын яамд цаг бүрт өгч байгаа.
-“Авиган” эмийг авчрахад ГХЯ-ны хүчин зүтгэл өндөр байсан гэж сонссон. Уг эмийг авах асуудлаар Японы талтай холбогдсон уу?
-“Авиган” гэх эм нь коронавирусийг дарангуйлж, хүчийг нь сулруулдаг болохыг эрдэмтэд баталсан тухай мэдээлэл олон улсад гарсны даруйд манай яамнаас тус эмний талаарх мэдээллийг ЭМЯ-ндаа танилцуулсан. Уг эмийг Монголдоо авчруулахад Гадаад харилцааны сайд болон Токио дахь манай Элчин сайдын яамны уйгагүй хүчин зүтгэлийн үр дүн гарсанд бид ч баяртай байна. Энэ эмийг Японы тал хүссэн, хандсан улс бүрт өгөхгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Өчигдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын дунд хүндэтгэх шалтгаангүй залуучууд олноор ирсэн гэсэн шүүмжлэл байна?
-БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэл сараар саатуулах байранд саатуулагдсан манай улсын 55 иргэнийг буцаах шаардлагыг тус улсын Хууль зүйн яамнаас тавьсан юм. Энэ шаардлагын дагуу тэднийг авчрахаас аргагүйд хүрсэн.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ