Судалгаа: ААН-ийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулна

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

Судалгаа: ААН-ийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулна

Судалгаа: ААН-ийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулна

Covid-19 вирусийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улс нэгдүгээр сарын сүүлээс өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэг, олон нийтийн цуглаж болох үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд түр хугацаанд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж, нийт 16 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Цаашид ч эрсдэл өндөр байгаа тул сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл сунгахаар төлөвлөж байна. Харин олон нийтийн бөөгнөрөл үүсгэж болохуйц үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоогоод байгаа юм. Энэ хугацааг сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлаас үүдэлтэйгээр Монгол Улс гэлтгүй дэлхийн бүхий улс орнуудад эдийн засгийн хямрал тохиож эхлээд байгаа билээ. Хэдийгээр Монгол Улсын төр засгийн зүгээс бизнес эрхлэгчдээ санхүүгийн хямралд оруулчихгүйн тулд тодорхой хэмжээний арга хэмжээг үе шаттайгаар авч байгаа ч тэрхүү арга хэмжээ нь байгаа онохгүй байгаа талаар бизнес эрхлэгчид, эдийн засагчид анхааруулж байна. Бүтэн хагас жилийн туршид хөл хорионд байсан аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндхэн даваатай нүүр тулж, улмаар ажилчдаа цомхотгож эхэлжээ. МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх зургадугаар сар гэхэд 200-250 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэдгийг анхааруулж байна. Энэ талаар МҮХАҮТ гишүүн болон гишүүн бус 1504 аж ахуй нэгжийг хамруулсан судалгаа явуулжээ.

Судалгаанд оролцсон нийт ААН-үүдийн 67.4% нь Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их, 22.8% нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90%, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83%-д маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40%, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт 33% байна.

Үүссэн нөхцөлд байдалд ААН-үүдийн 56% нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33% нь ажиллагсдаа түр болон бүр чөлөөлсөн байна. Ажиллагсдыг чөлөөлсөн байдлыг салбараар үзвэл зочид буудал, нийтийн хоолны 52%, аялал жуулчлалын салбарын 44% байна. Харин мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын 12% нь ажиллагсдаа чөлөөлсөн бол эрчим хүчний салбарын хувьд ажлын байрны тоо өөрчлөгдөөгүй байна.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 65% нь өндөржүүлсэн бэлэн байдлын шийдвэрээс шалтгаалж, 41% нь үйлдвэрлэл үйлчилгээ буурсантай холбоотойгоор ажлын цаг, ажиллах хэлбэрт тодорхой өөрчлөлт оруулсан байна. Эдгээрийн 46% нь богиносгосон цагт шилжүүлсэн, 35% нь зайнаас ажиллуулсан, 16% нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Цалин хөлсний хувьд 63% нь өөрчлөлт оруулаагүй, 36% нь бууруулсан гэжээ.

Ажлын байрыг хадгалахад тулгарч байгаа асуудалд 65% нь орлого буурсан, 42% нь үйл ажиллагаа зогссон, 30% зардлаа бууруулах шаардлагатай болсон гэж хариулсан байна. Худалдаа, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад орлого буурсан нь ажлын байрыг хадгалахад хүндрэл үүсгээд байгаа бол боловсрол, аялал жуулчлал, зочид буудал нийтийн хоолны салбаруудад үйл ажиллагаа зогссон доголдсоноос шалтгаалан илүү хүндрэл болж байна. Одоогийн байдлаар судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 33% нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна.

2020 оны хоёрдугаар улиралд үүссэн нөхцөл байдал үргэлжилсэн тохиолдолд судалгаанд оролцсон ААН-үүдийн 30% нь нийт 8000 орчим тооны ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй гэсэн бол зөвхөн 12% ажлын байраа хэвээр хадгална гэсэн байна. Харин ААН-үүдийн 68% нь одоо хэлэхэд эрт байна, мэдэхгүй гэж хариулжээ.

Салбараар авч үзвэл, хөнгөн үйлдвэрлэл, зочид буудал нийтийн хоол, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт илүү ажлын байрны цомхотгол явуулахаар байна. Ажлын байрыг хадгалж үлдэхэд ажиллагчдын тооны бүлэг, бизнесийн салбар харгалзахгүйгээр хамгийн чухал дэмжлэг нь төрөөс ажлын байрыг хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Мөн хөнгөлөлттэй зээл, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн хугацааг хойшлуулах нь ажлын байрыг хадгалахад дэмжлэг болно гэж үзжээ.

Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, ирэх зургадугаар сарын гэхэд 200-250 хүн ажилгүй, орлогогүй болж улмаар архидалт, гэмт хэрэг ихсэх зэргээр эдийн засгийн хямралаас нийгмийн хямрал руу шилжих аюул нүүрлээд буйг судлаачид анхааруулж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж