Урин дулааны улирал эхэлж, иргэд зуны халуунд усан оргилуурын дэргэд чөлөөт цагаа өнгөрүүлж, амрахыг хүсдэг. Гэвч Улаанбаатар хотыг усан оргилуургүй хот гэж хэлэхэд хилсдэхгүй биз. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийт 145 усан оргилуур байгуулсан ч жилийн жилд 50 орчим нийтийн усан оргилуур л ажилладаг гэдгийг албаныхан учирлаж байна.
Энэ өдрүүдэд Төв талбайн цэцэрлэгийг олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь хамгийн том усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа билээ. Ингээд Улаанбаатар хотын усан оргилуурууд яагаад ажиллахгүй байгаа талаар өдрийн сурвалжлага бэлтгэлээ.
“УСАН ОРГИЛУУР НЭРТЭЙ ХОГИЙН САВ ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА”
Бид Төв талбайн зүүн талын цэцэрлэгт байрладаг усан оргилуур орчимд очлоо. Усан оргилуур ажиллахгүй байгаа бөгөөд тойрсон сандал дээр ганц нэг хүн суусан харагдана. Усан оргилуур орчимд хог хаягдал харьцангуй бага байсан ч эвгүй муухай үнэр үнэртэнэ. Хогийн сав орчимд энд тэндгүй тамхины иш, шүлс хаяжээ. Тохижилт үйлчилгээний ажилчид ногоон байгууламжийг усалж байв.
Уг цэцэрлэг дундуур явж байсан Чингэлтэй дүүргийн иргэн Д.Сүхбаатар “Төв талбайн цэцэрлэг дээр зуны гуравхан сар ажиллах усан оргилуур барихын тулд ургаж байгаа модыг нь шилжүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Тэр талбайд өмнө нь их хэмжээний мөнгө зарцуулж, мод тарьчихаад, одоо нураана гэдэг утгагүй. Юм хийх гээд байгаа бол гэр хороололдоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэй.
Тэнд ямар ч хөгжил алга. Одоо баригдсан усан оргилууруудаас ажиллаж байгаа нь тун цөөн. Жишээлбэл, талбайн зүүн талын цэцэрлэг дундах усан оргилуур тамхины ишээр дүүрчихсэн байна лээ. Усан оргилуур нэртэй хогийн сав хийхийг дэмжихгүй байна” гэв.
Цааш “Централ таур”-ын урд талбайд очлоо. Тэнд найзтайгаа сууж байсан С.Урангоо “Сүүлийн үеийн усан оргилуурын ус нь бохир болсон юм шиг санагддаг. Уг нь хүмүүс усан оргилуур тогтмол ажиллаад байвал дуртай л байх биз. Гэтэл зуны гурван сардаа бүрэн бүтэн хугацаандаа ажилладаг усан оргилуур гэж байхгүй болж. Тиймээс нэмж усан оргилуур хийх гэж байгаа бол байгуулсан шиг л тогтмол ажиллагаатай, цэвэрхэн байлгамаар байна. Ард кино театрын автобусны буудал дээрх усан оргилуур гэхэд ерөөсөө ажилладаггүй” гэдгийг хэлж байв.
“ЗУНЫ ГУРВАН САРД 50 ОРЧИМ УСАН ОРГИЛУУР АЖИЛЛАДАГ”
Улаанбаатар хотод хувийн, нийтийн, айлын, хотхоны гээд нийлээд 145 усан оргилуур бүртгэлтэй байдаг аж. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 28, Баянзүрх дүүрэгт 34, Сүхбаатар дүүрэгт 22, Чингэлтэй дүүрэг 10, Багахангай дүүрэгт 11, Багануурт гурав, Налайх дүүрэгт гурван усан оргилуур бүртгэлтэй.
Эдгээрээс жилийн жилд 50 орчим нийтийн зориулалттай усан оргилуур зуны гурван сар ажилладаг гэдэг тайлбарыг нийслэлийн Захирагчийн албанаас өгч байв.
Сүүлийн жилүүдэд огт ажиллахгүй байгаа Ард кино театрын автобусны буудал болон Арслантай гүүрний усан хөшиг гэх мэт томоохон усан оргилуурууд өндөр зардлаар засвар хийх шаардлагатай байгаа учраас ажиллахгүй байгаа гэнэ.
Бүртгэлтэй усан оргилууруудаас ганцхан “Централ таур”-ын урдах усан оргилуурыг нийслэлийн Захирагчийн алба гэрээгээр хариуцдаг бөгөөд бусад оргилуурыг дүүрэг нь хариуцдаг гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.
“НИЙТ 8300 МОД, БУТНААС 189 МОДЫГ ШИЛЖҮҮЛЖ СУУЛГАНА”
Олны эсэргүүцэлтэй тулгараад буй Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нийт 1.6 га талбайг хамардаг. Тохижилтын хүрээнд 185 метрийн урттай 14 метрийн өргөнтэй, 570 тонн усны багтаамжтай, хөгжмийн аялгуутай усан оргилуур, дугуйн талбайтай, задгай театртай, хоёр нийтийн бие засах газар байгуулахаар 3.2 тэрбум төсөвлөсөн гэдгийг албаныхан танилцуулсан. Усан оргилуур нь 330 ширхэг гэрэлтүүлэгтэй гэнэ.
Уг бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. Тэрбээр “Энэ ажлыг нийслэлийн харьяа байгууллага болох Хот тохижилтын газраас хариуцаад хийж байна. Хувийн байгууллага ажил хийж байсан бол бас хардах сан. Цэцэрлэгт нийт 8300 гаруй бут, сөөг, мод байгаагаас шилжүүлэн суулгаж байгаа мод нь гурван хувьд ч хүрэхгүй. Шугам сүлжээний ажил хийх талбайд 189 модыг урд талбайд нь шилжүүлэн суулгаж байна. Бидэнд сонгууль улс төр ерөөсөө хамаагүй. Тиймээс бидний ажлыг битгий улстөржүүлж, саад болооч ээ.
Хамгийн гол нь энд орчин үеийн шийдэлтэй дэд бүтцийг татсан жорлонг барина. Усан оргилуурыг эхний ээлжинд усаар дүүргэхийн тулд зөөврийн усаар дүүргэнэ. Цаашдаа төвлөрсөн шугамаасаа тэжээгдээд оргилно гэж хэлснийг дахин зөөврийн устай байх юм шиг мушгин гуйвуулж байна. Аль ч усан оргилын анхны дүүргэлтийг хийхийн тулд мэргэжлийн байгууллагууд төвлөрсөн шугамын усаар дүүргэдэггүй. Автомат усалгааны системийг нийт 14 арлыг тойруулан суулгана. Усан оргилуур тавдугаар араас эхлэн есдүгээр сарын сүүлч хүртэл ажиллана. Задгай театр нь өвөлдөө коток болно” гэлээ.
“ТӨВ ТАЛБАЙД БАЙРЛАХ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ХӨНДӨХГҮЙ”
Төв талбайн цэцэрлэгт байрлах АСЕМ-ын хөшөө, Авто замын тэг цэгийн хөшөө, Энх тайвны хонх, Төрийн дууллын хөшөөг огт хөндөхгүй гэдгийг ажилчид хэлж байв.
Тус газрын Тохижилтын албаны дарга Ц.Ганчулуун “Тохижилтын хувьд орчин үеийн шийдэлтэй. Ургамалан хашлагатай. 85:45 харьцаатай усан оргилуур нь хөгжмийн аяаар оргилно. Задгай театртай. Улсын үндэсний баяр наадам, Олон улсын хүүхдийн баяр болохоор Төв талбайн дэргэдээ бие засах газар ачааллаа дийлдэггүй. Нэмэлтээр зөөврийн жорлон авч ирж тавьдаг ч бөөн оочер дугаар болдог. Нийтийн төвлөрсөн системд холбогдоогүй учраас зөөврийн устай байсан. Бас бохирын систем байхгүйгээс бохироо соруулж авдаг байсан юм.
Шинэ жорлон баригдсанаар хоёр газарт тус бүр 17 хүн үйлчлүүлэх боломжтой. Хүүхдээ хуурайлаад хувцас солиод гарах өрөө тасалгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэх бүрэн төхөөрөмжтэй жорлон барина. Талбайн зүлэг модны дор хүнд хөнгөнөөр бие засчихдаг. Цаашдаа энэ зовлонгууд арилж, ашиглалт хамгаалалтыг нь манай газраас хариуцаад явах юм” гэдгийг хэллээ.
“Төв талбайн цэцэрлэгт маш олон төрөл зүйлийн 8000 гаруй бут, сөөг, мод бий. Бид нар 2014 онд “Улаанбаатар хотын нэгтгэл” нэртэй байхад энэ цэцэрлэгт ургамлан хашлагыг тарьж байсан юм. Би өөрөө ажлаа удирдаад, тариулж байсан. Тэрнээс өмнө үе үеэрээ ургаж байгаа мод олон байна. Жил бүр арчилгаа тордолгоог нь хийгээд явдаг. Энэ жилээс нийслэлийн төв цэг болсон цэцэрлэгийг тохижуулж, гадаадын жуулчдыг татах цэцэрлэгт хүрээлэн болгон сайжруулъя. Тэгээд бас өтөл болж үхэжсэн моднуудыг цөөлж, авч янзлах шаардлагатай байгаа.
Жишээлбэл, нэг өтөл модонд цэвэрлэгээний огтлол хийж хэлбэржүүлээд, залуу бут, сөөг, модоор нь сэлгэн тарихаар төлөвлөж байна. Мөн хүн гишгэж туучсан, баас, шээс болоод байдаг моднуудыг цэвэрлэж, залуу модоор нь нөхөн тарина. Бид өнөөдөр 8000 гаруй модны 10 хувь ч хүрэхгүй 189 модыг шилжүүлэн суулгана. Жижиг бут, сөөгийг төрөлжүүлэн ангилж, ургамалан хашлага хийнэ.Тэгэхгүй бол хайлаас, нохойн хошууг холиод тарьчихсан байх жишээтэй. Өндөр гацуур, нарс, шилмүүст зэрэг цөөн тооны том модныг шилжүүлнэ. Тун удахгүй моддын навч, нахиа нь дэлгэрэх үе нь болох гэж байна. Унтаа байдлаасаа сэргэлт явагдаж байна гэсэн үг. Тэр үе нь одоо юм. Бид унтаа үед нь л моднуудаа шилжүүлэхгүй бол нахиа найлзуур нь гарсан үед шилжүүлбэл ёстой үхэх аюултай.
Ер нь агротехнологийн горимыг маш сайн баримталж байх ёстой. Тэр хугацаанд ажлаа хийх шаардлагатай. Ургамал гэдэг чинь цаг хугацаагаараа ургаж, цэцэглэж, навч болдог. Хүмүүс жилийн түүхтэй модны тухай яриад байгаа. Яг 70, 80 жилийн түүхтэй ургаж буй мод цөөн байна. Хайлаас, гацуур, шинэс зэрэг өндөр цөөн мод л олон жил болж байна. Бусддыг нь өмнөх жилүүдэд шинэчлэгдэн таригдаж байсан моднууд. Энэ бол 1.6 га талбай. Энэ газраа ногоон байгууламж нэлээд цэвэрлэнэ. Өчигдөр Ботаникийн хүрээлэнгээс хөрсний бохирдол болон шороо, агаарын шинжилгээг аваад явсан.
Зарим хүмүүс огт мэргэжлийн бус хүнтэй ярьж байгаа юм шиг ярьж бас болохгүй шүү дээ. Эрдэмтэн судлаач 26 хүн энэ ажлыг эсэргүүцэж байна гэсэн. Бид бүх модыг шилжүүлэн суулгана гэж яриагүй. Тэд онол талаасаа ярьж байна лээ. Би гэхэд 30 гаруй жил практик дээр ажиллаж ирсэн. Миний хувьд салбартаа 30 гаруй жил ажилласан Монгол Улсын зөвлөх инженер хүн. Тийм учраас би ч гэсэн ном сонин эргүүлэхээс илүүтэй өөрөө гардан тарьж, ургуулсан хүний хувьд цэцэрлэгийг эвдэхгүй, сүйтгэхгүй яг технологийн дагуу сайжруулж байгаа” гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаны дарга Д.Батцэцэг тайлбарлалаа.
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ